Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01796

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Н-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02152 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Н-ы хариуцагч Д.Г-, С.Ч- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1 705 600 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр, ашиглалт болон материалын зардал, ажлын хөлсний төлбөрт нийт 7 620 510 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н-, хариуцагч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч С.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа дэмжиж оролцоно, 2 дахь шаардлагаас татгалзаж байна. Учир нь хариуцагч нар ажлын байрыг суллаж буцааж өгсөн. Миний бие өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу 29 дүгээр байр 2 тоот хаягт байрлах, үйлчилгээний хоёр заалтай, гал тогоо, 00 өрөө тусдаа ажлын байрыг С.Ч-, Д.Г- нарын хүсэлтийн дагуу оффис болон кофе шопоор нэг жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцон 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байрны түлхүүрийг бусад эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бид түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т түрээсийн төлбөр нэг сарын 1 500 000 төгрөг ба түрээсийг 3 сараар төлөхөөр тохирсон. Гэрээний 1.5-д түрээслэгч талын гуйлтаар эхний 3 сарын төлбөрийг 1 сарын 1 000 000 төгрөг байхаар тохирсон. Учир нь түрээслэгч тал ажлын байрны ханыг оффисийн өнгөөр шохойдно, тохижилт хийнэ, хийсэн тохижилт нь түрээслэгч талд үлдэхээр тохирсон. Мөн Монгол Улс дотооддоо ковид-19 цар тахлыг алдаж, хэсэгчлэн хөл хорио тогтоосонтой холбоотой түрээслэгч талын гуйлтаар бид харилцан тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрийг 750 000 төгрөг болгон бууруулж, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний 1.2-т заасны дагуу түрээсийн төлбөрийг 1 500 000 төгрөг байхаар тохирсон. Түрээслэгч тал гэрээний 1.3-т заасны дагуу дараагийн 3 сарын төлбөр 4 500 000 төгрөгийг урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй. Түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад удахгүй төлнө гэдэг байсан. Мөн гэрээний 1.9-д барьцаа 1 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн өгөх байсан. Гэвч гэрээгээр тогтоосон үүргээ биелүүлээгүй 7 сарын хугацаа өнгөрсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 өдрийн түрээсийн төлбөр болох 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд 1 сар 4 хоногийн түрээсийн төлбөрт 1 700 000 төгрөг, цахилгааны төлбөр 5 600 төгрөг, нийт 1 705 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харуцагч С.Ч-, Д.Г- нар кофе шопын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу 29 дүгээр байр 2 тоот хаягт байрлах байрыг очиж үзээд уг байранд кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжтой эсэхийг тодруулсан. Тухайн үед Н.Н- ... би мэргэжлийн хяналт газраас асуусан, гол нь уг байрыг тухайн үйлчилгээний зорилго чиглэлдээ нийцүүлэн стандарт нормын дагуу засаж, тохижуулсан байхад асуудалгүй гэх тайлбарыг өгсөн. Ингээд хариуцагч нар кофе шопын үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд түрээсийн гэрээ байгуулснаас 2 сарын дотор стандарт нормын дагуу засвар үйлчилгээ хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст кофе шопын зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан. Тухайн үед бидэнд кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй талаар Н.Н-д хэлсэн шүү дээ гэх хариуг өгсөн. Н.Н- нь кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжгүйг мэдсээр байж бидэнд итгэл үнэмшил төрүүлж, хууран мэхэлж гэрээ байгуулсан. Бид кофе шопын үйл ажиллагаа эрхэлж ашиг олоогүй ба засвар үйлчилгээний зардал болон түрээсийн төлбөр төлж хохирсон. Бид уг түрээсийн байрыг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд Н.Н-д 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хөл хорио дуусаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний зориулалт өөрчлөх тухай ярьсан. Нэхэмжлэгч зориулалтыг өөрчилж чадахгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авъя гэсэн. Уг саналыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцлахаар тохирсон. Гэвч тухайн өдөр Н.Н- ирээгүй тул 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлын байрыг хүлээн авсан. Нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж ажлын байраа хүлээн аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Ч- Д.Г- нар нь кофе шопын зориулалтаар үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор түрээсийн байр хайж байгаад Н.Н-тай холбогдсон. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу 29 дүгээр байр 2 тоот хаягт байрлах хоёр өрөө байрыг түрээсэлж, гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнд кафе, кофе шопын зориулалттай үйлчилгээний хоёр заалтай, гал тогоо, 00 өрөө тусдаа үл хөдлөх хөрөнгө гэж тодорхой зааж өгсөн. Талуудын хооронд ашиг олох зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Н.Н- түрээсийн гэрээ байгуулахдаа тус байрны улсын бүртгэлийн гэрчилгээ буюу 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчилгээ, мөн энэ гэрчилгээтэй хамт орон сууцны зориулалт өөрчлөх тухай Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны 126 дугаар тушаалыг хавсаргасан. Түрээсийн орон сууцны үйлчилгээний зориулалт өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад үйлчилгээний зориулалттай биш орон сууцны зориулалттай гэдгийг мэдсэн. Иймд түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 3 000 000 төгрөг, барилгын засварын материалын зардалд 1 237 500 төгрөг, ашиглалтын зардал 183 010 төгрөг, засвар хийсэн үйлчилгээний хөлс 3 200 000 төгрөг, нийт 7 620 510 төгрөгийг нэхэмжлэгч Н.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын эхээр С.Ч-, Д.Г- нар ирж уулзан дотроо гал тогоотой оффис түрээслэх хэрэгтэй байна гэсэн. Гэрээний ердийн нөхцөл дээр кофе шопоор тохижуулсан ажлын байрыг оффис болон кофе шопын зориулалтаар түрээсэлнэ гэж заасан. Хэргийн 68 дугаар хуудсанд кофе шопын үндсэн бүтэц авагдсан. Гэтэл хариуцагч нар обойг нь хуулж оффисын зориулалттай болгож өөрчилнө, харин эхний гурван сарын түрээсийн төлбөрийг 1 000 000 төгрөг болгоод өг гэж гуйж, засвар хийсэн. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Г-, С.Ч- нараас 1 705 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.2, 289.2.5 дахь хэсэгт зааснаар Н.Н-аас 7 620 510 төгрөг гаргуулахыг хүссэн С.Ч-, Д.Г- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 890 төгрөг, хариуцагчаас төлсөн 136 879 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 80 790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргаагүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний гол шинж нь эд хөрөнгийг аж ахуйн буюу ашиг олох зориулалтаар эзэмшиж, ашигладаг бөгөөд үүгээрээ эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-т зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан байна. Талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаа явуулж үр шимийг хүртэх зорилгоор эзэмшиж ашиглах зорилготой байсан нь илэрхий байдаг. Шүүх талуудын хүсэл зоригийг үл харгалзан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон. Түүнчлэн яагаад эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэх болсон үндэслэлээ шийдвэрт тусгаагүй. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар шууд зохицуулсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндсэн нөхцөл нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх явдал юм. Гэтэл шүүх үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулах хуульд заасан журмыг зөрчсөн түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл шүүх хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг үгүйсгэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг бөгөөд нэхэмжлэгч нь анх түрээсийн гэрээ байгуулахдаа тухайн орон сууцыг үйлчилгээний зориулалттай болгож өөрчилсөн гэж итгүүлэн гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээнд заасны дагуу түрээслэгч С.Ч-, Д.Г- нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн кафе, кофе шопын үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зорилготой байсан бөгөөд өөрсдийн зардлаар засвар, үйлчилгээ хийн тохижуулж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахаар холбогдох төрийн байгууллагад хандан хүсэлтээ гаргасан. Гэтэл холбогдох төрийн байгууллагаас орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг 2019 оноос хойш хориглосон тул боломжгүй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд л кафе, кофе шопын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэсэн хариу өгсөн. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл нь гэрээнд заасан зориулалтын дагуу буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй үл хөдлөх хөрөнгө болохыг мэдсэн. Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын МNS:4946:2019 стандартын 3.2-т зааснаар кофе-шоп нь хоолны газрын ангилалд хамаарах тул уг стандартын 4.1-д хоолны газар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламжтай, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байна гэж заасны дагуу орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хоолны газрын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн нэхэмжлэгч талаас дээрх орон сууцны 2013 онд авсан гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд дээрх гэрчилгээнээс харахад зориулалтыг өөрчилж, үйлчилгээ эрхлэх зориулалттай болгосон талаар ямар ч баримт байдаггүй, хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Гэтэл шүүх хууль болон Монгол Улсын холбогдох стандартад заасан журмыг хариуцагч нарын зүгээс тайлбарласаар байтал үл хайхран тус үл хөдлөх хөрөнгийг өмнө нь 2016 онд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Д.Г-, С.Ч- нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 1 705 600 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч түрээсийн төлбөр, ашиглалт болон материалын зардал, ажлын хөлсний төлбөрт нийт 7 620 510 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны төлбөрийг бүрэн төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь зөвшөөрөлгүйн улмаас зориулалтын дагуу ашиглаагүй, нэхэмжлэгч нь биднийг хуурч, мэхлэн гэрээ байгуулсан гэх үндэслэл заан нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н.Н- нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, 29-р байр, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, нэг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч Д.Г-, С.Ч- нар нь түрээсийн төлбөрийг 3 сараар төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-7, 26-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээр талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Хариуцагч Д.Г-, С.Ч- нар нь түрээсийн зүйлийг кафе, кофе шопын зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулах хэлцэл хийгдсэн боловч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Энэ агуулгаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Хэдийгээр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч Д.Г-, С.Ч- нар нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг буцаахаас гадна мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дах хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгч Н.Н-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан байх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон. Харин мөн хугацаанаас хойш хариуцагч нар нь түрээсийн төлбөрт нэг сарын 1 500 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 10-р тал/. Иймд 1 сар 4 хоногийн төлбөр болон ашиглалтын зардал нийт 1 705 600 төгрөгийг хариуцагч Д.Г-, С.Ч- нараас гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт нийцэх юм.

 

Хариуцагч Д.Г-, С.Ч- нар нь сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр түрээсийн төлбөрт төлсөн 3 000 000 төгрөг, ашиглалтын зардал 183 010 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Гэвч хариуцагч нар нь нэхэмжлэгч Н.Н-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшилдээ байлгаж, ашигласан үйл баримт тогтоогдсон тул дээрх төлбөрүүдийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах үндэслэлгүй.

 

Материалын зардал 1 237 500 төгрөг, ажлын хөлс 3 200 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нар нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт зааснаар бусдын хөрөнгөд гаргасан зардлаа шаардах эрхтэй боловч мөн зүйлийн 496.3 дах хэсэгт зааснаар уг зардлыг гаргахаас өмнө нөгөө тал зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн бол нэхэмжлэгч шаардах эрхээ алдах юм. Уг зардлыг эд хөрөнгө өмчлөгч эс зөвшөөрч байсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулах зардлыг хариуцах талаар нэхэмжлэгчид хандан хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь тэдгээрийн үйлдсэн түрээсийн гэрээ гэх баримтад заагджээ. Нэхэмжлэгч Н.Н- нь дээрх зардлуудыг гаргахаас өмнө хэлцэл хийгдэх үед зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч Н.Н-ыг засвар, материалын зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Н.Н-аас нийт 7 620 510 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Г-, С.Ч- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Түүнчлэн анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан өөрчилсөн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02152 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ... гэснийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар гэж,

2 дах заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н- нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг 3 дах заалт болгон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.2, 289.2.5 дахь хэсэгт ... гэснийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.3-т гэж,

3 дах заалтыг 4 дэх заалт болгон ... хариуцагч нараас 80,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэснийг хариуцагч Д.Г-, С.Ч- нараас 42 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгосугай. гэж,

4 дэх заалтыг 5, 5 дах заалтыг 6 дах заалт болгон өөрчлөн найруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.,

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ