Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0834/З |
Дугаар | 221/МА2018/0131 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2018/0131
О.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 128/ШШ2017/0889 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.О-лийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0889 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-ийн гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О нар давж заалдах гомдолдоо:
“....Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шаардлагатай нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:
1.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь хэсгийн заалтаар олгосон Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээг зохицуулсан зохицуулалтыг буруу тайлбарлан үнэлсэн. Тодруулбал: Хяналтын улсын байцаагч Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь заалтад заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журмын 22.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн, тус журмын дагуу хийх шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр дүгнэлт гаргаж, мөн журмаар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр “дүгнэлт” гаргах замаар хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байтал шүүх улсын байцаагчийг эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт гаргасан хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу үнэлсэн хэрэг болсон гэж үзэж гомдолтой байна.
1.2. Шүүх хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч О.О-лийн гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлснээр Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/03-20 дугаартай тогтоол гарсан нь Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн мэтээр дүгнэж шийдвэрлэснээр тус тогтоолын эрх зүйн үндэслэлийг нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг болсон. Тодруулбал шүүх Төрийн албаны зөвлөлийн ажиллах журмыг зөв үнэлээгүйн улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж гомдолтой байна.
1.3. Шүүх Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Ёс зүйн салбар хороо нэхэмжлэгч О.О-ийг төрийн албанаас халах тушаалын үндэслэл болсон зөрчлийг хянаж шийдвэрлээгүй атлаа маргаан бүхий захиргааны акт гарахаас 1 өдрийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, дурдсан зөрчлийн талаар бус харин ажилдаа ирээгүй асуудлыг хэлэлцсэн байтал Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Ёс зүйн хорооны тогтоолыг буруу үнэлж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/03-20 дугаар тогтоолыг танилцуулсан нь... сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэхээр байна... гэх илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тодруулбал шүүх захиргааны акт гаргаагүй, тухайн акт гаргасан этгээдийн өмнөөс сонсгох ажиллагаа явуулах эрх хэмжээ нь тодорхойгүй этгээдийг сонсгох ажиллагаа явуулсан хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой байна.
1.4. Шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/.... дүгээр тушаалаар батлагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчин хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хоёр. Шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан эрхээр хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд:
Нэхэмжлэгч О.О би шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож байсан ба шүүгчийн туслахаас хуралдааны тов асуухад “Шүүх хуралдаан товлогдоогүй, товлогдох арай болоогүй” гэх хариултыг өгч байсан тул хувийн хойшлуулшгүй ажлаар Хонг Конг улс руу явах шаардлагын улмаас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2017 оны 12 дугаар сарын 02-нд Монгол Улсын хилээр орж ирсэн.
Шүүх дээр дурдсанчлан намайг гадаад улсад зорчсон байхад буюу миний эзгүйд, надад шүүх хуралдааны товыг огт мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтаар олгосон шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэснээр миний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн заалтаар олгосон хэргийн материалтай бүрэн танилцах, шүүх хуралдаанд тайлбар өгөх, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах, шүүгч, шүүх хуралдааны нарын бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах эрх ноцтой зөрчигдлөө.
Давж заалдах гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч О.О Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэгчийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0889 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч О.О-ийг маргаан бүхий акт болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/256 дугаар тушаалаар ажлаас халахдаа түүнийг албан үүргээ биелүүлээгүй байна. Энэ нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн хяналтын дүрэм, хариуцагч өөрийн гаргасан хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам, Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам зэргийг тус тус зөрчсөн байдаг.
1. Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний гаргасан зөрчлийн шинж байдлыг тогтоосны дараа сахилгын шийтгэл ногдуулах үүрэгтэй гэтэл хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа үйлдсэн эсхүл давтан үйлдсэн эсэхийг шалган тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг сонсолгүйгээр түүнийг ажлаас халсан.
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчиж нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдааныг хийж, 03/04-20 дугаар тогтоолыг гаргасан.
3. Хариуцагч өөрийн батлан гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/348 дугаар тушаалаар баталсан Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын ажилтаны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлд Ёс зүйн зөрчлийг хянан шалгах, хүлээх хариуцлагыг зааж өгсөн бөгөөд 5.1-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь байгууллагын ажилтан албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох, шийдвэр гаргах эрх бүхий ёс зүйн хороотой байна”, гэж 5.6-д “Ёс зүйн салбар хороо нь ёс зүйн зөрчлийн шинж байдлыг хянан шалгаж, холбогдох саналаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хүргүүлнэ”, 5.7.1-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, албан хаагч холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд тухайн газар, хэлтсийн бичгээр гаргасан санал хүсэлт эсхүл иргэн, хуулийн этгээдийн болон гишүүний санаачлагаар Ёс зүйн хороо холбогдох шалгалтыг явуулж хуралдаанаараа хэлэлцэн дүгнэлт гаргана”, 5.8-д “Ёс зүйн хорооны хуралдаанд тухайн ажилтан, албан хаагч бичгээр тайлбараа гаргах ба биечлэн оролцож болно. Ёс зүйн хорооны гишүүд нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл хариуцсан нэгжийн дарга, иргэн, хуулийн этгээд хуралдаанд оролцож тайлбар өгч болно. Аймаг, нийслэлээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэхдээ шаардлага хангасан тайлбарыг авсан байна”, 5.10-д “Ёс зүйн хорооны хуралдаанаас гарсан дүгнэлтийг дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулна. Ийнхүү баталгаажуулсан дүгнэлтийг тус газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлнэ” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч О.О-ийн гаргасан гэх зөрчлийн талаар Ёс зүйн хороо хуралдаагүй, Ёс зүйн хороо сахилгын зөрчил мөн эсэхийг шалган тогтоогоогүй, О.О-ийг Ёс зүйн хорооны хуралдаанд оруулж тайлбар нотлох баримтыг нь авалгүйгээр шууд Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын дэргэдэх салбар зөвлөлийн хурлаар оруулж нэхэмжлэгчийн тайлбарыг сонсолгүйгээр түүнийг ажлаас халах тухай асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ыг зөрчсөн.
4. Дээр дурдсан алдааг хариуцагч засах үүднээс Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 04 сарын 14-ны өдөр хуралдаж 03/04-20 дугаар тогтоол гарснаас 5 хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн салбар хороо хуралдуулж тус хурлаар түүний гаргасан зөрчлийг авч хэлэлцэлгүйгээр зөвхөн төрийн албаны салбар зөвлөлийн 03/04-20 дугаар тогтоолыг танилцуулсан нь мөн хариуцагч өөрийн батлан гаргасан дүрэм, журам болон Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг тус тус зөрчиж нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг илтгэж байгаа бөгөөд энэ нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.
5. Нэхэмжлэгчийг ажлаас халах гол шалтгаан болсон хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 655 дугаар дүгнэлт үндэслэлгүй болох нь нэгдүгээрт хариуцагч дүгнэлтийн гаргахдаа Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.5 гэсэн заалтыг үндэслэн боловч Улсын бүртгэлийн тухай хуульд 10.10.5 гэх заалт байхгүй, хоёрдугаарт Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь заалтыг баримталсан гэтэл уг заалт нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” гэж хяналтын байцаагчийн эрх хэмжээг тодорхой зааж өгсөөр байхад хяналтын улсын байцаагч хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах эрх, хэмжээ олгогдоогүй асуудлаар гаргасан дүгнэлт баримталж хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа юм.
Гэтэл анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.3 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хяналтын улсын байцаагч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл гаргасан эсэхийг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гаргаж төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эрхтэй мэтээр дүгнэж маргаан бүхий актыг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн шүүхээс хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсгох ажиллагааг хийсэн нэхэмжлэгчид маргаан бүхий актын талаар мэдэгдсэн талаар огт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
Анхан шатны шүүх “…нэхэмжлэгч О.О нь “хуурамч бичиг бичиг баримт бүрдүүлэн, хууль бус бүртгэл хийж” Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.8-д заасан сахилгын ноцтой зөрчлийг санаатайгаар гаргасан болох нь тогтоогдсон, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2-т тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байх бөгөөд эдгээр нь шууд ажлаас халах үндэслэл болох тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаал нь дээрх журамд заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ…” хэмээн дүгнэж нэхэмжлэгчийг хариуцагч ажлаас халсан тушаалынхаа хууль зүйн үндэслэл болгоогүй Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.8 гэх заалтыг зөрчсөн буруутай мэтээр үндэслэлгүйгээр дүгнэж, маргаан бүхий актад тусгагдаагүй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлд Гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх, үндэсний энгийн гадаад паспорт олгох үйл ажиллагаа ямар үе шаттай явагдах талаар тодорхой зааж өгсөн бөгөөд 3.9-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл зөрүүтэй, зөрчилтэй, бүртгэлгүй иргэний гадаад паспортын захиалгыг холбогдох нэгжид шилжүүлнэ”, 3.10-д “Улсын бүртгэгч иргэний гадаад паспорт захиалсан тухай “Захиалагчийн захиалгын хуудас”-ыг үйлдвэр хариуцсан улсын бүртгэгчид хүлээлгэн өгнө”, 3.11-д “Үйлдвэр хариуцсан улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тамга тэмдгийг захиалгын хуудсын А талын зураг дээр дарж баталгаажуулан гарын үсэг зурж, иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд баталгаажуулна”, 3.12-т “Үйлдвэр хариуцсан улсын бүртгэгч нь үйлдвэрт хүргүүлэх гадаад паспорт захиалгын хуудасны тоон мэдээг хүлээлцэх дэвтэрт бүртгэж, дугтуйлж битүүмжлэн үйлдвэрийн итгэмжлэгдсэн ажилтанд хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл хяналтын улсын байцаагч Б.Б нь нэхэмжлэгч О.О-ийн хүлээн авсан гадаад паспортын захиалгыг хүлээн авч гадаад паспорт хэвлэх үйлдвэрт өөрөө хүлээлгэж өгдөг болох нь харагдаж байна.
Маргаан бүхий хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын үнэлэлгүйгээр шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0889 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж тодорхойлсон байх бөгөөд маргаан бүхий акт болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/256 дугаар тушаалаар “Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О-ийг албан үүргээ биелүүлээгүй нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул мөн өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч нь тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримталжээ. Иймд мөн зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг харгалзан үзэх ёстой байжээ. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа үйлдсэн эсхүл давтан үйлдсэн эсэхийг шалган тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг сонсолгүйгээр түүнийг ажлаас халсан байна.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааныг хийж 03/04-20 дугаар тогтоолыг гаргасан байна. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх “урьдчилан мэдэгдсэн, сонсгох ажиллагаа хийсэн” мэтээр буруу үнэлсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн иргэдээс гадаад паспортын мэдүүлэг, материал хүлээн авч бүртгэл хийхдээ тухайн иргэний төлбөр төлсөн баримт биш, өөр иргэний төлбөр төлсөн баримтыг тухайн бүртгэлийн баримтад хавсаргасан үйлдлийг албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглаж, өөрт шан харамж авах нөхцөл байдлыг бий болгосон гэж шууд үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч уг болгоомжгүй гаргасан зөрчлөө өөрөө арилгасан байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас халах гол шалтгаан болсон хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 655 дугаар дүгнэлт нь зөрчилтэй байна. Тухайлбал дүгнэлт гаргахдаа Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.5 гэсэн заалтыг үндэслэсэн байгаа боловч Улсын бүртгэлийн тухай хуульд 10.10.5 гэх заалт байхгүй ажээ. Мөн Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь заалтыг баримталсан байгаа боловч уг заалтад “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” гэжээ. Дээрхээс ойлговол хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд сахилгын болон ёс зүйн зөрчлийг шалгах эрхтэй гэж ойлгохооргүй байх бөгөөд хэргийн бодит байдлаас үзэхэд нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар мөнгө завшсан гэх нөхцөл байдлыг хангалттай баримтаар тогтоогоогүй байна.
Гадаад паспорт захиалах дарааллыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-д тодорхой заажээ.
Тухайлбал уг журмын 3 дугаар зүйлд Гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх, үндэсний энгийн гадаад паспорт олгох үйл ажиллагаа ямар үе шаттай явагдах талаар тодорхой заасан байх бөгөөд 3.9-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл зөрүүтэй, зөрчилтэй, бүртгэлгүй иргэний гадаад паспортын захиалгыг холбогдох нэгжид шилжүүлнэ”, 3.10-д “Улсын бүртгэгч иргэний гадаад паспорт захиалсан тухай “Захиалагчийн захиалгын хуудас”-ыг үйлдвэр хариуцсан улсын бүртгэгчид хүлээлгэн өгнө”, 3.11-д “Үйлдвэр хариуцсан улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тамга тэмдгийг захиалгын хуудсын А талын зураг дээр дарж баталгаажуулан гарын үсэг зурж, иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд баталгаажуулна”, 3.12-т “Үйлдвэр хариуцсан улсын бүртгэгч нь үйлдвэрт хүргүүлэх гадаад паспорт захиалгын хуудасны тоон мэдээг хүлээлцэх дэвтэрт бүртгэж, дугтуйлж битүүмжлэн үйлдвэрийн итгэмжлэгдсэн ажилтанд хүлээлгэн өгнө” гэжээ.
Өөрөөр хэлбэл, гадаад паспортын захиалгыг О.О хүлээн авч, хүлээн авсан материалаа нэг бүрчлэн хяналтын улсын байцаагч Б.Б-д хүлээлгэн өгнө. Хяналтын улсын байцаагч Б.Б нь нь дээрх баримтуудыг нэг бүрчлэн гадаад паспорт хэвлэх үйлдвэрт өөрөө хүлээлгэж өгдөг болох нь харагдаж байна. Үүнээс үзэхэд хамтдаа нэг цогц бүртгэлийн үйл ажиллагааг хийсэн атлаа алдаа, зөрчил илрэнгүүт иргэний бүртгэлийн ажилтны зөрчил гэж үзэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/348 дугаар тушаалаар баталсан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлд ёс зүйн зөрчлийг хянан шалгах, хүлээх хариуцлагыг зааж өгсөн байна. Энд мөн адил явагдах процесс ажиллагаа, түүний дэс дараалал, хугацаа зэргийг зааж өгчээ.
Гэтэл нэхэмжлэгч О.О-ийн гаргасан гэх зөрчлийн талаар Ёс зүйн хороо хуралдаагүй, Ёс зүйн хороо сахилгын зөрчил мөн эсэхийг шалган тогтоогоогүй, О.О-ийг Ёс зүйн хорооны хуралдаанд оруулж тайлбар нотлох баримтыг нь авалгүйгээр шууд Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар оруулж нэхэмжлэгчийн тайлбарыг сонсолгүйгээр түүнийг ажлаас халах тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 128/ШШ2017/0889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.О-ийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-д 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн магадлал гарсан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож нэхэмжлэгч О.О-д олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгож, давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын төлсөн 140.400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР