Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2026/0021

 

                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой **,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,

            Хариуцагч: Орхон аймгийн Цагдаагийн газар /дарга **/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Цагдаагийн газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гэрч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан “Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Нэхэмжлэгч ** нь Эрдэнэт хотын Ардын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтсийн даргын 1995 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тушаалаар тус Цагдаагийн хэлтэст цагдаагаар томилогдсон.

3. Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 11-р зүйлийн Д-д зааснаар **г 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэх Замын цагдаагийн тасгийн цагдаагийн үүрэгт ажлаас халсан байна.

4. ** нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулах хүсэлтийг тус Цагдаагийн газарт гаргасан байх бөгөөд тус газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 42/4580 дугаартай албан бичгээр тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Миний бие нь 1995 оны 8 сараас Цагдаагийн байгууллагад цагдаа, Замын цагдаагийн тасагт зохицуулагч цагдаагаар ажиллаж байгаад 2005 оны 4 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй болж, өвчний улмаас халагдах өргөдлөө гараар бичиж, эмнэлгийн дүгнэлт бичиг баримтыг хавсарган өгөөд ажлаас гарсан. Цагдаагийн байгууллагаас надтай холбогдож тушаал шийдвэрийг мэдэгдэж, гардуулах ажиллагаа огт хийгээгүй тул өөрийгөө эрүүл мэндийн шалтгаанаар хүсэлтээрээ халагдсан гэж ойлгоод өнөөдрийг хүртэл явсан.

Миний бие цагдаад ажиллаж байсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгохоор ажилд орсон, гарсан тушаалуудаа авахаар 2025 оны 10 сард Орхон аймгийн архивын газарт хандтал миний бие Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр биш харин ажил хаяж явсан сахилгын зөрчилөөр ажлаас халсан тушаал гарсныг олж мэдлээ.

Тушаал үндэслэлгүй буруу гарсан тул өөрчилж өгөх хүсэлт, шаардлагыг Орхон аймгийн Цагдаагийн газарт болон Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдэг үндэслэлээр хүлээн авахгүй гэсэн хариуг өгсөн.

Орхон аймгийн Цагдаагийн газар нь ийм сөрөг нөлөөлөлтэй захиргааны акт гаргасан атлаа энэхүү актаа надад гардуулах, мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй тул миний бие актыг гардуулсан мэдэгдсэн талаарх баримтыг гаргаж өгөхийг өргөдлөөр шаардахад тийм баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хуулиараа бол захиргааны актыг заавал мэдэгдэх заалттай бөгөөд захиргааны байгууллага актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэйгээс гадна захиргааны акт мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох учиртай. Дээрх тушаалын улмаас миний бие цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байна. Хэрвээ өвчний учир халагдсан бол миний бие Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах байтал энэ эрх маань дээрх тушаалын заалтаар боломжгүйд хүрч байгаа тул эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Орхон аймгийн Цагдаагийн газар намайг эрүүл мэндийн улмаас ажлаа хийж чадахгүй шалтгаанаар эмнэлгийн бичиг баримтаа хавсарган халагдах өргөдлөө гараар бичиж өгсөн байхад ажлаа хаяж алга болсон гэсэн худал үндэслэлээр тушаал гаргасанд гомдолтой байна.

Намайг нуруу бөөрөөр өвдөж зогсож явж чадахгүй байсаар ажлаас халагдах өргөдөл өгч байсныг хамт ажиллаж байсан алба хаагч нараас гэрчлэх болно” гэжээ.

Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оноос хойш 1 жил гаруй хугацаанд миний нуруу, бөөр өвчтэй болоод, сүүлдээ аргаа бараад бөгтийж явдаг болсон. 2005 оны 3 дугаар сарын сүүлээр ** даргатай уулзаад “Би яах вэ, аргаа бараад байна” гэхэд минь “Өөрөө мэд, өвдөөд байвал ажлаасаа гарвал гарахгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би тоо бүртгэгч ** гэдэг хүнд ажлаас гарах өргөдөл, эмнэлгийн бичиг зэрэг бүх материалаа өгөөд Хөвсгөл аймагт 2 сар ардын эмчилгээ, бариа хийлгэсэн. Ирээд тухайн үедээ өргөдөл бүх зүйлээ болсон гэж бодоод тоохгүй явж байсан. Гэтэл саяхан Ерөнхий газраас лавлагаа авахад зөрчлийн улмаас халагдсан гэсэн байсан учраас нэхэмжлэл гаргасан. Миний тушаалыг өөрчилж өгөхийг Цагдаагийн газарт даалгаж өгнө үү.  Би Цагдаад ажилласан жил, цэргийн нэмэгдлээ тооцож цэргийн тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгож тэтгэвэрт гарахад энэ тушаал ач холбогдолтой байгаа юм. Бусад ажилласан жил, баримтууд нь байгаа боловч энэ баримт л дутаад байгаа. **д би эмнэлгийн бичиг баримт, өргөдөл бүх материалаа өгөөд явсан. Дахиад араас нь хөөцөлдөх боломж надад байгаагүй. Яаралтай Хөвсгөл явсан. Тухайн үед ийм тушаал гарсан гэдгийг ч би мэдээгүй. Өргөдлөө өгөөд болсон гэж бодоод л орхисон. Мэдсэн бол биеэ гайгүй болох үед араас нь хөөцөлдөх байсан. Би 2005 оны 10 дугаар сард Солонгос явсан. Манай хадмууд тэнд байдаг байсан. Ямар ч ажил хийгээгүй 2 жил эмчилгээ хийлгээд ирсэн” гэв.  

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ** нь 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 тоот ажлаас халагдсан тушаалыг 2025 оны 08 дугаар сард мэдсэн. Яагаад энэ тушаалыг 20 жилийн дараа мэдэж байгаа талаарх тайлбараа нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Тухайн үед нуруу бөөр нь татсан ч акт авахгүйгээр ажлаа үргэлжлүүлж нэлээд явсан. Ажлынхаа хажуугаар ГОК-ын сувилалд эмчилгээ хийлгэж, тариа тариулж байсан. Эмч нарын зөвлөгөөнөөр хөдөлмөрийн нөхцөл солиулах болон групп тогтоосон зүйл байхгүй. Гэхдээ эмч ажлаа солихыг зөвлөсөн. Хүйтэн нөхцөлд гадаа удаан зогсож ажиллах хориотой юм байна, цаашид нуруунд удаан хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай тул ажлын нөхцөл соль гэдэг талаар эмч нь зөвлөсөн. Улмаар эмчилгээнд явахаар болсон. 20 жилийн өмнөх учраас баримтын талаар тодорхой мэдэхгүй байгаа. Энэ хүн өөрөө зохих бичиг баримтуудаа хуулбарлаж авч үлдээгүй. Эрүүл мэндийн шалтгааны үндэслэлээр өргөдөл бичиж өгсөн гэдгээ тайлбарладаг. Үүнийг нь тоо бүртгэгч нь даргадаа танилцуулахаар хүлээж аваад үлдсэн учраас болчихлоо гэж бодоод 2 сар Хөвсгөл явж эмчилгээ хийлгэсэн байдаг. Ингэх хугацаандаа Солонгос явж эмчлүүлэх нь зүйтэй гэж виз мэдүүлэг өгч байсан боловч тухайн үедээ явж чадаагүй, 2005  оны 10 дугаар сард явсан байдаг. Ажлаас халагдах үед Өмнөд Солонгос улс яваагүй. Ажлаас гарсныхаа дараа эмчилгээ хөөцөлдөж явсан. Хувийн шугамаар эмчилгээ хийлгэхээр явж байгаа учраас нотлох баримт байхгүй. Хоёрдугаарт цагдаагийн байгууллагад ** нь нийт 10 жил ажиллаад өвчний учир ажиллах боломжгүй болсон. Энэ тохиолдолд цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох боломж үүсдэг талаар зөвлөгөө авсан юм байна. Ингэж материалаа бүрдүүлж эхэлснээр уг тушаалыг авч сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг агуулгыг 2025 оны 8 дугаар сард мэдсэн. Яагаад ингэж байгаа талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүлээж аваагүй. Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч мөн нэхэмжлэлийг тодруулах байдлаар энэ асуудал хойшлогдсон. Эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш эрх үүсдэг. Тиймээс 2025 оны 8 дугаар сард энэ асуудлыг мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны шүүх өөрийн санаачилгаар нэлээд нотлох баримт бүрдүүлсэн. Ингэхэд энэ хүний эрүүл мэндийн байдлаас болж өгч байсан өргөдөл, эрүүл мэндийн бичиг баримт олдохгүй байна. Энэ талаар тодруулахад 20 жил болоод устдаг гэсэн тайлбар өгсөн байна. Тухайн үед нэгдсэн эмнэлэг гэдэг нэртэй байсан. Тэр үеэс 21 жилийн дараа энэ асуудлаа мэдээд хөөцөлдөж байгаа учраас архивын журмын дагуу устсан байна. Харин шүүх хуралдаанд асуусан гэрчүүдийн мэдүүлгээр энэ хүн өвдөж байсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарах талаар ярьж байсан талаар нотлогдож байна. ** эмчийн хувьд тухайн үед сувиллын мэдрэлийн эмч байсан. Бид бүгдийн мэдэхээр сайн гэсэн газар нь сувилал л байсан. Ажлынхаа хажуугаар, акт чөлөө авахгүй эмчлүүлээд явж байсан энэ байдлыг ** эмч тодорхойлж өгсөн байна. Огт үгүйсгэж болохгүй нотлох баримт байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүл мэндийн байдал нь зөвхөн эмнэлгийн бичиг баримтаас бус бусад гэрчүүдийн мэдүүлгээр зохих хэмжээнд нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох тушаалыг өөрчилж гаргаж өгөхийг цагдаагийн байгууллагад даалгаж өгөх гэж байгаа. Үнэхээр энэ хүн ажлаа хэл чимээгүй хаяад явсан гэдэг байдал нотлогдсон зүйл байхгүй. Сахилгын зөрчлийн тухай 11д буюу ажлаа орхиж явах гэдэг заалтыг баримталсан байгаа. Энэ талаар сахилгын зөрчлийн хэрэг нээсэн баримт байхгүй. Зөвлөлийн хурлын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг үндэслэсэн. Зөвлөлийн хурал болсон эсэх нь нотлогдохгүй байна. Сахилгын зөрчил нотлогдоогүй тул энэ тушаал нь үндэслэлгүй болж байна. Иймд зохих хэмжээнд ажлаа хийж чадахгүй болсон, гаднах байдлын хувьд бөгтийсөн, доголсон байдалтай байсан байна нь тогтоогдоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ хүн өнөөдрийг хүртэл нурууны эмчилгээтэй байдаг. Даарах төдийд нурууных нь өвчин сэдэрдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох 100 хувь баримт тогтоогдсонгүй. Цагдаагийн байгууллага энэ талаар хүлээж аваагүй. Хэрэв сахилгын зөрчлийг нотлоод шалгасан материал, хурлын тэмдэглэл байсан бол бид маргах зүйл байх байсан. Гэтэл тийм баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

7. Хариуцагч Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн **ын **гаас 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байтал цагдаагийн газрын даргын 2005 оны 1/57 дугаар тушаалаар сахилгын зөрчлийн улмаас халагдсан хэмээн тушаал гаргасан ба тухайн үед надад тушаалыг гардуулж өгөөгүй мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй хэмээн дурдсан байна тухайн асуудалтай холбоотой тушаалыг гардуулж өгсөн эсэх талаарх нотлох баримтыг архиваас шүүхэд тухайн үеийн материал байхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан удирдлага, хүний нөөцийн хэрэг хөтлөгч нар нь цэргийн байнгын тэтгэвэрт сууж тухайн үед тушаалыг гардуулж өгсөн, авсан тухай нотлох мэдээлэл байхгүй байна.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч **гийн тухайн үед тушаал шийдвэр гардуулж өгсөн талаарх нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байгаа. Нотлох баримтаар өгсөн цалингийн картаас харахад гуравдугаар сард цалин аваад, 4 дүгээр сард огт цалин бодогдоогүй, 5 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаас халах сахилгын шийдвэр буюу албанаас халах шийдвэр гаргасан. Үүнийг үндэслээд хэрэв өвчтэй гэсэн бичиг баримт, акт өгсөн бол 4 дүгээр сард тодорхой хувиар цалин орох байсан. Гэтэл ороогүй бөгөөд сахилгын арга хэмжээ авсан үндэслэл дээр тухайн үеийн 1994 оны сахилгын дүрэмд “Албан тушаалаа хангалтгүй биелүүлсэн, орхиж явсан тохиолдолд албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэж заасны дагуу шийдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү. Хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж ажлаа орхиод явсан хүн 2005 оны 10 дугаар сард Солонгос улс руу явсан байдаг. Биеийн эрүүл мэнд ийм хурдан хугацаанд сэргэх боломжтой байдаг уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна” гэв.

9. Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би 1998 оны 8 дугаар сард Орхон аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар томилогдож 2010 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд **тай хамт ажиллаж байсан. Тухайн үед Орхон аймгийн Цагдаагийн газрын даргыг ээлжийн амралттай үед би орлодог байсан. 2005 оны 4 дүгээр сард манай Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга байхгүй үед ** өвчний учраас халагдах гэж байна гээд өөрийн ажиллаж байсан замын цагдаагийн тасгийн дарга ** гуайтай цуг манай өрөөгөөр ороод гарч байсан. Тухайн үед эрүүл мэнд нь тааруу бөгтийгөөд явж байсан. Түүний талаар тухайн үед Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн эсэх талаар одоо сайн санахгүй байна” гэв.

10. Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би 2007 он хүртэл ажилласан. ** намайг ажиллаж байхад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй боллоо гээд 2005 оны 4 дүгээр сард эмчилгээ хийлгэнэ, Солонгос явна гэж хэлж байсан.  Тухайн үед эмчилгээнд явна гэсэн өргөдлөө эмчийн бичигтэй хамт надаар дамжуулж даргад өгүүлж байсан. Эмнэлгийн бичиг баримт нь ямар баримт байсан болохыг сайн санахгүй байна. Өргөдлийг нь л харсан. Хойно нь эмчийн бичигтэй эмнэлгийн карт байсан гэж санаж байна. Өргөдлийг Тасгийн дарга Дэд хурандаа ** гэдэг хүнд өгсөн. Үүнээс цааш өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэхгүй. Сүүлд Солонгос явсан гэж сонссон. Зөвлөлийн хурлаар орсон эсэх талаар мэдэхгүй” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. ** нь Эрдэнэт хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтсийн даргын 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тушаалаар цагдаагаар томилогдож, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар цагдаагийн үүрэгт ажлаас халагджээ.

3. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 дугаартай тушаалд “Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ** 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлын байраа орхин явж ажил тасалсан, тасгийн дарга, ахлах байцаагч нар нь удаа дараа холбоо барих гэсэн боловч өөрөө олдохгүй байсан, “Солонгос” явна гэсэн яриатай, Замын цагдаагийн тасгийн даргын санал, Газрын зөвлөлийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийвэрийг үндэслэн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 11-р зүйлийн “Д”-д зааснаар ...2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ...үүрэгт ажлаас халсугай” гэжээ.

4. Нэхэмжлэгч ** нь “Миний бие нь 2005 оны 4 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй болж, өвчний улмаас халагдах өргөдлөө гараар бичиж, эмнэлгийн дүгнэлт бичиг баримтыг хавсарган өгөөд ажлаас гарсан. Цагдаагийн байгууллагаас надтай холбогдож тушаал шийдвэрийг мэдэгдэж, гардуулах ажиллагаа огт хийгээгүй тул өөрийгөө эрүүл мэндийн шалтгаанаар хүсэлтээрээ халагдсан гэж ойлгоод өнөөдрийг хүртэл явсан. Миний бие цагдаад ажиллаж байсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгохоор ажилд орсон, гарсан тушаалуудаа авахаар 2025 оны 10 сард Орхон аймгийн архивын газарт хандтал миний бие Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр биш харин ажил хаяж явсан сахилгын зөрчилөөр ажлаас халсан тушаал гарсныг олж мэдлээ. Тушаал үндэслэлгүй буруу гарсан тул өөрчилж өгөх хүсэлт, шаардлагыг Орхон аймгийн Цагдаагийн газарт болон Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдэг үндэслэлээр хүлээн авахгүй гэсэн хариуг өгсөн” гэж Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэл гаргаж маргасан.

5. Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 42/4580 дугаартай албан бичгээр “**гийн Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд өөрчлөлт оруулах” хүсэлтийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.

6. Тодруулбал ** нь цагдаагийн албанаас халагдах үед эрүүл мэндийн шалтгаантай байсан болох нь тогтоогдохгүй байгаа тул Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэж өөрчлөлт оруулахыг даалгах үндэслэлгүй байна.

7. Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “Газрын зөвлөлийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 11-р зүйлийн “Д”-д зааснаар ...2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ...үүрэгт ажлаас халсугай” гэсэн боловч тус Цагдаагийн газрын 2005 оны 05 сарын 05, 06-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдээс харахад **гийн сахилгын зөрчлийн талаар хэлэлцсэн талаар тэмдэглэлд тусгагдаагүй.  

8. Харин **гийн 2005 оны цалингийн картаас харахад 2005 оны 4 сард түүнд цалин хөлс бодогдоогүй байх бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаатай чөлөөтэй байсан, тэр хугацаанд тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

9. Мөн ** нь 2005 оны 4 сард эмнэлгийн чөлөөтэй байсан болон эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан талаар эрх бүхий байгууллага болох эмнэлгийн байгууллагын шийдвэр, нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарч байгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө “Бөөр, нуруу өвддөг байсан бөгөөд Сувиллын эмч **т үзүүлж эмчилгээ хийлгэдэг байсан. Зарим үед гүрийгээд ажлаа хийгээд явдаг байсан боловч сүүлдээ явж чадахгүй болж уламжлалт эмчилгээ хийлгэхээр Хөвсгөл аймаг явсан, дараа нь 2005 оны 10 сард Солонгос явж 2 жил гаран эмчилгээ хийлгэж ирсэн. Тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож эмнэлгийн чөлөө энэ тэр авч байгаагүй” гэж тайлбарладаг.

10. Дээрх хугацаанд ** нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож, тэтгэвэр тэтгэмж авч байгаагүй талаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн.

11. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд ** нь 2005 онд эрүүл мэндийн шалтгаантай байсан, энэ үндэслэлээр түүнийг цагдаагийн албанаас чөлөөлөх ажил олгогчийн шийдвэр гаргах үндэслэлтэй байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

12. Тухайн маргаж буй 2005 онд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993-12-02/-иар зохицуулж байсан байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 10 дахь заалтад “Цагдаагийн алба хаагчийг албанаас халагдахад нь чөлөөнд гаргана. Дараах тохиолдолд чөлөөнд гаргалгүй цолыг хураан халж болно: 1/Сахилгын зөрчил удаа дараа гаргасан, 2/Хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, 3/гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэж заажээ.

13. Хуулийн дээрх зохицуулалтад заасан 3 үндэслэлээс бусад тохиолдолд цагдаагийн алба хаагчийг албанаас халах үндэслэлийн талаар хуульд тодорхой зохицуулалт байгаагүй байх бөгөөд дээрх 3 үндэслэлээс бусад тохиолдолд цолыг хураахгүйгээр чөлөөнд гаргах зохицуулалт үйлчилж байжээ.

14. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994-06-13/-ийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон ...цагдаа...цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлсэн тогтоолгож авах эрхтэй: ...2/биеийн эрүүл мэндээр...”гэж заасан зохицуулалт тухайн үед мөрдөгдөж байсан.

15. Хуулийн дээрх зохицуулалтаар “биеийн эрүүл мэндээр” халагдсан гэх хуулийн шаардлагыг тодорхойлсон. Уг зохицуулалтын 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "халагдсан бол" гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хуульд нэмэгт өөрчлөлт оруулах тухай хуулиар "чөлөөлөгдсөн бол" гэж өөрчлөн зохицуулжээ.

16. “Биеийн эрүүл мэнд”-ийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажилтан өөрөө гаргах боломжтой, нөгөө талаас тухайн ажилтан “биеийн эрүүл мэндээр” тухайн албан үүргийг гүйцэтгэх боломжгүй, тухайн албанд тэнцэхгүй гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах боломжтой. Гэхдээ энэ үндэслэлээр шийдвэр гаргахад “биеийн эрүүл мэнд”-ийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатай юм.

17. Тодруулбал, ажилтан эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах, ажил олгогч ажилтныг энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх аль алинд нь эрүүл мэндийн шалтгаан нь эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр ажлаас халагдсан /чөлөөлөгдсөн/ нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994-06-13/-ийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “биеийн эрүүл мэндээр” халагдсан гэдэг үндэслэлд хамаарна.

18. Нэхэмжлэгч **гийн “эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэх тайлбар болон гэрч **ын “Тухайн үед Орхон аймгийн Цагдаагийн газрын даргыг ээлжийн амралттай үед би орлодог байсан. 2005 оны 4 дүгээр сард манай Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга байхгүй үед ** өвчний учраас халагдах гэж байна гээд өөрийн ажиллаж байсан замын цагдаагийн тасгийн дарга ** гуайтай цуг манай өрөөгөөр ороод гарч байсан. Тухайн үед эрүүл мэнд нь тааруу бөгтийгөөд явж байсан. Түүний талаар тухайн үед Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн эсэх талаар одоо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч **гийн “** намайг ажиллаж байхад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй боллоо гээд 2005 оны 4 дүгээр сард эмчилгээ хийлгэнэ, Солонгос явна гэж хэлж байсан. Тухайн үед эмчилгээнд явна гэсэн өргөдлөө эмчийн бичигтэй хамт надаар дамжуулж даргад өгүүлж байсан. Эмнэлгийн бичиг баримт нь ямар баримт байсан болохыг сайн санахгүй байна. Өргөдлийг нь л харсан. Хойно нь эмчийн бичигтэй эмнэлгийн карт байсан гэж санаж байна. Өргөдлийг Тасгийн дарга Дэд хурандаа ** гэдэг хүнд өгсөн. Үүнээс цааш өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг зэргээр түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж дүгнэж, тушаалд өөрчлөлт оруулахыг Цагдаагийн байгууллагад даалгах боломжгүй юм. Учир нь энэхүү нөхцөл байдал нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

19. Тодруулбал, ** нь 2005 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн чөлөө авч эмчлүүлж байсан байдал, хөдөлмөрийн чадвар түр алдаж эмнэлгийн чөлөөтэй байсан хугацаанд цалин хөлс, тэтгэмж авч байсан байдал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарч байсан зэрэг үйл баримт нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хувьд тухайн үед эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж, эрх бүхий эмнэлгийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гарч байсан байдлаа нотлоогүй болно.

20. Цагдаагийн албаны тухай хууль /2027-02-09/-ийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж нь хариуцсан чиг үүргийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана” гэж зааснаар Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга нь тухайн орон нутгийн харьяа албаны хариуцсан чиг үүргийн хүрээнд аливаа шийдвэр гаргах, тухайн албанд ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.

20. Энэхүү үүргийн хүрээнд **гийн “Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулах” хүсэлтийн дагуу ажлаас халах тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж татгалзсан шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна.

21. Иймд Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлгүй бөгөөд ** нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993-12-02/-ийн 29 дүгээр зүйлийн 10 дахь заалт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994-06-13/-ийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хууль /2017-02-09/-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 -т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ