Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 184/2021/02726/И |
Дугаар | 210/МА2021/01794 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/01794
С.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/02365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.У-ийн хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 47 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч Ц.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ч.Ц-, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.У- нь Ч.Ц-, Ц.Ц- нартай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн хүүг сар бүрийн 21-ний өдөр төлөх, үндсэн зээл 35 000 000 төгрөгийг бүхэлд нь эргэн төлөх нөхцөлтэй зээлсэн. Талууд барьцааны гэрээ байгуулж, Ч.Ц-ийн өмчлөлийн 30-25 УНЕ улсын дугаартай, ачааны автомашин, Ц.Ц-ын өмчлөлийн 49-09 УНЭ улсын дугаартай, автомашиныг тус тус барьцаалсан. Тухайн үед Ч.Ц- нь малчдад малын тэжээл худалдаж байгаа санхүүжилт хэрэгтэй байна гэсний дагуу Ч.Ц-, Ц.Ц- нарт итгэн зээлийн гэрээг байгуулж 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.У- нь Ч.Ц-ийн данс руу 35 000 000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу Ч.Ц-, Ц.Ц- нар нь сар бүрийн 21-ний өдөр зээлийн хүүгээ хугацаандаа төлж байсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 35 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэсний дагуу талууд харилцан тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар адил нөхцөлтэйгөөр сунгаж, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрээг сунгасан тухай бичгээр гэрээ хийсэн. Тус зээлийн гэрээний дагуу Ч.Ц-, Ц.Ц- нар нь сар бүрийн 21-ний өдөр зээлийн хүүгээ төлж байгаад дахин гэрээний хугацааг санал гаргаж 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дахин гэрээний хугацааг адил нөхцөлтэйгөөр 6 сараар сунгасан. Гэрээнд заасны дагуу Ч.Ц-, Ц.Ц- нар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн хүүг төлсөн боловч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болон 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн хүү болон зээлийн хугацаа дуусахад төлөх ёстой байсан үндсэн зээлийн төлбөрт 35 000 000 төгрөг төлөх ёстой байсан үүргээ төлөөгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид хандан үүргийн гүйцэтгэлийг шаардахад мөнгөний боломж муу байна, зээлийн гэрээг дахин байгуулах саналыг тавьдаг. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулж зээлийн гэрээний хугацааг уг өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаад сарын 2 хувийн хүүтэйгээр, үндсэн зээлээс сар бүр 2 500 000 төгрөгийг сар бүрийн 03-ны өдөр гэхэд төлөх, зээлийн хүүг дараа сарын 03-ны өдөр төлж байх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл гэрээг шинэчилж байгуулснаас хойш Ч.Ц-, Ц.Ц- нар нь зээл болон зээлийн хүүг огт төлөөгүй бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 750 000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн барьцаанд 2 ачааны автомашин барьцаалсан боловч өнөөдрийг хүртэл автомашинуудыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээгүй бөгөөд бусдад дамжуулан зарсан. Ч.Ц-, Ц.Ц- нартай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 1.1-т зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан. Ч.Ц-, Ц.Ц- нар нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтад заасан гэрээний төлбөрт 2020 оны 02 болон 3 дугаар сарын 21-ний өдөр төлөх байсан зээлийн хүүг төлөөгүй, мөн оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлийн үндсэн төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Иймд 2020 оны 02 болон 3 дугаар сарын 21-ний өдөр төлөх байсан зээлийн хүүд тооцогдсон 35 000 000 төгрөгөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход 358 000 төгрөгийн тооцоолол гарсан. Харин 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлөх ёстой байсан зээлийн үндсэн төлбөр 35 000 000 төгрөгөөс алданги тооцоход 227 500 төгрөг нэг хоногийн алданги 17 310 төгрөг нийтдээ 665 000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Зээлийн хүүгийн төлбөрт 8 400 000 төгрөгийг төлөөгүй. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтад зээлийн хүүд 3 500 000 төгрөг төлөөгүй. Иймд Ч.Ц-, Ц.Ц- нартай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн үндсэн зээлийн төлбөрт 35 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11 900 000 төгрөг, алдангид 665 000 төгрөг, нийт 47 565 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 35 000 000 төгрөг авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Уг зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэг нь одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд тус үүрэг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнд тусгагдсан. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн үүднээс алдангийг 0,05 хувиар тооцож, 2021 оны 5 болон 6 сарын хүүг тооцолгүй нэхэмжлэлээ гаргасан. Мөн хариуцагчид зээлээ төлөх маш олон боломжийг олгосон боловч хариуцагч тал зээлээ төлөхгүй байгаа гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ хийж 35 000 000 төгрөгийг авсан. Энэхүү мөнгөний төлбөрт сар бүр 1 750 000 төгрөг төлсөөр 28 000 000 төгрөг болсон. Энэ мөнгийг үндсэн зээлд төлсөн гэж үзэж байна. Цар тахлын улмаас манай үйл ажиллагаа зогссон тул зээлээ төлөх боломжгүй болсон. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр С.У-, н.Ариунаа нартай уулзаад ярилцаж тохирсон. Тэр үед С.У- нь 2 сарын хүүгээ танаас авахаа болъё, барьцааны машинаа зарчихсан юм чинь барьцаагүйгээр 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр бид мөнгө төгрөг аваагүй бөгөөд өмнөх мөнгөө төлөх талаар л тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг хүү алдангитай нь нийлүүлээд нийт 10 500 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Ц-, Ц.Ц- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 665 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц-, Ц.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжид 371 256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У-т олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.У- нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө гаргуулах шаардлага гаргасан. Гэвч бодит байдалд энэ гэрээний дагуу миний үйлчлүүлэгч нарт ямар ч мөнгө өгөөгүй, шилжүүлээгүй. Тийм учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. С.У- нь мөнгөө бодитоор шилжүүлэн өгөөгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Харин С.У-тэй миний үйлчлүүлэгч нар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Гэвч энэ зээлийн гэрээний дагуу нийт 28 000 000 төгрөгийг буцаан үндсэн зээлд төлсөн. Энэ тухай баримт хэрэгт авагдсан. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг сунгалт гэж шүүх буруу дүгнэлт хийсэн. Тус өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй учир хүчин төгөлдөр бус юм. Мөн сунгалт гэсэн нэг ч үг үсэг байхгүй. 2018 оны зээлийн гэрээгээр шилжүүлж авсан 35 000 000 төгрөгийн үлдэгдэл 7 000 000 төгрөг байдаг. Энэ мөнгөнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар анз тооцвол 10 500 000 төгрөг болно. 10 500 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж хүлээн зөвшөөрч байгаа ба анхан шатны шүүхээс тогтоосон 42 665 000 төгрөгийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нараас 10 500 000 төгрөг гаргуулах гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.У- нь хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 47 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 35 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг гурван удаа сунгасан боловч хариуцагч нар нь гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангид нийт 47 565 000 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч нар талууд зээлийн гэрээний хугацааг хоёр удаа сунгасан, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу бодитоор мөнгө шилжүүлэн өгөөгүй, үүнийг зээлийн гэрээний сунгалт гэж үзэхгүй, мөн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 28 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой гэх үндэслэл заан нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзжээ.
Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.У- нь 35 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нар нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож, зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 35 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-р тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх бөгөөд мөн өдөр талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээний хугацааг 6 сараар буюу 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тус бүр хоёр удаа сунгасан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээний сунгалт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 11-12-р тал/
Түүнчлэн, талууд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.У- нь 35 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 13-р тал/. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг өмнөх гэрээний сунгалт гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд тус гэрээнд өмнөх зээлийн гэрээг сунгах агуулга тусгагдаагүй, харин тодорхой хугацаа, хүү заан мөнгө зээлүүлэх гэж бичжээ. Уг гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг буюу 35 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлээгүй тул уг гэрээгээр шаардах эрх үүсэхгүй. Иймд энэ талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч С.У- нь зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс гэрээний хугацааг сунгасан 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хүү, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нар нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл /18 сар/ сар бүр зээлийн хүүд 1 750 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.У-т төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 14-21-р тал/. Иймд нийт хүү 31 500 000 төгрөгөөс /18сар х 1 750 000₮ = 31 500 000₮/ хариуцагч нарын төлсөн 28 000 000 төгрөгийг хасвал хүү 3 500 000 төгрөг, үндсэн зээл 35 000 000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 38 500 000 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.У- нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги шаардах эрхтэй хэдий ч алдангид 665 000 төгрөг нэхэмжилсэн тул энэ хэмжээнд хангаж, хариуцагч Ц.Ц-, Ч.Ц- нараас алданги 665 000 төгрөг, хүү 3 500 000 төгрөг, үндсэн зээл 35 000 000 төгрөг, нийт 39 165 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.У-т олгож, нэхэмжлэлээс 8 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт төлсөн нийт 28 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой гэх боловч хариуцагч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу тогтмол үнийн дүнгээр зээлийн хүүд нийт 28 000 000 төгрөг төлсөн, энэ нь гэрээгээр хүлээсэн хүү болон үндсэн үүрэг учир төлүүлэх дарааллын асуудал яригдахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх бөгөөд анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/02365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 42.665.000 ... гэснийг 39 165 000 гэж, ... 4.900.000 ... гэснийг 8 400 000 гэж,
2 дах заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2, гэж нэмж, ... 371.256 ... гэснийг 353 775 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ч.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 317 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Г.ДАВААДОРЖ