| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/02224/И |
| Дугаар | 192/ШШ2025/06299 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/06299
2025 08 14 192/ШШ2025/06299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Стадион оргил, Удирдлагын А гудамж, * дүгээр байрны * тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Ө ургийн овогт С овогтой У /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Стадион оргил, Удирдлагын А гудамж, * дүгээр байрны * тоот хаягт оршин суух, Л ургийн овогт Ж овогтой А /РД: ..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 96,900,000 /ерэн зургаан сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Уийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулга, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар:
1.1. Миний бие С.У нь Ж.Атой гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байхдаа 2021 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А-2 хотхоны * байрны * тоот 55.04 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч, бидний дундын өмчлөлөөр бүртгүүлсэн. Тус орон сууцыг 173,376,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь болох 52,012,800 төгрөгийг миний аав Ч.Саас 13,000,000 төгрөг, өвөө Н.Чоос 22,212,000 төгрөг, дүү С.Юаас 9,279,600 төгрөг, миний цалинг барьцаалан 8,000,000 төгрөг зээлж тус тус бүрдүүлсэн. Ж.А 25,000,000 орчим төгрөгийн цалингийн зээлтэй байсан ба ипотекийн зээлд оруулахын тулд би ажлынхаа албаны даргаас 22,000,000 төгрөгийн зээл авч, цалингийн зээлийг нь хааж ипотекийн зээлд орох нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр үлдэх 121,363,200 төгрөгийг Ж.Аын нэр дээр Худалдаа хөгжлийн банкны 6%-ийн хүүтэй ипотекийн зээл гаргуулан худалдаж авсан.
Бид 2024 оны 05 дугаар сард салж, тусдаа амьдрах болсон бөгөөд тухайн орон сууцанд Ж.А амьдарч байгаа. Миний зүгээс дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулан авахаар шаардаж байна. Уг орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ 7,000,000 төгрөг тул нийт 387,800,000 төгрөг бөгөөд үүнээс 110,000,000 төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдлийг хасаад 277,800,000 төгрөгийг хоёр өмчлөгч тус бүрт 138,900,000 төгрөг ногдоно. Үүнээс Ж.Аын надад буцаан олгосон 50,000,000 төгрөгийг хасаж 88,900,000 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу шаардаж байна. Үүнээс гадна Ж.А найзуудтайгаа нийлж нүүрсний машин авах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр надаар 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авхуулсан. Үүнийг өөрөө 6 удаагийн төлөлтөөр 1,757,000 төгрөг төлсөн. Үлдсэн 6,243,000 төгрөгийг хүүгийн хамт миний бие нийт 29 сар төлөлт хийсэн. Иймд орон сууцны ногдох хэсэг 88,900,000 төгрөг, цалингийн зээл 8,000,000 төгрөг, нийт 96,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.2. Тодруулга: Анх нэхэмжлэл гаргахдаа орон сууцны хэмжээ 55,04 м.кв байсныг 55.4 гэж алдаатай тооцоолсон байх бөгөөд 1 м.кв талбайн бодит зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 7,050,000 төгрөг буюу нийт 388,032,000 төгрөг болохоор байна. Уг үнэлгээнээс ипотекийн зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг хасахад 278,032,000 төгрөг буюу 2 өмчлөгч тус бүрт 139,016,000 төгрөг болж байна. Үүнээс Ж.Аын буцаан олгосон 50,000,000 төгрөгийг хасахад 89,016,000 төгрөг надад ногдохоор байна. Үүн дээр машин авах зорилгоор зээлүүлсэн 8,000,000 төгрөгийг нэмэхэд 97,016,000 төгрөг гарч байгаа боловч илүү гарч буй 116,000 төгрөгийг нэхэмжлэхгүй тул 96,900,000 төгрөгийг хариуцагчаас шаардана.
1.3. Хариуцагчийн төлсөн 50,000,000 төгрөгийг хасаж нэхэмжлэл гаргасан байгаа. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нар уг орон сууцыг тэнцүү өмчлөх эрхтэй. Гэр бүлийн хамтын амьдрал зохиох зорилгоор хамтран амьдарч байхдаа байрыг худалдаж авсан. Байр авах үед хэн алинд нь хуримтлал байгаагүй. Ж.Аын нэр дээр зээл гарсан шалтгаан нь уул уурхайн байгууллагад ажилладаг байсан учраас зээл гарч байсан гэдэг үндэслэлээр хариуцагчийн цалингийн зээлийг төлөөд нэхэмжлэгч өөрийн хамаатан садангаас мөнгө цуглуулж байгаад Ж.Аын зээлийг хааж, ипотекийн зээлд хамрагдаж зээл авсан байгаа. Гэрлэлтээ бүртгүүлээгүй учраас гэрлэгчдийн дундын хөрөнгө биш. Харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундаа хамтран өмчлөх хөрөнгө юм. Хөрөнгө оруулаад, оруулсан хөрөнгөө буцааж авах гэдэг ойлголт байх боломжгүй. Зохигчид уг орон сууцыг худалдаж авах үедээ хуваах талаар, хэн хэдэн хувийг хэсэгчлэн өмчлөх талаар ойлголт байгаагүй. Хамтын амьдралтай байсан, тал талаасаа мөнгө бүрдүүлээд төлөөд явна гэсэн ойлголттой байсан. Мөнгийг олохын тулд С.Уийн гэр бүлийнхнээс авсан мөнгийг хамтдаа л төлж байгаа юм. Хариуцагчийн хувьд С.Ут буцаагаад төлсөн учраас хариуцах ёсгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хамтын амьдрал дууссан учраас л өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж байгаа юм...гэв.
2. Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбарт:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан С.Уийн аав Ч.Саас зээлдүүлсэн 13,000,000 төгрөг, өвөө Н.Чоос зээлдүүлсэн 22,212,000 төгрөг, дүү С.Юаас зээлдүүлсэн 9,279,600 төгрөг, цалингийн зээл болох 8,000,000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан. 2021 оны 03 дугаар сард бид хоёр уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцоод тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад урьдчилгаа 45,900,000 төгрөгийг нэхэмжлэгчийн аав, өвөө болон дүү нараас нь мөн С.Уээс эргэн төлөгдөх буюу зээлж аваад 2021 оны 05 дугаар сард 1*,000,000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан. Энэ зээлд С.У ямар ч оролцоо байхгүй, ипотекийн зээлийг би дангаараа төлж ирсэн. 2021 оны 07 болон 09 дүгээр саруудад С.Ут 63,300,000 төгрөг болгон буцааж төлсөн. Анх энэ байрыг 179,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Зах зээлийн үнийн өсөлт болж 300-400 сая төгрөг болсон гэж байна. Үүнээс гадна 2024 оны 02 дугаар сард хоёр тийшээ болох шийд гараад би 50,000,000 төгрөг С.Ут шилжүүлж, нийт анх авсан 45,900,000 төгрөгийг 113,630,000 төгрөг болгож төлсөн. 50,000,000 төгрөг өгсөн шалтгаан нь С.У байрны үнэ Ө болсон байгаа учир 50,000,000 төгрөг өгвөл гэрчилгээн дээрээс нэрээ хасуулъя гэж санал гаргасны дагуу би энэ мөнгийг өгсөн. Дараа нь дахиад мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөөгүй учир шүүхэд хандсан байсан. 8,000,000 төгрөгийн зээлийг нь би өөрийн нөхцөл боломжиндоо тааруулаад бага багаар төлсөөр байгаад хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 11-нд 2,000,000 төгрөг шилжүүлснээр 8,687,000 төгрөг болж төлж барагдуулсан. 2021 оны 05 дугаар сард ипотекийн зээл гараад 06 дугаар сараас би төлж эхэлсэн. С.У тухайн үеэс 2024 оны 05 дугаар сар хүртэл байранд амьдарсан ба зээл нэг ч төлөөгүй, би төлж байсан. Энэ хугацаанд би банкны зээлийн төлбөрт 20,093,874 төгрөг төлсөн байна. Хэрвээ энэ хугацаанд хамтран амьдарсан гэж үзвэл энэ төлбөрийг тэнцүү хувааж төлөх ёстой гэж үзэж байна.
2.2. Зээлийн гэрээнд тухайн орон сууцны үнэлэгдсэн үнэлгээ 169,000,000 төгрөг юм. Энэ худалдаж авах үндсэн хөрөнгөөс хариуцагчид ороод, цаашаа урьдчилгаа болгосон нь 45,900,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас аваад, өөр дээрээ байсан 600,000 төгрөгийг нэмээд “урьдчилгаанд техник импорт” гэх утгаар шилжүүлсэн байдаг. Зээл авах зорилгоор орон сууцны урьдчилгаа байдлаар С.У эхэлж өгөөд, үүнийг нь Ж.А дансаар буцаан шилжүүлэн зээлээ буцаан төлж байгааг харгалзан үзэх нь зайлшгүй байна. Энэ харилцаа өөрөө бодит байдлаар байрны өмчлөгч болъё гэсэн санаа зорилгыг анхнаасаа агуулж байсан уу үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Хамтран амьдрах зорилгоор 45,900,000 төгрөг гаргасан юм бол түүнийгээ буцааж аваад байгаа нь ямар учиртай юм бэ? Үүнийг бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа байна гэж харж байна. Үүнээс гадна нэмээд 50,000,000 төгрөг авчихсан байгаа. Хэрэв хамтран өмчлөгч учраас ногдох хувиа гаргуулна гэж байгаа бол зээлийн барьцаанд үнэлэгдсэн 169,000,000 төгрөгөөс С.Уийн оруулсан хувь нь 27.75% байх юм. Түүний оруулсан хувь нь ийм байна. Зах зээлийн үнэ өсөөд 269,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Оруулсан хөрөнгийн хувьд хувилвал 73,048,350 төгрөгийг л нэхэмжлэх ёстой гэж харагдаж байна. Энэ мөнгөнөөс өгчихсөн 50,000,000 төгрөгийг хасахаар 23,048,350 төгрөг болж багасч байна. Үүнээс Ж.Аын төлсөн төлбөрүүдийг хасвал С.У өөрөө 40,000,000 гаруй төгрөгийг Ж.Аод буцааж төлөх бодит нөхцөл байдал харагдаж байна. Урьдчилгаа мөнгө гэж зээлүүлж, буцаагаад мөнгөө авчихаад “би талыг нь авна” гэж байна. 45,900,000 төгрөгийн хөрөнгө оруулж байгаа гэдэгт бид маргаагүй. Гэвч үүнийгээ яагаад буцааж аваад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй, шударга бус байна. “Буцаагаад хамтдаа төлж байгаа юм” гэдэг нь үндэслэлгүй, буцааж төлж байгаа мөнгийг Ж.А нь С.Ут болон бусад гэр бүлийнхэнд нь төлсөн байгаа учир зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иймд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, С.Уийн Хаан банк дахь дансны хуулга, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан,
4. Хариуцагч талын нотлох баримтууд: Ж.Аын Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгууд, Ж.Аын Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, Ж.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа,
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэгтгэн дүгнээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Уийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Ж.Аын хамт дундаа хамтран өмчлөх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 89,016,000 төгрөг, мөн хариуцагчид зээлдүүлсэн 8,000,000 төгрөгийг нэгтгэн, нийт 96,900,000 төгрөгийг шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, С.Уийн орон сууцыг худалдаж авахад урьдчилгаанд өгсөн 45,900,000 төгрөгийг 63,000,000 төгрөг болгон буцааж төлсөн, зээлдүүлсэн 8,000,000 төгрөгийг давуулан төлж барагдуулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. С.У, Ж.А нар хамтын амьдралтай байсан бөгөөд тэд Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Стадион оргил, Удирдлагын А гудамж, * дүгээр байрны * тоот дахь 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хамтран өмчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-6/
4.2. Дээрх орон сууц нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк, Ж.А нарын байгуулсан 1*,000,000 төгрөгийн Орон сууцны зээлийн гэрээний барьцаанд барьцаалагдаж, улсын бүртгэлд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр барьцаалбартай барьцааны гэрээ бүртгэгджээ. /хх-6, 123-131/
4.3. Орон сууцыг 169,523,200 төгрөгөөр худалдан авсан талаар зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч С.Уийн аав, өвөө, дүү нараас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдөр нийт 52,491,600 төгрөгийг С.Ут шилжүүлэн, С.У өөрөө 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авч дээрх шилжүүлж авсан мөнгөний хамт Ж.Аод “байрны урьдчилгаа” болон бусад гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь зохигчдын дансны хуулгуудаар болон тэдний тайлбараар тогтоогдсон. /хх-13, 15-30/
4.4. Хариуцагч Ж.А 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд С.Уийн дүү С.Ю, аав Ч.Сын болон нэхэмжлэгч С.Уийн данс руу нийт 63,630,000 төгрөгийг “юмжирт, байрны мөнгө, А зээл төлөв” гэх утгаар шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгийг С.Ут “Аоос байрны мөнгөний урьдчилгаа” гэх утгаар шилжүүлсэн байна. /хх-73-74, 116/
4.5. Зохигчдын хамтран өмчилдөг орон сууцны зах зээлийн үнэ ханш 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 388,032,000 төгрөг болохыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлсэн ба талууд энэ үнэлгээний талаар маргаагүй. /хх-46-68/
4.6. С.У нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, уг мөнгийг Ж.Аод зээлдүүлсэн талаар зохигчид тайлбарласан ба зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-29/
5. Талууд хамтын амьдралтай байсан, хамтын амьдралын хугацаанд уг 2 өрөө орон сууцыг худалдаж авсан, худалдаж авахад зориулан урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн гэр бүлийнхнээс бүрдүүлсэн, тухайн төлбөрийг буцаан төлсөн, орон сууцны зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөг байгаа, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ж.Аын машин авахад зориулж 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч цалингийн зээл авч хариуцагчид зээлдүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
6. Харин нэхэмжлэгч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээний 50 хувийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, хариуцагчаас нэхэмжлэгч болон түүний аав, дүүд буцаан шилжүүлсэн мөнгө С.Уийн орон сууцнаас ногдох хэсгээс хасагдах эсэх талаар маргаантай байна.
7. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл зохигч талуудын өмчлөлд бүртгэлтэй байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэсэн зохицуулалтын дагуу уг орон сууц нь С.У, Ж.А нарын хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д нийцжээ.
8. Талууд тухайн орон сууцыг 169,523,200 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаанд 46,523,200 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөхдөө хариуцагч Ж.А нь Худалдаа хөгжлийн банктай 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 1*,000,000 төгрөгийг 348 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийг Ж.А ганцаараа төлж ирсэн бөгөөд зохигчид 2024 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч, уг орон сууцанд хариуцагч амьдарч байна.
9. Маргаан бүхий орон сууцыг хэн нь хэдэн хувиар хэсэгчлэн өмчлөх талаар зохигчид тухайлан тохиролцсон аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй талаар тайлбарлаж байх тул өмчлөгч бүрийг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д нийцэх тул хөрөнгийг талууд 50, 50 хувиар тэнцүү өмчлөх эрхтэй. Иймд нэхэмжлэгч С.У уг орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй.
10. Маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэ 388,032,000 төгрөг болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон ба зохигчид энэ үнэлгээний талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс байрны үнээс зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг хасаж, 278,032,000 төгрөгөөс өмчлөгч тус бүрт ногдох 139,016,000 төгрөг гэж тогтоон, өөрт ногдох хэсгээс хариуцагчийн төлсөн 50,000,000 төгрөгийг хассанаар 89,016,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа.
11. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцнаас өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй ба хариуцагчийн зүгээс тухайн байрны урьдчилгаанд зориулж нэхэмжлэгчийн гэр бүлээс авсан мөнгийг буцааж төлсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх боловч тухайн хөрөнгийг худалдаж авах зорилгоор зохигчид хамтдаа зээлсэн гэж үзэх боломжтой байна.
12. Хариуцагч Ж.А тухайн мөнгийг буцааж төлсөн нь С.Ут ногдох хөрөнгө оруулалт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талууд орон сууцнаас өөрт ногдох хэсгийн хэмжээ хэд байхыг тусгайлан тохиролцоогүй учир хариуцагчийн төлсөн 63,630,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасах үндэслэл болохгүй ба уг мөнгийг зээлж авсныг буцаан төлсөн гэж хариуцагч тал тайлбарласан учир С.Ут ногдох хэсгээс хасах үндэслэлгүй байна гэж үзлээ.
13. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлдүүлсэн 8,000,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгчээс зээлж авсан талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Харин уг мөнгийг Ж.А нь С.Ут 8,687,000 төгрөг болгож төлсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч талын зүгээс уг зээлээс 1,757,000 төгрөгийг 6 хувааж төлөөд 6,243,000 төгрөгийг төлөөгүй гэж тус тус тайлбарласан.
13.1. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөгийн зээл авсан нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. Харин уг мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдал түүний дансны хуулгаас харагдахгүй боловч хариуцагчийн зүгээс уг мөнгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдэж, зээл олгогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13.2. Тухайн мөнгөний хүрээнд талууд буцаан төлөх хугацаа, зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй ба уг зээлээс 1,757,000 төгрөгийг 6 удаагийн төлөлтөөр төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тодорхой тогтоогдохгүй байна. Түүний дансны хуулгаар зээл олгогдсон өдөр Ж.Аоос С.Ут 80,000 төгрөг, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 01-нд 100,000 төгрөг мөн шилжүүлж, тухайн данснаас 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг *тоот данс руу “аавд” гэх утгаар зарлага хийж шилжүүлсэн байна. Ж.Аоос харин 2021 оны 11 дүгээр сарын 02-нд 100,000 төгрөг шилжүүлсэн болох нь С.Уийн дансны хуулгаар тогтоогдож байна.
13.3. Хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагатай холбоотой тайлбараа нотлохоор өөрийн Хаан болон Голомт банк дахь дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргасан. Дансны хуулгуудаас хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8,917,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд тийнхүү мөнгө шилжүүлэхдээ “аагий, Аоос, ууганаад, куртка, витамин, үзлэг” гэх зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан. Үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, баримтаар няцаагаагүй учир уг зээлийн төлбөр төлөгдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 1* заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Аоос 89,016,000 /наян есөн сая арван зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгож, нэхэмжлэлээс 7,884,000 /долоон сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Аоос 603,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА