| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2026/0044/З |
| Дугаар | 128/ШШ2026/0248 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2026/0248
2026 03 11 128/ШШ2026/0248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Сарангэрэл /РД:ИЗ88042400/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баатархишиг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Отгонбаяр /ШТЭҮ:3567/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Төгөлдөр /ШТЭҮ:3714/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Намуу, Х.Отгончимэг.
Маргааны төрөл: Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах тухай хэм хэмжээний акттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбаяр, Б.Төгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Намуу, Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А/1176 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний ачааллыг буруулах талаар авах зарим арга хэмжээний тухай шийдвэрийг гаргасан.
2.1. Тус захирамжийн нэгдүгээр хавсралтаар “...автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 28, 30, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14, 16-ны өдрүүдэд, сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-өөр төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 03, 05, 07, 09, 11, 13, 15,-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон.
2.2. Нэхэмжлэгч Д.Сарангэрэл нь өөрийн өмчлөлийн 2177 УКО улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2025 оны 09 дүгээр сарын 06, 10, 12-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцож, тэгж тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох ёстой өдөр замын хөдөлгөөнд оролцсон тул Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А/1176 дугаар захирамжийг зөрчсөн гэж тус бүр 20,000 төгрөг буюу нийт 60,0000 төгрөгийн торгууль оногдуулсан.
Д.Сарангэрэл нь тухайн зөрчилд оногдуулсан торгуулийг Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар хөнгөрүүлэн үйлдсэн зөрчил бүрд буюу нийт 30,000 төгрөгийн торгуулийг төлсөн.
2.3. Дээрх үйл явдлыг эс зөвшөөрч Д.Сарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаартай “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаарх авах зарим арга хэмжээний тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулж байна. Учир нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжийг тус тус хангаж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг буюу захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг хийхийг шаардахгүй гэх хэсгийг үндэслэсэн байна. Тодруулбал, маргаан бүхий актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол байсан гэжээ. Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болох талаар Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан байна.
Харин тухайн захиргааны хэм хэмжээний актыг хойшлуулшгүй тохиолдлоор нэн даруй батлах шаардлагатайгаас бусад тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д "Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлнэ", 67.2-д "Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно" гэж тус тус заасны дагуу ердийн журмын дагуу хүчин төгөлдөр болно.
Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл, энэ хэсгийн үндсэн нөхцөл нь "нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол байна гэжээ. Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай тохиолдлын үндсэн нөхцөл нь "аюултай нөхцөл байдал бий болсон, аюул нүүрлэсэн, аюулыг нэн даруй зогсоох, сэргийлэх үйлдэл хийх шаардлага тулгарсан байхыг ойлгодог. Актын үндэслэх хэсэгт заасан авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нөхцөл байдлууд нь Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй, хойшлуулшгүй батлах үндэслэлд хамаарахгүй байна. Иймд маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1- д заасан "нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол бий болоогүй байсан тул мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, нэн даруй батлах хэрэгцээ шаардлага үүсээгүй, маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол гэх үндсэн нөхцөлийг хангахгүй байх тул нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын захирамж нь дээр дурдсанчлан ердийн журмаар хүчин төгөлдөр болох тул Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий захирамж гарснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй этгээдийн саналыг авах ажиллагааг хийх ёстой байсан. Маргаан бүхий акт гарснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч жолооч нарын хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноор замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.
Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 06, 10, 12-ны өдрүүдийн шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр бус актыг үндэслэж гарсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 67.4-т "Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гараасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна" гэж заасны дагуу хариуцагч нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний үндэслэлдээ: “...Монгол Улсын хэмжээнд 1,535,837 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 60,1% буюу 804,050 нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1,6 машин ногддог. Нийслэл хотод 1113 мянга орчим нийтийн тээврийн автобус 101 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүй улмаас иргэд хувийн автомашинаараа зорчихыг илүүд үзэж, энэ цаашлаад авто замын түгжрэл нэмэгдэх, О зогсолт хийх нөхцөл бүрддэг. Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын хөдөлгөөний эрчмийг нэвтрүүлэх чадварт харьцуулсан харьцаа VCR үзүүлэлт нь 1.0-22 гэсэн үр дүн гарч хөдөлгөөний ачаалал хэвийн хэмжээнээс хэт их хэтэрсэн байдаг. 2021 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1,135 км, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 604,818 байсан бол 2025 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1,135 км хэвээр, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 804,050 болж нэмэгдсэн.
2025 оны байдлаар Улаанбаатар хотод авто замын сүлжээний өсөлт тээврийн хэрэгслийн өсөлтөөс үлэмж хоцорч, замын ачаалал, түгжрэл эрчимжих суурь нөхцөл бүрдээд байна. Тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 10.9 хувиар өсөж байгаа нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүг улам тэлж, хотын хөдөлгөөний хурд саарах, зам тээврийн ослын эрсдэл нэмэгдэх, эдийн засгийн шууд болон шууд бус зардал өсөхөд нөлөөлж байна.
Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт, 66 дугаар зүйлийн 66.1. засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11. авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ, 22 дугаар зүйлийн 22.5 нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ монгол улсын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно, мөн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага болох "Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл "Эм Эм Си Жи" ХХК-иар гэрээгээр гүйцэтгүүлсэн иргэдээс авсан судалгаа, дүгнэлт,
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын https://ulaanbaatar.mn/home сайтаар "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлыг өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү" гэсэн санал асуулгыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаанд авсан судалгаа зэргийг үндэслэн,
Иргэд олон нийтээс авсан санал асуулга болон мэргэжлийн байгууллагын гаргасан санал, судалгаан дээр үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 2.2-т "Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана." гэж хууль дүрэм журмаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4. захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ." 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт "Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ хуулийн 70.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт гарсан өдрөөс хойш ажлын гурван өдөрт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ." гэж заасны дагуу тухайн актыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 7342 дугаарт бүртгүүлсэн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно" гэж заасны дагуу маргаан бүхий захирамжийн 1.1 дэх хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн тоо болон хөдөлгөөнд оролцох хуанлийн өдрүүд, захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл эхлэх болон дуусгавар болох хугацааг тодорхой заасан болно.
Маргаан бүхий захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээхгүй тул хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно.
1. Нэхэмжлэгч Д.Сарангэрэлээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол гэх үндсэн нөхцөлийг хангахгүй байх тул нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй, ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч жолооч нарын хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноор замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан, ...хариуцагч нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 /гучин мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа “...Иргэд олон нийтээс авсан санал асуулга болон мэргэжлийн байгууллагын гаргасан санал, судалгаан дээр үндэслэн хууль, дүрэм, журмаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан, захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээхгүй, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж тус тус маргасан.
3. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн 1.1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.2-т заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 28, 30, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14, 16-ны өдрүүдэд, 2025 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 03, 05, 07, 09, 11, 13, 15-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7342 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаарт нийтлэгдсэн бөгөөд уг захирамжийн дагаж мөрдөх хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон тул захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн байна[1].
5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Сарангэрэл нь өөрийн өмчлөлийн Тоёота приус маркын 2177 УКО улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүрэг, Саппорогийн уулзвар, Зүүн орох 3, 4-р эгнээ, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, Хоумплаза худалдааны төвийн урд уулзвар, Хойд орох 1, 2-р эгнээ, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг, Моннис-н зүүн урд уулзвар, Хойд орох 1, 2-р эгнээгээр тус тус зорчих үедээ Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт зөрчсөн зөрчилд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А/1176 дугаар захирамжийг зөрчсөн гэж тус бүр 20,000 төгрөг буюу нийт 60,000 төгрөгийн торгууль оногдуулсныг Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар хөнгөрүүлэн үйлдсэн зөрчил тус бүрд буюу нийт 30,000 төгрөгийн торгуулийг нэхэмжлэгч төлжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсуудтай маргаагүй харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж нь хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт бөгөөд уг актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид үүссэн 30,000 /гучин мянга/ төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
7. Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг батлахаас өмнө Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас “Эм Эм Си Жи” ХХК-тай ЗХУТ/2025/ХА-12 дугаар Хамтран ажиллах гэрээний дагуу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Зайсан тойруу, ХААИС-ын зүүн хойд уулзварын авто замын хөдөлгөөнийг нэг чиглэлд болгох, мөн 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд тэгш сондгойгоор дугаарын хязгаарлалттай холбоотойгоор иргэдийн санаа бодлыг тодорхойлж, захиалагчийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлжээ[2].
8. Улмаар уг судалгааг CAWI буюу интернэтэд (веб-д) суурилсан онлайнаар мэдээлэл цуглуулах аргаар зохион байгуулж, судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт амьдардаг, авто замын хөдөлгөөнд оролцдог 18 болон түүнээс дээш насны нийт 2542 иргэнийг хамруулснаас хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашиныг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахыг судалгаанд оролцсон нийт иргэдийн 63% нь дэмжсэн[3] байна.
9. Мөн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын https://ulaanbaatar.mn/home сайтаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү” гэсэн санал асуулгыг иргэд, олон нийтээс авахад нийт 12,873 иргэн оролцсоноос нийт 7560 иргэн буюу 58,72% нь дэмжинэ, 5313 иргэн буюу 41,27% нь дэмжихгүй гэх хариулт[4]-ыг өгсөн байна.
10. Маргаан бүхий захирамжийн үндэслэлд дурдсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамж нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4859 дугаарт бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаарт[5] нийтлэгдсэн хүчин төгөлдөр бөгөөд уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.2-т Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана гэж заажээ.
11. Мөн дээрх Нийслэлийн Засаг даргын А/1037 дугаар захирамжийг хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулсан Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайлан[6]-г Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна.
12. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайланд Нөхцөл байдлын дүн шинжилгээ, Ерөнхий мэдээлэл, Тухайн актыг гаргах үндэслэл, шаардлага, зорилт, Тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, Акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлсон байдал, Иргэд, олон нийтийн санал, асуулга, Актын зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг үнэлсэн байдал, Тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх, Хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо, Дүгнэлт, Зөвлөмж гэх мэт зүйлүүдийг тусгасан нь хэм хэмжээний актыг батлан мөрдүүлэхэд тавигдах шаардлагад нийцжээ.
13. Тухайлбал, Нийслэлийн тодорхой бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ялган хөдөлгөөнд оруулах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн болон эрүүл мэндийн хор хөнөөлийг багасгах, Тээврийн хэрэгслийн зөв, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлийг бууруулах зорилготой байна.
14. Үүнтэй холбоотойгоор мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/289[7] дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл, танилцуулгыг хүргүүлж байсан үйл баримт тогтоогдов.
15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна, 24.1.12-т нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт; 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ, 8.3.11-д авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ, 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно, Автозамын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.8-д харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг хийхийг шаардахгүй гэж тус тус заасан.
16. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай тохиолдлын үндсэн нөхцөл нь “аюултай нөхцөл байдал бий болсон, аюул нүүрлэсэн, аюулыг нэн даруй зогсоох, сэргийлэх үйлдэл хийх” шаардлага тулгарсан байхыг ойлгодог. Гэтэл маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт заасан нөхцөл байдлууд нь Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй, хойшлуулшгүй тохиолдолд хамаарахгүй бөгөөд хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан үндсэн нөхцөлийг хангахгүй байхад нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж маргасан.
17. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан “...Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын хөдөлгөөний сүлжээний урт 1,135 км, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 604,818 байсан бол 2025 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1,135 км хэвээр, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 804,050 болж нэмэгдсэн. 2025 оны байдлаар Улаанбаатар хотод авто замын сүлжээний өсөлт тээврийн хэрэгслийн өсөлтөөс үлэмж хоцорч, замын ачаалал, түгжрэл эрчимжих суурь нөхцөл бүрдээд байна. Тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 10.9 хувиар өсөж байгаа нь эрэлт-нийлүүлэлтийн зөрүүг улам тэлж, хотын хөдөлгөөний хурд саарах, зам тээврийн ослын эрсдэл нэмэгдэх, эдийн засгийн шууд болон шууд бус зардал өсөхөд нөлөөлж байна ...” гэх тайлбараас үзвэл маргаан бүхий хэм хэмжээний актыг нэн даруй батлан гаргах хойшлуулшгүй шаардлага үүссэн гэж үзэхээр байна.
18. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол гэдгийг Гамшгийн тухай хуульд заасан аюултай нөхцөл байдал бий болсон, аюул нүүрлэсэн, аюулыг нэн даруй зогсоох, сэргийлэх үйлдэл хийх шаардлага тулгарсан үед гэж явцуу утгаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийг хариуцагч нь хуульд заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно, мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.2-т Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзан баяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана гэж тус тус заасанд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байна.
19. Ийнхүү өөрийн хариуцсан харьяа нутаг дэвсгэртээ Замын хөдөлгөөнийг нийтийн эрх ашгийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний тодорхой эрхийг хязгаарлахыг зөвшөөрсөн зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд автомашины улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд зохих хязгаарлалт тогтоосон захирамж нь хуульд нийцсэн, нийтийн эрх ашигт чиглэсэн, зорилгодоо нийцсэн хэм хэмжээний акт байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамж хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, 22 дугаар зүйлийн 22.5, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 дугаар захирамж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 30,000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ