Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 88

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Н.Ц 

Шүүгдэгч: А.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт А.Т-д холбогдох 1812001000090  тоот хэргийг хэлэлцэв.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Тнь 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, Бтоотод байх өөрийн гэртээ иргэн Ц.Ж-ын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812001000090 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Ц.Ж-ын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цаг 40 минутын орчим би А.Тгэх айлд нэг шил архи аваад орсон. Тэгээд тэр авч орсон архиа Т хувааж уусан. Би тухайн үед архи уусан байсан болохоор бараг тасарсан байсан юм шиг байгаа. Би тэрийгээ мэдэхгүй байна нэг мэдэхэд намайг хүн зодоод байх шиг байсан. Намайг Т зодсон гэж бодож байна. Тэднийд бид хоёр хоёулаа байсан. Миний санаж байгаагаар гараараа миний нүүр хацар орчим руу гараараа цохьсон, бөөр орчим руу хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Архи уугаад хэрүүл маргаан үүссэнээс болж зодсон болов уу би сайн мэдэхгүй байна. Би бол их согтсон байсан. Харин Т хэр согтуу байсныг би мэдэхгүй байна. Зүүн талын бөөр их өвдөж байна. Тэр үед өөр хүн байгаагүй санагдаж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/, 

* Хохирогч Ц.Жын дахин өгсөн: 

“...Манай хажуу талд амьдардаг, намайг тракторын курсд сурч байхад манай курсд сонсогч байсан. Би эртний сайн танина. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө зодуулсан талаараа дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Одоо миний бие дажгүй сайн болсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн  85 дугаартай дүгнэлтэнд:

“...Ц.Жын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бөөр орчим цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Ж нь бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр тал / 

*Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт/хх-ийн 34, 35 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, Б тоотод А.Тнь иргэн Ц.Жын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Тнь үйлдсэн болох нь  хохирогч Ц.Жын “...би А.Тгэх айлд нэг шил архи аваад орсон. Тэгээд тэр авч орсон архиа Ттай хувааж уусан. Би тухайн үед архи уусан байсан болохоор бараг тасарсан байсан юм шиг байгаа. Би тэрийгээ мэдэхгүй байна нэг мэдэхэд намайг хүн зодоод байх шиг байсан. Намайг Т зодсон гэж бодож байна. Тэднийд бид хоёр хоёулаа байсан. Би бодохдоо гараараа миний нүүр хацар орчим руу гараараа цохьсон, бөөр орчим руу хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 85 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч А.Тнь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч А.Т нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Б овогт А. Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР