Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2026/0264

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Био мед трейд ХХК /РД:5341388/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Нарантуяа.

Хариуцагч: Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Цэндзаяа, Ж.Мөнхтуяа.

Маргааны төрөл: Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, Ж.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулах” гэж эцсийн байдлаар өөрчилж тодорхойлсон. 

1.1.Нэхэмжлэгч Био мед трейд ХХК нь анх Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2026/0523 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороонд холбогдох “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, захиалагчид холбогдох хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон.

2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/670 дугаар тушаалаар “Урологи, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах үнэлгээний хороог 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Багц №1 Урологийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдах авах, Багц №2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.

2.1. Дээрх Багц №2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендер сонгон шалгаруулалтад Био мед трейд ХХК, Трайнтн мед ХХК, Доктортун ХХК, Пролоианс ХХК, Ай Эм Эс инженеринг ХХК, Си Ай Ти ХХК буюу нэр бүхий 6 компаниас тус тус тендер хүргүүлснийг Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцжээ. 

2.2. Тус хуралдаанаар Багц №2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендерт Био мед трейд ХХК, Трайнтн мед ХХК, Доктортун ХХК, Пролоианс ХХК, Ай Эм Эс инженеринг ХХК, Си Ай Ти ХХК-ууд шаардлага хангаагүй тендерүүдээс татгалзаж, тендер шалгаруулалт дахин зарлахаар шийдвэрлэж, Улаанбаатар төмөр зам ХНН-ээс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/3859 дугаар албан бичгээр Био мед трейд ХХК-д нээлттэй тендерт шалгаруулалтыг дахин зарлах тухай мэдэгдсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Био мед трейд ХХК-ийн зүгээс Багц №2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах сонгон шалгаруулалтын дүнг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/10479 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай мэдэгдсэн.

2.4.Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дээрх гомдлыг Монгол Улсын Сангийн яамнаас хянан үзэж, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/10779 тоот албан бичгээр Био мед трейд ХХК техникийн тодорхойлолтын дагуу харьцуулсан хүснэгт  ирүүлсэн байх боловч үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар  хүснэгтийг баталгаажуулж ирүүлээгүй байх тул шаардлага хангахгүй гэх захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэн, гомдлыг хангахгүй орхиж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д мэдэгдэж, хувийг нэхэмжлэгч Био мед трейд ХХК-д хүргүүлжээ.

2.5.Улмаар 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас 02/10865 тоот албан бичгээр нэхэмжлэгч Био мед трейд ХХК-ийн Багц №2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах сонгон шалгаруулалтын баталгаа болгож Худалдаа хөгжлийн банкны 457DBG/25/1167000 дугаартай 2,500,000 төгрөгийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу хүргүүлэх тухай мэдэгдэж,

 Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/4280 тоот албан бичгээр дээрх Багц 2 тендер сонгон шалгаруулалтын баталгаанд байршуулсан 457DBG/25/1167000 дугаартай 2,500,000 төгрөгийн тендерийн баталгааг тендер сонгон шалгаруулалтын улсын орлогын дансанд төвлөрүүлэх тухай Худалдаа хөгжлийн банк ХК-д мэдэгдсэн байна.

 

2.6.Нэхэмжлэгч Био мед трейд ХХК нь Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, түүний үндэслэлдээ:

“... Био мед трейд" ХХК нь уг тендерийн хүрээнд Shenzhen Mindray Bio- Medical Electronics Co.,Ltd (Mindray) үйлдвэрлэгчийн урологийн дурангийн тоног төхөөрөмжийг санал болгосон бөгөөд манай компани нь тус үйлдвэрлэгчийн албан асны гэрээт борлуулагч болохоор үйлдвэрлэгчээс олгосон эрх бүхий итгэмжлэлээр нотолсон. Mindray, компанийн олгосон албан ёсны гэрээт борлуулагчийн итгэмжлэл нь тендерийн баримт бичгийн “5 Spec authorization LOT-2" хэсгийн 9, 10 дугаар хуудсанд монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргагдсан. Уг итгэмжлэлд үйлдвэрлэгчийн нэр, нэхэмжлэгч компанид олгосон бүрэн эрх, тендер шалгаруулалтад оролцох болон бараа нийлүүлэх эрх зэргийг тодорхой тусгасан бөгөөд баримтын хэлбэр, агуулгын аль аль талаасаа хүчин төгөлдөр, эргэлзээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.2-т заасан "үйлдвэрлэгч эсхүл үйлдвэрлэгчийн эрх олгосон этгээд" гэсэн шаардлагыг бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Гэвч тендерийн үнэлгээний хороо нь дээрх баримтыг үл харгалзан "албан ёсны борлуулагчийн эрх нотлогдоогүй, баримт ирүүлээгүй" гэж дүгнэж, нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй гэж үзсэн.

Захиргааны байгууллага нь тендерийн үнэлгээ хийхдээ оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг бүрэн, бодитой судалж, тэдгээрт үндэслэн хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ үүрэг нь захиргааны шийдвэр бодит баримтад тулгуурласан, үнэн зөв, ил тод байх үндсэн зарчим юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл бодитоор тендерийн материалд хавсаргагдсан, баталгаат орчуулгатай байхад түүнийг "ирүүлээгүй" гэж дүгнэсэн нь үнэлгээний хороо баримтыг бүрэн шалгаж, бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй болохыг буюу бодит байдалд оршиж байгаа баримтыг огт ирээгүй мэтээр дүгнэсэн нь баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй болгож байна. Түүнчлэн тендерийн үнэлгээ нь оролцогч бүрт ижил шалгуур, ижил стандарт хэрэглэж, тэгш, шударга байдлаар явагдах ёстой. Ирүүлсэн баримтыг үл харгалзан шаардлага хангаагүй гэж үзсэн нь үнэлгээний шударга, ил тод байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч байгууллага нь Био мед трейд ХХК-аас ирүүлсэн нотлох баримтыг бүрэн, бодитой судалж үнэлэх үүргээ, баримтад тулгуурласан, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ, тендерийн үнэлгээг тэгш, шударга явуулах үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Энэхүү хууль бус үнэлгээний үр дагаварт нэхэмжлэгч тенерээс үндэслэлгүйгээр хасагдаж, улмаар 2.500.000 төгрөгийн тендерийн баталгаа улсын орлогод шилжсэн гэж үндэслэлгүйгээр шууд хохирол учруулсан. Нэхэмжлэгчийн албан ёсны борлуулагч болох эрхийг нотолсон баримт байсаар байтал түүнийг "ирүүлээгүй" гэж дүгнэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд улмаар нэхэмжлэгчид бодит хохирол учруулсан хууль бус үйл ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна.

 Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг тус хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан хохирол болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний үндэслэлдээ:

“... Био мед трейд ХХК-ийн өөрчилсөн шаардлагын нэхэмжлэлийн хувийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

 Багц №2 буюу "Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат худалдан авах" тендерт Био мед трейд ХХК 305,800,000 төгрөг, Трайнтн мед ХХК 327,040,000 төгрөг, Доктортун ХХК 380,000,000 төгрөг, Пролоианс ХХК 462,064,000 төгрөг, Ай Эм Эс инженеринг ХХК 466,650,000 төгрөг, Си Ай Ти ХХК 493,177,500 төгрөгний саналтай тус тус оролцсон.

Уг тендер сонгон шалгаруулалтад Био мед трейд ХХК нь хамгийн бага үнийн саналаар оролцсон. Хуулийн ерөнхий шаардлагыг магадлахад нээсэн өдрийн байдлаар татвар, нийгмийн даатгал, шүүхэд өр төлбөргүй. 2023, 2024 оны санхүүгийн баталгаажсан тайлангийн орлогын тайлангаас борлуулалтын орлогыг шалгахад шаардлага хангасан тул ирүүлсэн тендерийг хянан шалгасан.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн хувьд ТШЗ 17.3-т “Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг "Шаардана". Нийлүүлэх барааны гарал үүсэл, үйлдвэрлэгчийн мэдээллийг дэлгэрэнгүй жагсаалтаар үйлдэж, фото зургийн хамт тод гаргацтай ирүүлнэ. Үйлдвэрлэгч мөн болохыг нотлох баримтыг ирүүлнэ.

Санал болгож буй бараа тус бүрийн техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулан үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлэх. Нийлүүлэхээр санал болгож буй барааны техникийн тодорхойлолт нь Захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно" гэснийг хангаагүй буюу техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулан үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлээгүй.

Иймд Багц №2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендерт шаардлага хангаагүй тендерүүдээс нэгэн зэрэг бүгдээс татгалзаж, тендер шалгаруулалт дахин зарлахаар үнэлгээний хорооны гишүүний 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Багц №2 тендерийн төсөв хэмнэгдэж дахин зарлаагүй байдаг. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тендер шалгаруулалтын үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн.

Үүний дараа 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас 02/10479 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/10779 дугаар албан бичгээр Био мед трейд ХХК техникийн тодорхойлолтын дагуу харьцуулсан хүснэгт  ирүүлсэн байх боловч үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар  хүснэгтийг баталгаажуулж ирүүлээгүй байх тул шаардлага хангахгүй гэх захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана: Мөн хуулийн 14.6.3-д "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн" бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно гэж заасан.

Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/10865 дугаартай албан бичигт "гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн" гэж дурдаад дээрх үндэслэлээр улсын орлого болгосон байдаг. Үүний дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Худалдаа хөгжлийн банкинд Багц №2 буюу "Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат худалдан авах" тендерт оролцон Био мед трейд ХХК-ийн 457DBG/25/1167000 дугаартай тендерийн 2,500,000 төгрөгийг MN750090100900000753 тоот дансанд төвлөрүүлүүлэх хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/4280 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Иймд захиалагчаас тендер шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан ба тус компанид ямар ч хохирол учруулаагүй, дээрх баталгаа нь Улаанбаатар төмөр замын дансанд бус төрийн орлогод орсон тул нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулах гэж эцсийн байдлаар өөрчилж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 тендерийн дугаартай Урологи, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийг нийлүүлэхээр санал болгож буй барааны техникийн тодорхойлолт нь Захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно гэснийг хангаагүй буюу техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулан үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлээгүй тул шаардлага хангахгүй гэж дүгнэж, Багц №2-Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл худалдан авах тендерүүдээс нэгэн зэрэг татгалзаж, тендер шалгаруулалт дахин зарлахаар шийдвэрлэжээ[1].

2. Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3859 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Био мед трейд ХХК-нд ... танай тендер “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дах хэсэгт заасан шаардлага хангахгүй байна, ... иймд хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тус тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу Багц №2 “Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлах болно гэж мэдэгджээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/10479 дугаар Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг[2]-ээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс түдгэлзүүлж, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/10779 дугаар Гомдол хянасан тухай албан бичиг[3]-ээр шаардлага хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэхийг хариуцагчид мэдэгдсэн байна.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... үйлдвэрлэгч болон албан ёсны борлуулагчийн эрхийн нотолгоо бүрэн, техникийн тодорхойлолтын харьцуулалт, баталгаажуулалт хийгдсэн, хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-ын зорилго, агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, үнэлгээний ажиллагаа бодит шалгалтгүй, дутуу хийгдсэн байж болзошгүй, дахин тендер зарласан нь эрх ашиг зөрчсөн шинжтэй гэж, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... нэхэмжлэгч нь техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгт ирүүлсэн байх боловч үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтийг баталгаажуулж ирүүлээгүй байх тул шаардлага хангахгүй гэж үзсэн, захиалагчаас тендер шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан ба тус компанид ямар ч хохирол учруулаагүй, дээрх баталгаа нь төрийн орлогод орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх, 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана гээд 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

6. Мөн Тендер шалгаруулалтын зааварчилгаа[4]-ны 17.3-т Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: “Шаардана”, Нийлүүлэх барааны гарал үүсэл, үйлдвэрлэгчийн мэдээллийг дэлгэрэнгүй жагсаалтаар үйлдэж, фото зургийн хамт тод гаргацтай ирүүлнэ. Үйлдвэрлэгч мөн болохыг нотлох баримтыг ирүүлнэ, Санал болгож буй бараа тус бүрийн техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулан Үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтээр баталгаажуулж ирүүлэх, Нийлүүлэхээр санал болгож буй барааны техникийн тодорхойлолт нь Захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан.

7. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтын баримт бичгээс үзвэл, Хөрөнгө оруулалтаар 2025 онд авах нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшил техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, Багц-2 Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат гээд Техникийн харьцуулсан үзүүлэлт [5]-ийг хүснэгтээр 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргаж нэхэмжлэгч Био мед трейд ХХК-ийн тэмдэг дарагджээ.

 8. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчээс техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг ирүүлсэн боловч Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т заасан үйлдвэрлэгчээр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчаар хүснэгтийг баталгаажуулж ирүүлээгүй байх тул шаардлага хангахгүй гэж шийдвэрлэсэн маргаан бүхий Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс БНХАУ-ын Шензень Майндрэй Био-Медикал Электроникс ХХК-аас Био мед трейд ХХК-нд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Итгэмжлэл[6]-ээр /Англи хэлнээс Монгол хэл рүү нэхэмжлэгч байгууллага орчуулсан/ Монгол Улсад итгэмжлэлд дурдсан бүтээгдэхүүнүүдийг борлуулах болон борлуулсны дараахь үйлчилгээ үзүүлэхээр итгэмжлэн томилсон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Түүнчлэн хариуцагчаас ... 2025 оны санхүүжилттэй худалдан авалт учир тухайн онд багтааж бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болсон тул дахин тендер шалгаруулалт зохион байгуулагдаагүй 2025 оны дууссан болно. 2026 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь  Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат төлөвлөгөөгүй ба энэ оны төлөвлөгөөнд байхгүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16/4202 Төлөвлөгөөний тухай[7] албан бичгийг хавсралтын хамт ирүүлснийг дурдах нь зүйтэй.

11. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана, 14.6-д Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно, 14.6.3-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж заасан.

12. Сангийн яамнаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/10865 дугаар Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичиг[8]-т ... Танай байгууллагаас зарласан МЗХННУБТЗ/20250102245/01/01 дугаартай “Урологийн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрдэл аппарат худалдан авах” тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцсон “Био мед трейд” ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж үндэслэлгүй болохыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/10779 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд ... гомдол гаргагчийн тендер шалгаруулалтад хүргүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 457DBG/25/1167000 дугаартай 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын MN750090100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү гэжээ.

13. Үүний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХХН-ээс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/4280 дугаар Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгээр Худалдаа хөгжлийн банканд Багц №2 буюу “Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат худалдан авах” тендерт оролцсон Био мед трейд ХХК-ийн 457DBG/25/1167000 дугаартай тендерийн баталгааны 2,500,000 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын MN750090100900000753 тоот дансанд төвлөрүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна. 

14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, тендерийн баталгааны мөнгийг төрийн санд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 14.6.3, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан Био мед трейд ХХК-иас Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20250102245/01/01 урилгын дугаартай УБТЗ/2025/НТШ/Б/199 Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын тендерийн үнэлгээний хорооны 16/3859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан хохирол 2,500,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.НЯМДЭЛГЭР

 

[1] Хх-72 тал

[2] Хх-82 тал

[3] Хх-83 тал

[4] Хх-93 тал

[5] Хх-230 тал

[6] Хх-234тал

[7] Хх-125 тал

[8] Хх-84 тал