2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05415

 

 

 

 

 

2025 06 23 192/ШШ2025/05415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****

Хариуцагч: ****

Хариуцагч: ****нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,733,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

Хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** нь ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,733,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: **** нар эхнэр, нөхөр байгаа. Би түрээсэлдэг байрныхаа СӨХ-ийн даргаар дамжуулаад, мөнгө зээлдэг өдрөө анх удаа уулзсан. Энэ хоёрын нөхөр нь Солонгос улс руу явах гэж байгаа гэсэн. Би өөрөө байрны урьдчилгаа мөнгө хийх гээд, хэдэн төгрөг цуглуулж байсан. Манай СӨХ-ийн дарга энэ хүнд хэдэн төгрөг байгаа юм шиг байна лээ, энэ хүнээс асуу гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд энэ хоёр хүн над дээр орж ирээд, манай нөхөр Солонгос улс руу явах гэж байгаа дансанд байршуулах мөнгө хэрэгтэй байна. Та надад 06 сарын хугацаатай 7,500,000 төгрөг зээлээч гэсэн. Би тэгэхээр нь үнэхээр чи 06 сарын хугацаатай явж байгаа юм уу гэсэн чинь, би 06 сарын хугацаатай явж байгаа 02 дугаар сарын 28-ны өдөр би ирсэн байна гэсэн. Ирээд таны мөнгийг буцаагаад өгье гэсэн. Бид нар харилцан зөвшилцөөд, 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлэх юм бол 0,5 хувийн хүүтэй алданги тооцно гэж хэлсэн . гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ****ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, ****арын иргэний үнэмлэхийн хуулбар банкны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ****банкны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, фото зураг, зэрэг баримтыг гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** нарт холбогдуулан үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 1,300,000 төгрөг, алданги 4,433,000 төгрөг нийт 18,733,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй. Шүүхээс 2025 оны 06 сарын 13-ны өдөр хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч тэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч **** болон хариуцагч ****нар нь 2024 оны 08 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 2024.08.30-ны өдрөөс 2025 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлүүлэхээр талууд харилцсан тохиролцсон байна (хэргийн 4 дэхь тал). Түүнчлэн талууд Нэмэлт өөрчлөлт гэх баримт үйлдэж, 2024 оны 09 сарын 18-ны өдөр 5,500,000 төгрөгийг нэмж зээлсэн, хүүг гэрээнд заасны дагуу сар бүрийн 30-наар төлөхөөр тохирч, гэрээнд гарын үсэг зуржээ (хэргийн 4 дэхь тал арын хуудас). Нэхэмжлэгч хариуцагч нарын данс руу 2024 оны 08 сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 18-ны өдөр 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн (хэргийн 5-6 дахь тал).

5. Иргэний хуулийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Нэхэмжлэгч нь нэг удаагийн шинжтэй зээл олгосон, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй иргэн байх бөгөөд хариуцагч нарт 13,000,000 төгрөгийг дансаар хүлээлгэн өгсөн, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, хуульд нийцсэн.

6. Хариуцагч нар зээлийн үндсэн төлбөр 13,000,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

7. Иймд нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 13,000,000 төгрөгийг Зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу шаардах эрхтэй.

8. Иргэний хуулийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан. Зохигчид 2024.08.30-ны өдрөөс 2025 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 10 хувийн хүүг үндсэн зээлээс бодохоор тохиролцсон, уг нөхцөл хүчин төгөлдөр. Хариуцагч нар нь зээлийн хүүг төлөөгүй тул нэхэмжлэгч зээлийн хүүд 1,300,000 төгрөг шаардах эрхтэй.

9. 2024 оны 08 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд зээлдэгч нар нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Харин Нэмэлт өөрчлөлтийн гэрээнд буюу сүүлд авсаэ 5,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд алдангийн тохиролцоо бичгээр хийгдээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул бичгээр байгуулсан гэрээнээс алданги шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Нэхэмжлэгч 2024 оны 08 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнээс буюу 7,500,000 төгрөгт хоног тутамд буюу 62 хоногт алдангийг шаардах эрхтэй. Ийнхүү тооцоход 7,500,000*0,5/100*62=2,325,000 төгрөг болох ба нэхэмжлэгч алдангид 4,433,000 төгрөгийг тодорхойлж шаардсан тул үүнээс 2,325,000 төгрөгийг хасч үлдэх 2,108,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Нэгтгэн дүгнэвэл шүүх нийт 18,733,000 төгрөгийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний алдангид 16,625,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,108,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 241,075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан 16,625,000 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулж, нэхэмжлэгч ****д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,108,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** нараас 241,075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ