Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

 

                                          *******  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг оролцуулан,

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ***** индекстэй, * хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ургийн овгийн ******* *******, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ны өдөр ******* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ****** ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ****, ***** хамт ******* хот, ******* дүүрэг, * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ********/,

Яллагдагч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 15-ны хооронд ******* эзэмшлийн “Hyundai 450 LC73”, “Daewoo 2800 LC3” маркийн 2 экскаватор, өөрийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан ******* аймгийн сум, ** дугаар баг, Бугант тосгон, “Жаргалантын ам” гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 971.14 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 13,639,736 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Прокурорын газраас: Д.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* аймгийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №10 дугаартай эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.4-т прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах, 6.5-т яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлтийн талаар:

-“” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/117 дугаартай экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр “иргэн Д.******* нь 971,14 м2 бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 1,772,844 төгрөг, эдэлбэр газарт 770 төгрөг, усны орчинд 11,866,122 төгрөг нийт 13,639,736 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 2,438,382 төгрөг гарсан болно” гэх экологи эдийн засаг хохирлын үнэлгээг прокурор яллах дүгнэлтдээ дурдсан нотлох баримтыг үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурор яллах дүгнэлтэд яллаж байгаа хэргийн товч агуулга, зайлшгүй шаардлагатай өөрөөр хэлбэл яллах үндэслэл болгож буй нотлох баримтуудыг тусгасан байгаа нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй болно.

Хэрэгт гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээс прокурор өөрөө нотлох баримтаар үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд уг дүгнэлт нь ямар үндэслэлээр хэргийн жинхэнэ нөхцөл байдалд нийцэж буй эсэхийг шүүх хуралдааны явцад нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж үнэлэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг шинжлэн судалж аль нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.

Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Гэтэл шүүх хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх атал нотлох баримтыг үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлан “яллах дүгнэлтийг зөвтгөх” шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт...” нь нотлох баримтад хамаарах бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх заалтыг зөрчсөн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

Мөн шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.5-т яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлтийг хүлээн авсан атлаа ямар хохирлыг хэрхэн, хэзээ төлөх талаар шүүхийн шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх ёстой бөгөөд шүүх прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг урьдаас үнэлж эргэлзээтэй гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж дүгнэсэн нь илтэд хуулийг буруу хэрэглэсэн байх тул ******* холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ******* аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/103 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Яллагдагч Д.*******ийн эрх зүйн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн шатанд шилжсэн хойно нь намайг өмгөөлөгчөөр авсан. Хэргийн материалтай танилцаж үзэхэд эргэлзээтэй дүгнэлтүүд яваад байсан. Нэг бол ус ашигласан ч юм шиг. Нэг бол ашиглаагүй учраас гараагүй гэх эргэлзээтэй дүгнэлтүүд яваад байсан. Тийм учраас урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох талаар зохицуулалт байдаг. Үүний 2 дахь хэсэгт заасныг баримталж урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан байдаг. Тайлбарын тогтоох хэсгийн 1.2 дахь хэсэгт гэм буруутай хэсэг гэдэгт гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг зааж үзнэ гээд тогтоочихсон. 2 дүгнэлт байна. Аль дүгнэлтийг бодитой гэж үзэх вэ. Хоёр дахь дүгнэлт манай үйлчлүүлэгчид ашигтай байхаар тайлбарласан. Үүнийг шүүгч нар дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан байх. Шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж хэлэхгүй. Прокурорын газрын эсэргүүцэлд ямар нэгэн санал байхгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд  дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

******* аймгийн Прокурорын газраас ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч ******* холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4, 6.5-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 102 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                      

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ