Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0353/Э

 

 

 

 

 

 

 

 

 2024      04          10                                          2024/ШЦТ/156

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч А.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч А.А-т холбогдох эрүүгийн 2425000000137 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

А.А

Шүүгдэгч А.А нь;

2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр такси үйлчилгээ эрхэлдэг Ц.Б-н *****ОРБ улсын дугаартай “Toyota prius-20” /Тоёота Приус/ загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2 дугаар байрнаас 3-9 дүгээр байрны таксины зогсоол хүргүүлэх замдаа тус тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй хохирогч Г.М-н гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох “Samsung A-14” /Самсунг А-14/ загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж, бага хэмжээнээс дээш буюу 393.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.А “...Тухайн өдөр гэрээсээ гараад такси барьсан, хүнтэй утсаар ярьж явсан учраас утсаар ярьсан чигээрээ таксинд суусан, таксины арын хаалгыг онгойлгоход яалт ч үгүй утас өөдөөс унаад ирсэн, суудал, хаалга хоёрын завсар л байсан юм шиг байгаа юм. Унаад ирсэн утсыг би авчихаад, утсаар яриад явж байсан болохоор огт анзааралгүй цүнхнийхээ амсар дээр тавьчихсан, таксины мөнгийг авах гэж цүнх рүүгээ гараа хийгээгүй, өөрийнхөө өвөрт байсан таксины мөнгийг авч өгчихөөд цүнхээ аваад буусан, тэр хооронд нөгөө утсыг мартсан байсан. Ажил, үйлчилгээгээ хийж дуусчихаад, цүнхээ онгойлгоод утас олсноо санаад утсыг нээх гэхэд “ээж” гэдэг дугаар залгасан байсан боловч тэр дугаарыг ямар дугаар болохыг мэдэх боломжгүй, утасны цэнэг дуусаж байсан, 17 цаг өнгөрч байхад гэртээ очоод цэнэглэх гэсэн боловч утас унтарчихсан, асаах ямар ч боломж байхгүй байсан. Би тэр утсыг олсон цагаасаа хойш нэг ч удаа унтраалгүйгээр мессеж ирэхийг нь хүлээгээд хадгалж байсан, цагаан сарын өмнө манай хүүхэд “ээжээ надад андройд утасны хэрэг гараад энэ утас эзэн нь олдохгүй байгаа юм чинь форматлаад түр ашиглачих уу” гэхээр нь “болохгүй, хүний юмыг тэгж яах юм” гэсэн, форматалж байж тэр утас асаж байгаа юм, тэр утас цоожтой учраас асахгүй байгаад байсан, надад ашиглах, хэрэглэх сонирхол байгаагүй, утсыг асааснаас хойш цагдаагийн байгууллагаас над руу залгахаар нь “тийм ээ, би утас олсон” гэж үнэнээ хэлээд “утсыг эзэнд нь хүлээлгээд өгөөрэй, энэ бол яалт ч үгүй хүүхдийн утас байсан шүү” гэж хэлээд өгсөн. Прокурорын зүгээс “та үүнийг завшсан” гэж байна, би ойлгохдоо “завшина” гэдэг удаан бариад, хэрэглээд, ашиглачихсан бол магадгүй завших үйлдэл байх, би санамсаргүй байдлаасаа болоод санаандгүй гэмт хэрэгт холбогдчихсон байна гэдгээ ойлгож авах нь авсан, гэхдээ миний бодол санаа бөгөөд миний үйлдэлд ямар ч завших санаа сэдэл байгаагүй, тэр хүний утсыг яг бодитоор нь байлгаж, хадгалж байгаад өгсөн. Миний гэм буруутай үйлдэл бол иргэний журамт үүргээ биелүүлж, утсыг цагдаагийн байгууллагад авч ирж өгөөгүй нь алдаа болсон  байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

         насанд хүрээгүй хохирогч Г.М-н “...2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад байрныхаа урд талын замаас таксинд суугаад “Уурхайчин” соёлын ордны хажуу талд очиж зогсоод таксины жолоочид 1000 төгрөг өгөөд буусан. Таксинаас буусныхаа дараа гар утсаараа ангийнхаа хүүхэд рүү залгах гэсэн чинь утас минь байхгүй байсан, энэ үед гудамжинд явж байсан хүний утсаар өөрийнхөө утас руу залгасан, дуудаж байсан боловч аваагүй, ...ангийнхаа хүүхэдтэй уулзаад аав Гантөмөр рүү залгаж, “гар утсаа алга болгочихлоо” гэж хэлсэн, миний гар утас “Samsung A-14” загварын гар утас байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

гэрч Н.Л-н “...2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр манай хүүхэд Г.М “Samsung A-14” загварын гар утсаа “Төгөл гарден” хотхоноос соёлын ордон орох замдаа гээсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Мобикомын салбараас 699.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Ц.Б-н “...Би “Ub cab”-д явдаг, тухайн өдөр 13 цагийн үед 5 дугаар микрт нэг хүн буулгачихаад “Төгөл гарден” байрны урд 8-9 дүгээр ангийн жоохон охин гараа өргөөд зогсож байхаар нь аваад соёлын ордны зүүн талд буулгасан, дараа нь 6-2 дугаар байрны урдаас нэг эмэгтэй аваад 3-9 дүгээр байрны таксины зогсоол дээр буулгасан. ...15 цагийн үед эмэгтэй хүн холбогдоод “манай охин таны машинд утсаа унагаасан юм шиг байна, дуудаж байгаад 5 минутын өмнө унтарчихлаа” гэхээр нь “танай охин бууснаас хойш нэлээн хэдэн хүн авсан, машиндаа үзээдэхье” гэж хэлсэн. Машиндаа үзээд байхгүй болохоор нь эргэж залгаад “утас байхгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

А.А-н яллагдагчаар өгсөн ...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, би тухайн гар утсыг өөртөө завших, ашиглах, ямар ч хүсэл, сонирхол байгаагүй, цагдаагийн байгууллагаас над руу залгаж “утас олсон уу” гэж асуухад нь “тиймээ, би гар утас олсон, эзнийг нь мэдэхгүй учир 20 гаруй хоног хадгалсан” гэж хэлсэн. ...гар утсыг завших, ашиглах ямар ч сэдэл, санаа байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээчин Д.М-н 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн; “...Samsung A-14” загварын гар утас 393.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-29 дэх тал/,

иргэн Н.Л-н “...“Samsung A-14” загварын гар утсаа таксинд үлдээж буусан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 4/1330 дугаартай;

“...351429922451105, 352148602451107 IMEI кодтой утсанд ашигласан ********* дугаарын эзэмшигчийн мэдээлэлтэй албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 48 дахь тал/,

шүүгдэгч А.А-н;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй хохирогчоос, гэрчээс, мөн А.А-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч А.А-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.А нь 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр такси үйлчилгээ эрхэлдэг Ц.Б-н *****ОРБ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2 дугаар байрнаас 3-9 дүгээр байрны таксины зогсоол хүргүүлэх замдаа тус тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй хохирогч Г.М-н гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох “Samsung A-14” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч завшиж, бага хэмжээнээс дээш буюу 393.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн насанд хүрээгүй Г.М-н “...2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад байрныхаа урд талын замаас таксинд суугаад “Уурхайчин” соёлын ордны хажуу талд очиж зогсоод таксины жолоочид 1000 төгрөг өгөөд буусан. Таксинаас буусныхаа дараа гар утсаараа ангийнхаа хүүхэд рүү залгах гэсэн чинь утас минь байхгүй байсан.” гэх,

гэрч Н.Л-н “...2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр манай хүүхэд Г.М “Samsung A-14” загварын гар утсаа “Төгөл гарден” хотхоноос соёлын ордон орох замдаа гээсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх,

гэрч Ц.Б-н “...тухайн өдөр...“Төгөл гарден” байрны урд 8-9 дүгээр ангийн жоохон охин гараа өргөөд зогсож байхаар нь аваад соёлын ордны зүүн талд буулгасан, дараа нь 6-2 дугаар байрны урдаас нэг эмэгтэй аваад 3-9 дүгээр байрны таксины зогсоол дээр буулгасан.” гэх мэдүүлгүүдээр,

иргэн Н.Л-н “...“Samsung A-14” загварын гар утсаа таксинд үлдээж буусан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, “Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 4/1330 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч А.А нь 2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр такси үйлчилгээ эрхэлдэг Ц.Б-н *****ОРБ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот баг 6-2 дугаар байрнаас 3-9 дүгээр байрны таксины зогсоол хүргүүлэхдээ уг тээврийн хэрэгсэл дотор гээгдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Г.М-н “Samsung A-14” загварын гар утсыг өөрийнх нь биш, бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан, гар утас олсон талаараа тээврийн хэрэгслийн жолоочид хэлж мэдэгдээгүй, улмаар уг тээврийн хэрэгслээс буухдаа тухайн гар утсыг авч буугаад 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд өөртөө хадгалсан, улмаар гар утсыг форматлуулж, өөрийн сим картыг хийж ашиглаж байсан байна.

Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.

“Гээгдэл хөрөнгө” гэдэг нь эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлийг ойлгох бөгөөд ийм гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан, түүнчлэн уг “гээгдэл эд хөрөнгө”-ийн үнэ 300.000 төгрөгөөс дээш үнэтэй бол “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт тооцогдоно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд ... гээгдэл эд хөрөнгө ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа тухайн этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

“Гээгдэл хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш өөрөөр хэлбэл 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан, мөн өөр бусад хэлбэрээр ашигласнаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч А.А-н олж авсан гар утсыг хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин 393.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон, шүүгдэгч нь уг гар утсыг форматалж, улмаар өөрийн сим картаа хийж өөртөө ашиглаж, хэрэглэсэн нь тогтоогдсон тул шүүх насанд хүрээгүй Г.М-н гээгдүүлсэн “Samsung A-14” загварын гар утсыг гээгдэл хөрөнгө гэж дүгнэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч А.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.   

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч А.А-г “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч А.А өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...энэ саналыг хүлээн авах боломжгүй, анх удаа ял шийтгүүлж байгааг харгалзаад хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.  

          Шүүх шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн “гомдол, саналгүй” гэснийг харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Хэргийн 10 дахь талд авагдсан, насанд хүрээгүй хохирогч Г.М-н “...би гар утсаа буцааж олж авсан, миний гар утсыг цагдаагийн албан хаагч олоод надад хүлээлгэж өгсөн, ...гомдол санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.Э