Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

                                   Д.Эрдэнэхишиг, Ж.Эрдэнэцогт нарт

                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай     

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Энхбаяр /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гэрэлмаа, Э.Наранбаяр /цахим/

Шүүгдэгч Ж.Эрдэнэцогт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Б.Баясгалан, Б.Цэнгүүн нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Эрдэнэхишиг болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор Д.Эрдэнэхишиг, Ж.Эрдэнэцогт нарт холбогдох эрүүгийн 2132000890016 дугаартай ***************************** индекстэй, 5 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд **** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***************мэргэжилтэй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ** дүгээр баг,************* ********** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь *********************** ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэмбэрэлийн Эрдэнэхишиг /РД:***********/

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны *** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *****************мэргэжилтэй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ** дүгээр баг, **** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ********************** ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Жаргалтулгын Эрдэнэцогт /РД:*****************/

Шүүгдэгч Д.Эрдэнэхишиг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ********************* ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж албан тушаалын тодорхойлолтод заагдсан Сангийн орлого хуримтлуулдаг болон сангийн харилцах данс бүрээр зарлагын гүйлгээг анхан шатны баримтыг үндэслэн **************хөтөлж, мэдээллийн цахим санд тухай бүр бүртгэх”, “Сангийн харилцах данснаас шилжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал, шимтгэлийг төсвийн сарын хуваарь холбогдох баримтын бүрдэл, зөвшөөрлийг үндэслэн төлбөрийн хүсэлт, даалгаврыг бичиж баталгаажуулах...”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/218 дугаартай тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах, олгох заавар”-ын 8 дугаар заалтыг зөрчиж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр дүү Г.Ариунаа нарын ХААН банк дахь харилцах дансаар дамжуулан 200527213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь ******************* ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус тасгийн сангийн нягтлан бодогч Д.Эрдэнэхишиг нь ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр зарын 20-ны өдөр хүртэл хугацаанд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр дүү Г.Ариунаа нарын ХААН банкин дахь харилцах дансаар дамжуулан 70 удаагийн үйлдлээр 200527213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учирсан, албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас:

Д.Эрдэнэхишигийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ж.Эрдэнэцогтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Эрдэнэхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Жаргалтулгын Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Эрдэнэхишигийн нийтийн албанд ажиллах эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж 05 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Эрдэнэцогтын нийтийн албанд томилогдох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эрдэнэхишигт оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Эрдэнэцогт нь 5400000 төгрөгийн торгох ялыг 01 жилийн хугацаанд 12 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Эрдэнэцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Эрдэнэхишиг, Ж.Эрдэнэцогт нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, Ж.Эрдэнэцогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эрдэнэхишигээс 200527213 /хоёр зуун сая таван зуун хорин долоон мянга хоёр зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн даатгалын санд оруулж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Ж.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгийн торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Эрдэнэцогтод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Д.Эрдэнэхишигт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, Д.Эрдэнэхишигийн эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Эрдэнэцогтын өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнээр Ж.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэл байхгүй болох нь тогтоогдсон байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж гэм буруутайд тооцсон болно.

Нэг. Шүүхээс Ж.Эрдэнэцогтыг гэм буруутайд тооцохдоо “Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар заалтыг зөрчсөн гэж буруутгаж, нотлох баримт цуглуулсан, мэдүүлэг авсан ямар ч ажиллагаа хийгээгүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт ... Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана.” гэж заасан. Энэ заалт ёсоор Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2132000890016 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай’' тогтоолын “ТОГТООХ нь” хэсэгт Ж.Эрдэнэцогтыг “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас... ” гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан.

Аливаа хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгаа тохиолдолд ямар хуулийн, аль зуйл заалтыг, мөн захиргааны хэм хэмжээний ямар актын аль зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн болох /Диспозиц нөхцөл/-ыг “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын ТОГТООХ хэсэгт ойлгомжтой, тодорхой тусгах ёстой. Энэ асуудлыг зайлшгүй тодорхой тусгаснаар гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, гэм буруугийн хэлбэр зэрэг асуудалд эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болохоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” яллагдагчийн эрх хангагдах учиртай.

Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэцогтыг хэт ерөнхий үндэслэлээр буруутгасан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцэхгүй бөгөөд хуульд нийцээгүй тогтоолд үндэслэн яллагдагчаас мэдүүлэг авсан ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, мөн оролцогчийн эрхийг хязгаарласан ... ” гэж маш тодорхой дүгнэсэн.

Уг шүүгчийн захирамжийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараагаар буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь хуульд нийцээгүй гэж дүгнэн шийдвэр гаргасаар байхад мөрдөгч, прокурор ЭХХШТХуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг биелүүлээгүй бөгөөд яллах дүгнэлтэнд ч дээрх хуульд нийцээгүй “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын үндэслэлийг тусган ялласан.

Гэтэл шүүхээс энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл арилаагүй байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад буруутгаагүй үндэслэлээр Ж.Эрдэнэцогтыг гэм буруутайд тооцсон байна.

Шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах нөхцөл биш болно.

Учир нь Ажлын байрны тодорхойлолт гэх баримт бичиг нь Захиргааны хэм хэмжээний акт огтоос биш буюу энэ актад хамаарахгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 59.1 -д зааснаар ”3ахиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох бөгөөд” тус хуулийн 64.3-д зааснаар “...Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ...” гэж заасан.

Бидний үйлчлүүлэгчийг биелүүлээгүй гэж буруутгаж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/218 тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах олгох заавар” ажлын байрны тодорхойлолт нь захиргааны хэм хэмжээний акт биш болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулахад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн нягтлан бодогч Д.Эрдэнэхишиг нь тасгийн дарга Ж.Эрдэнэцогтын хянаж баталгаажуулсан тэтгэмж олголтын нэрсийг 2 өөр хэлбэрээр бэлтгэж, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэрсийг оруулан үйлдсэн /Тасгийн даргад үзүүлж хянуулаагүй/ жагсаалтын хувийг Аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн хөрөнгө авч, хувьдаа завшсан нь гэрч Ц.Батцэрэнгийн 2021 оны 7 сарын 01 өдрийн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 71-72/, гэрч Б.Мөрөнгийн 2021 оны 7 сарын 01 өдрийн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 73/, Д.Эрдэнэхишигийн 2021 оны 6 сарын 29 өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 64-65/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог.

Ж.Эрдэнэцогт нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай гүйцэтгэж байсан ба Ж.Эрдэнэцогтын хянаж баталгаажуулсан тэтгэмж олголтын нэрсийг 2 өөр хэлбэрээр бэлтгэж байгаа нь ажлын байрны дээрх хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг зориудаар үүсгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллагдагч Д.Эрдэнэхишигийн мэдүүлгээр бүрэн тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл шүүхийн буруутгаж байгаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь анхан шатны баримт материал болон нийгмийн даатгалын байгууллагын систем, мөнгөн гүйлгээний зарцуулалтыг хянаж байж хэрэгжүүлэх боломжтой ба ажлын байрны тодорхойлолтод заасан хяналтыг хийнэ гэдэг нь тэтгэвэр тэтгэмж авахаар хүсэлт гаргасан иргэдийн анхан шатны баримтуудыг мэдээллийн баазтай тулгаж, бүрдлийг хангасан нөхцөлд тэтгэмжийн байцаагчид буцаан өгч, зарим бүрдэл дутууг нь зогсоох, буцаах чиглэлийг өгдөг, улмаар уг хянасан иргэдийн тэтгэмжийг жагсаалт болгон бэлтгүүлэхээр тэтгэмжийн байцаагч нь нийгмийн даатгалын сангийн зарлагын нягтлан бодогчид холбогдох нэрсийг өгдөг байдлаар хэрэгждэг.

Ж.Эрдэнэцогтын тухайд албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 5-д “Даатгуулагч иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохоор бүрдүүлсэн баримт материалыг мэдээллийн баазтай тулган шалгаж хянах, 6-д “Тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн үндэслэл болон олголтод хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, 7-д “Тэтгэвэр тэтгэмжийн мэдээллийн баазын бүрдүүлэлт, тэтгэвэр тогтоолгогчдын хувийн хэрэг, хөтлөлт мөн тооллого тооцоонд бүртгэлээр хяналт тавих” гэсэн заалтыг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд 2007 оноос өнөөдрийг хүртэл хууль бус материал бүрдүүлж, тэтгэвэр тэтгэмж тогтоолгож байсан зүйл огт байхгүй болох нь дээд шатны байгууллагын хяналт шалгалтуудаар бүрэн нотлогдож байгаа болно.

Гэтэл Д.Эрдэнэхишигийн үйлдсэн уг үйлдэл нь дээрх хяналтыг хэрэгжүүлэх анхан шатны баримт болон системээс гадуур хийсэн, зөвхөн банкны гүйлгээний жагсаалт дээр үйлдэж байсанд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Анхан шатны тэтгэмжийн материал бүрдүүлэхгүй, зөвхөн мөнгөн гүйлгээний баримтаар удаа дараа хууль бус тэтгэмж олгогдож байхад уг мөнгөн гүйлгээний хяналтыг хэрэгжүүлж, гүйцэтгэж байгаа Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага, хяналтын ажилчдаас нэг ч удаа төрийн албаны нийтлэг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, шалгаж нягтлаагүй ба нэр бүрий нэг иргэн сар болгон тэтгэмж авч байгааг мэдэж чадаагүй буюу үүрэгт ажилдаа хайнга хандсан байгаад шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй.

Уг асуудалд шүүхээс болон дээд шатны прокурорын байгууллагаас өмнө дүгнэлт хийж, мөнгөн гүйлгээний хяналтыг хэрхэн хэрэгжүулэх байсныг шалган тогтоохоор шийдвэрлэсний дагуу нэмэлт мөрдөн байцаалтынүажиллагаа явуулахад уг хяналтыг хэрэгжүүлж байсан албан тушаалтнууд нь “ олон ажилчид солигдож байсан, хүн ам ихтэй, Д.Эрдэнэхишигт итгэж байсан...,, гэх мэтээр мэдүүлдэг.

Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын нийгмийн даатгалын тасгийн ажилчид цаасан болон системийн хүрээнд дээрх байдлаар хууль бусаар тэтгэмж олгогдож байгааг мэдэх боломж огт байхгүй талаараа Д.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байгаа.

ХОЁР. Шүүхээс Ж.Эрдэнэцогтыг буруутгахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Б.Бат-орших, гэрч Э.Наранбаяр, С.Отгонжаргал, яллагдагч Д.Эрдэнэхишиг нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг эх сурвалж болгосон байна.

Шүүхээс Аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж байсан жагсаалтыг хянан баталгаажуулж байгаагүй нь уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэх агуулгаар түүнийг хайнга хандсан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Нийгмийн даатгалын аль ч шатны байгууллага, албан тушаалтны баримталбал зохих, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон сахих ёстой эрх зүйн бичиг баримт нь салбарын ууль түүнд нийцүүлэн гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 угаар сарын 25-ны өдрийн А/218 тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах олгох заавар” юм. Уг заавраар салбар нэгжийн холбогдох албан тушаалтнуудын ажил үүргийг хуваарийг олговол зохих тэтгэвэр тэтгэмжийн үйл явцийг албан тушаалтан нэг бүр дээр нарийвчлан зааглаж тодорхойлсон байх бөгөөд аливаа хоёрдмол утгагүйгээр давхар схем, зургаар загварчлан баталсан байна.

Уг зааврын:

• 8.1-д “Тэтгэмжийн байцаагч нь тэтгэмж олгохоор хянасан... ” Тэтгэмж олголтын нэгдсэн жагсаалтыг ажил олгогч, албан журмын даатгуулагч тус бүрээр үйлдэж, ...тасгийн даргаар хянаж баталгаажуулах бөгөөд уг тэтгэмж олгохын нэгдсэн жагсаалтыг нийгмийн даатгалын сангийн зарлагын нягтлан бодогчид өгнө. ”,

• 8.2-т ”сангийн нягтлан бодогч нь тэтгэмжийн байцаагчийн ирүүлсэн... жагсаалтыг эцэслэн хянаж, дансанд шилжүүлэх тэтгэмжийн жагсаалтыг хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор хянуулан гарын үсэг зуруулж, тамга дарж албажуулна...” гэж тодорхойлон заасан байх бөгөөд уг зааврын дагуу хийгдэх ажиллагааны процесс үе шатыг баталсан байна.

Зааврын дагуу тэтгэмжийн хяналтын улсын байцаагч, тасгийн даргын чиг үүрэг нь 1 тэтгэмж авахаар хүсэлт гаргасан даатгуулагчийн бүрдүүлж өгсөн анхан шатны баримт үндэслэлтэй эсэхийг тулган хянаж, тэтгэмжийн хэмжээ зөв эсэхийг баталгаажуулж, хянан сангийн зарлагын нягтланд өгснөөр дуусгавар болохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн жагсаалт нь ямар нэгэн тамга гарын үсгээр баталгаажих шаардлагагүй бөгөөд нэгдсэн жагсаалтыг тэтгэмж авбал зохих иргэдийн анхан шатны баримт материалуудтай тулган хянаж тооцоолол, бодолт зөв эсэхийг хянаснаар тасгийн дарга, хяналтын байцаагчийн ажил дуусгавар болох бөгөөд улмаар сангийн зарлагын нягтлан бодогч нь бие даан нэгдсэн жагсаалт /тасгийн дарга хянаж баталгаажуулаагүй гэх жагсаалт/. мэдэгдлийг бэлтгэн аймаг руу буюу ерөнхий нягтлан бодогч болон хэлтсийн даргад хүргүүлснээр түүний дараах процесс хэрэгжихээр зохицуулагдсан.

Үүний дагуу тэтгэмжийн байцаагч нь тасгийн хяналтын байцаагч болон тасгийн даргын хянаж баталгаажуулсан тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагчдын нэрсийг сангийн нягтлан бодогчид тухай бүр нь дээр дурьдснаар хүргүүлж байсныг сангийн зарлагын нягтлан бодогч Д.Эрдэнэхишиг нь дур мэдэн өөрчилж өөрт хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг нэмсэн жагсаалт үйлдэж аймаг руу хүргүүлж байсныг тасгийн дарга мэдэх боломжгүй байсан нь хэнд ч ойлгомжтой бөгөөд зарлагын нягтлан бодогч Д.Эрдэнэхишигийн хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж буй арга нь зориуд албаны хяналт, тасгийн даргын хяналтаас гадуур өөрийн эрх мэдлийн ашигласан үйлдэлд Ж.Эрдэнэцогтыг хамаатуулах нь үндэслэлгүй юм.

“Тэтгэмж тогтоох, хянах олгох заавар”-ын 8 дугаар зүйлийн 2-т “Сангийн нягтлан бодогч нь тэтгэмжийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг үндэслэн эцэслэн хянаж, уг ажил олгогчийн эсвэл албан журмын болон сайн дурын даатгуулагчийн харилцах дансанд шилжүүлэх тэтгэмжийн жагсаалтыг хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор хянуулан гарын үсэг зуруулж, тамга дарж албажуулна.. ” гэж заасан нь дээрхи харилцааг илүү ойлгомжтой зохицуулж тодорхойлсон заалт бөгөөд энд тасгийн даргын оролцоо, баталгаажуулж гарын үсэг зурах талаар огт тусгагдаагүй байгааг болно.

Мөн уг зааврын дагуу жагсаалтыг Ж.Эрдэнэцогтоор батлуулахгүй буюу гарын үсэг зуруулах үндэслэл байхгүй байсныг гарын үсэг зурагдахгүйгээр бүтэн 2 жилийн хугацаанд мөнгөн тэтгэмжийн гүйлгээг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хийж байснаар тогтоогдож байгаа болно.

ГУРАВ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэхишиг нь тасгийн даргын хянасан тэтгэмж олголтын нэрсийг 2 өөр байдлаар жагсаалт болгон бэлдэж, Аймгийн хэлтэст явуулж байсан жагсаалтдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох эгч Д.Шүрэнцэцэг, бэр дүү Г.Ариунаа нарын нэрийг хууль бусаар нэмж оруулан ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 193.547.379 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Уг хэрэг нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг ойлгох бөгөөд шууд санаатай үйлдэгддэг,

Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгч этгээд нь хууль бус байдлыг зориудаар бий болгож, аливаа хяналт шалгалтаас зайлсхийх, бусдад мэдэгдүүлэхгүйн тулд баримт материалыг хуурамчаар үйлдэж ирсэн байх ба жагсаалтыг 2 .хувь үйлдэж суманд үлдэх жагсаалтын хувийг өөрийн гэмт үйлдлээ бусдад мэдэгдэхгүй байх боломжтойгоор /тасгийн дарга, хяналтын байцаагчид хянуулсан хэлбэрээр нь/ үйлдэн авч үлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэхишиг нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/218 тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах олгох заавар”-д заасан жагсаалтыг хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч батлана” гэсэн хэсгийг ашиглан бодит бус жагсаалт бэлтгэж, тасгийн даргад хянуулснаас өөрөөр бэлтгэн хүргүүлж байсан хууль бус үйлдлийг санаатайгаар хийсэн байхад Ж.Эрдэнэцогтыг хайнга хандсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Ж.Эрдэнэцогтын хувьд Сэлэнгэ аймгийн хэлтэс рүү сангийн нягтлан бодогчийн явуулж буй бодит бус мэдээлэл нэмсэн жагсаалтыг мэдэх боломжгүй бөгөөд анхан шатны баримтгүй мөнгө олгогдож байгаа явдалд хяналт тавих боломжгүй байсан гэж үзэхээр байгаа ба түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэрэг нь онолын хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийн улмаас бусдад их хэмжээтэй хохирол учруулснаар энэ гэмт хэргийн шинж хангагдахаар зохицуулсан. Гэтэл бидний үйлчлүүлэгчийн хайнга хандсан гэх үйлдлийн улмаас дээрхи их хэмжээний хохирол учраагүй харин Д.Эрдэнэхишигийн шууд санаатай үйлдлийн улмаас бусдад шууд бүюу дангаараа учруулсан хохирлыг бидний үйлчлүүлэгчид шууд буюу давхардуулан хамаатуулан үзсэн нь хууль зүйн хувьд мөн л үндэслэлгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дээр дурдсан үндэслэлүүдийг үгүйсгэж няцаан мэтгэлцээгүй бөгөөд Ж.Эрдэнэцогтын гэм буруугийн асуудлаар саналаа танилцуулахдаа “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинж болох материаллаг бүрэлдэхүүнийг үгүйсгэж “Ж.Эрдэнэцогт хохирол учруулаагүй, бусдад төлөх хохиролгүй” гэж маш тодорхой байр сууриа илэрхийлсэн боловч шүүх бидний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолдоо шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийн үндэслэлүүдийг хэрхэн, ямар үндэслэл, нотлох баримтаар үгүйсгэж няцаасан тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн зөрчил гэж үзэхээр байгааг анхааралдаа авна уу.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хамааралтай, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж нотлох баримтыг шалгасан боловч бидний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж өмгөөлөгч бид үзэж байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т  заасны дагуу  шүүгдэгчид ашигтайгаар  шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна.

Дээр дурьдсан тайлбар үндэслэлүүд болон ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийтгэх тогтоолын Ж.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэхишигийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхээс Д.Эрдэнэхишигт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдэж өгөх талаарх санал хүсэлтийг, мөн түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэх байтал хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцон харьцангуй өндөр хэмжээний хорих ялыг оноож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 5 жилийн хорих ял оногдуулах болсон үндэслэлээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Д.Эрдэнэхишигийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх боломжгүй, мөн шүүгдэгч Д.Эрдэнэхишиг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтийн албанд ажиллах эрхийг 05 жилээр хасаж, 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,” гэжээ.

Гэтэл 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байсан билээ.

Харин Эрүүгийн хуулинд орсон 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөн өөрчлөлт орсон ба уг өөрчлөлтөөр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялын бодлогыг чангатгаж, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байсныг хүндрүүлж хүнд гэмт хэргийн ангилалд хамааруулсан.

Д.Эрдэнэхишиг нь дээрх гэмт хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлдсэн байдаг бөгөөд цаг хугацааны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх цаг үед үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бол 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэхишигийн үйлдэл ялыг хүндрүүлэхээс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн өөрчлөн найруулснаар буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан хуулийг буцаан хэрэглэж шийдэгдэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж, “Шүүгдэгч Д.Эрдэнэхишигийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх боломжгүй, мөн шүүгдэгч Д.Эрдэнэхишиг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулааг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахъ хэсэгт заасныг баримтлан нийтийн албанд ажиллах эрхийг 05 жилээр хасаж, 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хуулийг буцаан хэрэглэж улмаар 5 жилийн хорих ял оноожээ.

Ийнхүү шүүгдэгчийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тооцох нь түүнд хорихоос өөр төрлийн ял оноох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацааны дотор хорих ялаар шийтгэгдэх, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хуульд заасан нөхцөл болзол өөрчлөгдөх зэргээр шүүгдэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөх юм.

Д.Эрдэнэхишиг нь анхнаасаа гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргадаггүй, өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг байх бөгөөд энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ч илэрхийлж байжээ. Мөн тэрээр урьд өмнө гэмт хэрэгт холбогдон шийтгэгдэж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүхээс түүнд 5 жилийн хорих ял оноох болсон нь түүний үйлдсэн хэргийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулан 8 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар шийтгэсэн тул ийнхүү 5 жилийн хорих ялаар оногдуулсан гэж үзэхээр байна. Харин дээр дурдсанаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн тохиолдолд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг тухайн зүйл ангид оноох ялын дотор, одоогийн оноосон ялаас багаар оногдуулах боломжтой юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн зүйлийн 3-д “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна” гэж заасан.

Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/16 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэхишиг давж заалдах гомдолдоо:

Д.Эрдэнэхишиг миний бие дээрх гэмт хэргийг үйлдэж улсад их хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна.  Хэрэгт анх холбогдож шалгагдаж байхдаа анхны мэдүүлгээсээ эхлэн хийсэн хэргээ хүлээж учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Гэвч хэрэг үйлдэж байх хугацаандаа өөрт байсан эд зүйлсээ зарж үрсэн байсан тул хохирлоо шууд барагдуулж чадаагүй.  ....2022 оны 2-р сард Нийгмийн даатгалын ерөнхий  газарт учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч төлбөрийн хуваарь  гарган төлөх хүсэлт гарган батлуулах өргөдөл өгсөн боловч албан ёсоор бичгээр хариу өгөөгүй, утсаар лавлахад шүүхийн шийдвэр гарсны дараа дахин хэлэлцэнэ гэсэн хариу өгсөн. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа дахин хүсэлт өгөн хүлээж байгаа. Би 08-17 насны 2 хүүтэй миний хийсэн хэргийн улмаас 2 хүүгийн маань сэтгэл зүйд маш хүндээр туссан. Цагдан хорих байранд орохоосоо өмнө 2023.06.-2024.01 хүртэл хугацаанд би аавыгаа асарч байсан бөгөөд аав маань 2024.030.01-ний өдөр бурхан болж аавыгаа эцсийн замд үдэж чадаагүй. Хийсэн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Улсад учруулсан хохирлоо барагдуулах болно. Д.Эрдэнэхишиг би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ял шийтгэл эдэлж байгаагүй. Иймд миний байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.Эрдэнэцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Манай Нийгмийн даатгалын систем нь анхан шатны баримт дээр тулгуурлан, нягтлах, шалгах үйл ажиллагаа л хийдэг. Болоод байгаа нөхцөл байдал дээр анхан шатны баримт огт байхгүй. Сая манай өмгөөлөгч нар хэлсэн. Сард 1 удаа нэг хүний нэр татагдаад байгаа гэж, энэ бол 7 хоногт 2-3 удаа нэг хүний регистрээр 7 хоног болгон төрөх юм уу, ажилгүйдэл авсан процесс явагдсан. Энэ процесс нь яасан бэ гэхээр санаатай нуун дарагдуулсан буюу манай тэтгэмжийн байцаагчийн жагсаалт буюу надаар хянагдаж оруулсан жагсаалтыг өөрчлөөд өөрийнхөө хамаарал бүхий хүний нэрийг зоож явуулдаг байсан. Уг жагсаалтыг явуулснаараа яах вэ гэхээр аймаг цаасаар нь биш файлаар нь авдаг байсан. Яагаад гэвэл файлаар нэхэмжлэхийг нь үүсгэчихвэл амар байдаг гэдэг үүднээс. Файлаар гарын үсэг зурах ямар ч боломж байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Эрдэнэхишиг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн сангийн нягтлангаар ажиллаж байх хугацаандаа нийт 70 удаагийн гүйлгээгээр 200,527,213 төгрөгийг хувьдаа авч төрд хохирол учруулсан байна. Үүнээс шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 04 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг төлж нийт 5,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулчихсан. Одоогоор 195,527,213 төгрөгийн хохирол нь хэвээрээ байна. Манай Нийгмийн даатгалын хэлтсээс төрд учирсан хохирлыг яллагдагчаас гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Ялын тал дээр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Эрдэнэхишигийн ялын асуудал дээр хэлэх зүйл байхгүй. Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалтай харьцуулж байгаа зүйл байгаа. Өвөрхангай аймаг нь тасагтай, тэгсэн мөртлөө тогтоосон дүрэм журмаасаа өөр яваад байгаа гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж, үнэлж дүгнээд шийтгэх тогтоолын 9-12 дугаар талд Д.Эрдэнэхишиг, Ж.Эрдэнэцогт нарыг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ж.Эрдэнэцогт өнөөдөр ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээд явсан бол Д.Эрдэнэхишиг гэх хүн ийм зүйл хийгээд явахгүй байсан. Анхнаасаа хэд хэдэн баримтууд дээр гарын үсэг зураад явсан. Тэр дээр гарын үсэг зураад байхаар Д.Эрдэнэхишиг болох юм байна гээд даамжраад явчихсан. Нэг хүн сар тутамд төрөөд явна гэж байхгүй. Хор уршиг нь ингэж илэрч явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэхишиг болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Эрдэнэхишиг, Ж.Эрдэнэцогт нарт холбогдох эрүүгийн 2132000890016 дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Д.Эрдэнэхишиг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр дүү Г.Ариунаа нарын ХААН банк дахь харилцах дансаар дамжуулан 200.527.213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон.

Шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус тасгийн нягтлан бодогч Д.Эрдэнэхишиг нь ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр зарын 20-ны өдөр хүртэл хугацаанд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр дүү Г.Ариунаа нарын ХААН банкин дахь харилцах дансаар дамжуулан 70 удаагийн үйлдлээр 200.527.213 төгрөгийг хувьдаа ашилан өөртөө давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учирсан, албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Анхан шатны шүүх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан гэж шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон  байх ба шүүгдэгч Д.Эрдэнэхишигийн өмгөөлөгчийн ...шүүх хэрэглэвэл зохих хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн..., шүүгдэгч Ж.Эрдэнэцогтын өмгөөлөгч нарын ...манай үйлчлүүлэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй байхад үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон, өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар мэтгэлцсэн байхад хууль зүйн ямар нэгэн дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн... гэсэн  агуулга бүхий гомдлыг хэргийн үйл баримтад тулгуурлан хянаж үзлээ.

3. Шүүгдэгч Д.Эрдэнэхишиг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Сангийн орлого хуримтлуулдаг болон сангийн харилцах данс бүрээр зарлагын гүйлгээг анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, мэдээллийн цахим санд тухай бүр бүртгэх”, “Сангийн харилцах данснаас шилжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал, шимтгэлийг төсвийн сарын хуваарь холбогдох баримтын бүрдэл, зөвшөөрлийг үндэслэн төлбөрийн хүсэлт, даалгаврыг бичиж баталгаажуулах...”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/218 дугаартай тушаалаар баталсан “Тэтгэмж тогтоох, хянах, олгох заавар”-ын 8 дугаар заалтыг зөрчиж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр дүү Г.Ариунаа нарын ХААН банк дахь харилцах дансаар дамжуулан 200.527.213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон болох нь:

-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... 2021 оны 04 дүгээр сард шалгалтаар энэ асуудал илэрсэн. ...яллах дүгнэлтэд авагдсан үйлдлийг би хийсэн нь үнэн...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Ц.Батцэрэнгийн “...Би тэтгэмжийн олголтонд шалгалт хийхэд Д.Шүрэнцэцэг гэх хүнд 40 гаруй сая төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж, 20 гаруй сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгогдсон байсныг тогтоосон. Ингээд л асуудал үүссэн. Манай тасгийн нягтлан бодогч Д.Эрдэнэхишиг нь өөрийн хамаарал бүхий төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр Ариунаа нарын нэр дээр жирэмсэн амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийг сар бүр давхардуулан олгосон байсан....” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Мөрөнгийн “... ажилгүйдлийн тэтгэмжийн материалыг иргэн өөрөө бүрдүүлээд өгдөг. Түүнийг би хүлээн авч програмд бодож хэвлээд хяналтын байцаагчид өгдөг хяналтын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулаад тасгийн дарга, нягтлан  бодогч нарт шилжүүлэн гарын үсэг зуруулдаг. Ингээд хянуулсан иргэдийн материалыг өөртөө архив болгон үлдээгээд иргэдийн нэрсийн жагсаалтыг мөнгөн дүнгийн хамт үйлдээд нягтлан бодогч Эрдэнэхишигт файлаар нь өгдөг байсан. Тухайн файлыг нягтлан Эрдэнэхишиг аймгийн нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг байсан. Гэтэл нягтлан бодогч Эрдэнэхишиг нь өөрийн хамаарал бүхий төрсөн эгч Д.Шүрэнцэцэг, бэр Ариунаа нарын нэрийг нэмж жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг сар бүр давхардуулан олгосон байсан.. гэсэн мэдүүлэг,

-гэрч Э.Наранбаярын “....Би 2018 оноос хойш одоог хүртэл тус хэлтэст хяналт шалгалт  дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Нийгмийн хэлтсийн даргын баталсан Мандал, Сайхан сумын ажилгүйдлийн тэтгэмжийг шалгах удирдамжийн дагуу....тасгийн үйл ажиллагааг шалгасан юм. Шалгалтаар 1 данс руу олон удаагийн давтамжтай гэмт хэргийн шинжтэй гүйлгээнүүд хийгдсэн байсан тул тухайн асуудлыг шалгахад тус сумын нягтлан бодогч Эрдэнэхишиг нь өөрийн хамаарал бүхий хүмүүс болох бэр Г.Ариунаа, төрсөн эгч Д.Шүрэнцэцэг нарын болон өөрийнхөө хувийн данс руу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 68 удаа нийт 193147379 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон... Эрдэнэхишиг дээрх сангуудаас өөрийн хамаарал бүхий хүмүүстээ тэтгэмжийн мөнгө гаргахдаа тухайн сард тэтгэмж авах хүмүүсийн нэр дээр дээрх хүмүүсийнхээ нэрийг нэмэх байдлаар жагсаалтдаа оруулан авч байсан нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.Нармандахын “ ... Д.Эрдэнэхишигээс нэхэмжлэх хохирлын дүн эцсийн байдлаар 200.527.213 төгрөг болсон байгаа. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс дахин тулгалт хийхэд Д.Эрдэнэхишигийн өмнөх хохирлын дүнд нь ороогүй түүний өөрийн хамаарал бүхий хүмүүс рүүгээ тэтгэмжийн мөнгө шилжүүлсэн 2 гүйлгээг нэмж тогтоосон байна...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлон тогтоогдсон байх тул  түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг анхан шатны шүүх анхааралгүй ялын бодлогыг чангатгаж, өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсон хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Эрдэнэхишигийг Эрүүгийн хуулийн 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн өөрчлөн найруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  шүүгдэгч Д.Эрдэнэхишигт холбогдох хэсэгт хууль хэрэглээний болон оногдуулсан ялд  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

5. Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2132000890016 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай’' тогтоолоор  Ж.Эрдэнэцогтыг “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас...” гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.  

Прокуророос   яллагдагч Ж.Эрдэнэцогт нь  Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар зүйл ”Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг” 37.1.13-д “ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг зөрчиж, албандаа хайнга  хандсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр 2022 оны 12 сарын 21-ны өдөр 57А дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна.  Тус яллах дүгнэлтийн хүчингүй болгох тухай яллагдагчийн өмгөөлөгчөөс дээд шатны прокурорт гомдол гаргаснаар Ерөнхий прокурорын газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн Прокурорын тогтоолоор “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоос зөрүүтэй яллах дүгнэлт үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагчийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, хэрэгт нотолбол зохих  байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр  прокурорын 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 57А дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгожээ.

Прокурор нь 2023 оны 06 сарын 02 ны өдөр 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ  урьд гаргасан алдаагаа засаж шүүгдэгч Ж.Эрдэнэцогтыг “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байхдаа  захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд дурьдаагүй Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.13-д заасан“ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биелүүлээгүйгээс сангийн нягтлан бодогч Д.Эрдэнэхишиг нь ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 200.527.213 төгрөгийг хувьдаа ашиглах нөхцfлийг бүрдүүлж бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Эрдэнэцогтыг яллагдагчаар татаж байгаа тохиолдолд ямар хуулийн, аль зoйл, заалтыг, мөн захиргааны хэм хэмжээний ямар актын аль зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой заасан байх ёстой.

Түүнчлэн  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар захирамжаар  “...нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, мөн оролцогчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр  буцаасан байхад шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй байгааг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй,  шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил арилаагүй байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн” гэсэн шүүгдэгч Ж.Эрдэнэцогтын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд  Эрүүгийнн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Д.Эрдэнэхишигт холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  

1 дэх заалтыг: 

“1.Шүүгдэгч Боржигон овогт Жаргалтулгын Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, Боржигон овогт Дэмбэрэлийн Эрдэнэхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. “ гэж,

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэхишигийн нийтийн албанд ажиллах эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,   

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эрдэнэхишигт оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж, тус тус өөрчлөн шийтгэх тогтоолыг 4, 5, 8  дахь заалтыг хүчингүй болгож, мөн тогтоолын 6, 7  дугаар заалтыг хэвээр үлдээсүгэй.     

2.Шүүгдэгч Д.Эрдэнэхишиг нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                       

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                        Г.ДАВААРЕНЧИН