2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/05578

 

 

 

 

 

 

2025 06 30 192/ШШ2025/05578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 0289 дугаартай хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг ****с гаргуулах. Нэхэмжлэлийн агуулга: Миний бие **** нь 2021 онд ****ХХК-ийг байгуулж байсан. Манай компанийн хувьд спортын үйл ажиллагаа, фитнесс, спиннинг, гоо сайхан, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулах бүртгэлтэй боловч байгуулагдсан цагаасаа хойш голчлон спиннинг, тураах СПА-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай фитнесийн төвд иргэн **** нь үйлчлүүлдэг байсан ба төв хэрхэн үйл ажиллагаа явуулдаг, фитнесийн болон спа тоног төхөөрөмжүүдийн талаар талаарх мэдээллийг бүрэн мэддэг байсан. Тиймээс бид 2023 оны 04 сараас эхлэн ярилцаж, худалдах хөрөнгийн талаар удаа дараа мэдээлэл солилцож, нягталсны үр дүнд 2023 оны 06 сарын 28-ны өдөр 0287 дугаартай "Компанийн эрх шилжүүлэх гэрээ", 0288 дугаартай компанийн хувьцаа Худалдах, худалдан авах гэрээ", мөн 0289 дугаартай хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус байгуулсан. Дээрх худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн ****-ийн эрхлэн явуулж байсан фитнесийн төвийн 127 ширхэг фитнесийн болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, хичээлийн ая, пейж хуудас, компанийн хувьцаа зэргийг худалдахаар болсон. Төлбөрийн хувьд нийт 125,000,000 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөрт 90,000,000 төгрөг, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 01- ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд дээрх гэрээнүүдийн дагуу ****ийг шилжүүлэн өгсөн ба**** нь урьдчилгаа төлбөр болох 90,000,000 төгрөгийг надад өгсөн. Гэтэл ****нь 2023 оны 11 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "2023 оны 06 сарын 28-ны өдрийн хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ****с 90,000,000 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан. Тодруулбал намайг гэрээнд заасан үүргүүдээ биелүүлэхгүй, мөн дээрээс нь биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж хүлээлгэн өгч өөрийнх нь эрх ашгийг хохироосоор байгаа гэх утгатай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Энэхүү хэрэг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 сарын 11-ний өдөр хянаад "Компанийн хувьцааны хувьд улийн доголдолгүй эд зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн, хөдлөх эд хөрөнгийн хувь) **** хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасан эд зүйлийг хүлээн авсан тухайн үед зарим нэг доголдол байсан гэх боловч зөвшөөрч хүлээн авснаар шаардах эрхээ алдсан, гурузный эд зүйл доголдолтой гэдэг нь хэрэгт байгаа баримтаар нотлоогүй тул гэрээнэх татахлах эрхээ алдсан тул гэрээнээс татгалзах эрх үүсээгүй учир төлбөрийг буцаан шаарда эрагуй" гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн 2025 оны 01 саp 13-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд бидний хэрэг маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд дууссан. Мөн шийдвэр болон магадлалаар ****эй байгуулсан 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 0289 дугаартай хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийн асуудал шийдвэрлэгдээгүй тул энэ талаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг дурдах нь зүйтэй. Иймд 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 0289 дугаартай хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг ****с гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2025/00113 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 771 дугаар албан бичиг зэрэг баримтыг гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 35,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

3.    Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ****ийн хариуцагч ****д холбогдуулан гаргасан хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 90,000,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ (хэргийн 4-9 дэхь тал). Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 210/МА2025/00113 дугаартай Магадлалаар 101/ШШ2024/05229 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн (хэргийн 10-12 дахь тал).

 

4.    Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8 дахь талд ...Зохигчид 2023 оны 06 сарын 28-ны өдөр хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.Улмаар гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнээс үзэхэд талууд хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг 125,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг 100,000 төгрөгөөр тохиролцжээ. Улмаар хэн аль нь 125,000,000 төгрөгийн үнэнд 100,000 төгрөг нь багтаж байгаа талаар тайлбарлаж байна. Эдгээрээс үзэхэд 3 гэрээ нь харилцан уялдаатайгаар нэг хүсэл зоригийг хэрэгжүүлэхэд чиглэн байгуулагджээ. Тодруулбал, зохигчид компанийг эд хөрөнгийн хамт худалдаж худалдан авахаас тохиролцсон бөгөөд эд хөрөнгөтэй холбогдох гэрээг нь тусад нь байгуулсан байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн... гэж дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон байна.

 

5.    Түүнчлэн хариуцагч гэрээнээс татгалзах эрх үүсээгүй талаар 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 болон 6.2, 6.11, 7 дахь хэсгүүдэд дурдсан тул гэрээ дуусгавар болоогүй.

 

6.    Хариуцагч нэхэмжлэгчид гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг төлсөн нь мөн шүүхийн шийдвэрийн 4 дэхь хэсэгт дурдагдсан. Хариуцагч гэрээний нийт үнэ 125,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг төлөөгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох үр дагавартай.

 

7.    Хариуцагч**** нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ****д төлөх үүрэгтэй. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн, хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

8.    Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу утсаар мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

9.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч****с 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ