| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0064/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Г.А, Т.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн А, Б овогт Тийн Л нарт холбогдох 201503000497 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр нөхөр, 4 хүүхдийн хамт ,,,оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Б овогт Г А ,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,амьдардаг,, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар 17-ны өдрийн 110 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт 4 жилийн хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан Б овогт Т-ийн Л
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.А, Т.Лнар нь Э.Б-той бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Тын Алату үүлдэрийн сүүний чиглэлийн 3 тооны үхрийг хулгайлж 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 201503000497 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Тын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт хэдэн үхэр малладаг юм. 2015 оны 10 сарын 20-ны өдөр манай үхрийг хардаг С над руу утсаар яриад өчигдөр орой үхрээ хайгаад олсонгүй гэж ярьсан. Маргааш нь буюу 2015 оны 10 сарын 21-ний өдөр үхрээ хайгаад мөн олоогүй. Тэгсэн С над руу утсаар яриад манай 3 үхрийн шир нь Бортолгойн гудамжинд байна гэж хэлсэн тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэр өдөр би аймгийн хүнсний захаар явж үхрийн мах зарж байгаа ченж нараас асууж өчигдөр 3 үхэр алдсан сэжигтэй зүйл харагдвал хэлээрэй гэсэн тэгсэн О гэх ченж орой нь 3 үхрийн мах айлд очиж авсан талаар мэдээд очиж уулзсан чинь манай алдсан 3 үхрийн махыг нь авсан байсан. Манай алдсан 3 үхэр эрлийз үнээ биеэр том үнээнүүд байсан. Тэгээд тэр ченжээс 3 үхрийн махыг хаанаас ямар айлаас авсан талаар асууж тэр айлд нь очиж хулгай хийсэн хүмүүсийг нь цагдаад мэдээлсэн юм. Би алдсан 3 тооны үнээгээ Төв аймгийн Батсүмбэр сумаас нэгийг 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан энэ үнээнүүд “Семинтал” үүлдэрийн сүү, махны чиглэлийн үнээнүүд байсан нэг нь улаан цоохор, нэг нь цагаан, нэг нь хүрэн зүстэй бүгд зөв чих цуулбар имтэй байгаа, тэжээж байдаг болохоор их тарган энэ өвөл тугалах үнээнүүд байсан юм. Тэгээд би цагдаагийн ажилтануудтай хамт хулгай хийсэн хүмүүсийн нядалсан гэх газарт очиж үзсэн чинь манай үнээнүүдийн хөлийн шийрийг нь хаясан байсан. Би алдсан үнээгээ нэгийг нь 3.000.000 төгрөгөөр үнэлж байгаа нийтдээ 9.000.000 төгрөг болно. Учир нь гэвэл манай үнээнүүд ийм л ханштай байдаг сүү махны чиглэлийн үнээ байсан. Би алдсан үхрийнхээ хохирлыг төлүүлчих юм бол гомдол санал гээд байх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч Т.Сийн өгсөн:
“...Намайг 2015 оны 10 сарын 19-ний шөнө 03:00 цагийн орчимд гэртээ унтаж байхад манай гадаа машин дуугарч гаднаас А, Б, Л гурав орж ирээд удалгүй гараад явчихсан. Тэгээд өглөө босоод хашаанд байх байшиндаа орсон чинь гурван үхрийн мах, 6 хөл хийж эвдээд тавьсан байсан. Тэр махыг А, Л, Б гурав шөнө оруулж явсан байсан. Тэр үхрийн мах шороотой холиолдсон байсан. Тэр орой нь 19:00 цагийн орчимд А махны ченж гэх 2 хүүхэн дагуулж ирээд нөгөө үхрийн махаа өгч явуулсан. Тэр шөнө би гэрээс гарч ямар машинтай ирснийг нь хараагүй харин А цагаан өнгийн Портер маркийн машинтай юм. Ямар зүсний үхэр авч ирснийг нь бол мэдэхгүй байна. Тэр шөнө Б, Л, А нар манайд хоолны мах гээд тортой үхрийн мах өгсөн. Л нь миний төрсөн дүү байгаа юм. Харин Б, А хоёрыг таних болоод нэг сар болж байна. Би хулгайн малын мах байсан гэдгийг нь мэдээгүй тэр хэд надад ямар нэг зүйл яриагүй...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 26-27 дугаар тал/,
*Гэрч Б.Эийн өгсөн:
“...Намайг 2015 оны 10 сарын 19-ний шөнө 03:00 цагийн орчимд гэртээ унтаж байхад манай гадаа машин дугарч гаднаас Т.Л танихгүй хоёр залуугийн хамт орж ирсэн, нэг танихгүй залуу нь манайх үхэр алсан юм гэж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэсэн чинь тэр залуу ах нь 15 жилтэй арыг нь даана гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд тэр хэд манай байшинд үхрийн мах оруулж тавьсан гэж байсан. Би түүнийг хараагүй гэрээсээ ч гараагүй тэгээд Т.Л манайд үлдээд нөгөө хоёр залуу нь яваад өгсөн. Дараа нь цагдаад баригдахаар нь хулгай хийсэн талаар нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч Т.Сын өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт Б.Т ахын үхрийг нь хардаг юм. 2015 оны 10 сарын 19-ний орой 18:00 цагийн үед үхэртээ яваад олоогүй ирсэн. Тэгээд маргааш өглөө нь үхрээ хайж олсон чинь 3 тооны эрлийз үнээ алга болсон байсан. Би тэр хавиар яваад олоогүй, маргааш нь буюу 2015 оны 10 сарын 21-ний өглөө Бортолгойн гудамжинд явж байхад замын хажууд алга болсон үхрийн 3 шир нь байсан тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Бүгдээрээ сүүний чиглэлийн эрлийз үнээнүүд байсан зүс нь гэвэл улаан цоохор, хөх цоохор, нэг нь сартай улаан зүсний үнээнүүд байсан. Эдгээр үхрүүдийг хулгай хийсэн хүмүүс цагдаад баригдсан гэж сонссон яг хэн гэдэг хүмүүс хулгай хийснийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч О.Аийн өгсөн:
“...2015 оны 10 сарын 20-ны өдөр намайг зах дээр байж байхад А гэх залуу ирээд үхрийн мах авах уу гэсэн тэгэхээр нь О бид хоёр махыг нь авахаар Аг дагаж явж Бортолгойн 48-08 тоот хашаанд очсон тэр хашаанд нэг гэр хажууд нь байшин байсан. Бид хэд байшинд ороход 3 тооны үхрийн мах 6 хөл хийж эвдээд сэврээж орхисон байсан тэгээд бид хоёр махыг нь жинлэж үзэхэд нэг үхэр нь 133.000 кг болж кг-г нь 3200 төгрөгөөр бодож авсан, нөгөө хоёр үхэр нь нийлээд 230.000 кг болсныг нэг кг-ийг нь 3000 төгрөгөөр бодож нийт 1.115.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед бид хоёр энэ үхрүүдийн гарал үүсэл нь хаана байгаа гэж асуусан чинь тэнд байсан шар залуу энэ үхрүүд миний үхэр байгаа юм. Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас ирсэн гээд гарал үүсэл гаргаж өгсөн түүнийг нь харсан чинь багийн даргаараа хийлгэсэн гарал үүсэл байсан. Тухайн үед тэнд тэр айлын эхнэр нөхөр хоёр, А, нөгөө гарал үүсэл гаргаж өгсөн залуу, биеэр жижиг бууралдуу үстэй хөгшин гэмээр нэг ах зэрэг хүмүүс байсан. Би эхлээд танихгүй байсан дараа нь цагдаагаас О бид хоёрыг дуудахаар нь очсон чинь анх зах дээр ирсэн залууг А, гарал үүсэл гаргаж өгсөн залууг нь Л, нөгөө бууралдуу үстэй хөгшин гэмээр ахыг Б гэж байсан тэр хэд цагдаа дээр баригдаад ирсэн гээд байж байсан. Бид хоёрын авсан 3 үхрийн нэг нь тарган, нөгөө хоёр үхэр нь дундын махтай байсан үхрийн хувьд яс томтой мөртлөө жин багтай үхрүүд байсан. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй тэр залуучууд гарал үүслийн бичиг гаргаж өгсөн болохоор хулгайн мал байсан гэдгийг нь мэдээгүй юм. Ер нь бол гарал үүсэлгүй мал мах авдаггүй юм. Тэр үхрийн махыг жинлээд лангуун дээрээ зарсан....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 32-33 дугаар тал/,
*Гэрч С.Оийн өгсөн:
“...2015 оны 10 сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад танихгүй саарал дээлтэй залуу 17:00 цагийн үед ирээд намайг та үхрийн мах авах уу? гэсэн тэгэхээр нь би үхрийн мах авна гээд орой нь нөгөө залуутай утсаар яриад мах байгаа газарт нь очсон тэр газар нь Ботолгойн гудамж байсан яг хэдэн тоот байсныг нь мэдээгүй намайг очиход хоосон байшинд 3 үхрийн мах 6 хөл хийн эвдсэн байсан тэгээд би тэр махыг тэнд жинлэж үзэхэд нэг үхэр нь 133 кг, нөгөө хоёр үхэр нь нийлээд 230 кг болж байсан 133 кг болсон үхрийг нэг кг-ийг нь 3200 төгрөгөөр бодож нөгөө хоёр үхрийг нэг кг-ийг нь 3000 төгрөгөөр бодож нийт 1.115.000 төгрөгөөр худалдан авсан. Намайг тэр мах байгаа газарт очиход анх зах дээр ирсэн залуугаас гадна нэг залуу мөн биеэр жижиг хөгшин бололтой нэг ах байсан тухайн үед энэ 3 үхрийн гарал үүслийн бичиг хаана байгаа гэсэн чинь тэнд байсан нэг залуу нь энэ 3 үхэр миний үхэр байгаа юм Төвшрүүлэх сумаас ирсэн гарал үүсэл нь энэ байна гээд гаргаж өгч байсан би гарал үүслийг нь харсан чинь тамга тэмдэгтэй гарал үүслийн бичиг байсан би тэр хэдээс толгой, гэдэс дотор, ширийг нь асуухад ченжид өгчихсөн гэж байсан. Миний авсан 3 үхрийн нэг нь тарган, нөгөө хоёр үхэр нь дундын махтай байсан үхрийн хувьд яс томтой үхрүүд байсан тэр залуу надад ярихдаа Монголын үхэр байгаа гэж байсан тэр үхрийн хавирга нь их өргөн байсан. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй тэр залуучууд гарал үүслийн бичиг гаргаж өгсөн болохоор хулгайн мал байсан гэдгийг нь мэдээгүй юм. Манай захын ченж нар гарал үүсэлгүй мал мах авдаггүй юм...’ гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч Ж.Рын өгсөн:
“...Г.А цагдаад машинаа хураалгасан чи очоод өгөөч гээд байсан. Г.А 2015 оны 06 сард Улаанбаатар хотоос хүнээс портер маркийн авто машин худалдан авч байгаа чи хамт яваад унаад ирээч би бичиг баримт байхгүй гэсэн тэгээд би Улаанбатар хотоос машиныг нь унаж ирсэн Архангай аймагт ирээд Г.А машиндаа улсын дугаар миний нэр дээр авсан. Учир нь Г.А бичиг баримт байхгүй болохоор миний нэр дээр гэрчилгээ нь гарсан одоо өөрийнхөө нэр дээр нь шилжүүлж би өөрийнхөө нэрийг хасуулна, тэр худалдан авсан машин нь цагаан өнгөтэй портер маркийн 62-48 АРХ улсын дугаартай авто машин байгаа. Би хэн гэдэг хүнээс хэдэн төгрөгөөр худалдан авсныг одоо санахгүй байна. Одоо тэр машин авсан хүнтэйгээ ямар нэг өр авлага байхгүй болов уу гэж бодож байна тухайн үед Г.А үнийг нь бүрэн төлж авсан болоод миний нэр дээр шилжиж ирсэн, миний зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Ан эхнэр нь манай холын хамаатан гэж байсан 2015 оны 06 сард Улаанбаатар хот руу явахад л анх танилцсан өмнө нь бол таньдаггүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 94 дүгээр тал/
*Яллагдагч Т.Лгийн өгсөн:
“...2015 оны 10 сарын 19-ний өдөр байх өдрийг сайн санахгүй байна. Б гуайнд би очсон тэгтэл мөнгөний хэрэг байна хулгай хийе гэсэн тэгэхээр нь би тэгье гээд бид хоёр Агийнд очиж уулзахаар очсон. Мөн Б ахын төрсөн охин Агийнд очиж цайны сүү олоод ирье гэж байсан. Миний Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой Агийнд “Онгоны ам” гэх газар очсон. Б Ад мөнгөний хэрэг байна хулгай хийе гээд Аг гуйсан чинь яваагүй. Б бид хоёр орой 17-18 цагийн үед очоод тэгээд сүү аваад орой 18-19 цагийн үед Б ахынд очих гээд явсан тэр үед орой бүрий болж байсан юм. Замд ТМС-ийн харалдаа төв засмал замын ард 20 гаруй тооны үхрүүд Сүрьеэгийн ам руу цуваад явж байсан. Тэгтэл Б зогсож бай гэснээ буугаад явсан чинь 3 тооны үхэр туугаад ирсэн. Тэгээд энэ гурван үхрийг янзалъя ах нь тулсан ялтай гээд туугаад ТМС-ийг чиглээд явчихсан. Тэгээд бид хоёр тууж ТМС-ийн эрэг доорх малын эзэнгүй хашаанд авчирсан. Тэр гурван үхрийг хашаад бид хоёр Б ахынд Онгоцны буудлын ард байдаг Наранбулагийн гудамжинд гэрт нь очиж сүх, хутга хоёр аваад явгаар алхаж нөгөө гурван үхэр дээр очсон. Тэгээд бид хоёр нядлаж байгаад Б ах Атай утсаар яриад ТМС-ийн урд үхэр алсан байна ачаадах гэж хэлсэн. Тэгтэл А хамгийн сүүлийн үхрээ алж байтал өөрийнхөө цагаан өнгийн Портер маркийн машинтай ирсэн. Тэр гурван үхрийг Б ах алахдаа сүхээр цохиж унагаад хутгаар цусалсан. Тэгээд толгой, шийрийг нь салгаж аваад нөгөө гурван үхрийг арьстай нь дундуур нь шууд хуваасан Б ах ингэдэг юм л гээд байсан. Тэгээд Агийн машин дээр ачиж жаахан зайдуу очиж байгаад бид гурав арьсыг нь өвчиж салгаад манай С ахын хашаанд авчирч байшингийн үүдний амбаарт махаа хийсэн. Тэгээд гурван үхрийн арьсыг Б ах А хоёр аваад явсан замдаа гудамжинд хаясан байсан гэсэн би бол гэртээ үлдээд тэр хоёр шөнө яваад өгсөн. Маргааш нь би Б ахтай хамт Төвшрүүлэх сумын төв орж багийн засаг дарга Уранчимэгээс өөрийнхөө 3 үхрийг махлах гэж байгаа гэж бичиг хийлгэж аваад захын ченж дуудаж ирээд Б ах зарсан 1 сая гаран төгрөг болсонг А, Б бид гурав хувааж авсан ийм асуудал болсон юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 96-97 дугаар тал/
*Яллагдагч Г.Агийн өгсөн:
“...2015 оны 10 сарын 19-ний орой 15-16 цагийн орчим байх манайх тухайн үед ТМС-ийн арын аманд намаржиж байтал Б, Л хоёр мотоциклтой ирсэн. Тэгээд Б ах хүүхэд төрчихлөө цайны сүүний хэрэг байна гээд сүү аваад явсан. Тэгтэл шөнө буцаж Л, Б хоёр мотоциклтой ирээд гурван үхэр ТМС-ийн урд хашаан дотор барьж аваад уячихлаа янзлаад аймаг оруулаадхъя гэхээр би яваагүй. Тэр хоёр яваад өгсөн тэгээд цагийн дараа Б өвгөн 2-3 удаа утасдаад ТМС-ийн урд эрэг доор хүрээд ир гялс аймгийн төв рүү оруулаад өг янзалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би яваад очтол хоёр үхрийг нь янзлаад толгой, шийрийг салгаад арьстай нь цээж бөгс болгож хоёр хуваасан нэг үхрийг янзалж байсан. Тэгээд миний машин дээр ачиж Лгийн ах Сийн хашаанд тэр хоёрыг хүргэж өгөөд явсан. Тэгээд маргааш нь намайг гэртээ байсан чинь мах өгчих гайгүй махны ченж байна уу? гэхээр нь би зах дээр ирж лангуун дээр зогсож байсан эгчээс мах авах уу? гэсэн чинь авна гэсэн тэр эгч Сийн хашаанд 20-30 минутын дараа очсон. Тэгээд Л, Б хоёр махаа өгсөн дараа нь надад Л 300.000 төгрөг өгсөн ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 дугаар тал/
*Яллагдагч Э.Бийн өгсөн:
“...Би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь А хүүхдийн сүү манайд очиж аваарай гэхээр нь би Лг зах дээр байхаар нь хамт мотоциклтой яваадахъя гэж хэлсэн. Тэгтэл Л манайд хүрээд ирсэн. Тэгэхээр нь Лгийн мотоциклтой ТМС-ийн ард байсан Агийн гэрт очсон. Тэгтэл шөнө орой сүү өгөхгүй гэхээр нь Л бид хоёр буцаад явж байтал Сүрьеэгийн аманд 10 гаран тооны үхэр явж байсан. Манай ахын үхрүүд байгаа юм. Манай ахынх энд байдаг гээд тэр үхрүүдийг мотоциклоороо туугаад ТМС-ийн урд байранд аваачиж тэр үхрүүдийг хашаад мотоциклийн араасаа уяа аваад 3 үхэр уясан. Тэгээд Агаар ачуулъя гээд гэрийнх нь гадаа очоод Агийнд орж 3 үхэр ачаад аймаг оруулаад өг гэсэн чинь А чадахгүй гэж байсан. Тэгсэнээ зөвшөөрөөд 3 үхрийг нь ачиж явахаар болсон байсан. Тэгээд Агийн машинтай бид 3 очоод нөгөө 3 үхрийг ачсан тэгээд жаахан явж байгаад нэг малын хашаан дээр зогсож Л энэ гурван үхрийг энд алчихъя ахын хашаанд алахаар баас, шээс болоод байдаг юм гээд тэр гурван үхрийг алж нядлаад чээж, бөгс болгоод Л ахын хашаанд очиж буулгасан би энэ хэрэгт ямарч хамаагүй. Л өөрийн үхрийг алж байгаа гэж байсан надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Би Лг мотоциклийн таксинд явдаг байхад Хайрхан сум руу явж байгаад танилцсан. Би 2011 онд цагдаа дээр Аг шалгагдаж байхад нь танилцсан тэгээд гэрт нь хамт байдаг байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 дугаар тал/
*Яллагдагч Д.Уийн өгсөн:
“...2015 оны 10 сарын 20-ны өдөр байх манай сумын миний хариуцсан багийн иргэн Т.Л сумын Засаг даргын тамгын газарт ирж надтай уулзсан. Т.Лнь сум хөгжүүлэх буюу малжуулах сангаас зээл аваад төлөх хугацаанаас хэтэрч төлөгдөөгүй 1.000.000/нэг сая/ төгрөгийн зээлтэй явсан юм. Тухайн үед сум хөгжүүлэх сангийн хүмүүс надаар Т.Лг өр зээлээ төлж барагдуул гэж хэлүүлж байсан юм. Тэгтэл Т.Лнь өр зээлээ барагдуулах гэсэн юм сая зээлийн мэргэжилтэнтэй уулзсан 2, 3 монгол үхрээ зарж өр зээлээс гаръя гээд ирж уулзсэн. Тэгээд надаар гарал үүслийн бичиг бичүүлсэн өөрийн мал шиг им зүсийг түгдэлгүй хэлээд бичүүлэхээр нь би өөрийнх нь А дансанд байсан 2-3 үхрийг алж нядлаж зарах гэж байгаа юм байна гэж итгээд бичиг хийгээд өгсөн. Тухайн үед би хог цэвэрлэгээний ажилтай гадуур явж байсан. Тэгээд би тэгвэл чи цагдаа дээр очоод зургаа авахуулаад бичиг аваад ир, мал эмнэлгээс бичигээ аваад ир гэсэн чинь за очоод аваад ирье гэж яваад эргэж ирээгүй юм. Би хулгай мал дээр бичиг хийлгүүлсэн гэдгийг цагдаа дуудаад шалгах үед нь мэдсэн. Бид малын “А” дансаа үндэслэж гарал үүслийн бичиг хийдэг. Тухайн үед над дээр ганцаараа ирж уулзаж байсан. Би Лг манай багийн иргэн гэдгээр нь таньдаг юм. Т.Лгийнх “Бор шанд” гэх газар эхнэр хүүхэдтэйгээ байсан. Эхнэрээсээ салсан авч ирэх гэж байгаа гээд байсан. Ээж нь бие муутай хөгшин гэртээ байдаг хамт байдаг байх ер бол сүүлийн үед тогтвор суурьшилтай гэр орноороо байхгүй байгаа. Т.Лнь 10 хүрэхгүй мал тоолуулж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 37 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5-8 дугаар тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 17-20 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 50-52, 70-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2015 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Тын Алату үүлдрийн 3 тооны үхэр алдагдаж 8.400.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Г.А, Т.Л нар нь бусадтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Тын Алату үүлдрийн 3 тооны үхрийг хулгайлж 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Тын “...2015 оны 10 сарын 21-ний өдөр үхрээ хайгаад мөн олоогүй. Тэгсэн С над руу утсаар яриад манай 3 үхрийн шир нь Бортолгойн гудамжинд байна гэж хэлсэн тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэр өдөр би аймгийн хүнсний захаар явж үхрийн мах зарж байгаа ченж нараас асууж өчигдөр 3 үхрийн алдсан сэжигтэй зүйл харагдвал хэлээрэй гэсэн тэгсэн О гэх ченж орой нь 3 үхрийн мах айлд очиж авсан талаар мэдээд очиж уулзсан чинь манай алдсан 3 үхрийн махыг нь авсан байсан. Манай алдсан 3 үхэр 3-лаа эрлийз үнээ биеэр том үнээнүүд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Сийн “...Намайг 2015 оны 10 сарын 19-ний шөнө 03:00 цагийн орчимд гэртээ унтаж байхад манай гадаа машин дуугарч гаднаас А, Б, Л гурав орж ирээд удалгүй гараад явчихсан. Тэгээд өглөө босоод хашаанд байх байшиндаа орсон чинь гурван үхрийн мах, 6 хөл хийж эвдээд тавьсан байсан. Тэр үхрийн мах шороотой холилдсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эийн “...Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гэсэн чинь тэр залуу ах нь 15 жилтэй арыг нь даана гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд тэр хэд манай байшинд үхрийн мах оруулж тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Сын “...2015 оны 10 сарын 21-ний өглөө Бортолгойн гудамжинд явж байхад замын хажууд алга болсон үхрийн 3 шир нь байсан тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм....” гэх мэдүүлэг, гэрч О.Аийн “...Бид хэд байшинд ороход 3 тооны үхрийн мах 6 хөл хийж эвдээд сэврээж орхисон байсан тэгээд бид хоёр махыг нь жинлэж үзэхэд нэг үхэр нь 133.000 кг болж кг-г нь 3200 төгрөгөөр бодож авсан, нөгөө хоёр үхэр нь нийлээд 230.000 кг болсныг нэг кг-ийг нь 3000 төгрөгөөр бодож нийт 1.115.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Оийн “...2015 оны 10 сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад танихгүй саарал дээлтэй залуу 17 цагийн үед ирээд намайг та үхрийн мах авах уу? гэсэн тэгэхээр нь би үхрийн мах авна гээд орой нь нөгөө залуутай утсаар яриад мах байгаа газарт нь очсон тэр газар нь Ботолгойн гудамж байсан яг хэдэн тоот байсныг нь мэдээгүй намайг очиход хоосон байшинд 3 үхрийн мах 6 хөл хийн эвдсэн байсан. ... нийт 1.115.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Т.Лгийн “...2015 оны 10 сарын 19-ний өдөр байх өдрийг сайн санахгүй байна. Б гуайнд би очсон тэгтэл мөнгөний хэрэг байна хулгай хийе гэсэн тэгэхээр нь би тэгье гээд бид хоёр Агийнд очиж уулзахаар очсон. “...Тэгтэл Б зогсож бай гэснээ буугаад явсан чинь 3 тооны үхэр туугаад ирсэн. Тэгээд энэ гурван үхрийг янзлая ах нь тулсан ялтай гээд туугаад ТМС-ийг чиглээд явчихсан. Тэгээд бид хоёр тууж ТМС-ийн эрэг доорх малын эзэнгүй хашаанд авчирсан. “...Тэгээд бид хоёр нядлаж байгаад Б ах Атай утсаар яриад ТМС-ийн урд үхэр алсан байна ачаадах гэж хэлсэн. Тэгтэл А хамгийн сүүлийн үхрээ алж байтал өөрийнхөө цагаан өнгийн Портер маркийн машинтай ирсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Агийн “...2015 оны 10 сарын 19-ний орой 15-16 цагийн орчим байх манайх тухайн үед ТМС-ийн арын аманд намаржиж байтал Б, Л хоёр мотоциклтой ирсэн. Тэгээд Б ах хүүхэд төрчихлөө цайны сүүний хэрэг байна гээд сүү аваад явсан. “...Тэгэхээр нь би яваад очтол хоёр үхрийг нь янзлаад толгой, шийрийг салгаад арьстай нь цээж бөгс болгож хоёр хуваасан нэг үхрийг янзалж байсан. Тэгээд миний машин дээр ачиж Лгийн ах Сийн хашаанд тэр хоёрыг хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.А, Т.Лнарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.А, Т.Лнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Г.А, Т.Лнарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй болно.
Улсын яллагч шүүгдэгч Г.А, Т.Лнарыг Э.Бтой бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй, шүүгдэгч Г.А, Т.Лнарыг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж заагаагүй байх тул шүүгдэгч нарыг шүүхээс бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Лгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий супер Даюун маркийн мотоциклийг хураан авч хохирол нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 62-48АРА улсын дугаартай хюндай портер маркийн авто машин нь Ж.Р гэх хүний өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-24х/ тогтоогдож байх ба уг машиныг хураах боломжгүй бөгөөд машины үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Лгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ болох 833400 төгрөгийг гаргуулан хохирол нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, шүүгдэгч Г.Агаас 833400 төгрөг гаргуулан улсын орлого болгон тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 493, 500 дугаартай захирамжаар /1-р хх-213, 214/ шүүгдэгч Г.А, Т.Л нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд 2017 оны 05 сарын 03-ны өдөр суллагдсан болох нь хэрэгт авагдсан Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 01/159 тоот албан бичиг /хх-30х/, суллагдлын лавлагаа зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь энэ хэрэгт тус бүр 180 хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт авагдсан бичмэл эд мөрийн баримт болох “Мал амьтад, түүхий эдийн гарал үүсэл” гэх баримтыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн А, Б овогт Тийн Л нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Лг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Т.Лнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгаас 2.800.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 36-4 тоотод оршин суух Б.Т /РД:ЙЮ75080218/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгийн 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 180 хоног, шүүгдэгч Г.Агийн 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 180 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгаас хэрэгт битүүмжилсэн 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий супер Даюун маркийн мотоцикль, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ болох 833.400 төгрөгийг тус тус гаргуулан хохирол нөхөн төлүүлэхээр Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Г.Агаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ 833.400 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг устгаж, мал амьтад, түүхий эдийн гарал үүслийн бичгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгч Г.А бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.А, Т.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР