Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01772

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/02589 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Э-ын хариуцагч Ц.Б-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 сарын 30 -ны өдрийн 131 дугаар захирамжаар Л.Э-т Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 48 гудамж 650 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг өмчлөх эрх олгон, улсын бүртгэлийн Г-2201000538 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Энэ үеэс өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэн нэгэнд зараагүй төдийгүй худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй холбогдох бичиг баримт дээр гарын үсэг зурж байгаагүй. Миний хууль ёсоор өмчилж авсан эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд шилжсэнийг 2020 оны 6 сарын 03-ны өдөр нэг хүн ирж энэ хашаа байшин одоо минийх болсон та нар нүү гэж хэлснээр анх мэдсэн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст хандан гомдол гарган шалгуулсан ба нэг айлын хүргэн, бэрүүд байсан С.Г- нь миний эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсныг мэдсэн. Улмаар С.Г- нь 2018 онд автын осолд орон таалал төгссөн. 2014 оны 4 сарын 17-ны өдөр хийгдсэн гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр талийгаач С.Г- нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Дээрх гэрээн дээр Л.Э- хэмээх миний гарын үсэг нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаач С.Г-тай хамт ажилладаг Ш.Г- хэмээх ах Л.Э-ын өмнөөс гарын үсэг зурсан нарийн учрыг нь мэдэхгүй хүү маань БНХАУ-д суралцдаг, сургалтын төлбөр төлөхгүй бол сургуулиасаа хөөгдөх гээд байна, дүүгийнхээ хашаа, байшинг барьцаалж зээл авах гэж байгаа юм, дүү Л.Э- нь том оврын ачааны машин барьдаг эрээнд байгаа намайг зээл авч болно гэсэн хэмээн дүүгийнхээ иргэний үнэмлэхийг үзүүлэн чи төстэй болохоор очоод гарын зураад өгөөч гэсэн удаа дараа татгалзсан одоо хамт ажиллаж байгаа хүмүүс л мэдэж байгаа гэж хэлсэн. Талийгчийн охин болох Ц.Б- нь 2019 онд албан ёсны өв залгамжлагч болохоо хүлээн зөвшөөрч талийгаач ээжийнхээ өвийг нээлгэн Л.Э- миний эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр өв залгамжлалаар шилжүүлэн авсан байна. Улмаар түүний охин болох Ц.Б- нь өв залгамжлалын гэрээгээр өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Ц.Б- цагаан сараар гэрт маань ирж золгож байсан миний гэрийг ч мэдэх атал хэргийн талаар надад огт мэдэгдээгүй төдийгүй 2020 оны 10 сард гэрээс минь албадан нүүлгэх утга бүхий нэхэмжлэл ирэх үед энэ хэргийн талаар мэдсэн. Иймд 2002 оноос одоог хүртэл 19 жил амьдарч байгаа, өөрийн хөдөлмөрөөр бий болгосон гэр орноо алдахад хүрээд байна. Л.Э-ыг эзгүйд хийгдсэн гэх худалдах, худалдан авах гэрээнд Л.Э- хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй ба энэхүү хуурамч гэрээнээс үүдэн өмчлөх эрхээ бусдад алдсан тул илт хууль зөрчиж хуулиар тогтоогдсон хэлбэрийг зөрчин хийгдсэн тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхээ эргүүлэн авах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гэрээг би ээжийнхээ өмнөөс хийгээгүй, тус гэрээг үйлдэх үед манай ээж С.Г- амьд байсан. Энэ гэрээний талаар би мэдэхгүй. Манай ээжийг бурхан болсны дараа ийм хөрөнгө байна, заавал авах ёстой гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас над руу ярьсан. Эд хөрөнгийг авахгүй гэж удаа дараа хэлсэн боловч 3 сарын дотор татгалзах хүсэлтээ өгөөгүй учраас заавал авах ёстой гэж хэлсэн тул хуулийн дагуу өвийг хүлээж авсан. Манай ээж С.Г-ас шүүхийн шийдвэрийн дагуу Д.Батмөнх өр нэхэмжилж байгаа тул уг өрийг барагдуулах ёстой, өрийг барагдуулахын тулд С.Г-ас хүлээж авсан өвийг Д.Батмөнхөд шилжүүлж өгөөрэй гэж шийдвэр гүйцэтгэгч хэлсэн учраас хууль ёсны дагуу өвийг хүлээж аваад Д.Батмөнхөд шилжүүлж өгсөн. Ээж эмнэлэгт 29 жил ажилласан. Намайг болон ээжийг минь тэнд ажиллаж буй бүх хүн мэддэг, тэр гэрчийг би өмнө харж байгаагүй. Гэрчээс би манай ээжийн хажууд хамт явж байсан хүн байгаа юу гэж асуухад гэрч нэг эмэгтэй хүн байсан гэж хэлсэн. Манай ээжтэй хамт явж байсан хүн нь Л.Э-ын эхнэр. Хуурамч гарын үсэг зурж байхыг харсан болохоор тэгж мэдүүлэг өгсөн байх. Би энэ хэрэгт хамааралгүй, энэ талаар мэдэх зүйлгүй байж байгаад ээжийнхээ өвийг залгамжилж авсан. Л.Э- гэх хүнтэй холбоогүй, яагаад намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Би уг гэрээг хийгээгүй байхад намайг хариуцагчаар татсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг мэдээгүй, намайг хариуцагчаар татах нь буруу гэж үзэж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батмөнх шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э-ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тэрээр 2016-2020 он хүртэл хашаа байшиндаа байгаагүй. Шүүхийн шийдвэрээр ажиллагаа явагдаад битүүмжлэгдсэн хашаа, байшин байсан. Намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй хамт хашаанд очиход тэнд С.Г- амьдардаг байсан. Өөр хүн амьдарч байгаагүй. Ц.Б-ийн ээжийг нас барсны дараа Л.Э- гэнэт хашаанд амьдрах болсон. Бид нар өмнө нь амьдардаг байсан гэж худлаа хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 4 жил гацаасан, би эд хөрөнгөөрөө хохирсон болохоор гомдолтой байна. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх газрыг хүртэл шүүхэд өгч хугацаа хожиж мөн их олон газраар нэхэмжлэл гаргаж, надтай холбоотой олон шүүхийн шийдвэр гарсан. Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэх ёстой байсан боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Талийгаач тухайн үед уг хашаа байшингийн өмчлөгч байсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс хэргийг шалгаж тогтоогоогүй байхад Л.Э- шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-т холбогдох 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батмөнх давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх миний өмчлөх эрхийг маш нотой зөрчиж хууль бус нотлох баримтуудыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Л.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батмөнхийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Ц.Б-т холбогдох "худалдах худалдан авах гэрээг" хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Л.Э-ын нэхэмжлэлтэй хэрэгт миний үйлчлүүлэгч Д. Батмөнхийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хайхарч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хууль бус нотлох баримтуудыг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Өв залгамжлан авсан Ц.Б- нь Л.Э-, С.Г- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд оролцоогүй, мэдэхгүй учраас ямар нэг тайлбар, холбогдох нотлох баримт гарган өгөх боломжгүй, худалдах, худалдан авах гэрээний нэг тал нас барсан. Гэтэл уг гэрээг байгуулахад оролцоогүй, уг гэрээний талаар огт мэдэхгүй этгээд болох өв залгамжлагчийг гэрээний нэг тал гэж үзэн хэргийн оролцогч буюу хариуцагч болгон хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг ноцтой зөрчсөн. Нотлох баримт үнэлэхдээ шинжээчийн дүгнэлт буюу мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилон дүгнэлт гаргуулсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Учир нь шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолтой гэрээний 2 тал буюу хэргийн оролцогч нар танилцан уг тогтоолд санал, хүсэлт, гомдол гаргах гарын үсэг зурах гарсан дүгнэлттэй танилцаж мөн санал, хүсэлт, гомдол гаргах гарын үсэг зурах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хууль бус дүгнэлт тул нотлох баримтаас хасч, үнэлэхгүй байх ёстой байсан. Шүүх хууль бус шинжээчийн дүгнэлт, болон Л.Э-ыг огт танихгүй гэсэн атлаа Л.Э-ын хүсэлтээр ирж худал мэдүүлэг өгсөн байх боломжтой Ш.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхгүйгээр Д.Батмөнхөөс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үнэлэхгүйгээр нэг талыг барьж, түүний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хууль бус дүгнэлт, хуурамч нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

Нэхэмжлэгч Л.Э- нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байх боловч уг шаардлагыг гаргаснаар ямар үр дагаварт хүрэх гэж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл буруутай этгээдээс хохирол нэхэмжилж байгаагийн аль нь болохыг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ...,

44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3255 дугаар шинжээчийн дүгнэлт зэргийг нотариатаар гэрчлүүлээгүй, холбогдох байгууллага нь хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулаагүй, харин шүүхийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байгаа нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хх-ийн 31-32, 35-43-р тал/

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/02589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээд Д.Батмөнхөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ