| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0263/З |
| Дугаар | 128/ШШ2026/0266 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “******” ХХК /РД:******/
Хариуцагч: ******ТӨХК,
Хариуцагч: ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “******” ХХК /РД:******/ нарын хороонд үүссэн ******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах, ******ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, ******ТӨХК-ний дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, ******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н******, гомдол гаргагчийн өмгөөлөгч У.П******, Ө.Э******, хариуцагч ******ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******, тус компанийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ш******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “******” ХХК нь тус ******ТӨХК болон тус компанийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “...******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах, ******ТӨХК-ийн дахин үнэлсэн уг тендерт ирүүлсэн “******” ХХК-нийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, ******ТӨХК-ийн дахин үнэлсэн уг тедерт ирүүлсэн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
1.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа “******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах, ******ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан бөгөөд эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ******ТӨХК-аас 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад гомдол гаргагч “******” ХХК-ийн түншлэл болон гуравдагч этгээд “******” ХХК оролцсон.
2.2. ******ТӨХК-ийн “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлд “… “******” ХХК нь техникийн тодорхойлолт болон бусад шаардлагуудыг хангасан хамгийн бага үнийн санал өгсөн тул “хамгийн сайн” тендерээр үнэлж, “******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг хангаагүй” гэж үзжээ.[1]
2.3. Тендер захиалагч ******ТӨХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/229 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр гуравдагч этгээд “******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн.[2]
2.4. Харин 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр уг тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргагч “******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлгээний хороо дүгнэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу “******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан болохыг мэдэгдсэн.[3]
2.5. Дээрх захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “******” ХХК-аас “…захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "******" ХХК-ийн санал болгосон төхөөрөмж -25-аас +70 цельсийн хэмийн үзүүлэлттэй байгаа нь техникийн тодорхойлолтын 1.4-т нийцэхгүй, ухаалаг гарцад шаардагдах мэдээллийн дэлгэц, гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн дугаар таних камер, чингэлгийн дугаар таних камер, чанга яригч, мэдрэгч зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүдийн марк, модель, загварыг тусгаагүй, тусгай зөвшөөрлийн цахим системд тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй” зэрэг агуулгаар Сангийн яаманд гомдол гаргасан.
2.6. Дээрх гомдлыг Сангийн яамнаас хянаад 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “…Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1-д "Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана." гэж, техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70/ °С" гэж заасан байна. “******” ХХК харьцуулсан техникийн тодорхойлолтын 1.4-т заасан "Ажиллах температур: -40С +70С" гэсэн шаардлагыг нотлох баримт бичгээр ирүүлсэн HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн танилцуулгад "Ажиллах температур: 300С +700С" гэж тэмдэглэгдсэн байна. Гомдолд хавсаргаж ирүүлсэн "Shenzhen Hopeland Technologies Co., Ltd" үйлдвэрлэгчийн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас (https://www.hopelandrfid.com/product/integrated-rfid-reader/HF100.html)-aac шалгахад "Ажиллах температур: -25 цельсийн хэмээс заасан байх тул HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж техникийн +70 цельсийн хэм" гэж тодорхойлолтын дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх шаардлагатай ... “******” ХХК-аас тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.7, 1.8, 1.9, 1.10, 1.12, 1.13-т заасан бараанд дүйцүүлэн санал болгосон барааны үзүүлэлт, танилцуулга гэх баримт бичиг ирүүлсэн ч ямар марк, модель, загварын бараа нийлүүлэх талаар мэдээлэл тодорхойгүй байхад техникийн тодорхойлолтод нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/229 тоот шийдвэрийг хүчингүй болгож ... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг” захиалагч ******ТӨХК-д мэдэгдсэн.[4]
2.7. Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин хуралдаж 03 дугаартай тэмдэглэлд “******” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлж, “******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзжээ.[5]
2.8. Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжөөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу “******” ХХК-ийн тендерээс татгалзаж, “******” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөсөн.[6]
2.9. Захиалагчаас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/469 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр гуравдагч этгээд “******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн.[7]
2.10. Харин 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/470 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тус тендерт оролцсон “******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.4, 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж тендерээс нь татгалзсан болохыг мэдэгдсэн.[8]
2.11. Гомдол гаргагчийн зүгээс “... захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "******" ХХК-ийн санал болгосон HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж -25-аас +70 цельсийн хэмийн үзүүлэлттэй байгаа нь техникийн тодорхойлолтын 1.4-т нийцэхгүй, ухаалаг гарцад шаардагдах мэдээллийн дэлгэц, гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн дугаар таних камер, чингэлгийн дугаар таних камер, чанга яригч, мэдрэгч зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүдийн марк, модель, загварыг тусгаагүй, тусгай зөвшөөрлийн цахим системд тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байхад техникийн тодорхойлолтод нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр буруу ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагчийн зүгээс “... Сангийн яамнаас гомдлыг хянаад 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “…Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1-д "Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана." гэж, техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70/ °С" гэж заасан байна. “******” ХХК харьцуулсан техникийн тодорхойлолтын 1.4-т заасан "Ажиллах температур: -40С +70С" гэсэн шаардлагыг нотлох баримт бичгээр ирүүлсэн HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн танилцуулгад "Ажиллах температур: 300С +700С" гэж тэмдэглэгдсэн байна. Гомдолд хавсаргаж ирүүлсэн "Shenzhen Hopeland Technologies Co., Ltd" үйлдвэрлэгчийн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас (https://www.hopelandrfid.com/product/integrated-rfid-reader/HF100.html)-aac шалгахад "Ажиллах температур: -25 цельсийн хэмээс заасан байх тул HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж техникийн +70 цельсийн хэм" гэж тодорхойлолтын дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх шаардлагатай ...” гэсний дагуу дээрх асуудлыг дахин нягтлаад 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ****** ХХК-ийг дахин шалгаруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.13. Гуравдагч этгээдийн зүгээс “...гомдол гаргагч “******” ХХК нь шүүхэд гомдол гаргах эрхтэй этгээд эсэх нь эргэлзээтэй, манай санал болгосон HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж нь техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70/ °С" гэж заасанд нийцэж байгаа, HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн танилцуулгад "Ажиллах температур: 300С +700С" гэж тэмдэглэгдсэн нь техникийн шинжтэй алдаа байсан, уг танилцуулгыг бид өөрийн санаачилгаар бэлтгэж тендерийн баримт бичигт хавсаргасан, “******” ХХК-ийн түншлэлийн материалыг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагч нарын шийдвэр хуульд нийцсэн ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн гомдлын үндэслэлдээ: “...Манай "******" ХХК нь ******" ТӨХК-аас зарласан MT3/20250101222 дугаартай "ШАТ-ын иж бүрэн дүү, гарцын автоматжуулалт"-н ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт 2026.01.12-ний өдрийн 23/002 тоот "тендерийн түншлэлийн гэрээ"-гээр "******" ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т "Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно" гэж заасны дагуу түншлэн оролцсон.
Улмаар "******" ТӨХК-ний 2026.01.23-ний өдрийн 01/230 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" мэдэгдлээр манай "******" ХХК-нийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлгээний хороо дүгнэсэн тул мөн хуулийн 28.1.3-т заасны дагуу манай тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл ирүүлсэн.
Манай компани тус мэдэгдэлтэй холбогдуулан Сангийн яаманд 2026.01.27-ний өдөр 01/021 тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2026.02.05-ний өдрийн 03/741 тоот "гомдол хянасан тухай" албан бичгээр "... Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.1-т зааснаар захиалагчийн 2026.01.23-ний өдрийн 01/229 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 56.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье" гэсэн хариу ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 6.3-т "Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ:" гэж, 6.3.1-т "гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх;" гэж хуульчилсан бөгөөд түншлэлийн гишүүд нь 2026.01.12-ний өдрийн 26/002 тоот тендерийн түншлэлийн гэрээний үндсэн дээр тус бүрийн үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон. Тодруулбал, энэ тохиолдолд "******" ХХК-ны хувьд 2023.03.30-ны өдрөөс 2028.03.30-ны өдрийг хүртэл хүчинтэй байх хугацаатай "Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Түүнчлэн Сангийн яам гомдлыг хянаж буй үндэслэлдээ "...түншлэлийн гишүүн "******" ХХК-д холбогдох тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 17.4-т "Ажил гүйцэтгэх, дагалдах бараа нийлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана. Тухайн ажилд, дагалдах бараа нийлүүлэх шаардлагатай нэг зөвшөөрөл, эсхүл гэрчилгээг шаардсан бол түншлэлийн гишүүд хамтдаа бүрэн хангасан байна" гэж заасанд үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй" гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Түншлэлийн гишүүд гүйцэтгэх ажил үүргээ гэрээгээр хуваарилсан бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий "сүлжээ суурилуулалт, засвар үйлчилгээний" ажлыг тусгай зөвшөөрөл бүхий "******" ХХК, харин тухайн техникүүдийг худалдан авч бэлтгэн нийлүүлэх ажлыг "******" ХХК хариуцан ажиллана.
ТШЗ-ын 17.4-д оролцогч буюу түншлэлд тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсан бөгөөд манай түншлэлийн хувьд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан болно.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага"-г хангаж байгаа талаар. Сангийн яамны 2026.02.05-ний өдрийн 03/741 дугаар "гомдол хянасан тухай" шийдвэрийн үндэслэлдээ "... Түншлэлийн төлөөлөх эрхтэй этгээд "******" ХХК- иас “******" ХХК-тай 2023 онд байгуулсан 2023/09/17 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /гэрээний нийт үнийн дүн 450,916,000 төгрөг/ гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх бөгөөд тендер шалгаруулалтын ТШЗ 17.3-т "Борлуулалтын орлогын хэмжээ, ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг ТШЗ 17.1-д зааснаар өгөгдлийн хүснэгтэд тусгагдсан бол түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна" гэж зааснаар "******" ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүнд тавигдах 360,800,000 төгрөгийн шаардлагад нийцэхгүй байх тул "******" ХХК-ийг ижил төстэй ажлын хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Манай түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд болох "******" ХХК-ийн хувьд "******" ХХК-тай байгуулсан 2023 оны 450,916,000 (дөрвөн зуун тавин сая есөн зуун арван зургаан маянга)-н төгрөгийн "Ажил гүйцэтгэх гэрээ" болон акт, НӨАТ-ийн баримт, захиалагчийн тодорхойлолтыг хүргүүлсэн атал захиалагч ч тэр Сангийн яам ч тэр тус ажлыг огт дурдаж үнэлээгүйгээр дан ганц "******" ХХК-д ажил гүйцэтгэж өгсөн мэтээр дүгнэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна. "******" ХХК-ын хувьд дээрх 2 ажлаар нийт 606.588.000 төгрөгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн тул ТШЗ-ын 17.1-д заасныг бүрэн хангана.
Иймээс манай компани ТШЗ-ны 19.1-т заасан шаардлагыг хангасан атал захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн Сангийн яамны энэхүү шийдвэр нь үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 26.4.1-т заасныг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр байна.
“******” ТӨХК нь Сангийн яам 2026.02.05-ний өдрийн 03/741 дугаар "гомдол хянасан тухай" шийдвэрээр ТБОНӨХБАҮХАТХ-ын 59 дүгээр зүйлийн 56.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэсэн боловч уг ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй байна.
Бид Сангийн яамны 2026.02.05-ны өдрийн шийдвэрийг хүлээн авч эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж байх хугацаанд "******" ТӨХК нь тус шийдвэрийг хэрэгжүүлж дахин үнэлгээ хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 82.2-т "Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ: 82.2.1 т- "гомдол гаргах хугацаа өнгөрсөн" гэж заасныг зөрчсөн.
"******” ТӨХК-наас бидэнд 2026.02.11-ний өдрийн 01/470 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдлээр "...ТШЗ 19.1, ТШЗ 17.1-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу танай тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Ийнхүү дахин үнэлэхдээ өмнөх шийдвэрийн нэгэн адил шийдвэр гаргаж манай түншлэлийг ТШЗ 19.1, ТШЗ 17.1-г хангаагүй гэж үзсэн нь дээр дурдсанчлан "түншлэлийн гишүүд хамтдаа хангах шалгуур үзүүлэлтийг тус бүртээ хангах мэтээр тайлбарлаж татгалзсан", "****** ХХК-ын хувьд "******" ХХК-тай байгуулсан 2023 оны 450,916,000 (дөрвөн зуун тавин сая есөн зуун арван зургаан маянга)-н төгрөгийн ижил төстэй ажлыг огт үнэлээгүй нь ТБОНӨХБАҮХАТХ-ын 26.2-д "Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2- т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ" мөн хуулийн 7.3-д "Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ" гэж заасныг зөрчсөн.
Монгол Улсын Сангийн яамны 2026.02.05-ний өдрийн 03/741 дугаар "гомдол хянасан тухай” шийдвэрээр "******" ХХК-ний тендерийг хянан үзэж, "... ******" ХХК-ний харьцуулсан техникийн тодорхойлолтын 1.4-т заасан "Ажиллах температур -40С +70 гэсэн шаардлагыг нотлох баримт бичгээр ирүүлсэн HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн танилцуулгад ажиллах температур 300С +700 гэж тэмдэглэгдсэн байна" гээд үүнийг нягтлах шаардлагатай, мөн гомдолд хавсарган ирүүлсэн мэдээллийн дагуу -25С +70С хэм гэж заасан тул шалгах шаардлагатай гэсэн. Түүнчлэн "******" ХХК-иас тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.7, 1.8, 1.9-д 1.10, 1.12, 1.13-д заасан барааны ямар марк, модель, загварын бараа нийлүүлэх нь тодорхойгүй байхад техникийн тодорхойлолтод нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гээд захиалагчийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан.
Бидэнд захиалагч "******" ТӨХК-наас 2026.02.11-ний өдрийн 01/470 дугаартай тендер татгалзах тухай мэдэгдэл ирүүлсний дараагаар Tender.gov.mn сайтаас харахад уг тендерт "******" ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдээлэл орсон болохыг мэдсэн.
Нэгэнт Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу "******" ХХК нь тендерийн шаардлагыг хангахгүй байсныг эцэслэн шийдвэрлэсэн атал Захиргааны ерөнхий хуулийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж заасныг зөрчиж тус компанийг тендерийн " шаардлага хангасан хэмээн үнэлж улмаар шалгаруулсан нь хууль бус байна. Хуулийн дагуу бол тус компанийн тендерээс ТБОНӨХБАҮХАТХ-ын 26.4.2-д "санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх" гэж заасны дагуу татгалзах ёстой байсан.” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч У.П****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерийн үнэлгээний хороо 02 дугаар сарын 10-ны өдөр 3 үндэслэлээр “******” ХХК-ийг тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан. 1 дүгээрт, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Энэ шаардлагын хүрээнд “******” ХХК лиценз.мн /license.mn/ сайтаас харахад тусгай зөвшөөрлийн тендерийн баримт бичиг дээр заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байна. Гэтэл хангахгүй байна гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна. 2 дугаарт, ТШЗ-19.1-д зааснаар ажил гүйцэтгэх хүний нөөцийн туршлага, сервисийн баг ажиллуулж байсан талаарх баримтыг ирүүлээгүй байна гэж үзэж татгалзсан. Гэтэл бид тендер шалгаруулалтын баримт бичигт уг материалыг болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудыг өгсөн. Гэтэл энэ баримтыг ирүүлээгүй байна гэж үзэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Мөн ТШЗ-ны 19.1-д зааснаар ижил төстэй ажил гүйцэтгэх шаардлага хангахгүй гэж үзэж татгалзсан. Гэтэл “******” ХХК-ийн хувьд “******” ХХК болон “******” ХХК-тай байгуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт ****** боомт хилийн заагт хэрэгжүүлж буй олон төрөлт чингэлэг тэргэн терминалын талбайн автомат хаалт болон тоног төхөөрөмж суурилуулах системийн 405,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан баримтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, баримтаа өгсөн байхад шаардлага хангахгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй юм. Мөн “Говийн мөнгөн залай” ХХК-тай байгуулсан гэрээ болон гэрээг дүгнэсэн актыг ижил төстэй ажил гүйцэтгэх шаардлагыг хангах баримтыг гаргаж өгсөн. Бид баримтаа гаргаж өгсөн байхад ямар үндэслэлээр манай баримтыг шаардлага хангахгүй гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн хурлын тэмдэглэл дээр энэ талаар дурдаагүй. Тийм учраас хууль бус ажиллагаа болсон байна гэж харж байна. Мөн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй байхад нь хангасан гэж үзэж шалгаруулсан гэж маргаж байна. Тухайлбал, ухаалаг гарцын техникийн тодорхойлолтын 1.4, тээврийн хэрэгслийн Ар Эф Ай Ди /RFID/ унших төхөөрөмж -40-өөс 70 хэмд ажиллах ёстой гэх техникийн шаардлагыг тавьж байна. Үүнтэй холбоотой техникийн нөхцөлөө ирүүлэх ёстой байсан. Тендер шалгаруулалтын баримт бичигт авагдсанаар “******” ХХК-ийн тендерт ирүүлсэн Ар Эф Ай Ди /RFID/ төхөөрөмжийн ажиллах хэм нь -25 хэмээс 70 хэмд ажиллана гэж ирүүлсэн. Мөн “******” ХХК танилцуулга дээрээ ажиллах температур нь 300+ цельсээс 700 цельс гэх илэрхий алдаатай ирүүлсэн. Гэтэл үүнийг техникийн тодорхойлолтын шаардлага хангаж байна гэж шалгаруулсан нь илт хууль бус буюу үндэслэлгүй гэж үзэж байна. Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичигт байгаа зарим техникийн модель марк загвар нь тодорхойгүй байна. Үнэхээр загвар модель нь байхгүй байна уу гээд тендерийн материалаас харахад танилцуулга дээр гэрлэн зохион гээд зураг, тээврийн хэрэгслийн улсын дугаар таних камер гээд зураг өгсөн. Өөрөөр хэлбэл, ямар модель, ямар загварын тээврийн хэрэгсэл санал болгож байгаа нь тодорхойгүй. Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичиг дээр нягтлан үзэх шаардлагатай гэсэн байна. Гомдлын хамгийн сүүлийн хэсэгт ямар модель, загварын бараа нийлүүлэхэд мэдээлэл нь тодорхойгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, бодитоор ийм бараа бүтээгдэхүүн яг байдаг эсэх, эсхүл интернэтэд байсан зураг авч хийгээд ийм бараа байдаг гэх байдлаар санал болгосон эсэх нь тодорхойгүй байгаа учраас үүнийг тодорхой болго гэж шийдвэр гаргасан. Харамсалтай нь хурлын тэмдэглэлтэй танилцахад энэ асуудлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй, өмнөх тэмдэглэлээ хэвээр үлдээе гэх агуулгатай яриа яригдаад өмнө нь гаргасан шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Тийм учраас Тендерийн үнэлгээний хорооны “******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэж заасан байхад нийцээгүй байхад шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасныг зөрчиж шалгаруулсан байна гэх үндэслэлээр тайлбарлаж байна.” гэжээ.
3.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчаас үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна гэдэг ерөнхий дүгнэлт хэлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан шийдвэрийн бодит нөхцөл байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх гэдэг үндсэн зарчмыг хангаагүй. Тендерийн үнэлгээний хорооны 2 хурлын тэмдэглэлд ямар үйл баримтад үндэслэж, нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь тодорхой биш байна. Захиргааны ерөнхий хуулийн 40.2-д заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдсан үндсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, бичгээр гаргах захиргааны актын хувьд бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэх шаардлагыг Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт тусгагдаагүй. Захиалагч тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг аваад Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хуульд нийцсэн эсэх талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.6-д зааснаар өөрөө хянаж болно. Дахиж хянаад өөрийнхөө шийдвэрийг гаргаж болно. Гэтэл захиалагч хуулийн 29.6-д зааснаар дахин хянах процессыг хэрэгжүүлээгүй, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр дээр тусгагдаагүй үндэслэлийг нэрлэн зааж, тендерт оролцогчдод мэдэгдсэн. Тусгай зөвшөөрлийн асуудлыг Тендерийн үнэлгээний хорооны хурал дээр огт яриагүй энэ үндэслэлээр тендерийн оролцогчоос татгалзаагүй. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт Тендерийн үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхээр буцаасан.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар дээд шатны байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Хэлэлцүүлгийн явцад тодруулахад Сангийн яамнаас гаргасан шийдвэрийн нэхэмжлэгч компанитай холбогдох хэсгийг нь биелүүлээд хүчин төгөлдөр гэж үзээд явж байна. Гуравдагч этгээд компанийн хувьд Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй. Сангийн яамнаас гомдолд дурдсан цахим сайт, бодит нөхцөл байдалд нээлттэй цахим сайт дахь мэдээллийг үндэслэж энэ шаардлага шалгуурыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг дахин хий гэж буцаасан байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй, хурлын тэмдэглэлд байхгүй, хэлэлцүүлгийн явцад хурлын гишүүн хянасан байх, инженер мэргэжилтэй хүн тул тэр хүнд итгэж байна гэх утга бүхий тайлбарыг хэлж байгаа нь бодит үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй болохыг нотолж байна. Тухайн ажиллагаа хийгдээгүй болохыг нотолж байна. Тендерийн оролцогчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хүргүүлж байгаа баримт бичгийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй. Хуулийн 17.2.4-д гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрийн мэдээлэл гэж заасан. Тухайн тохиолдолд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой тоног төхөөрөмжүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг зааж өгсөн. Тоног төхөөрөмжүүдийн шалгуур үзүүлэлтүүд нь ямар тохиолдолд тэр нөхцөлийг хангасан тоног төхөөрөмж нийлүүлэх вэ гэдгийг тендерийн оролцогчид ямар марк, загвар бүхий тоног төхөөрөмж нь энэ захиалагчийн шаардаж байгаа техник үзүүлэлтүүдийг хангаж байгаа вэ гэдгийг нэр дурдаж хүргүүлж байж нотлох ёстой. Гуравдагч этгээдийн хувьд ямар марк, загварын тоног төхөөрөмжийг тухайн тендерт ашиглах гэж байгаа талаар мэдээллийг ирүүлээгүй. Тэгэхээр гуравдагч этгээдээс техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэх эсэхийг нотлох, дүгнэх боломж байхгүй.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн санхүүгийн чадавхын хувьд 2023, 2024 оны жилүүдэд 100% хангасан гэдэг үндэслэлийг хэлээд байна уу, эсвэл ижил төстэй ажил гүйцэтгэлийн хувьд 100% хангасан байна гэж дүгнээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Ижил төстэй ажлын хувьд тендерийн ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч 2-ын хувьд 2023, 2024 онд хамтарсан байдлаар тендерийн шалгуур үзүүлэлтэд заасан нөхцөлүүдийг бүрэн дүүрэн хангасан. Ажиллах хүчин болон сервисийн багтай байх гэдэг шалгуур шаардлагын хувьд баг ажиллуулж байсан байх гэдэг шаардлагыг хангасан, тухайн тендерт баг ажиллана гэдгийг нотолсон буюу загвар маягтынх нь дагуу серверийн багийн мэдээллийг хүргүүлсэн. Серверийн баг ажиллуулж байгаагүй эсвэл серверийн баг биш байна гэдэг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зүгээр л хүний нөөцийн хувьд чадавх, шаардлагыг хангахгүй байна гэдэг ерөнхий дүгнэлтийг хийсэн байна. Бичгээр гарсан захиргааны актад тусгагдаагүй үндэслэлийг нэрлэн зааж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гуравдагч этгээд компаниас тендерийн баримт бичигт заагдсан техникийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бараа, ажил үйлчилгээг санал болгоогүй. “Жи Ай Эф”-100 гэдэг тоног төхөөрөмжийн хувьд ажиллах горим нь -25-аас +40 цельсийн градуст ажиллах тоног төхөөрөмж гэж захиалагч шалгуур тавьсан байхад гуравдагчаас -40-өөс +70 цельсийн градуст ажиллах тоног төхөөрөмж санал болгосон нь тендерийн шалгуурыг хангаагүй гэдгийг нотолж байна. Монгол орны хувьд говь, хангай нь ялгаагүй өвлийн улиралд -40 градусаас давж хүйтрэх тохиолдлууд байна. Тэгэхээр бодит байдалд -25 градуст ажиллах тоног төхөөрөмж байна уу, хүйтрэх үед нь экспортын үйл ажиллагаа зогсох үр дагавартай. Энэ нь зөвхөн тендер биш цаашлаад нийтийн ашиг сонирхол мөн тендерийнх нь гол үндсэн зорилго болох экспортын бараа бүтээгдэхүүн нүүрс экспортлох хурдыг нэмэгдүүлэх гэдэг эсрэг үйлчлэл бүхий үр дагавар үүсэхээр байна. Тендерийн тоног төхөөрөмжийн асуудал биш тендерийн үр дүн бүхэлдээ хүчингүй болох асуудал яригдана.
Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон хариуцагчийн шийдвэрүүдээс харахад өмнөх шийдвэрээ хүчингүй болгочихъё, 3 дахь удаагаа энэ тендерийг явуулахгүй байя гэдэг ийм л үндсэн зорилготой, яарсан, хөнгөн хандсан, үндэслэл бүхий дүгнэлт, шийдвэр гаргаагүй харагдаж байна. Тендер сонгон шалгаруулалт хурдан шуурхай байхдаа чухал биш, хамгийн гол нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байтал хариуцагч үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.” гэжээ.
3.4. Хариуцагч “******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“******” ХХК тусгай зөвшөөрөлтэй байсан гэх асуудал яригдаж байна. ТШЗ-ны 17.4-д ажил, үйлчилгээ нийлүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана. Тухайн бараа, ажил нийлүүлэхэд шаардлагатай нэг зөвшөөрөл, эсхүл гэрчилгээг захиалагч шаардсан бол түншлэлийн гишүүн тус бүр уг шаардлагыг хангасан байх шаардлагатай гэж заасан. “******” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигт шаардсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ирүүлсэн ч “******” ХХК ирүүлээгүй. Тийм учраас Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “******” ХХК-ийн тендерээс татгалзсан. ТШЗ-ны 19.1-д сервисийн баг ажиллуулж байсныг нотлох гэж заасан. Захиалагчийн тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтод хариу арга хэмжээ авах зориулалтаар ****** орчимд байнгын серверийн багтай байх гэх шаардлагыг тавьсан. Өөрөөр хэлбэл, техник тоног төхөөрөмжийг нийлүүлээд угсралт, суурилуулалт, хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх цогц арга хэмжээг суурилуулсны үр дүнд 6 сарын туршилтын хугацаа, 1 жилийн баталгаат хугацаанд засвар үйлчилгээ гарах шаардлагатай болоход серверийн баг дуудахад бэлэн байлгах үүднээс захиалагчаас серверийн баг ****** буюу хил орчмын бүст байнгын бэлэн байх шаардлага шаардлагыг тавьсан. “******” ХХК болон түншлэгчээс ирүүлсэн бичиг баримтуудад холбогдох инженер техникийн мэдээллийг ирүүлсэн ч ****** орчимд байнгын серверийн баг ажиллуулдаг гэх мэдээллийг ирүүлээгүй. “******” ХХК-ийн хувьд энэ шаардлагыг хангасан байсан. Ижил төстэй бараа нийлүүлснийг 2023, 2024 онд жил тус бүр нь шаардлагыг хангасан байх ёстой. “******” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал дээр 2024 онд ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн гэх компанийн гэрээний үнийн мэдээлэл нь тендерийн бичиг баримтад тусгасан 100 хувийн шаардлага хангасан байх ёстой, үүнээс ТШЗ-ны 17.3-д зааснаар ерөнхий буюу толгой компани нь хувийг хангасан байх ёстой гэх шаардлагад нийцээгүй гэдэг үндэслэлээр Тендерийн үнэлгээний хороо татгалзсан. Уг татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн “******” ХХК-аас ирүүлсэн мэдээлэл нь техникийн даалгаварт заасныг хангаагүй байхад шалгаруулсан гэж тайлбарлаж байна. Захиалагч анхнаасаа үндсэн техникийн нөхцөлийг заасан. Харин ямар нэгэн брэнд, лого заагаагүй. Тухайн техникүүд цогцоороо ажиллаад, манай дээр ухаалаг гарц, орцны асуудлыг шийдвэрлэгдээд, программчлалын хөгжүүлэлтийн асуудлыг давхар зарласан бараа, ажил үйлчилгээний хосолсон тендер. Тийм учраас “******” ХХК-аас ирүүлсэн тендерийн саналууд нь манай тавьсан техникийн тодорхойлолтод нийцэж байсан учраас Үнэлгээний хорооноос шалгаруулсан. Үнэлгээний хороо ямар нэгэн байдлаар илт хууль бусаар тендерт нийцээгүй компанийг шалгаруулсан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн хүчингүй болгож “******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерийн бичиг баримтад нийцсэн болохыг тодорхойлж гэрээ байгуулахыг даалгах гэсэн байна. “******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдол, хянасан тэмдэглэлээр Үнэлгээний хорооны тусгай зөвшөөрөл, техникийн баг ажиллуулдаг байх, ижил төстэй ажлын шаардлага хангасан байх зэрэг шаардлагуудад нийцээгүй байна гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн учраас шаардлагад нийцсэн тендер байна гэж шалгаруулах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.5. Хариуцагч “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“******” ХХК болон “******” ХХК-ийн түншлэл орж ирсэн. “******” ХХК нь “Таван толгой” ХХК-д пүү суурилуулсан. Энэ компани нь пүү суурилуулах, пүүний хэмжилт хийдэг. ШАТ-ны автоматжуулалт дээр сервисийн баг ажиллуулдаггүй гэдгийг манайх мэднэ. Хэрэв ШАТ-ны автоматжуулалт дээр сервисийн баг Цогтцэций өртөө, ****** өртөөнд ажиллуулж байсан гэх мэдээллийг “******” ХХК-аас ирүүлээгүй. Үүнийг шалгаж үзсэн бөгөөд зөвхөн түншлэн орж ирсэн “******” ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын мэдээллийг ирүүлсэн учраас нотлоогүй гэж үзсэн. Сангийн яамнаас ирсэн гомдол хянасан тухай албан бичигт түншлэлийн төлөөлөх эрхтэй этгээд “******” ХХК-аас “******” ХХК-тай 2023 онд байгуулсан 20230917 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний нийт үнийн дүн 450,916,000 төгрөг, гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримт, захиалагчийн тодорхойлолтыг, “******” ХХК-тай 2024 онд байгуулсан 5028 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний үнийн дүн 150,672,000 төгрөг, төлбөрийн баримт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх бөгөөд ТШЗ-ны 17.3-д борлуулалтын орлогын хэмжээ, ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийн ТШЗ-17.1-д заасан өгөгдлийн хүснэгтэд тусгасан бол түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна гэж зааснаар “******” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүнд тавигдах 360,800,000 төгрөгийн шаардлагад нийцэхгүй байх тул “******” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагын дээр дурдсан сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудад тухайн төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг доод тал нь 1 удаа гүйцэтгэгдсэн байна гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж ирсэн. Сангийн яамны “******” ХХК-ийн 3 асуудлыг хэлэлцсэний 2 нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж ирсэн учраас бид 3 дугаар хурлаар “******” ХХК яагаад ч шаардлагад нийцэхгүй юм байна гэж дүгнээд, шалгаруулж байгаа “******” ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн.” гэжээ.
3.6. Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ш****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ижил төстэй ажлын тухайд манай компани Олон Улсын санхүүжилт, Засгийн газрын санхүүжилттэй, хувийн аж ахуйн нэгжийн санхүүжилттэй ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлуудыг дуусгасан талаарх тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргаж өгсөн. Энэ нь уг ажлыг хийх бүрэн чадамжтай гэдгийг тодорхойлж байна. Тус төслийг хийх чадамжгүй байж магадгүй, тус төсөл дээр эрсдэл гарахгүй байх үүднээс ижил төстэй ажлыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч талын ижил төстэй ажил эрсдэл гарч магадгүй ойлголтыг төрүүлж байна. Тийм учраас ижил төстэй ажлын шаардлага хангахгүй байна, хангалттай туршлагагүй байна гэж миний хувьд үзэж байна. Манай компанийн тендерийн бичиг баримтын шаардлага бүрэн гэж үзэж байна. Тийм учраас Үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна. Нэхэмжлэгч талын гаргасан 2 асуудалд өмгөөлөгч тодорхой тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа 2 асуудлыг Тендерийн үнэлгээний хороо шаардаагүй. Манай компанийн хувьд нэмэлт материалаар захиалагч талд ойлгомжтой байх байдлаар хавсаргасан. Тендерийн баримт бичгийн шаардлагыг бол бүрэн хангасан, тендерийн тодорхойлолт дээр компанийн тамга, миний гарын үсэгтэйгээр тодорхой байна. Манайхыг алдаа гаргасан гэж хэлж байна. Гэтэл тендерийн баримт бичигт шаардаагүй баримт мөн модель загварын талаар дурдаж байна. Модель загварыг хэрэв шаардсан бол нэхэмжлэгч тал мөн гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн материалд модель, загвар байхгүй байна. Энэ нь тендерийн шаардлагад байхгүй байсан гэдгийг давхар нотолж байна.” гэжээ.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас ажлын туршлагыг харгалзан үзэж,мөн тендерийн баримт бичиг дээр загвар моделийг заагаагүй. Харин Монголын нөхцөлд ажиллах боломжтой технологийг нийлүүлэхийг дэмжсэн гэж тайлбарлаж байна. Өгөгдлийн хүснэгтийн 19.1-д ижил төстэй үйлчилгээ гэдэгт нүүрс ачилт, буулгах талбай /НАБ/, эсвэл гаалийн хяналтын бүсийн талбайн ухаалаг гарцын ажлын туршлагыг тооцно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, -30 хэмээс +70 хэм гэж нэхэмжлэгчийн яриад байгаа техникүүд 17, 18 орчим техникийг нийлүүлээд, нэгдсэн тогтолцоо болгоод угсарсан. Уг угсарсан ухаалаг гарцын ажлын туршлагаар шалгарах ёстой ажил байна. Хариуцагч техникийн тодорхойлолтыг шаардаагүй гэж тайлбарлаад байхад нэхэмжлэгч техникийн тодорхойлолтыг үнэлэх ёстой байсан гэж маргаж байна. Марк, модель тусгана гэдэг нь өрсөлдөөнд хамааралтай заалт болно. Тийм учраас тендерийн баримт бичигтэй маргаж байна уу, эсхүл гаргасан шийдвэртэй маргаад байна уу гэдэг нь тодорхойгүй. Тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолтыг заахдаа марк, модель гэж тодорхой заахгүйгээр ажиллах горимыг тодорхой ирүүл гэж заасан байна. Хавтаст хэргийн 25 дахь талд байгаа баримтыг харвал тендерийн тодорхойлолт гэж тендерийн үндсэн баримт бичигт шаардсан материалыг -40-өөс +70 гэж тодорхой бичсэн байна. Энэ техникийн тодорхойлолтыг нотлох, батлах баримт бичгийг тендерийн баримт бичгээр шаардаагүй байна. Тендерийн материалын нийлүүлэх тоног төхөөрөмжийн танилцуулгыг захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгээр шаардаагүй. Харин гуравдагч этгээд өөрийн ажлын туршлагыг илүү нотлох зорилгоор хавсаргаж өгсөн. Хэрэв энэ баримтыг шаардлагатай гэж үзэж байгаа бол яагаад, шаардлагагүй бол яагаад гэдэг үүднээс нэхэмжлэгчээс тодорхой тайлбар гаргахыг хүсэж байна. Техникийн тодорхойлолт танилцуулга 2-ын хооронд байгаа алдааг хооронд нь зөрүүлж яриад байгаа учраас талуудын хооронд маргаан үүсээд байна. Техникийн тодорхойлолт, танилцуулга 2-ыг хооронд нь холиод яриад байгаа учраас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй мэтээр бичигдээд байна. Марк мэдээллийг бичээгүй гэж 2 дахь шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тендерийн баримт бичгийн хүрээнд авагдсан тендерийн саналын хүрээнд шийдвэрлэгдэх ёстой гэж тайлбарлаж байна. Баримт бичиг техникийн тодорхойлолтыг хангасан байх ёстой. Техникийн тодорхойлолтод заасан баримтын танилцуулгыг шаардаагүй байхад танилцуулга дээр байгаа алдааг яагаад алдаа гэж үзсэн, мөн тэр веб сайт дээрх мэдээллийг шаардаагүй байхад веб сайт дээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нь баримт бичгээс хальсан дүгнэлт хийлгэхийг эрмэлзэж байна гэж үзэж байна. Нөгөө талаас “******” ХХК болон “******” ХХК-ийн түншлэлийн техникийн тодорхойлолтыг үзэхэд зарим тоног төхөөрөмжийн марк, модель байхгүй байна. Өөрөөр хэлбэл, өөрт байхгүй зүйлийг нөгөө талаас шаардаж байгаа нь тендер шалгаруулалттай холбоотойгоор шүүхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэхийг эрмэлзэж байна гэж үзэж байна. Сангийн яамны бичгийг тодорхой хэмжээгээр гуйвуулж тайлбарлаж байна. Сангийн яам эцэслэж тогтоосон зүйл байхгүй. Харин зарим асуудлыг дутуу харсан байх үндэслэлтэй учир дахин үнэлнэ үү гэсэн. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны гаргасан урьдчилан шийдвэрлэж шалгасан актын дагуу Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 03 дугаартай хурлын тэмдэглэл гарсан байна. Сангийн Яамнаас шалга гэсэн урчаас шалгаж үзэх нь зүйтэй. Ар Эф Ай ди /RFID/ тээврийн хэрэгслийн жолоочид мэдээлэл өгөх зориулалт бүхий чанга яригч гэж заасан барааны үзүүлэлт, танилцуулга гэх мэт баримт бичиг ирүүлсэн ч ямар марк модель, загварын бараа нэмэх талаар мэдээлэл тодорхойгүй гэжээ. Гэтэл бид тээврийн баримт бичиг дээр ямар марк модель гэж заагаагүй, зөвхөн техникийн тодорхойлолтуудыг тавьсан. Энэ компани манай техникийн тодорхойлолтуудыг нийцэж байна гэдгийг техникийн харьцуулсан тодорхойлолтоор гаргаж ирсэн. Хэрвээ марк модель заавал давуу эрх олгоно, дээрээс нь марк моделийг заавал заах ёстой биш, техникийн тодорхойлолтод нийцсэн байх ёстой гэж шаардлага тавьсан учраас “******” ХХК-ийн өгсөн саналыг анхны хуралдаанаар тооцсон нь зөв байна гэх шийдвэрийг Сангийн яамны актын дагуу гаргасан байна. Үүнээс дүгнэвэл, Үнэлгээний хорооноос “******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч “******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж шийдвэр гаргаагүй Тендерийн үнэлгээний хорооны барьсан зарчим, хууль хэрэглээг зөв гэж ойлгож, дэмжиж байна. Учир нь нэхэмжлэгч нь түншлэлээр орсон. Түншлэлээр орсон гэдгээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Тухайлбал, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ түншлэлийн гишүүд гүйцэтгэх ажил үүргээ гэрээгээр хуваарилсан гэж бичсэн байна. Үүнд, сүлжээ суурилуулалт, засвар үйлчилгээний ажлыг “******” ХХК хариуцна, харин тухайн техникүүдийг худалдаж авах, бэлтгэн нийлүүлэх ажлыг “******” ХХК хариуцна гэж тодорхой бичсэн. Мөн нэхэмжлэлдээ ТШЗ-17.4-д ажил гүйцэтгэх, дагалдах бараа нийлүүлэхэд шаардлагатай нэг зөвшөөрөл, эсвэл гэрчилгээг захиалагч шаардсан бол нэхэмжлэлийн гишүүд тус бүр уг шаардлагыг хангасан байх шаардлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл, тус бүр гэдэг нэр томьёо нь аль аль нь тухайн тусгай зөвшөөрлийг хангасан байх шаардлагатай гэдгийг тодорхойлжээ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хамтрал зохиох техникийн чадавх, туршлагын талаар тоон шаардлагыг тендерийн шалгаруулалтын баримт бичигт заана гэж заасан. Хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг аль, аль хангана гэж Тендерийн баримт бичигт тусгасан байна.
Тусгай зөвшөөрлийн цахим сангаас харахад “******” ХХК нь Цамхаг төв цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, гадна холбооны кабель шугамын угсралт гэсэн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэлдээ шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл тендер шалгаруулалтын зааварчилгаа дээр заавал байхыг шаарджээ. Тендерийн үнэлгээний хороо “******” ХХК-ийн түншлэлийг ижил төстэй бараа нийлүүлсэн хангалттай туршлагагүй буюу чадавх, туршлага нотлогдоогүй гэж үзсэн. Үүнийг мөн дэмжиж байна. Өгөгдлийн хүснэгтийн 19.1-д ижил төстэй туршлага гэдгийг нүүрс ачиж буулгах талбай эсвэл Гаалийн хяналтын бүсийн талбайн гол гарцын ажлын туршлагыг тооцно гэжээ. Өөрөөр хэлбэл, ижил төстэй үйлчилгээ гэдгийг 3 зүйлийг харж байж тогтооно. 1 дүгээрт, ажлын гүйцэтгэл нүүрс ачиж буулгах талбай дээр, эсхүл гаалийн хяналтын бүс дээр хийгдсэн байх ёстой. Мөн ухаалаг гарцын буюу автоматжуулалтын ажлыг хийсэн байх ёстой. Мөн ТШЗ-ны 17.3-д заасны дагуу төлөөлөх эрх бүхий этгээд 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 түүнээс дээш хувийг хангасан байна гэж заасан. “******” ХХК түншлэлийн гэрээгээр төлөөлнө гэж үзвэл 922 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн 360 саяас доошгүй хэмжээтэй ажлын туршлагыг нотлох шаардлагатай байсан байна. Гэтэл “******” ХХК-аас “******” ХХК-ийн гэрээг гаргаж өгсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байна. Энэ “******” ХХК-ийн компанийн гаргаж өгсөн гэрээ нь 3 шаардлагыг хангахгүй байна. Энэ талаар Үнэлгээний хорооны дүгнэлт дээр тухайлан дурдагдаагүй боловч илэрхий харагдаж байна. Гуравдагч этгээдийн зүгээс нөхөж үйлдсэн байх магадлал маш өндөр гэж үзэж байна. Учир нь “******” ХХК “******” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээ нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болно гэж гэрээнд заасан. Гэтэл гэрээг дүгнэсэн акт нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр буюу гэрээ байгуулсан өдрөөр, гэрээ дуусгавар болохоос 4 сарын өмнө урьдчилж гаргасан байна. “******” ХХК-ийн захиалагчийн актыг гаргаж өгсөн хүн нь И.Н****** гэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тийм учраас гэрээг дүгнэсэн актыг өөр, өөртөө гаргаж өгсөн байх боломжтой гэж харж байна. “******” ХХК компани нь “******” ХХК-ийн Гашуун сухайт боомтын ****** ханги боомтын олон төрөлт чингэлэг тээврийн терминалын ажил дээр ажилласан болохыг нотолж байгаа боловч өөрөө “******” ХХК нь боомтын чингэлэг тээврийн терминалыг хариуцан ажиллуулдаг эсэх, энэ ажлыг гүйцэтгүүлсэн эсэх нь тодорхойгүй. “******” ТӨХК нь төрийн өмчит компани учраас “******” ХК-ийн нүүрсний автомат пүүлт дээр төмөр замын чиглэл дээр хариуцан хийж байгаа нь ойлгомжтой, тодорхой байдаг. Гэтэл ****** боомт дээр ижил төстэй ажлыг хариуцаж хийж байгаа эсэх нь тодорхойгүй газраас тодорхойлолт өгсөн. Уг тодорхойлолтын дагуу захиалагчийг ижил төстэй ажлыг хийсэн болохыг тогтоож өгөхийг даалгаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан өөрийн түншлэлийн тендерт тавьсан шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байгаа үндэслэл нь хуульд нийцээгүй, тендерийн баримт бичгийг илт гуйвуулсан байна гэх логик дүгнэлтүүд гарч байна.
Мөн “******” ТӨХК-ийн зарласан 20250101222 дугаартай шилжүүлэн ачих терминалын иж бүрэн пүү гарцын автоматжуулалтын тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны 7.1-д тендер тээвэрлэх түншлэлийн гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. ТШЗ-7.6-д 7.1-д заасан гэрээнд түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүрэг, тоо хэмжээ гэх мэтийг үнийн дүнгийн хамт тодорхойлж тусгасан байна гэж шаардлагыг тодорхойлсон. Өмнө нь дурдсанчлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ түншлэлийн гишүүн гүйцэтгэх ажил үүргээ гэрээгээр хуваарилсан гэж тайлбарласан. Бид сүлжээ суурилуулалт, засвар үйлчилгээний ажлыг хариуцаад техник хэрэгслүүдийг худалдан авч, бэлтгэн нийлүүлэх ажлыг “******” ХХК хариуцна гэсэн. Гэтэл гэрээг харахад түншлэлийн гэрээнд тодорхой бичээгүй, үнийн дүнгийн хувьд хэдий хэмжээний ажлыг “******” ХХК хийж байгаа, хэдий хэмжээний ажлыг “******” ХХК хийж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн түншлэлийн гэрээний дуусах хугацааг гэрээний 2.3 дээр бичсэн байна. Тендер шалгаруулалтын үр дүнг нийтэд зарласан өдөр түншлэл нь тендерт шалгарч чадаагүй тохиолдолд энэхүү гэрээний хугацаа шалгаруулалтын үр дүнг нийтэд зарласан өдрөөр дуусгавар болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, түншлэлийн хууль ёсны ашиг сонирхлыг ярьж байна уу, “******” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг яриад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Түншлэлийг төлөөлөх эрх нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний дагуу дуусгавар болсон байна. Хэрэв түншлэлийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа бол түншлэлийг төлөөлөх эрх хуульд заасны дагуу олгогдоогүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Түншлэлийн гэрээний 5.1-д А тал нь түншлэлийн хамтын ажиллагааг удирдан зохион байгуулан түншлэлийг төлөөлөх бөгөөд захиалагчтай гэрээ байгуулсан нөхцөлд түншлэлийг төлөөлж аливааг хэрвээ хэлцэл гарын үсэг зурах бүрэн эрхийг эдэлнэ гэж заасан байна. Гэтэл захиалагчтай гэрээ байгуулаагүй. Тийм учраас түншлэлийг төлөөлөх эрх дуусгавар болсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.1.19-д "түншлэл" гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг хэлнэ гэж заасан. Тийм байхад 2 аж ахуй нэгж салангид байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой эсэхийг харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдлын шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагуудаас ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулсан “******ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” шаардлагад дурдсан маргаж буй ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хариуцагч ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж, бусад гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
А. Шүүх гомдол гаргагчаас тодорхойлон маргаж буй захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагуудыг учир зүйн уялдаа холбоо, дэс дараалалтай /логик уялдаатай/ байдлаар нь бүлэглэж, энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Нэг. ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хариуцагч ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тухайд:
1.1. Гомдол гаргагчийн зүгээс ******ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “******” ХХК-нийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан агуулгаар буюу “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн төрлөөр тодорхойлж маргасан.
1.2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэсний дагуу маргаж буй захиргааны актуудыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.
1.3. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, ******ТӨХК-аас 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад гомдол гаргагч “******” ХХК болон гуравдагч этгээд “******” ХХК оролцсон.
1.4. ******ТӨХК-ийн “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлд “… “******” ХХК нь техникийн тодорхойлолт болон бусад шаардлагуудыг хангасан хамгийн бага үнийн санал өгсөн тул “хамгийн сайн” тендерээр үнэлж, “******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг хангаагүй” гэж үзжээ.[9]
1.5. Тендер захиалагч ******ТӨХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/229 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр гуравдагч этгээд “******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн.[10]
1.6. Харин 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр уг тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргагч “******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлгээний хороо дүгнэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу “******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан болохыг мэдэгдсэн.[11]
1.7. Дээрх захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “******” ХХК-аас “…захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "******" ХХК-ийн санал болгосон төхөөрөмж -25-аас +70 цельсийн хэмийн үзүүлэлттэй байгаа нь техникийн тодорхойлолтын 1.4-т нийцэхгүй, ухаалаг гарцад шаардагдах мэдээллийн дэлгэц, гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн дугаар таних камер, чингэлгийн дугаар таних камер, чанга яригч, мэдрэгч зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүдийн марк, модель, загварыг тусгаагүй, тусгай зөвшөөрлийн цахим системд тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй” зэрэг агуулгаар Сангийн яаманд гомдол гаргасан байна.
1.8. Дээрх гомдлыг Сангийн яамнаас хянаад 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр гомдлыг шийдвэрлэжээ.
1.9. Тус албан бичгийн агуулгаас үзэхэд, “…Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1-д "Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана." гэж, техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70 °С" гэж заасан байна. “******” ХХК харьцуулсан техникийн тодорхойлолтын 1.4-т заасан "Ажиллах температур: -40С +70С" гэсэн шаардлагыг нотлох баримт бичгээр ирүүлсэн HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн танилцуулгад "Ажиллах температур: 300С +700С" гэж тэмдэглэгдсэн байна. Гомдолд хавсаргаж ирүүлсэн "Shenzhen Hopeland Technologies Co., Ltd" үйлдвэрлэгчийн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас (https://www.hopelandrfid.com/product/integrated-rfid-reader/HF100.html)-aac шалгахад "Ажиллах температур: -25 цельсийн хэмээс +70 цельсийн хэм гэж заасан байх тул HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж техникийн тодорхойлолтын дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх шаардлагатай ... “******” ХХК-аас тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.7, 1.8, 1.9, 1.10, 1.12, 1.13-т заасан бараанд дүйцүүлэн санал болгосон барааны үзүүлэлт, танилцуулга гэх баримт бичиг ирүүлсэн ч ямар марк, модель, загварын бараа нийлүүлэх талаар мэдээлэл тодорхойгүй байхад техникийн тодорхойлолтод нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/229 тоот шийдвэрийг хүчингүй болгож ... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг” захиалагч ******ТӨХК-д мэдэгджээ.
1.10. Улмаар уг албан бичгийн дагуу хариуцагчийн Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин хуралдаж маргаан бүхий 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжөөр “******” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлж, “******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан байна.[12]
1.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:” гээд, мөн зүйлийн 59.10.1 дэх заалтад “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;”, 59.10.2 дахь заалтад “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах;” гэж тус тус заасан.
1.12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Сангийн яам нь тендерт оролцогчоос ирүүлсэн захиалагчийн шийдвэрт холбогдох гомдлыг хүлээн аваад тендер шалгаруулалтын үйл ажиллагаа зөрчилтэй болсон гэж үзвэл тендер шалгаруулалтад холбогдох зөрчилд хамааралтай шийдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох өөрчлөлт оруулах, эсхүл зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах буюу зөрчлийг арилгасны дараа дахин үнэлгээ хийлгэх эрх хэмжээтэй байх ба хуульд заасан энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд “******” ХХК-аас гаргасан гомдлын нэг үндэслэл болох "******" ХХК-ийн санал болгосон төхөөрөмж -25-аас +70 цельсийн хэмийн үзүүлэлттэй байгаа нь техникийн тодорхойлолтын 1.4-т нийцэж байгаа эсэх асуудлыг нягталж үзэхийг захиалагчид мэдэгджээ.
1.13. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс шинжлэн үзэхэд, хариуцагч “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн яамнаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хийхийг даалгасан дээрх ажиллагааг буюу "******" ХХК-ийн санал болгосон төхөөрөмж -25-аас +70 цельсийн хэмийн үзүүлэлттэй байгаа нь техникийн тодорхойлолтын 1.4-т нийцэж байгаа эсэх асуудлыг нягталж үзэх ажиллагааг хийгээгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Тодруулахад:
1.14. Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “…Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1-д "Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана." гэж, техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70 °С" гэж заасан байна. “******” ХХК харьцуулсан техникийн тодорхойлолтын 1.4-т заасан "Ажиллах температур: -40С +70С" гэсэн шаардлагыг нотлох баримт бичгээр ирүүлсэн HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн танилцуулгад "Ажиллах температур: 300С +700С" гэж тэмдэглэгдсэн байна. Гомдолд хавсаргаж ирүүлсэн "Shenzhen Hopeland Technologies Co., Ltd" үйлдвэрлэгчийн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас (https://www.hopelandrfid.com/product/integrated-rfid-reader/HF100.html)-aac шалгахад "Ажиллах температур: -25 цельсийн хэмээс +70 цельсийн хэм гэж заасан байх тул HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж техникийн тодорхойлолтын дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх шаардлагатай” гэжээ.
1.15. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад, хариуцагч “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо болон гуравдагч этгээд нар “... "Shenzhen Hopeland Technologies Co., Ltd" үйлдвэрлэгчийн HF-100 бүтээгдэхүүний мэдээллийн дагуу үйлдвэрлэгчийн цахим хуудас (https://www.hopelandrfid.com/product/integrated-rfid-reader/HF100.html)-aac шалгахад "Ажиллах температур: -25 цельсийн хэмээс +70 цельсийн хэм гэж заасан” гэх үйл баримттай маргаангүй бөгөөд харин шийдвэрлэвэл зохих гол эрх зүйн асуудал нь “техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70 °С" байна гэсэн шаардлагыг “******” ХХК-ийн санал болгосон HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж хангасан эсэхийг холбогдох нотлох баримтаар хариуцагч тогтоосон эсэх” асуудал байжээ.
1.16. Гэвч хариуцагч “******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар тодруулахад, “... Тендерийн үнэлгээний хорооны дарга С.****** тухайн асуудлыг хянаад техникийн шаардлага хангасан байна гэж үзсэн ...” гэх агуулгатай тайлбарласан бөгөөд эндээс дүгнэхэд хариуцагч Тендерийн үнэлгээний хороо нь техникийн тодорхойлолтын 1.4-т "Тээврийн хэрэгслийн RFID tag унших зориулалт бүхий тоног төхөөрөмж "Ажиллах температур: -40-70 °С" байна гэсэн шаардлагыг “******” ХХК-ийн санал болгосон HF-100 загварын RFID уншигч төхөөрөмж хангасан эсэхийг холбогдох нотлох баримтаар тогтоолгүйгээр маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл болон зөвлөмжийг гаргасан болох нь тогтоогдож байна.
1.17. Зүй нь хариуцагч Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.” гэж заасны дагуу гуравдагч этгээд “******” ХХК-аас HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн “Бараа, бүтээгдэхүүний чанарын мэдүүлэг”-ийг шаардан авч, улмаар дахин үнэлгээ хийх тендерийн хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх ёстой байсан гэж үзнэ.
1.18. Харин шүүх хуралдааны шинэ нотлох баримт гаргаж өгөх шатанд гуравдагч этгээд “******” ХХК-аас Бараа, бүтээгдэхүүний чанарын мэдүүлгийг[13] орчуулгын хамт гарган өгсөн боловч тус баримтыг шүүх нөхөн үнэлэх боломжгүй, өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/741 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт зааснаар хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны хэрэгжүүлэх ёстой байсан нягтлах ажиллагааг шүүх нөхөн гүйцээж хийхгүй.[14]
1.19. Иймд дээрх ажиллагааг хийгээгүй атлаа 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” хэсэгт “****** ХХК нь техникийн тодорхойлолт ... хангасан ...” гэсэн нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
1.20. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчаас гаргасан “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хариуцагч ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 21 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.21. Иймд хариуцагч ******ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь дахин шинэ акт гаргахдаа энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.17-д заасан ажиллагаа болох “****** ХХК-ийн санал болгосон төхөөрөмж -25-аас +70 цельсийн хэмийн үзүүлэлттэй байгаа нь техникийн тодорхойлолтын 1.4-т нийцэж байгаа эсэх асуудлыг нягталж үзэх” ажиллагааг хийх байдлаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлбэл зохино.
1.22. Шүүхээс тогтоосон 21 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолохыг тэмдэглэж байна.
Б. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын маргасан бусад эрх зүйн асуудлын тухайд:
1.23. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргагчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад зааснаар “шүүхэд гомдол гаргах эрхгүй этгээд” гэх агуулгаар маргасан.
1.24. Тодруулбал, гуравдагч этгээдийн зүгээс “... Тендер шалгаруулалтын үр дүнг нийтэд зарласан өдөр түншлэл нь тендерт шалгарч чадаагүй тохиолдолд энэхүү гэрээний хугацаа шалгаруулалтын үр дүнг нийтэд зарласан өдрөөр дуусгавар болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, түншлэлийн хууль ёсны ашиг сонирхлыг ярьж байна уу, “******” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг яриад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Түншлэлийг төлөөлөх эрх нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний дагуу дуусгавар болсон байна. Хэрэв түншлэлийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа бол түншлэлийг төлөөлөх эрх хуульд заасны дагуу олгогдоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Түншлэлийн гэрээний 5.1-д А тал нь түншлэлийн хамтын ажиллагааг удирдан зохион байгуулан түншлэлийг төлөөлөх бөгөөд захиалагчтай гэрээ байгуулсан нөхцөлд түншлэлийг төлөөлж аливааг хэрвээ хэлцэл гарын үсэг зурах бүрэн эрхийг эдэлнэ гэж заасан байна. Гэтэл захиалагчтай гэрээ байгуулаагүй. Тийм учраас түншлэлийг төлөөлөх эрх дуусгавар болсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 4.1.19-д "түншлэл" гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг хэлнэ гэж заасан. Тийм байхад 2 аж ахуй нэгж салангид байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой эсэхийг харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна ...” гэх агуулгатай тайлбарлажээ.
1.25. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбарыг хүлээн аваагүй. Тодруулахад:
1.26. Хавтаст хэрэгт авагдсан “******” ХХК болон “******” ХХК нарын хооронд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 26/002 дугаартай “Түншлэлийн гэрээ”-ний 5.1-д “Түншлэлийн хамтын үйл ажиллагааг “А” тал /цаашид “Түншлэлийн удирдагч” гэх/ бүхэлд нь удирдан, зохион байгуулж ажиллана” гэж, 5.2-т “Түншлэлийн удирдагч нь Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын хүрээнд Түншлэлийг бүрэн төлөөлөх эрхтэй ба Захиалагчтай гэрээ байгуулсан нөхцөлд Түншлэлийг төлөөлж, аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурах бүрэн эрхийг эдэлнэ” гэж заажээ.
1.27. Түншлэгч талуудын хооронд байгуулсан гэрээний дээр дурдсан заалтуудыг үзэхэд, тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд талуудыг төлөөлөх болон тендер шалгаруулалттай холбоотой бусад асуудалд /тухайлбал, үүнд шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах асуудал хамаарна/ түншлэлийг төлөөлөх /аль алинд нь/ бүрэн эрхийг түншлэлийн удирдагч буюу “******” ХХК-д олгосон гэж үзэхээр байна.
1.28. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ялгаатай хоёр эрх зүйн харилцаанд аль алинд нь түншлэлийг төлөөлөх эрхийг гомдол гаргагч “******” ХХК-д олгосон байх тул тус хуулийн этгээдийг шүүхэд гомдол гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй.
1.29. Тиймээс энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.
1.30. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагч “******” ХХК-ийн зүгээс “... ****** ХХК танилцуулга дээрээ HF-100 загварын RFID уншигч төхөөрөмжийн ажиллах температур нь 300+ цельсээс 700 цельс гэх илэрхий алдаатай танилцуулга ирүүлсэн. Гэтэл үүнийг техникийн тодорхойлолтын шаардлага хангаж байна гэж шалгаруулсан нь илт хууль бус буюу үндэслэлгүй ... "******" ХХК-аас тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.7-д заасан "Тээврийн хэрэгслийн жолоочид мэдээлэл өгөх дэлгэц", 1.8-д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн мэдрэх зориулалт бүхий хэт ягаан туяаны мэдрэгч", 1.9-д заасан "Тээврийн хэрэгслийн жолоочид мэдээлэл өгөх зориулалт бүхий чанга яригч", 1.10-т заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий гэрлэн дохио", 1.12-т заасан "Тээврийн хэрэгслийн улсын дугаар таних камер", 1.13-т заасан "Чингэлгийн дугаар таних камер" бараанд дүйцүүлэн санал болгосон барааны үзүүлэлт, танилцуулга гэх баримт бичиг ирүүлсэн ч ямар марк, модель, загварын бараа нийлүүлэх талаар мэдээлэл тодорхойгүй байхад техникийн тодорхойлолтод нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй ...” гэх агуулгаар маргасан.
1.31. Шүүх дараах үндэслэлээр эдгээр тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тодруулахад:
1.32. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.18 дахь заалтад “техникийн тодорхойлолт гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.” гэж тус тус зохицуулжээ.
1.33. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, техникийн тодорхойлолт гэдэг нь худалдан авах барааны техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэр байх бөгөөд харин үүнд гуравдагч этгээдийн өөрийн санаачилгаар бэлтгэсэн “Тендерт нийлүүлэх бүтээгдэхүүний танилцуулга” гэх баримт бичиг хамааралгүй юм.
1.34. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судлахад гомдол гаргагч болон гуравдагч этгээдийн хавсарган ирүүлсэн тендерийн баримт бичгийн аль алинд нь техникийн тодорхойлолтын 1.7-д заасан "Тээврийн хэрэгслийн жолоочид мэдээлэл өгөх дэлгэц", 1.8-д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн мэдрэх зориулалт бүхий хэт ягаан туяаны мэдрэгч", 1.9-д заасан "Тээврийн хэрэгслийн жолоочид мэдээлэл өгөх зориулалт бүхий чанга яригч", 1.10-т заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий гэрлэн дохио", 1.12-т заасан "Тээврийн хэрэгслийн улсын дугаар таних камер", 1.13-т заасан "Чингэлгийн дугаар таних камер" бараанд дүйцүүлэн санал болгосон барааны үзүүлэлтүүд нь харилцан адилгүй байдлаар бичигдсэн байх боловч тухайн бүтээгдэхүүнүүдийн техникийн үзүүлэлтийн талаарх ерөнхий мэдээллүүд тусгагдсан байх бөгөөд эндээс үзвэл “гуравдагч этгээдийн танилцуулга нь тодорхойгүй тул техникийн тодорхойлолтод нийцэхгүй” гэсэн шууд дүгнэлтэд шүүх хүрэх боломжгүй байна.
1.35. Иймд гомдол гаргагчаас тайлбарласан энэ талаарх тайлбарууд үндэслэлгүй.
Хоёр. “******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:
2.1. Гомдол гаргагч нь “******” ТӨХК болон тус компанийн Тендерийн үнэлгээнд тус тус холбогдуулан “******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах” шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2. Шүүх хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Тодруулахад:
2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” гээд, 28.1.3 дахь заалтад “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэжээ.
2.4. Иймд шүүх захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийн үндэслэлүүдийг хянах замаар маргааныг шийдвэрлэнэ.
2.5. "******" ХХК, "******" ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг тухайлан судлахад, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-т "Зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ: "Шаардана". -Харилцаа холбооны зохицуулах хорооны "Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, гадна холбооны кабель шугамын угсралт" тусгай зөвшөөрөлтэй байх. Тусгай зөвшөөрлийг цахим системээр шалгах бөгөөд илэрцгүй тохиолдолд татгалзах үндэслэл болно." гэж заажээ.
2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.” гэж заасны дагуу зөвшөөрлийн цахим систем (license.mn) болон Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудас (https://crc.gov.mn/harilcaa-holboony-s-lzhee-ded-b-tcijn-suuriluulalt- zasvar-jichilgee-erhleh)-aас тусгай зөвшөөрлийн мэдээллийг шалгахад түншлэлийн төлөөлөх эрхтэй этгээд "******" ХХК 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2028 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй байх хугацаатай “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрөлтэй гэж, түншлэлийн гишүүн “******” ХХК-д холбогдох тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.4-т "Ажил гүйцэтгэх, дагалдах бараа нийлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана. Тухайн ажил, дагалдах бараа нийлүүлэхэд шаардлагатай нэг зөвшөөрөл, эсхүл гэрчилгээг захиалагч шаардсан бол түншлэлийн гишүүн тус бүр уг шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хэд хэдэн зөвшөөрөл, гэрчилгээ шаардсан бол түншлэлийн гишүүд хамтдаа бүрэн хангасан байна." гэж заасанд үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
2.7. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ажил гүйцэтгэх хүний нөөц: "Шаардана". Санал болгож буй ажилтнууд нь сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтан байх. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: -Тендерт оролцогчийн ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. - Сервисийн баг ажиллуулж байсны нотлох баримт, НДШ-ийн мэдээлэл ирүүлэх.” гэж заажээ.
2.8. Тендерийн баримт бичгүүдийг судлахад, түншлэлээс санал болгож буй ажилтнуудын мэдээллийг хавсарган оруулсан байх бөгөөд гомдол гаргагч “******" ХХК шүүх хуралдааны хэлэлцүүлэгт " өмнө нь манай компани хийж гүйцэтгэсэн бусад ажлууддаа сервисийн баг ажиллуулж байсан туршлагатай, ...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах ****** боомтод байрлах чингэлэг тээврийн терминалд тус компанийн 4 хүн ажиллаж 100 орчим асуудлыг зохих албан тушаалтанд шилжүүлж шийдвэрлэсэн ..." гэх зэргээр тайлбарлаж боловч энэ нь дээр дурдсан ТШЗ 19.1-д заасан "-Сервисийн баг ажиллуулж байсны нотлох баримт” гэсэн шаардлагад хамаарахааргүй байна гэж үзсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.
2.9. Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад гуравдагч этгээд “******” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах ****** боомтод байрлаж ажиллах сервисийн багийг томилсон холбогдох тушаалыг тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн бол гомдол гаргагч “******” ХХК-ийн түншлэлээс сервисийн баг ажиллуулж байсныг нотлох баримт болох холбогдох тушаал шийдвэрээ тендерийн баримт бичигт хавсаргаагүй болох нь тогтоогдов.
2.10. Түүнчлэн, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: "Шаардлагатай". Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудад тухайн төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг доод тал нь нэг, нэг удаа гүйцэтгэсэн байна. -Үйлчилгээ үзүүлсэн гэрээний хуулбар, -Хүлээлгэж өгсөн актын хуулбар, -Ижил төстэй үйлчилгээ нийлүүлсэн төлбөрийн баримт /Е баримтаар/-аар баталгаажуулан ирүүлнэ. -Тухайн үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлнэ. Ижил төстэй үйлчилгээ гэдэгт: Нүүрс ачиж буулгах талбай, гаалийн хяналтын бүсийн талбайн ухаалаг гарцын ажлын туршлагыг тооцно." гэжээ.
2.11. Гомдол гаргагч ******" ХХК-аас "******" ХХК-тай 2023 онд байгуулсан 2023/09/17 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ (гэрээний нийт үнийн дүн 450,916,000.0 төгрөг), гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримт, захиалагчийн тай 2023 онд байгуулсан 2023/09/17 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ (гэрээний нийт тодорхойлолтыг, "******" ХХК-тай 2024 онд байгуулсан 5/028 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ (гэрээний нийт үнийн дүн 155,672,000.0 төгрөг), төлбөрийн баримт, захиалагчийн тодорхойлолтыг тус тус ирүүлсэн байх бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-т "Борлуулалтын орлогын хэмжээ, ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг ТШЗ-ны 17.1-д зааснаар өгөгдлийн хүснэгтэд тусгасан бол түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна." гэж зааснаар "******" ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүнд тавигдах 360,800,000.0 төгрөгийн шаардлагад нийцэхгүй байх тул "******" ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагыг дээр дурдсан ТШЗ 19.1-д заасан "Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудад тухайн төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг доод тал нь нэг, нэг удаа гүйцэтгэсэн байна." гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
2.12. Иймд дээрх үндэслэлүүдээр "******" ХХК, "******" ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн байх тул “******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэг, 59.10.1, 59.10.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч "******" ХХК-ийн гаргасан “******ТӨХК-ийн дахин үнэлсэн тендерт ирүүлсэн “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн болон “******” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шалгуур хангасан гэж үзсэн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагад дурдсан маргаж буй “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл болон мөн өдрийн зөвлөмжийг хариуцагч “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 21 /хорин нэг/ хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 28.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “******” ХХК-ийн гаргасан “******ТӨХК-аас зарласан МТЗ/2025/0101222 дугаартай “ШАТ-ын иж бүрэн пүү гарцын автоматжуулалт” хийх тендер шалгаруулалтад “******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах” гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.21-д заасан нэмэлт ажиллагааг хийх замаар дахин шинэ акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “******” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь шүүхээс тогтоосон 21 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1-д заасан маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг тогтоосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 125-127 дахь тал
[2] Хх 128 дахь тал
[3] Хх 129-130 дахь тал
[4] Хх 135-138 дахь тал
[5] Хх 139-143 дахь тал
[6] Хх 131-132 дахь тал
[7] Хх 144 дэх тал
[8] Хх 145-146 дахь тал
[9] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 125-127 дахь тал
[10] Хх 128 дахь тал
[11] Хх 129-130 дахь тал
[12] Хх 139-143 дахь тал
[13] Хх 197-198 дахь тал
[14] Зарчмын хувьд, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1 дэх заалтад заасны дагуу гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллага буюу энэ тохиолдолд Сангийн яам нь холбогдох захиалагчийн шийдвэр нь “хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах” чиг үүргээ хэрэгжүүлсэн байх бөгөөд харин шүүхийн шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар даалгасан ажиллагаа хийгдээгүй зөрчил хэвээр байгаа бол “хууль тогтоомжид нийцсэн байх” эрх зүйт төрийн шаардлагын үүднээс, мөн түүнчлэн талуудад болон нийтийн ашиг сонирхолд ирээдүйд учирч болзошгүй “эрх зүйн болон бусад эрсдэлээс сэргийлэх” үүднээс шүүх тэрхүү нэмэлт ажиллагааг захиргааны байгууллагаар өөрөөр нь гүйцэтгүүлэх учиртай.