| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03499/И |
| Дугаар | 192/ШШ2025/05382 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05382
2025 06 23 192/ШШ2025/05382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн **-р хороо, чингэлтэйн **-р гудамж, ** тоотод оршин суух Г-ын Д /РД:МЗ********11/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн **-р хороо, **-р байр, ** тоотод оршин суух Н-ийн Д /РД:АЮ*******0/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Д миний бие нь Н.Д өөрийн өмчлөлийн 5*****6 УНӨ улсын дугаартай, Beiben North Benz, ND4251 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг буюу зүтгүүрийг худалдахаар болж, бид 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулсан. Бид тус авто машин, зүтгүүрийг 32.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, машины үнийг худалдан авагч тал нь надад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр бид хүү тооцоогүй бөгөөд харин гэрээний 3.6-д зааснаар Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж заасан. Худалдан авагч Д нь гэрээ байгуулсан өдөр авто машин, зүтгүүрийг надаас хүлээн авч, өөрийн эзэмшил ашиглалтанд авч, ашигласаар байсан боловч, гэрээ байгуулснаас хойш надад нэг ч төгрөг төлөлгүй, эхэндээ удахгүй мөнгийг нь өгнө гэдэг байснаа сүүлдээ миний авто машины мөнгийг өгөхгүй, зугтаж алга болсон. Сүүлдээ бүр утсаа ч авахаа больсон. Тиймээс Д надад Д-аас миний худалдсан авто машин зүтгүүрийн үндсэн үнэ 32.000.000 төгрөг, гэрээний 3.6-д зааснаар алданги тооцоход нэг жилийн хугацаа хэтэрсэн гэж үзэхэд 34,560,000 төгрөг болж байгаа боловч, хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар бодоход 16,000,000 төгрөг болж байгаа тул Д-аас нийт 48,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч өмгөөлөгч Т.Г-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн эзгүйд хуралдаанаа үргэлжлүүлмээр байна, олон удаа хойшилж байна. 2024-04-10 ний өдөр машин зарахаар болж 32,000,000 төгрөгөөр том оврын машинаа өгсөн, огт мөнгө төлөөгүй учраас үндсэн мөнгөө алдангийн хамт гаргуулна. Автомашинаа гэрээ хийсэн өдрөө хариуцагч аваад явсан, нэр нь бол өөрчлөгдөөгүй байгаа ч хэзээ ч нэрээ шилжүүлж болно, алданги 50 хувиас хэтэрч болохгүй тул 16,000,000 төгрөгөөр нэхэж байгаа юм гэв.
2. Хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Beiben North Benz, ND4251-B34P маркын 5***6УНӨ улсын дугаартай машины гэрчилгээний хуулбар, 2024.04.10-ны өдрийн 1549 дугаартай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Д миний бие нь Н.Д-д өөрийн өмчлөлийн 5***6 УНӨ улсын дугаартай, Beiben North Benz, ND4251 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг буюу зүтгүүрийг 32,000,000 төгрөгөөр худалдахаар болж, бид 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулсан. Худалдан авагч Д нь гэрээ байгуулсан өдөр авто машин, зүтгүүрийг надаас хүлээн авч, өөрийн эзэмшил ашиглалтанд авч, ашигласаар байсан боловч, гэрээ байгуулснаас хойш надад нэг ч төгрөг төлөлгүй, эхэндээ удахгүй мөнгийг нь өгнө гэдэг байснаа сүүлдээ миний авто машины мөнгийг өгөхгүй, зугтаж алга болсон. Д-аас нийт 48,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 1549 дугаартай Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг Г.Д, Н.Д нар байгуулж, Н.Д нь 5**УНӨ улсын дугаартай Beiben North Benz маркын зүтгүүрийн зориулалттай автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлөхөөр, төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохирсон байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 т тээврийн хэрэгслийг 2024-04-10 ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хариуцагчид байгаа талаар нэхэмжлэлдээ бичсэнээс гадна шүүх хуралдаанд тайлбарлана.
Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн хувийг 2025 оны 05 дугаар сарын 05-ний өдөр гардуулж, хариуцагч 5 дугаар сарын 19 ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаарх хариу тайлбараа ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй, харин 2025-06-09 ний өдөр товлогдсон хуралдааныг өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй байна.
4. Нэхэмжлэгч нь ... автомашиныг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн, үндсэн гэрээний төлбөр болох автомашины үнэ 32,000,000 төгрөгийг, алданги 16,000,000 төгрөгийн хамт нэхэмжилнэ .. гэж шаардлагаа дэмждэг бол хариуцагч шүүхэд уг шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаарх тайлбарыг бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирдэггүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.
Улмаар хариуцагч буюу худалдан авагч машины үнэ 32,000,000 төгрөгийг 2024-05-30 ний өдрийн дотор төлсөн байх ёстой боловч хэрэгт төлөлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч энэ талаарх баримт хэрэгт ирүүлээгүй байх тул үндсэн төлбөр 32,000,000 төгрөг, алданги 16,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6 дугаар зүйлд Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д зааснаар алдангид 32,000,0000 төгрөгийн тал хувийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2025-05-05 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 , 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч Н.Д-аас 2024 оны 04 дүгээр сарын 10+-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ