| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0050/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: М.Б
Хохирогч: Э.М
Шүүгдэгч:Ж.Б, Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б Н, Б овогт Ж Б нарт холбогдох эрүүгийн 1812000170033 тоот хэргийг хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Орхон” төвийн үүдэнд Э.М-тай өөрийн эхнэр “Э.Б-ийг хэл амаар доромжиллоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Орхон” төвийн үүдэнд Э.Бтэй өөрийн хүү “Э.Мыг цохилоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн болсон процесс хавтаст хэрэгт тодорхой байгаа. Миний ээж Ж.Б нь хүүгээ хамгаалах л гэсэн. Ээжийг яагаад энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож байгааг нь гайхаж байна. Тухайн үед болсон процессыг эргэж нэг хараасай гэж хүсэх байна гэв.
* Эрүүгийн 1812000170033 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Э.Мын өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг “Орхон” худалдааны төвийн үүдэнд зогсоол дээр машинтай хүмүүс ирээд баярын бялуу зараад байхаар нь манай аав Р.Ээнд ил задгай худалдаа хийхийг хориглосон байгаа энд худалдаа хийж болохгүй яв гэсэн чинь тэнд юм зарж байсан Э.Б гэх эмэгтэй чамд ямар хамаатай юм бэ? хөгшин төгзөг минь гэж хэл амаар доромжилсон гэсэн. Тэгээд манай аав буцаж орчихоод гарч ирээд одоо яв гээд дахиад шаардлага тавьсан чинь чамд ямар хамаатай юм гээд манай аавыг түлхчихсэн байсан. Тэгээд манай аав буцаж ороод ээжид хэлээд ээж хамт гараад чамд настай хүн шаардлага тавиад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь та хоёрт ямар хамаатай юм гээд манай аавын нүүрэн тус хэсэгт маажсан байсан. Удалгүй цаанаас нэг залуу гарч ирээд шууд над руу дайраад намайг ална гээд цамцнаас татаж, хоолой боогоод, хувцас урсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь дууд гэсэн. Тэгээд намайг боочихоод тавихгүй байхаар нь манай аав, ээж хоёр болиоч гээд хэлсэн чинь тоохгүй толгой тархи руу цохиод, намайг боож унагаад нүүр рүү мөргөөд байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. ...Миний биеийн хүзүү хоолой хэсгээр боож унагасан. Тэгээд миний давсаг руу 2-3 удаа өвдөглөсөн. Нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Намайг цохиж зодож байхад манай аав, ээж хоёр харж байсан. Б.Н бид хоёрын хооронд өр шир, өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед эрүүл байх шиг байсан. Миний аав, ээж хоёрыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан хийж намайг цохиж зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дүгээр тал/,
Хохирогч Э.Бийн өгсөн:
“...Тухайн өдөр би 11 цагийн үед Эрдэнэбулган сумын 3 дугаар баг “Орхон” худалдааны төвийн баруун талын зам дээд 02-18 УБИ улсын дугаартай Тоёото нао маркийн машинтай бялуу зарж байсан чинь нэг хүн ирээд энд юм зарж болохгүй гэхээр нь би за одоо жолооч хүрээд ирэхээр нь явъя гэж хэлтэл одоо зайл гээд машины арын хаалга хаахаар нь би таньд хөөгдөхгүй, цагдаагаа дуудаж хөөлгө гэсэн чинь миний куртка хувцаснаас угзарч татаад байхаар нь урдаас нь хэрэлдсэн юм. Тэгээд “Орхон” төв рүү ороод эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүнийг дагуулаад гарч ирсэн. Тэгээд тэр дагуулж гарч ирсэн хүн нь намайг зайл гичий минь гээд хэл амаар доромжлоод хөөгөөд байсан. Тэгээд удалгүй нэг залуу гарч ирээд намайг хөөж туугаад, хэл амаар доромжлоод, угзарч татаад байж байсан чинь манай нөхөр ирээд яагаад байгаа юм гэсэн. Нөгөө залуу манай нөхөртэй барьцалдаж аваад камер харж байгаа шүү чаддаг юм бол цохьчих гээд байсан. Тэгэхээр нь би нөхөртэй барьцалдаад зогсож байсан залуу дээр очоод гараараа нэг удаа боль гээд цохьсон чинь ээж нь гээд нэг эмэгтэй хүн гарч ирээд миний үснээс зулгааж, нүүр маажсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Э.М гэх залуу манай нөхөртэй зууралдаж байх үед нь би очоод салгах гэсэн чинь араас Ж.Б гэх эмэгтэй хүн ирээд миний үснээс зулгааж, эрүү маажсан. ...Би гомдолтой байна. Миний толгой өвдөж, эрүүн дээр маажсан сорвийг арилгуулах хүсэлттэй байна. Манай машины хаалгыг Р.Э гэх хүн маш чанга хааж хонхойлгосон байсан тул засуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал /,
*Гэрч Р.Эын өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12:30 минутын үед “Орхон” төвийн үүдэнд 02-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод Э.Б гэх эмэгтэй гар дээрээс худалдаа хийж байсан. Тэгэхээр нь очоод наад газартаа битгий худалдаа хийгээд бай, манай үүдэнд зогсоол муутай учир зогсоолоо чөлөөлөөд өг гэсэн чинь миний урдаас “би Архангайн хүн байгаа юм энд таны өмчийн газар юм уу” гэхээр нь би энэ газрын цэвэрлэгээ үйлчилгээг би хариуцсан учраас би чамайг энд зогсоолгохгүй гээд хэлсэн чинь миний өөдөөс хэл, амаар доромжлоод, над руу дайрч намайг түлхээд, нулимаад байсан.Тэгэхээр нь би буцаж эхнэр дээр орж болсон явдын талаар хэлсэн чинь манай эхнэр гарч ирээд шаардлага тавьсан. Тэгтэл бас л эсэргүүцээд байсан. Тэгээд манай хүү Э.М гарч ирээд наад газраа зогсож болохгүй гээд хэлсэн чинь нөхөр гэх нэг залуу хүрч ирээд манай хүүг үг дуугүй хоолойг нь боогоод мөргөөд байсан. Тэгээд би боль гээд цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирэх хооронд манай хүүтэй зууралдаад ална хядна гээд хэл амаар доромжлоод хавьд байсан хүмүүсийг уриалан дуудаж зодоон цохион хийх гээд байсан. Энэ явдлаас болж миний даралт ихсээд, эмнэлэгт хэвтэж байна. Б.Н гэх залуу манай хүүг гараараа боогоод хувцсыг нь ураад нүүрэн мөргөж байсан. Тухайн үед би хүүхдээ салгах гээд дундуур нь орсон чинь цохиод миний зүүн тал хэсэгт шалбарчихсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Э.Мыг Б.Н гэх хүн боочихсон тавихгүй байхаар нь ээж Ж.Б хүүхдээ өмөөрч Э.Б гэх хүүхний араас нь нэг удаа татаж байгаа харагдсан. Тухайн үед бүгдээрээ эрүүл, архи дарс хэрэглээгүй байсан. Энэ явдлын талаар хяналтын камерт бичигдэж үлдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/
* Гэрч С.Д өгсөн:
“...Цагийг нь сайн санахгүй байна. Би “Орхон” худалдааны төвөөс гараад Хасу худалдааны төв орж юбканы цахилгаан авах гээд гарахад “Орхон” худалдааны төвийн гадаа Э.М гэдэг хүнийг нэг танихгүй шар залуу өшиглөж байгаа харагдсан. Тэгээд л би цаашаа явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтэнд:
“...Э.Мын биед, тархи доргилт, зүүн шанаа, чамархай, доод эрүүний зүүн доод талд зөөлөн эдийн няцралт, хүзүү, хоолойн эргэн тойронд, зүүн шанаа чамархай, доод эрүүний зүүн доод талаар цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох дарах, шахах үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлэгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал /
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтэнд:
“...Э.Бийн биед, тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцралт, баруун чамархайд үс зулгаагдсан, доод уруулын доод хэсэгт жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох дарах, шахах үйлчлэлээр үүснэ. тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд, үс зулгаагдсан, доод уруулын доод хэсэгт жижиг зулгаралт нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал /
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтэнд:
“...Ж.Бийн биед оочны баруун талд жижиг цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал /
* Яллагдагч Ж.Бийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 13 цагийн орчимд би өөрийн ажил болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Нийтийн худалдааны төвийн хойд хэсэгт байрлах “Орхон” нэртэй худалдааны төвийн үүдэнд хувиараа хүмүүс гар хийцийн бялуу зарж байсан. Тухайн үед шинэ жил болох гэж байсан болохоор бялуу зарж байсан хүмүүсийг манай нөхөр харсан байсан юм. Бялуу хийхэд асар их өндөг ордог болохоор Орхон төвийн урд талаас авсан бялууг хүмүүс худалдаж аваад хордсон гэсэн яриа гарахаас болгоомжилж, бялуу зарж байсан хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Манай байгуулага гаднах хэсгээ хариуцаж цэвэрлэдэг болохоор хувиараа юм зарж байгаа хүмүүс хог, хаягдлаа хаячихдаг юм. Тэгээд манай нөхөр Р.Э ажлын гадна бялуу зарж байсан хүмүүстэй уулзаад буцаж орж ирэхдээ Э.Б гэх хүүхэн нүүр рүү нулимаад, зүүн талын шанаа хэсэгт хумсаараа маажчихлаа гэж орж ирсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбулган сумын хүнс хариуцсан мэргэжилтэн Болормаа гэх байцаагч руу утсаар залгасан боловч мэргэжлийн хяналтын газар руу залгаж мэдэгд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би мэргэжлийн хяналтын газрын хүнс хариуцсан байцаагч Г гэх залуу руу залгаж болсон явдлыг хэлсэн. Тэгээд гадаа бялуу зарж байсан Э.Б тэй очиж уупзсан. Тэр Э.Б гэх эмэгтэй хэл ам ихтэй, миний урдаас хэрүүл хийгээд, хэл амаар доромжлоод авгай минь, хөгшин төгзөг минь зайл, чамд хамаагүй, пизда минь гээд миний өөдөөс шүлсээрээ нулимаад байсан. Би өөрийн хүү Э.М очиж гадаа бялуу зарж байгаа хүүхэн аавыг чинь хэл амаар доромжлоод шүлсээрээ нулимаад, шанаа хэсгийг нь маажсан байна. Ээж нь гараад яагаад хүн доромжлоод байгаа юм бэ? гэж хэлэхэд намайг бас хэл амаар доромжпоод, нулимаад байна гэж хэлсэн. Тэр үед миний хүү Э.М тэр хүүхэнтэй уулзаад, та хөгшин хүмүүсийг яагаад доромжлоод, буруу харьцаад байгаа юм гэж хэлээд байж байтал цагаан өнгийн приус маркийн автомашин маш хурдтай ирж зогсоод, машинаас нэг залуу бууж ирээд Э.Мыг пизда минь чамайг ална шүү гэж өмсөж байсан цамцаар нь боосон. Тэр залуу Э.Мын хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Улмаар толгойгоороо эрүүн доогуур нь орж байгаад мөргөөд байсан. Тэр залуу дахин, дахин Э.Мыг барьж аваад цамцаараа боогоод байсан. Тэр үед бялуу зарж байсан эмэгтэй болох Э.Б нь хүрч ирээд миний хүү Э.Мын элэг, толгой гээд таарсан газар руу гар, хөлөөрөө болон барьж байсан цүнхээрээ их олон удаа цохиж авсан. Э.Б нь миний хүүг цохиж байгаад нүүр хэсэг рүү нь цохих гэхээр нь би ар талаас нь Э.Бийг нэг удаа өмсөж байсан куртикнээс татаж холдуулсан. Өөрөөр тэр эмэгтэйд би гар хүрээгүй. Э.Б зодоон хийж байх үедээ та нарыг бүгдийн устгана, дуусгана гэх мэтээр маш их заналхийлж байсан. Би цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн, Энэ зодооны бүх бичлэгийг хуулбарлан цагдаад өгсөн байгаа. Э.Б гэх эмэгтэй шинэ жил дуустал манай ажлын гадна талд бялуугаа зарсаар л байсан. Би Э.Бийн биед гэмтэл учруулаагүй. Э.Б нь өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх. ЭМөнхбаярыг Э.Бийн нөхөр зодож байхад Э.Б нь өөрөө Э.Мыг очиж цохиж аваад байсан. Тэр үед л өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх. Би Э.Бийг цохиж, зодоогүй. Хэрэг болсноос 2 цагийн дараа Э.Б нь миний үсийг зулгаасан гэсэн юм яриад байсан би тэр үсийг зулгаагүй. Би Э.Бийн араас нь нэг удаа л татсан өөрөөр биед нь хүрээгүй. Э Батчимэг нь миний баруун талын эрүү хэсэг рүү нэг удаа цохьсон. Баруун талын эрүү өвчтэй болж, зөөлөн эдийн гэмтэл авсан юм. Батчимэг нь манай нөхрийг хэл амаар доромжилж, нүүрийг нь маажсан. Намайг бас хэл амаар доромжилсон болохоор би уурлаад солиотой хүүхэн бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн дүрээр тал/
Яллагдагч Б.Н өгсөн:
Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд Хануй инж гэх нэртэй байранд эхнэрийн хамт хувиараа нарийн боовны цех ажиллуулдаг юм. 2017 оны 12 сарын 20-ны үеэс эхлэн баярын бялуу хийж, 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Нийтийн худалдааны төвийн хойд хэсэгт байрлах Мөнгөт-Оюу эмийн сангийн урд бялуугаа зарсан юм. Маргааш өдөр нь буюу 2017 оны 12 сарын 27-ны өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Нийтийн худалдааны төвийн хойд хэсэгт байх Орхон төвийн гадна зогсож бялуугаа зарсан юм. Өдөр 11 цагийн орчим Орхон төвийн урд тал би өөрийн цагаан өнгөтэй, Тоёота Ноах маркын машинаа байрлуулж, эхнэр Э.Бийг үлдээгээд бялуу заруулсан. Би машинтайгаа яваад 10 орчим минутын дараа эхнэр над руу утсаар яриад энд зогсоохгүй, машинаа холдуул гээд байна гэхээр нь би цагаан өнгийн приус 20 маркын машинаа жолоодоод иртэл Орхон төвийн эзэн гэх 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийт 3 хүн манай эхнэр рүү дайраад хэл амаар доромжилж, хүүхэд нь гэх залуу манай эхнэрийг машин руу нь чирээд зайl гээд байж байсан. Би очоод тэр залууг өмсөж явсан цамцаар нь боож авсан, залуу бас намайг цамцаар боосон. Тэр үед намайг боож байсан залуугийн аав нь гэх хүн ирээд салгах гэж байгаад миний цамцнааас татаж боогоод байсан. Би тэр залуутай зууралдаж, хоорондоо хэрэлдээд нилээн удсан. Надтай зууралдаж байсан залуугийн ээж нь гэх эмэгтэй манай эхнэрийн үснээс нь зулгаагаад туг, тугаар нь үсийг нь унагаасан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж байхад цагдаа нар ирсэн. Надтай маргалдаж байсан Э.М гэх залуу камерынхаа өмнө намайг үгээр идэж цохиулах гээд байгаа бололтой байсан. ...Э.М бид хоёр харилцан нэг нэгнээ боогоод байсан. Би хэдэн удаа боож авснаа мэдэхгүй байна. Ойролцоогоор 1-2 удаа боож авсан байх. Тархи доргилт, гэмтлийг хэрхэн учирсныг мэдэхгүй байна. Э.М бид хоёр ойролцоогоор 5-6 минут зууралдсан. Би Э.Мыг өвдөглөж болон хөлөөрөө өшиглөж зодоогүй. Би толгойгоороо цохиж зодоогүй. ...Миний эхнэр Э.Б нь Э.Мыг цохиж зодоогүй. ...Намайг байхад манай эхнэр Э.Б нь Р.Э, Э.Б нарыг цохиж зодоогүй. Намайг ирэхээс өмнө болсон маргаан, зодооныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30,44,48 дугаар тал/
* Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 33 дугаартай албан бичиг /хх-ийн 23 дугаар тал/
* Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 83 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-82 дугаар тал/
* Эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Орхон” төвийн үүдэнд Б.Н нь Э.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь Э.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Орхон” төвийн үүдэнд Э.Мтай өөрийн эхнэр “Э.Бийг хэл амаар доромжлолоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Орхон” төвийн үүдэнд Э.Бтэй өөрийн хүү “Э.Мыг цохилоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Мын “...та хоёрт ямар хамаатай юм гээд манай аавын нүүрэн тус хэсэгт маажсан байсан. Удалгүй цаанаас нэг залуу гарч ирээд шууд над руу дайраад намайг ална гээд цамцнаас татаж, хоолой боогоод, хувцас урсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Бийн “....Мөнхбаяр гэх залуу манай нөхөртэй зууралдаж байх үед нь би очоод салгах гэсэн чинь араас Ж.Б гэх эмэгтэй хүн ирээд миний үснээс зулгааж, эрүү маажсан ... гэх мэдүүлэг, гэрч Р.Эын “....М гарч ирээд наад газраа зогсож болохгүй гээд хэлсэн чинь нөхөр гэх нэг залуу хүрч ирээд манай хүүг үг дуугүй хоолойг нь боогоод мөргөөд байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Н, Ж.Б нарын яллагдагаар өгсөн мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаатай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Ж.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Н, Ж.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э. М, Э.Б нар нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн /хх-ийн 90 дүгээр тал/ байх тул шүүгдэгч Б.Н, Ж.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н, Ж.Б нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.
Уг хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Н, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Бны Н, Б овогт Ж Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Ж.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, шүүгдэгч Ж.Б нарт шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Ж.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Си Ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал тус хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Б.Н, Ж.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР