2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/06418

 

 

 

 

  

    2025              08            20                                              192/ШШ2025/06418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 133111 Их монгол улсын **, 206 тоот хаягт байрлах “Г С трейд” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын гудамж, Хөх сувд хотхон, ** дугаар байрны 84 тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...овогтой Ж /РД:.../,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын гудамж, Хөх сувд хотхон, ** дугаар байрны 84 тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...овогтой Б /РД:.../ нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,820,899 /дөчин таван сая найман зуун хорин мянга найман зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Г С трейд” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2019 оноос дэлгүүрүүдэд зах зээлийн өргөн хэрэглээний уух зүйлүүдийг өөрийн агуулахаас хувь хүн болон албан байгууллагад нийлүүлж ирсэн. Анх манай 6 буудлын агуулахаас хариуцагч Ө.Б, Б.Ж нар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээлээр бараа материал худалдан авч, хэд хоногийн дараа төлбөрийн урьдчилгаа хийж эхэлсэн. Үүнээс хойш манайхаас тогтмол бараа материал зээлээр худалдан авч, төлбөрийн тодорхой хэдэн хувийг шилжүүлэх болсон. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 13 удаагийн 81,097,896 төгрөгийн бараа авснаас 50,550,630 төгрөгийг төлж, үлдэгдэл 30,547,**6 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч Б.Ж манай компанид 30,547,**6 төгрөгийн үлдэгдэл байгаагийн 50 хувийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлнө, төлөөгүй тохиолдолд хоногийн 0,3 хувиар алданги төлнө гэсэн гар өргөдөл бичиж өгсөн. Төлөлт хийх хугацаа өнгөрч, төлбөрөө төлөөгүй ба утсаар холбогдож төлбөр шаардахад удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна. Иймд зээлсэн барааны үлдэгдэл 30,547,**6 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцоход нэг хоногийн 91,641 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэл 415 хоногийн 38,031,015 төгрөг болж байгаа нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас үндсэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувь 15,273,633 төгрөгийг нэгтгэн, нийт 45,820,899 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна. Бараа материалыг Б.Жын нэрээр авдаг байсан ч Ө.Б данснаас компанид мөнгө шилжүүлдэг байсан. Мөн зарим үед бараа материал хүлээж авахдаа Ө.Б гарын үсэг зурж хүлээж авдаг байсан учраас энэ эрх зүйн харилцаанд харилцан эрх, үүрэг хүлээж байгаа гэж үзээд хоёуланг нь хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийг хариуцагч нарын дундаас гаргуулахаар шаардаж байгаа...гэв.

            2. Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагч Б.Жын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлд дурдсан зээлсэн барааны үлдэгдэл төлбөр 30,547,**6 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 15,273,633 төгрөгийг төлөх үүрэгтэй мэтээр тайлбар гаргасан нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Зээлээр авсан барааны төлбөрийн үлдэгдлээс нэхэмжлэгчийн надаас 24,000,000 төгрөгөөр худалдаж авсан портер-2 маркийн 37-55 УНЗ улсын дугаартай автомашиныг үнээс 10,000,000 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон бөгөөд үлдэгдэл төлбөрийг “Г С трейд” ХХК-ийн захирал Мын Хаан банкны дансанд шилжүүлж төлсөн. Хариуцагч Ө.Б хувьд нэхэмжлэгч компанитай бараа зээлээр худалдан авахаар тохиролцож байгаагүй, нэхэмжлэгчээс авсан зарим бараануудыг хүргэж өгөх байдлаар эхнэртээ туслаж байсан, зээлээр бараа авч төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанийн захирал руу шилжүүлсэн 2,800,000 төгрөгийг үндсэн төлбөрийн үлдэгдлээс хасуулах хүсэлтэй байна. Мөн машины зөрүү мөнгө 9,000,000 төгрөгийг төлбөрөөс хасуулаад, үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч болно. ...гэв.

3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Жын бичгээр гаргасан хүсэлт, Зарлагын баримтууд, Нэмэгдсэн өртгийн татварын падаан, “Г С трейд” ХХК-ийн Голомт банк дахь харилцах дансны хуулга, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хуулбар, “Г С трейд” ХХК-иас Бичил глобус финанс ББСБ-д Ө.Б нэрээр 14,101,800 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ,

4. Хариуцагч талын нотлох баримтууд: Ө.Бэс Б.Жд олгосон итгэмжлэл, Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа,

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Г С трейд” ХХК нь Б.Ж, Ө.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр 30,547,**6 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 15,273,633 төгрөг, нийт 45,820,899 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            2. Хариуцагч Ө.Б нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, бараа худалдаж аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Жын хувьд нэхэмжлэлээс алдангид шаардсан 15,273,633 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч, нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл 30,547,**6 төгрөгөөс нэхэмжлэгч компанийн захирлын данс руу шилжүүлсэн 2,800,000 төгрөг, автомашины төлбөрт тооцсон 9,000,000 төгрөгийг тус тус хасуулан, үлдэх төлбөрийг зөвшөөрнө гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Б.Жын төлсөн 2,800,000 төгрөгийг “Г С трейд” ХХК-ийн захирал хүлээн авсан учир нэхэмжлэлээс хасахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 43,020,899 төгрөг болгож багасгасан. Харин тээврийн хэрэгслийн төлбөр 9,000,000 төгрөгийн зөрүүг нэхэмжлэлээс хасах үндэслэлгүй, тусдаа харилцаа гэж тайлбарлав.

            4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            4.1. Нэхэмжлэгч “Г С трейд” ХХК нь хариуцагч Б.Жд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 81,097,896 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлж, Б.Жыг өглөг авлагын бүртгэлдээ харилцагчаар бүртгэсэн нь тус компанийн зарлагын баримтууд, нэмэгдсэн өртгийн татварын падаан, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-4, 7-8, 10-25/

            4.2. Хариуцагч Б.Ж хүлээн авсан барааны үнэ төлбөрт 50,550,630 төгрөгийг “Г С трейд” ХХК-ийн Голомт банк дахь 3635167781 тоот дансанд өөрийн болон нөхөр Ө.Б данснаас шилжүүлж байсан нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй, Ө.Б нэрээр шилжүүлсэн мөнгийг Б.Жын төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцсон байна. Төлбөрийн үлдэгдэл 30,547,**6 төгрөг байснаас 2,800,000 төгрөгийг Б.Жаас “Г С трейд” ХХК-ийн захирал М.Мын данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-**-35/

            4.3. Нэхэмжлэгч “Г С трейд” ХХК-ийн захирал М.М нь хариуцагч Ө.Б өмнөөс “Б ББСБ” ХХК-д зээлийн төлбөр 14,101,800 төгрөг төлж, улмаар 37-55УНЗ улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

            4.4. Дээрх тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгөөр худалдан авч, зээлийн барьцаанд байсан боловч зээл төлж чадаагүйн улмаас үлдэгдэл төлбөрийг “Г С трейд” ХХК-ийн захирал М.М төлүүлж, зөрүү 10,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон гэж хариуцагч Б.Ж тайлбарласан. Тухайн тээврийн хэрэгсэл М.М өмчлөлд шилжиж, одоо эзэмшил ашиглалтандаа байлгаж байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, үүнийг нотлохоор тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, зээлийн төлбөр төлсөн төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан.

            4.5. Хариуцагч Б.Жын зүгээс нэхэмжлэгч “Г С трейд” ХХК-д хандан 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “30,547,**0 төгрөгийн үлдэгдлийн 50 хувийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлнө. Төлөөгүй тохиолдолд хоногийн 0,3 хувиар алданги төлнө” гэж бичиж өгсөн байна. Уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги шаардаж байгаа.

            5. Талууд худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр нийлүүлсэн нийт барааны үнэ, буцаан төлсөн мөнгөн төлбөрийн талаар маргаагүй. Харин Ө.Б энэ нэхэмжлэлийг хамтран хариуцах эсэх, тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 9,000,000 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцох эсэх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх талаар маргаантай байна.

            6. “Г С трейд” ХХК нь харилцагч Б.Жтай харилцан тохиролцсоны дагуу түүнд зарлагын баримтаар нийт 81,097,896 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авагч Б.Ж нь төлбөрийг өөрийн болон нөхөр Ө.Б банк дахь харилцах дансаар “Г С трейд” ХХК болон тус компанийн захирал М.Мд нийт 53,350,630 төгрөг төлжээ.

            6.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр үүсэж, худалдагч тал биет байдлын доголдолгүй гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч талд нийлүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийн зарим хэсгийг худалдагч талд төлж, 27,747,**6 төгрөгийг төлөөгүй байх тул “Г С трейд” ХХК нь энэ хэмжээгээр хариуцагч Б.Жаас шаардах эрхтэй байна.

            7. Хариуцагч Ө.Б хувьд нэхэмжлэгч “Г С трейд” ХХК-тай бие даан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй. Харин Б.Жын өмнөөс барааг хүлээн авч, түүний төлөх төлбөрийг өмнөөс нь төлсөн гэж үзэхээр байна. Иймд гэрээний бие даасан оролцогч биш байх тул Ө.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            8. Тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 9,000,000 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс хасуулахыг хүссэн хариуцагч Б.Жын тайлбарын хувьд маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээний төлбөртэй хамааралгүй, иргэд хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой асуудал байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээгээр хасах боломжгүй байна. Харин тухайн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаатай холбоотой шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

            9. Нэхэмжлэлийн шаардлагаас алдангид шаардсан 15,273,633 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх бөгөөд хариуцагч Б.Жын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлт гэх баримтыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу тохиролцсон тохиролцоо гэж үзэх боломжгүй юм.

            9.1. Дээрх хуульд зааснаар анзын гэрээг гэрээний оролцогч талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр үйлдсэн хоёр талын гэрээ байхыг шаардах тул Б.Жын бичгээр үйлдсэн гар бичмэл бүхий хүсэлт нь анзын талаар тохиролцсон гэрээ болохгүй.

            10. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жаас 296,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Жаас 27,747,**6 /хорин долоон сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г С трейд” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Ө.Бд холбогдох хэсэг болон 15,273,633 /арван таван сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун гучин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жаас 296,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г С трейд” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА