| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/05441/И |
| Дугаар | 192/ШШ2025/04778 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04778
2025 06 04 192/ШШ2025/04778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Ж.С-ийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Т /РД:9*******6/-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр ** тоотод оршин суух, С овогт Г-ийн Б /РД: АИ*******1/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 15.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Г.Б нь А аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамж гаргаж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө-ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн С.Ө нь дээрх 2018 оны Б/01 дүгээр захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0447 дугаар магадлал тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 сая төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4 сая төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 350 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 150 000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг С.Ө-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 15 500 000 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, Төрийн албаны зөвлөл 10******1/ буруутай албан тушаалтан Г.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Хариуцагч нь Ө-ыг ажлаас халсан ба төрийн албаны зөвлөлд хандахад 2018 онд 06 тоот тогтоолоор Төрийн албаны зөвлөл үндэслэлгүй халсан гэж үзсэн байдаг. Зөвлөлийн шийдвэрээр тушаал нь үндэслэлгүй гэсэн байхад ажилд авахгүй байсаар шүүхийн шийдвэрээр 15,510,000 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргуул гээд олон удаагийн шилжүүлгээр энэ мөнгө гарчихсан байдаг. 2023-01-11 ний өдөр энэ хохирлоо төлөх талаар мэдэгдэл өөрт нь явуулсан шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2023-03-03 ний өдөр 704 тоот захирамжаар хаягандаа байхгүй гээд хэрэгсэхгүй болоод эрэн сурвалжлагдаад 2023-10-05 нд цагдаагаас албан бичиг ирээд хаягийг тогтоогоод ингээд энэ хэрэг үүсээд шийдвэрлэгдэх гэж байна , нэхэмжлэлийг хангаж өгнө үү.. гэв.
2. Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн иргэн миний биед холбогдуулж Т.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 15,500,000 төгрөгийг буруутай албан тушаалтан Г.Б-аар гаргуулж өгнө үү" гэх нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Төрийн албаны зөвлөл нь тус нэхэмжлэлд хууль зүйн үндэслэлдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 498.1, 498.2, 498.4, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгүүдийг үндэслэл болгон нэхэмжлэлээ гаргасан байна. Иргэн миний зүгээс тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын тамгын газрын дарга С.Ө-ыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас нь халсан байдаг. С.Ө нь тус захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган ажилдаа буцаан томилогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 сая төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 150,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг С. Ө-ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд тооцож олгосон цаг хугацаанд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл болгосон: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл. Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих 50.1.Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байдаг. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ... гэсэн энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. ...хэрэглэж эхлээгүй байсан ба нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл болгосон тус хуулиудыг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх 5.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байна. Иймд тус хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022.02.22-ний өдрийн 71 дугаартай, төлбөр төлсөн баримт, Төрийн албаны зөвлөлийн 2023.01.10-ны өдрийн 04/59 дугаартай албан бичиг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын 2018.01.26-ны өдрийн 0/01 дугаартай ажлаас халах тухай тушаал, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.05-ны өдрийн 12 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.28-ны өдрийн 221/МА2019/0447 дугаартай магадлал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.11-ний өдрийн 182/ШШ2023/01474 дугаартай шийдвэр, Архангай аймгийн цагдаагийн газрын 2023.10.05-ны өдрийн 29/3998 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газраас С.Ө /РД:АИ******7/-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 350 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 150 000 төгрөгийг тус тус тооцож олгосон тухай санхүүгийн баримтыг нотлох баримтыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ....Шүүхийн шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 сая төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4 сая төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 350 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 150 000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг С.Ө-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Г.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 15.500,000 төгрөгийг буруутай албан тушаалтан Г.Б-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ... гэсэн энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. ...хэрэглэж эхлээгүй байсан ба нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл болгосон тус хуулиудыг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Г.Б нь А аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө-ыг төрийн албанаас халжээ. Улмаар Төрийн Албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн боловч ажил олгогч биелүүлээгүй гэсэн шалтгаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Ө нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0447 дугаар магадлал тус тус гарч, ажил олгогчийг Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхийг, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 15,510,820 төгрөгийг С.Ө-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт .. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хариуцагчийг ажлаас халах акт гаргахдаа хуульд заасан журмаар явуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 т заасныг зөрчсөн, ..үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас нь дутуу бүрдэл хангаагүй гэж үзээд, ажлаас халсан 2018 оны 01 дүгээр сарын 26 ний өдрийн Б/01 дугаартай захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэснийг дурджээ.
А аймгийн Т сумын Засаг Даргын тамгын газраас 15,500,000 төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу С.Ө-д олгогдсон болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт болон 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэх шүүгчийн захирамжийн дагуу тус сумын Засаг Даргын тамгын газраас ирүүлсэн дансны хуулгаар тогтоогдохоос гадна хариуцагч энэ талаар хариу тайлбартаа бичсэн байгаагаас үзвэл маргаангүй байна. Тодруулбал тус сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 150,000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг С.Өлзийжаргалын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.
4. Шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 15,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд 2017 онд шинэчлэн найруулсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтад тусгалаа олсон байх тул 2002 оны хуульд нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг шаардах эрхгүй байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ. Хуулийн энэхүү заалтаас үзвэл нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Харин төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байж хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх агуулгатай байна. Хариуцагч байгууллага буюу А аймгийн Т сумын Засаг Даргын тамгын газрыг ...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Захиргааны Ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар захиргааны байгууллага буюу хариуцагч бүрэн биелүүлэх үүрэгтэй гэж..нэгэнт салбар зөвлөлийн уг тогтоолд хариуцагч гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон тул ...ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 15,510,820 төгрөг гаргуулахаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрт дурджээ.
Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах гаргуулах эрхтэй гэж зааснаар бодитойгоор төрөөс шилжүүлсэн 15,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, 2023 ны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Г.Б-д гардуулсан байна. Улмаар хариуцагч нэхэмжлэлийг гардан авахдаа 99****74 гэх утасны дугаарыг мэдүүлж, Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар хороолол ** байрны 21 тоотод оршин суудаг гэжээ. Гэвч шүүхээс хуралдааны төвийг утсаар мэдэгдэхээр ..тийм хүн байхгүй, ажлын дугаар байсан ажлаас гарсан .. гэх, дээрх өөрийнх нь өгсөн хаягаар мэдэгдэхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаас ..ийм хаяг тус хороонд байхгүй гэх, улмаар шүүх шинэчлэн зохион байгуулагдаж тойргийн шүүх болсонтой холбоотойгоор хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан боловч 2025 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн Илтгэх хуудсаар ..мөн л хороонд ийм хаяг байхгүй шалтгаанаар албадан ирүүлэх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01474 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулж, А аймгийн Цагдаагийн газар Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар хороолол ** байрны 21 тоот гэх хаягийг олж авсан байна.
Гэм хорын хохирол нэхэмжилсэн энэхүү маргааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 т заасан 5 жилийн хугацаа хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолж, хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 150,000 төгрөг төлснөөр 15,500,000 төгрөгийн хохирол бүрэн бодитоор учирсан тул, энэ үеэс эхлэн тоолно. Шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдөр гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй байна.
5. Иргэдийн төлөөлөгч Л.Т-т шүүх хуралдааны товыг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч тал иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан Г.Б-аас 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Б-аас 235,450 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
Д.ХУЛАН