| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0148/З |
| Дугаар | 128/ШШ2026/0232 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяа
Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяагийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагч Д.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярхүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяагийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
2.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3.Гомдол гаргагчаас улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
4.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ:
1/...Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8-д заасан зөрчлийг дараах нөхцөл байдал тогтоогдсон нөхцөлд үйлдсэн байхаар хуульчилсан байна. Үүнд,
а.Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй;
б.түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүй.
Гэтэл манай байгууллагын зүгээс сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг дутуу тодорхойлсон болон түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүй зөрчил гаргаагүй. Манай байгууллагын ажилтан Ц.Мөнхзаяагийн 06, 07, 08, 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд даатгуулагчийн төрлийн код 01001 байхыг 70001 төрлийн кодоор алдаатай тайлагнасан зөрүүг гаргасан. Үүнээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл тооцогдох үр дагавар гарсан.
Энэхүү алдааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1 дүгээр зүйлийн 44.1.3 дахь хэсэгт “тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл энэхүү алдаа нь ажил олгогч санаатайгаар бус гагцхүү тооцооны алдаанаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү үүсгэсэн тул түүнд хүлээлгэх хариуцлагын хувьд зөвхөн алданги тооцож, оногдуулахаар хуульчилсан байна.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуулийн 44.1.3-т заасан “тооцооны алдаа” гэдэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайланд залруулга хийх, даатгуулагчийн төрлийг өөрчлөн засах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний Даатгалын санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцох зэрэг хамаарна.
Үүнээс харахад манай гаргасан зөрчил нь даатгуулагчийн төрлийг өөрчлөн засахаас үүдэлтэй тооцооны алдаа байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8-д заасан зөрчлийн шинж хангагдахгүй юм. Бид дээрх тооцооны алдаанаас бий болсон шимтгэлийн зөрүү болон алдангийг төлж барагдуулсан болно.
Манай байгууллага нь Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагч Цагаан овогтой Мөнхзаяагийн 06, 07, 08, 09 дүгээр сарын нийгмийн Даатгалын тайланд зөрүү үүсгэснийг залруулах хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ПС-01/0496 дугаар албан бичгээр гаргасан.
Бид энэ талаар ямарваа нэгэн гомдол, зөрчлийн талаарх мэдээлэл гаргаагүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх замаар шийтгэх хуудас үйлдсэн нь хууль бус юм. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 дэх хэсэгт зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр явуулахаар тогтоосныг зөрчсөн.
2/Дээр дурдсаны дагуу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 28/00198 дугаар актыг үйлдсэн бөгөөд энэхүү актыг маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №0042727 дүгээр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг тус тус 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн ба улсын байцаагчийн оногдуулсан 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №0042727 дүгээр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын агуулга нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяагийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн нь сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагч Ц.Мөнхзаяа нь 700001 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрийн хугацаа нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дууссан байсан. Гэтэл Ц.Мөнхзаяа нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг магадалсан шийдвэрийн хугацаагаа сунгуулсан эрх зүйн баримт бичгээ 2025 10 дугаар сарын 09-ний өдөр авч ирсэн. Хугацаа нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дууссан, сунгуулах процесс 5 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн. Хугацаа сунгагдаагүй байх хугацааны буюу 6, 7, 8, 9 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд зөрүү үүсэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.
Нэгэнт эрх зүйн акт дээр хугацаа сунгагдаагүй байх үеийг алиар нь байх тодорхойгүй нөхцөл байдал үүсэн. Сунгагдах болно гэж баталгаажуулах гэхээр сунгагдахгүй бол зөрчил болох гэж байсан. Хэрвээ сунгагдах юм бол залруулаад явах боломжтой нөхцөл байдал байсан тул Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зүгээс өөрийн харьяа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүсэлтээ гаргасан. ТШ01-0496 дугаартай албан бичгээр хүсэлтээр сунгалт хийгдсэн тухай шийдвэрийг шаардсан боловч хүсэлтээ өгсөн талаар мэдээлж нийгмийн даатгалын шимтгэл төлөгч Ц.Мөнхзаяагаас үл хамаарах нөхцөл байдлыг улмаас 10 дугаар сарын 09-ний өдөр сунгуулсан тул 6, 7, 8 сарын нийгмийн даатгалын тайланд зөрүү үүсээд байна. Иймд тайланд залруулга хийх шаардлага байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь хэсэгт заасны дагуу залруулга хийж өгнө үү. Энэ нь хуульд заасны дагуу тооцооны алдаа байна гэж хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийг хүлээн авч тооцооны алдааг залруулахын оронд зөрчлөө сайн дураараа илчлэн ирлээ гэж бүртгэл үүсгэж зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч 1 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Манай байгууллага зөрчлөө илрүүлэн ирүүлээгүй. Тооцооны алдаа гарлаа, тооцооны алдаа манай байгууллагын буруугаас болоогүй, манай байгууллагын ажилтан н.Мөнхзаяагийн буруугаас болоогүй. Түүний хөдөлмөр алдалтын хувь хэмжээг магадалдаг эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах процесс хуулиараа 6 сар гэж олгосон. 5 дугаар сарын 28-ны өдөр дуусаж 10 дугаар сарын 09-ний өдөр сунгасан гэхээр 5 сарын дотор шийдвэр гарч ирсэнтэй холбоотой тооцооны алдаа гарлаа. Иймд үүнийг залруулга хийе гэдэг хариу өгсөн боловч Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.8-д зааснаар хариуцлага ноогдуулж байгаа нь үндэслэлгүй байх тул гомдлын шаардлага гаргасан. Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
5.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “...Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ПС-01/0416 тоот албан хүсэлтэд дурдсан Сургалт олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагч Ц.Мөнхзаяа нь 70001 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сунгуулсан ба 2025 оны 06.07.08,09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд зөрүү үүсээд байгаа тул залруулж тайлагнах хүсэлт, шаардагдах нотлох баримтыг ирүүлсэн.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс ирүүлсэн хүсэлт нотлох баримтын хүрээнд шалгахад Даатгуулагч Ц Мөнхзаяагийн 2025 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-д зааснаар 2025 оны 12 дугаар зүйлийн 04-ний өдөр №28/00198 дугаартай Улсын байцаагчийн акт үйлдэж, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.8-д зааснаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 0042727 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэл оногдуулсан болно.
Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тодорхойлсон нь шударга ёсыг хангах зарчмын хүрээнд ижил төрлийн зөрчилд ижил хариуцлага оногдох ёстой бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг ялгавартайгаар авч үзэх нь хуульд заасан зорилго, тэгш байдлын зарчимд харшилна. Иймд “Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд”-д оногдуулсан шийтгэл нь үндэслэлтэй юм” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн алан хүсэлтэд “сургалт, олон нийт харилцан хэлтсийн албан хаагч Ц.Мөнхзаяа 700001 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг буюу хөдөлмөрийн чадвар халдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дууссан. 10 дугаар сарын 29-ний өдөр сунгуулсан. Өөрөөр хэлбэл 2025 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд зөрүү үүссэн байх тул залруулж тайлагнах хүсэлт, шаардагдах нотлох баримтыг ирүүлсэн. 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Мөнхзаяагийн хөдөлмөрийн чадвар алдалтын магадлах шийдвэрийн хугацаа дууссан. Энэ хугацаанаас хойш Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн нийгмийн даатгалын шимтгэлийн кодыг тухайн үед залруулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл 01 кодоор тайлагнах ёстой байсан. Гэтэл 01 кодоор тайлагнаагүй. 5, 6, 7, 8, 9 дүгээр сард 70 дугаартай кодоор нь тайлагнаж ирүүлж алдаа гаргасан. Тухайн байгууллагын нотлох баримт, хүсэлтийг үндэслэж хяналт шалгалтын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү үүсэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг улсын байцаагчийн актаар тогтоосон. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан ажил олгогчийн зөв тайлагнах ёстой үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.8-д заасныг үндэслэж зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэл оногдуулсан. Ямар үндэслэлээр зөрчлийн шийдвэр оногдуулж байгаа вэ гэхээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигдсөн бол алданги тооцож торгууль, шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д зааснаар энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэж заасан. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой, зөв тайлагнах ёстой, зөв кодоор тайлагнах ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ оногдуулсан. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон байгаа. Энэ тодорхойлолтын хүрээнд Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж зааснаар шийтгэл оногдуулж байгаа нь энэ зарчмын хүрээнд явагдсан гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч гэж хэн бэ гэдэг тодорхойлсон. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д нийгмийн даатгалын шимтгэл төлөгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгаа. Хуульд зааснаараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5-д зааснаар ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхойлсон. Үүнд цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж сар бүр нийгмийн даатгалын санд төлөх, мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, шийтгэлийн хуудас, тавьсан албан шаардлага, өгсөн мэдээллийг хугацаанд нь бүрэн биелүүлэх үүргийг тус тус хуульчилж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийтгэлийн зорилгыг тодорхойлж өгсөн. Шийтгэлийн зорилго дээр хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж заасан. Өөрөөр хэлбэл шударга ёсыг хангах зарчмын хүрээнд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагыг ялгавартай үзэхгүйгээр Зөрчлийн тухай хуульд заасан зорилгын хүрээнд тухайн шийтгэлийг оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг тодорхойлсон. Тус хуулийн 2.3 дахь хэсэгт шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд ямар ямар зүйл заалтыг оруулсан байгаа вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа, зөрчлийн шинжгүй бол төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс гэдгийг нь тодорхойлж өгсөн. Үүн дээр ямар нэгэн чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9-д зааснаар зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдлыг тусгасан. Үүн дээр ямар зүйл байгаа вэ гэхээр зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл заалт хүчингүй болсон, зөрчил үйлдсэн хүн нас барьсан, тухайн зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, эрх бүхий байгууллага албан тушаалтан эсвэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж эдгээр зүйл заалтыг оруулж өгөхөөр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн дээр зөрчлийн хэрэг нээхгүй шийтгэлээс чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй. Мөн хүсэлтэд улсын байцаагчийн акт тавигдаж байгаа. 25 хувиар нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү төлөх байсан бол 19.3 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа. Энэ зөрүү дээр төлөгдөж байгаа улсын байцаагчийн акт тавигдаж байгаа. Үнэн зөв тодорхойлоогүй гэдэг үүднээс шийтгэлийн хуудас ногдуулсан. Хэрэг бүртгэлд прокурорын тавих хяналтыг Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаа бүгд прокурорын хяналтад явагддаг. Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх дээр прокурор хяналт тавьж байгаа. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх дээр прокурор хяналт тавьж байгаа. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа юу гэдэг дээр прокурор давхар давхар хяналт тавьж байгаа тул хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагаа хуулийн дагуу буюу прокурорын хяналт дор явсан ажиллагаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяагийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
2.Гомдол гаргагчаас “тооцооллын алдаа гаргасан, даатгуулагчд өөрт нь сануулж байсан” гэж, хариуцагчаас “хуульд заасан хувь хэмжээг үнэн зөв суутган тооцоогүй” гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагч байгууллагын Сургалт олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагч Ц.Мөнхтуяа нь 70001 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусч 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сунгагджээ.
4.Гэтэл гомдол гаргагчаас түүний 2025 оны 06,07,08,09 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх кодоор тайлагнасан нь хуульд нийцээгүй байна.
5.Учир нь Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийн 4.12-т “Салбар болон аймаг, дүүргийн магадлалын зөвлөл нь даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг сунгах, цуцлах үйл ажиллагааг дараах байдлаар зохион байгуулна.” гээд 4.12.1-д “даатгуулагч, хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг сунгуулахдаа өмнөх шийдвэрийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө, эсхүл уг хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор магадлалын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн тохиолдолд өмнөх шийдвэрийн хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн сунгана. Харин энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд хурлаар хэлэлцсэн өдрөөс эхлэн сунгаж шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрээр иргэн Ц.Мөнхзаяаг Е11 буюу инсулинаас үл хамаарах чихрийн шижин өвчний улмаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоожээ.
6.Тухайн иргэн нь хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө, эсхүл хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа магадлалын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, харин 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцүүлж, мөн өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгуулсан байна.
7.Дээрхээс дүгнэвэл түүний 2025 оны 06,07,08,09 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг 70001 кодоор тайлагнасан гомдол гаргагчийн үйлдлийг зөрчилд тооцсон хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.
8.Өөрөөр хэлбэл даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг хугацаатай тогтоодог, уг хугацаа дууссан тохиолдолд сунгах, эсхүл цуцлах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй буюу тасалдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 01001 кодоор тайлагнах нь зүйтэй.
9.Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ” гээд 44.1.3-д “тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан бөгөөд дээрх зөрчлийг тооцооны алдаа гэж үзэх боломжгүй.
10.Учир нь тооцооны алдаа гэдэгт зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх тоон утгын зөрүүг ойлгохоос бус даатгуулагчийн ангилал буюу код хамаарахгүй.
11.Нөгөөтэйгүүр дээрх зөрчилд улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудсыг тус тус ногдуулсан нь нэг зөрчилд давхар шийтгэл ногдуулж буй хэлбэр биш бөгөөд улсын байцаагчийн актаар дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдох алдангийг, шийтгэлийн хуудсаар зөрчилд нь хариуцлага хүлээлгэж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-д тус тус заасныг баримтлан Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн гомдолтой Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяад холбогдох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Энхтуяагийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0042727 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ