| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03272/И |
| Дугаар | 192/ШШ2025/06394 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/06394
2025 08 19 192/ШШ2025/06394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **-р хороо, Эрхи төв, ** тоотод байрлах Т ББСБ ХК /РД:2***6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн **-р хороо, өнөр хороолол, ** байр, ** тоотод оршин суух Э-ын Б /РД:ЕЦ********6/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,696,002.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т ББСБ ХК нь хариуцагч Э.Б 2023 оны 5-р сарын 10-нд №20***2 тоот зээлийн гэрээ байгуулж 20,300,000,00 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.6 хувийн, жилийн 31.2 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус Зээлийн гэрээний хүрээнд 6***5УБО улсын дугаартай Тоуоtа Рruis-ХWЗО маркийн цайвар цэнхэр өнгийн автомашины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2023 оны 5-р сарын 10-нд №20***2 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2024 оны 12-р сарын 26-ний хооронд нийт арван таван удаагийн 14,484,600.00 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 8*****65 дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2025 оны 03-р сарын 18-ний өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Э.Б зээлийн үлдэгдэл нийт 16,696,002.64 төгрөг ба үүнээс үндсэн зээл 15,088,118.16 төгрөг, зээлийн хүү 1,484,758.17 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 123,126.31 төгрөг болсон байна. Т ББСБ ХК болон Э.Б нарын хооронд 2023 оны 5-р сарын 10-нд байгуулсан №2****92 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,696,002.64 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Э.Б-аас гаргуулж өгнө үүгэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч Э.Б-д 2023 оны 5-р сарын 10-нд №2***92 тоот зээлийн гэрээ байгуулж 20,300,000,00 төгрөгийг 36 сарын хугацаатай олгосон. 2024 оны 12-р сарын 26-ний хооронд нийт арван таван удаагийн 14,484,600.00 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардсан ч ямар ч төлөлт хийгээгүй байна. Одоо үндсэн зээл 15,088,118.16 төгрөг, зээлийн хүү 1,484,758.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 123,126.31 төгрөг нэхэмжилж байна, машин нь өөрт нь байгаа , түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэв.
2. Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т.Б-т олгосон итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2****2 дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 20***2 дугаартай тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, зээл төлөлтийн дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл, Э.Б-ийн зээл хүссэн өргөдөл, Б.И-д олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т ББСБ ХК нь хариуцагч Э.Б 2023 оны 5-р сарын 10-нд №2******2 тоот зээлийн гэрээ байгуулж 20,300,000,00 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.6 хувийн, жилийн 31.2 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Хариуцагч Э.Б зээлийн үлдэгдэл нийт 16,696,002.64 төгрөг ба үүнээс үндсэн зээл 15,088,118.16 төгрөг, зээлийн хүү 1,484,758.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,126.31 төгрөг болсон байна. Нийт 16,696,002.64 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Э.Б-аас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүргүүлэхэд гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хэргийг хэлэлцэх хуралдаандаа ирээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э.Б нь Т ББСБ ХК-тай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2******2 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,300,000 төгрөгийг , 36 сарын хугацаатай, сарын 2,60 хувийн хүүтэй автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн болох нь бичгээр байгуулсан гэрээ, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн дансны хуулга, зээл олгох хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 2*****2 дугаартай тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Тoyota prius HW30 маркын 6***5 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн байх ба эзэмшил нь зээлдэгч Э.Б-д байдаг талаар нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарлана.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2026-05-10-ний өдрөөр дуусгавар болох байх ба үүрэгт хариуцагч нь 14,484,600 төгрөгийн төлөлт хийсэн, эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн байх тул зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.
5. Нэхэмжлэгч нь 2********2 дугаартай гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 15,088,118 төгрөг, зээлийн хүүд 1,484,758 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 123,126 төгрөг, нийт 16,696,002 төгрөгийг нэхэмжилдэг.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Т ББСБ ХК -н зээлдэгчийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн 16,696,002 төгрөгийг хариуцагч Э.Б-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл төлсөн байдлаас тогтоогдож байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2025-05-01- ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч Э.Б-аас нийт 16,696,002 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХК- д олгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Б-аас нийт 16,696,002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХК -д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ