2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/06417

 

 

 

 

  

    2025              08            20                                              192/ШШ2025/06417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ....дугаар хороо, Хувьсгалчдын А-....гудамж .....тоот хаягт оршин суух, ....ургийн овогт ....овогтой Н /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, .... тоот хаягт байрлах “Г Т” ХХК /РД:....../-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 0* дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Т.Нийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            1.1. Т.Н нь 2023 оны 0* дүгээр сард “Г групп” ХХК-ийн охин компани болох “Г Т” ХХК-д худалдааны төлөөлөгч гэх албан тушаалд ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэвч компанийн удирдлагын зүгээс “худалдааны төлөөлөгч нь компанийн өндөр үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг шууд хариуцан ажилладаг албан тушаал тул Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулах шаардлагатай” гэж хэлсэн. Ажил олгогчийн шаардсаны дагуу Батлан даалтын гэрээ байгуулж, Т.Нийн төрсөн аав Л.Т, ээж Н.М нар гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд зөвхөн батлан даагч гарын үсэг зурах нь хангалтгүй гэж ажил олгогч үзсэн тул гэрээний 5.1-д “үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь өөрийн өмчлөлийн ...Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * дүгээр байрны * тоотод байрлах *0 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг буюу Т.Нийн гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан авсан.

            Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа бий болж, ажилтан Т.Н * сарын хугацаанд ажиллаад өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан боловч ажил олгогч “Г Т” ХХК нь ажил хүлээлцээгүй учир Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр болгохгүй, дотоод тооцоог нягталж дуусах хүртэл байрыг барьцаанаас чөлөөлөхгүй, гэхдээ ажлаасаа гарч болно гэдэг хариу өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим нь барьцаа хэрэглэхгүй байна гэж заасан байхад “Г Т” ХХК нь өндөр цалин амласан зарыг нийтэд хүргэж, ажилд орохоор ирсэн ажил горилогч нартай батлан даалтын гэрээ гэх нэртэй барьцааны гэрээ байгуулан ажилтнуудынхаа гэр бүлийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бусаар барьцаалж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж хийсэн Батлан даалтын гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна. Иймээс ажил горилогч нарынхаа эрх зүйн мэдлэггүй, ажилд орох чин хүсэлтэй байгааг далимдуулан хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан 2023 оны 0* дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

            1.2. Батлан даалтын гэх нэртэй гэрээний агуулгыг харвал барьцааны гэрээ байгуулсан байна. Гэрээг юу гэж нэрлэх нь чухал биш бөгөөд агуулгаар нь ямар гэрээ болохыг тодорхойлно. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлээр, харин баталгаа нь Иргэний хуулийн 23* дүгээр зүйлээр зохицуулагддаг. Аль ч гэрээний харилцаа байсан хөдөлмөрийн гэрээний харилцааны оролцогч бус этгээд болох Т.Нийн аав, ээжтэй гэрээг байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.5, 10 дугаар зүйлд заасныг зөрчиж, Т.Нтэй барьцаа хэрэглэж эд хөрөнгө барьцаалсан байгаа нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгаж барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байгаа. “Г Т” ХХК нь ажилд орсон иргэдээ өрөнд оруулдаг механизмтай компани байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хамт ажиллаж байсан 80 хүн шалгагдаж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байсан. Эрүүгийн хэрэг шалгагдаад шамшигдуулсан эсэх нь тогтоогдох байх. Урьдчилсан байдлаар нэхэмжлэгчийг эд хөрөнгө шамшигдуулсан гэж байгаа нь харагдаж байна. Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл бол тухайн эрүүгийн хэргээс тусдаа асуудал юм. Тиймээс эрүүгийн хэрэг шалгагдах хүртэл энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэхгүй бөгөөд хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй...гэв.

            2. Хариуцагч “Г Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэмөрөн шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            2.1. “Г Т” ХХК нь Хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга үйлдвэрлэл, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд 1000 гаруй ажилтантайгаар дотоодын зах зээлд танигдсан хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, нэр бүхий төслүүдээр бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах, бизнесийн салбарт өсөн нэмэгдэх үнэ цэн, эдийн засгийн үр өгөөж бий болгохыг зорин ажилладаг “Г групп”-ийн салбар компани билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтантай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахыг хориглосон боловч мөн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр ажилтантай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж болох хуулийн зохицуулалттай байна.

            Т.Нтэй байгуулсан Батлан даалтын гэрээ нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үүссэн эд хөрөнгийн хохирлыг өөрийн хөрөнгөөр батлан даахаар талууд харилцан тохиролцон байгуулсан гэрээ юм. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу холбогдох нотлох баримтуудыг хавсарган мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу батлан даалтын гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үндэслэлтэй юм. Иргэний хуулийн *58.1, *60.1, *60.*-т заасны дагуу батлан даагч Л.Т, Н.М нар нь өөрийн эд хөрөнгөөр Т.Нийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг бүрэн хариуцах юм.

            Т.Н нь 2023 оны 0* дүгээр сарын *-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, үрэгдүүлж *0,*75,955.*0 төгрөгийн хохирол учруулсан. Т.Нийн байгууллагын хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 230503590 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд аудит томилж, шинжилгээ хийлгэж, аудитын дүгнэлт гаргуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан 202* оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлттэй Т.Н танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Батлан даалтын гэрээ нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд үндэслэн хийгдсэн, батлан даагч нар нь гэрээнд заасан хэмжээгээр өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр заасан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

            2.2. Т.Н нь ажилд орохдоо нийт 3 гэрээ байгуулсан. Манай компаниас Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн Батлан даалтын гэрээ хийдэг. Компанийн худалдааны төлөөлөгч нь өдөрт 100-200 сая төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн авч явдаг. Нэхэмжлэгчийн хувьд *0 гаруй сая төгрөгийн өр төлбөрт орсон. Манайхаас цагдаагийн байгууллагад хандаад эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийх боломжтой. Хуульд заасны дагуу Батлан даалтын гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид хүчээр нэхэмжлэгчийг ажилд аваагүй, улсын бүртгэлд шилжүүлэхийг хүчээр шаардаагүй. Компанийг *0 гаруй сая төгрөгийн хохиролд оруулсан байгаа учир эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. Компани хууль зөрчөөгүй. Компанийн дотоод асуудал дээр нотлох баримтгүйгээр гүтгэж байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж байна...гэв.

            3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Батлан даалтын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, тодорхойлолт,

            *. Хариуцагч талын нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            1. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч “Г Т” ХХК-д холбогдуулан тус компанитай 2023 оны 0* дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            1.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний харилцаанд Батлан даалтын гэрээ гэж нэрлэн Барьцааны гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний оролцогч бус этгээдтэй хамтран өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.5, 10.1-д заасныг зөрчсөн учир Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх бөгөөд уг гэрээний дагуу барьцаалсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгахаар шаардана” гэж тодорхойлж байна.  

            2. Хариуцагч “Г Т” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.5-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчиж эд хөрөнгө барьцаалаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу компанид хохирол учруулсан тохиолдолд авах арга хэмжээг зохицуулахаар батлан даалтын гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгчийг хүчээр ажиллуулаагүй, компанийн эд хөрөнгийг шамшигдуулсан болох нь эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учир нэхэмжлэл үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлаж маргасан.

            3. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд болон зохигчдоос гаргасан тайлбараар дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

            3.1. Т.Н нь “Г Т” ХХК-тай 2023 оны 0* дүгээр сарын *-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдон, ажлын байрны тодорхойлолттой танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-7-9, 12-15/

            3.2. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдөртөө №06-GIT-ED-021 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, мөн №12-GIT-BD-021 тоот Батлан даалтын гэрээг тус тус байгуулжээ. /хх-5-6, 10-11/

            3.3. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр эд хариуцагч Т.Н нь бараа бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах, эд хөрөнгийн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүргийн хүрээнд эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх замаар эд хариуцуулагч “Г Т” ХХК, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд учирсан хохирлыг арилгуулах зорилгоор, эд хариуцагч Т.Н нь гэрээний дагуу үүсэж болох эд хөрөнгийн хариуцлага, төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон сайн дурын үндсэн дээр цалингийн 10 хувийг суутган ногоон санд төлөхөөр гэрээний 1.3 дахь хэсэгт зааж, гэрээ 2025 оны 0* дүгээр сарын *-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар заажээ. /хх-10/

            3.*. Харин талууд Батлан даалтын гэрээг нэхэмжлэгч Т.Нийн аав Л.Т, ээж Н.М нартай хамт байгуулж, тэднийг батлан даагчаар гэрээнд оролцуулан, үүрэг гүйцэтгэгч Т.Нийн “...хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, түүний хүрээнд ирээдүйд байгуулагдах тооцоо нийлсэн актын үндсэн дээр төлвөл зохих үндсэн өр, анз төлөх үүрэг бий болсон, ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд хохирол барагдуулах тухай байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ажил олгогчийн шийдвэрийн дагуу ажил олгогчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадна, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс төлбөрийн хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөрөө тухайн үүргийг хүлээх”-ээр гэрээний зорилгыг тодорхойлсон байна. /хх-5/

            3.5. Батлан даалтын гэрээний 5 дугаар зүйлд батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээх өмчлөлийн хөрөнгийн мэдээллийг оруулахаар зааж, 5.1-д Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * дүгээр хороолол, * дүгээр байрны * тоот дахь Ү-2205007*70 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *0 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаа хөрөнгөөр тодорхойлж, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 50,000,000 төгрөгөөр тогтоож, барьцаагаар хангагдах шаардлага, үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнг 15,000,000 төгрөг байхаар заажээ. /хх-6/

            3.6. Дээрх гэрээг 2023 оны 0* дүгээр сарын 26-ны өдөр “барьцаалбаргүй барьцааны гэрээ”-ний төрөлд, барьцаалагч “Г Т” ХХК, гэрээний үнэ 3,000,000 төгрөгөөр тодорхойлон улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тийнхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хэн аль нь баталгаажуулан тайлбарлаж байна.

            3.7. Нэхэмжлэгч Т.Н * сарын хугацаанд хариуцагч “Г Т” ХХК-д ажиллаад өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаж, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дууссан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

3.8. Харин “Г Т” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Т.Нийг худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа байгууллагын хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар 2025 оны 0* дүгээр сарын 1*-ний өдөр тус шүүхэд албан бичиг ирүүлсэн байна. /хх-28/

            *. Зохигчид Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон уг харилцаа дуусгавар болсон талаар маргаагүй. Харин тэдний байгуулсан Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 10 дугаар зүйлийг зөрчсөн эсэх, хариуцагчийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллагад хянагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэрэг энэхүү иргэний хэрэгт хамааралтай эсэх талаар маргаж мэтгэлцлээ.

            5. Т.Н, “Г Т” ХХК нарын байгуулсан Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн *8, 75 дугаар зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            6. Маргааны гол зүйл болж буй Батлан даалтын гэрээний тухайд талууд гэрээг ийнхүү нэрлэсэн боловч ажилтны зүгээс уг гэрээг Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ гэж, харин ажил олгогчийн зүгээс Иргэний хуулийн *60 дугаар зүйлд зааснаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үүссэн батлан даалтын гэрээ гэж өөр өөрөөр тодорхойлон тайлбарлаж байна. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу дээрх гэрээг тайлбарлах шаардлагатай.

            6.1. Нэхэмжлэгч талын үндэслэл болгож буй барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд зааснаар бичгээр байгуулж, хэрэв барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө байвал гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүрэг хангагдах хугацаа, барьцааны зүйл байрлах газар болон үнийг заахаар тус тус хуульчилсан байна.

            6.2. Хариуцагч талын үндэслэл болгож буй батлан даалтын гэрээг Иргэний хуулийн *58 дугаар зүйлийн *58.1, *59 дүгээр зүйлийн *59.1 дэх хэсэгт тус тус зааснаар бичгээр байгуулж, батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр заажээ.

            6.3. Маргаан бүхий Батлан даалтын гэрээний 5.1 дэх хэсэгт заасан агуулгаас харахад Т.Нийн өмчлөлийн гэх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр үнэлж, 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн шаардлагад хангагдах барьцаа гэж тодорхойлон, гэрээг улсын бүртгэлд “барьцаалбаргүй барьцааны гэрээ” гэж бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан Барьцааны гэрээ гэж үзэхээр байна.

            7. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид ирээдүйд үүсэж болох эд хөрөнгийн хариуцлага, төлбөр төлөх үүргийн барьцаа болгон сар бүрийн цалингаас 10 хувийг суутгахаар тохиролцсон хэдий ч давхар барьцааны гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан барьцаа хэрэглэхгүй байх суурь зарчмыг зөрчин, ажилтны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь дараах байдлаар тогтоогдлоо.

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно” гэж заасан.

            7.2. Хариуцагч “Г Т” ХХК нь хөдөлмөр эрхлэх харилцаанд барьцаа хэрэглэхгүй байх, ажилтны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардан авч барьцаалахыг хориглосон хуулийг илтэд зөрчин “Батлан даалтын гэрээ” гэж нэрлэн ажилтантай барьцааны гэрээ байгуулж, Т.Нийн болон түүний аав Л.Т, ээж Н.М нарын хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад хураалгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

            7.3. Хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул маргаан бүхий 2023 оны 0* дүгээр сарын *-ны өдрийн №12-GIT-BD-021 тоот Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

            8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Т.Нийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

            9. Эрүүгийн хэрэг шалгагдаж дуусах хүртэл тус иргэний хэрэг шалгагдах боломжгүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 1* дугаар зүйлийн 1*.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тогтоогдвол шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

9.2. Ажил олгогч “Г Т” ХХК-иас цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу Т.Нийг байгууллагын хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс тодорхойлсон байна.

9.3. Нэхэмжлэгч Т.Н нь “Г Т” ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, тус гэрээний дагуу барьцаалсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

9.*. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэрэг бүртгэлтийн хэрэг нь Т.Нийн “Г Т” ХХК-д ажиллах хугацаандаа байгууллагын эд хөрөнгө завшсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллага тодорхойлсон ба уг асуудал нь талуудын байгуулсан Батлан даалтын гэрээтэй хамааралгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.  

10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Г Т” ХХК, Б.Н, Л.Т, Н.М нарын 2023 оны 0* дүгээр сарын *-ны өдөр байгуулсан №12-GIT-BD-021 тоот Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * дүгээр байрны * тоот дахь Ү-... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *0 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Т” ХХК-иас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА