Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Г.Эсэн,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д.М-д холбогдох эрүүгийн 1810007870244 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ..... суманд төрсөн, эрэгтэй, ........ настай, ....... боловсролтой, ..............мэргэжилтэй,  хувиарай барилгын засал, чимэглэлийн ажилтай, ам бүл-..., ........... нарын хамт ..... дүүргийн .......дүгээр хороо, ....... байрны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд,

........дүүргийн . анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ......дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял эдэлж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Д.М-д /РД:......./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.М. нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нуутаг дэвсгэрт байрлах Соёмбо хотхоны хойно баригдаж буй барилга дээр харуул Г.Б. маргалдан цохиж бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Зайсангийн ард байрлах Соёмбо хотхоны ард байрлах “Атмор” компаний барилга дээр харуул Б-тэй барилгын материалаас болж маргалдсан. Урд өдөр өгсөн нэг хайрцаг барилгын тэлэгчтэй хадаас маргааш нь тавьсан байрандаа байхгүй болохоор харуул Б-с энд байсан хадаас хаана байна гэхэд тэр өдөр би инженерээсээ хоёр хайрцаг хадаас нэмж авсан байсан. Тэрийг хараад наанаа бариад явж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд нь бишээ сая инженерээсээ авсан юм 2-3 удаа тайлбарлаад хэлэхэд өөдөөс тэнэг, мэдрэл муутай юм уу гэхээр нь уур хүрээд цохисон.” гэв.

 

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гадуур явж байгаад ирэхэд оффесийн өрөөнд инженер Болор-Эрдэнэ, Магсаржав нар байсан. Гаднаас туслах ажилтан Нямдаваа бид хоёр орж ирсэн. Хувцас солих өрөөнд байсан хайрцагтай хадаас хаана байна гэхэд ширээн доор байсан хадаасыг нь гаргаж тавьчихаад оффесын өрөө рүү буцаад 4-лээ орсон. Нэг хайрцагтай хадаасыг туслах ажилтан Нямдаваа гаргаж тавиад нөгөө хайрцагтай хадаасыг би ширээн доороос гаргаж тавьсан гэхэд бишээ өөр хадаас байх ёстой гээд байсан. Тэгэхэд нь чи мангар юмуу энэ гаргаад тавьсан байхад гэж хэлэхэд уурлаад намайг цохисо.” гэв

 

 

Гэрч Ц.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “… 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15-16 цагийн үед инженерийн өрөөг цэвэрлэж байтал Магсаржав, Батмэнд 2 хоорондоо хадаас байна, байхгүй гээд юм яриад байсан. Тэгээд би хувцас солих өрөөг цэвэрлэх гээд ороход Болор-Эрдэнэ, Батмэнд, Магсаржав гурав орж ирсэн. Тэгээд Батмэнд энэ тэр хайрцагтай хадаас чинь юм биш үү гээд нэг хадаас гаргаж ирэхэд Магсаржав наадах чинь биш ахиад нэг байх ёстой гэхэд Батмэнд тэр чинь энэ л байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь би ширээн доогуур тонгойгоод харахад бас нэг хайрцагтай хадаас байхаар нь ширээн дээр гаргаж ирхэд Батмэнд хадаас чинь энэ л байгаа юм биш үү сүртэй юм гэхэд Магсаржав уурлаад Батмэндийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Батмэндийг авч гараад угаалгын өрөө оруулж хамар амны цусыг нь цэвэрлүүлсэн.” гэжээ. /хх-26-р тал/

 

Гэрч З.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Соёмбо хотхоны ард баригдаж байгаа барилга дээр ажилчидад ажил хийлгэхээр өгсөн байсан 3 хайрцаг хадаасны 2 хайрцаг нь хэрэглэгдэхгүй болохоор нь би буцааж татаж тушаа гэж би Магсаржавт хэлсэн. Тэгээд надад нэг хайрцаг хадаас авчирж өгөөд нэг хайрцаг нь алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ доошоо бууж хувцас сольдог өрөөнд ороход ширээн дээр нэг хайрцаг хадаас байсан. Тэр өрөөнд Батмэнд, Магсаржав, Нямдаваа бид 4 орсон бөгөөд Магсаржав хайрцагтай хадаас хаана байна гэхэд Батмэнд наад ширээн дээр чинь байгаан биш үү гээд тэр хоёр мөн, биш гээд маргасан. Ингэж байтал Нямдаваа ширээн доороос дахиад нэг хайрцагтай хадаас гаргаж ирээд нөгөө ирээд байсан хадаас чинь энд байгаа юм биш үү? Мангар юм уу? гэхэд Магсаржав уурлаад Батмэндийн нүүрний баруун хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Батмэнд нүүрээ дараад амнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Магсаржавыг загнаад аваад гараад байж байхад Батмэнд ирээд миний үүдэн шүд уначихлаа гээд угаалгын өрөөнөөс гарч ирсэн. Батмэндийн нүүрний баруун хэсэг хавдаж байгааг хараад 2 цэвэр усны мөнгө өгөөд хүйтэн ус авч нүүрэн дээрээ жин тавь гэж хэлсэн.” гэжээ /хх-ийн 29-р тал/  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч эмчийн  ¹4242 тоот дүгнэлтэд: “…Г.Б-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, хацар яс, хоншоорын хөндийн урд хана, ар хана зэргийг хамарсан нийлмэл хугарал, 2 ширхэг шүдний булгарал, буйланд цус хуралт, зови, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдана. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” /хх-ийн 37-р тал/

 

Хохирлын баримт /хх-08-25/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, хохирогчийн өвчний түүх /хх-42-54/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-68-70/, хохирол төлсөн баримт /хх-71-72/, ял шалгах хуудас /хх-76/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-82-84/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан хохиролын зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нуутаг дэвсгэрт байрлах Соёмбо хотхоны хойно баригдаж буй барилга дээр харуул Г.Б-тэй маргалдан цохиж, бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан болох нь тэдний хувийн таарамжгүй харьцаа болон Соёмбо хотхоны ард баригдаж байгаа барилга дээр ажил хийх үедээ “хайрцагтай хадаас байна, байхгүй ” гэх зэргээс маргалдсан гэж шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгээр болон шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹4242 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын яллагч Г.Эсэн нь шүүхэд гаргасан ялын дүгнэлтдээ шүүгдэгч Д.М-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3900 нэгжээр торгох, ялын санал оруулсныг шүүх түүний хувийн байдлыг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  

Учир нь шүүгдэгч Д.М-д нь тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд

Шүүгдэгч Д.М-д нь мөрдөн байцаалтын шатанд 5700.000 төгрөг, шүүхийн шатанд 250.000 төгрөг буюу нийт 820.000 төгрөгийн хохирол төлсөн байна.

Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохиролд шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд 10.211.215 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 566.219 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нөхөн төлсөн гэж шүүх үзэв.

 

Хохирогч Г.Б нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.М-д нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.