Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 6

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар магадлалтай, Б.М-ид холбогдох эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... овогт Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялыг сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг гурван сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шинэс төрлийн 7.2539 м3 мод, .... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М-оос албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх  тогтоолын тогтоолын 5 дахь заалтын “...56-26 БУЛ улсын дугаартай “Kia bongo” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М-оос албадан гаргуулж гэснийг...” “....... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М-ид буцаан олгож...” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ ....... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М-оос албадан гаргуулж, үнийг Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн хэмжээ, унасан хуурай гишүү модыг зөвшөөрөлгүй түүж ачсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ар гэрийн ахуй амьдралын байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан авах зайлшгүй шаардлагагүй байна гэж үзээд уг тээврийн хэрэгслийг нь Б.М-ид буцаан олгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.1-д заасныг тус тус баримтлан мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, бэлтгэсэн модыг хураахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэнэ гэж заасан байхад Б.М-ийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг буцаан олгохоор шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор М.Сайнзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сум, 2 дугаар багийн нутаг, Ишгэн гуя гэх газраас 7.2539м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхүүд дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Б.М-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс хураахдаа үүрэг болгосон хэм хэмжээ болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний дагуу шийдвэрлэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар үүрэг болгосон дээрх хэм хэмжээг илтэд зөрчиж, тодорхой хэм хэмжээ, хууль зүйн үндэслэлгүйгээр шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан олгож, илтэд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулиар тогтоосон эрх хэмжээг хэтрүүлсэн алдаа гаргажээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Б.М- нь зохих зөвшөөрөлгүйгээр 7.2539м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэсэн, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тогтоогдсон, үүнийг давж заалдах шатны шүүх огт няцаагаагүй байгааг тэмдэглэж, анхааруулах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор М.Сайнзаяагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

                                                 ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН