Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00058

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч Д.Ч-од холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжийн дансыг өөрчлүүлэх, 6 болон 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Ч.З-ыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нарын бие даасан шаардлагатай, 6 тоот орон сууцыг С.Б-д өмч хувьчлалаар олгосон болохыг тогтоолгох, 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Б-ын эрх залгамжлагч П.Б-ийг тогтоолгох тухай гуравдагч этгээд П.Б-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд Ч.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагч Д.Ч-, түүний өмгөөлөгч Г.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, П.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ч-ттой 1996 онд гэр бүл болж, 2 хүү, 1 охин төрүүлж, 10 гаруй жил хамт амьдарсан. Бага охин Ч.З- 2007 онд төрснөөс хойш бидний дунд маргаан үүсэж, гэр бүлийн дотно харилцаагүй болсон. Энэ хугацаанд би аль болох гэр бүлээ авч үлдэхийн тулд өөрийнхөө зүгээс хичээсэн ч Б.Ч-т гэр бүлээс гадуурх харилцаатай болж үр дүнд хүрээгүй. Б.Ч-т хүүхдүүдийнхээ хувьд сайн эцэг, сайн аав. Хамт амьдарч байх хугацаанд бидний дунд маргалдах, муудалцах олон асуудал байсан. Би 2018 онд түүнийг гэр бүлээс гадуурх харилцаатай байсны улмаас шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрлэлт цуцлуулахыг Б.Ч-т хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Нэг өдөр гэртээ ирэхэд Б.Ч-т надад хэлэхгүйгээр 3 хүүхдээ аваад явсан байсан. Миний зүгээс яв гэж хөөгөөгүй, бид гэр бүлийн маргаантай байсан нь үнэн. Ингээд 2017 оноос хойш намайг хүүхдүүдтэй минь уулзуулаагүй, би үр хүүхэд төрүүлээгүй, хүүхэдгүй юм шиг амьдарч байна. Хэдий эцэг, эх тусдаа амьдарч байгаа боловч энэ бол зөвхөн эцэг, эхийн асуудал гэж хүүхдүүддээ хэлэхэд хүүхдүүд аавыгаа дагаад явсан, надад хүүхэдгүй, тэднийгээ харахгүй байх нь сэтгэл санаанд хүнд байдаг. Бидний хүүхдүүдээс хоёр хүү маань насанд хүрсэн, их сургуулиа төгсөж, биеэ авч явах чадвартай болсон тул охиноо өөрийн асрамжид авах, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Би Ц.Б-тэй 1996 онд гэр бүл болсон. Гэр бүл салах болсон шалтгаан нь Ц.Б- гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Одоо том хүү Ч.Ц- 25, бага хүү Ч.Ц- 22 настай хүүхдүүд миний үгэнд орохоос илүү өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дагана. Хүүхдүүд хэнд анхаарал, халамж тавихаа өөрсдөө шийднэ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ц.Б- хүүхдүүдтэйгээ уулздаггүй, уулзахыг хүсдэггүй байсан. Нэхэмжлэгч тусдаа амьдарсан 4 жилийн хугацаанд хүүхдүүдээ 12 000 000 төгрөг өгсөн бөгөөд үүнийг хүүхдүүдийн сургалтын төлбөрт төлсөн. Насанд хүрсэн хүүхдүүд ээжтэйгээ уулзахгүй байгаа шалтгаан ээж нь надад хүүхдүүд хэрэггүй гэж хэлсэн учраас уулзах дургүй. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Сөрөг нэхэмжлэлийн хувьд охин Ч.З-ыг өөрийн асрамжид авч, нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулна, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороололд байршилтай 97 болон 6 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Ч.З-ыг тогтоолгох шаардлага гаргаж байна. 6 тоот орон сууцыг биднийг гэрлэхэд хурим дээр Ц.Б-ийн аав, ээж нар бэлэглэсэн. Тус 6 тоот орон сууцны хамтран эзэмшигчээр би болон хүү Ч.Ц-, Ч.Ц- нар байдаг бөгөөд орон сууцны эзэмшигчид охин Ч.З-ын нэр байдаггүй. Охин 2007 онд төрснөөс хойш уг орон сууцанд амьдарсан болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нар шүүхэд гаргасан шаардлагадаа: Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 97 тоот орон сууц нь манай гэр бүлийн хөрөнгө юм. Хэдийгээр аав, ээж гэрлэлтээ цуцлуулж байгаа ч уг орон сууцанд нэрээ оролцуулж, өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын эрх залгамжлагч П.Б- шүүхэд гаргасан шаардлагадаа: Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 50 дугаар байрны 6 тоот, 38 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг манай ээж С.Б-д өмч хувьчлалаар өгсөн тул энэ байрыг өмч хувьчлалаар ээжид олгосныг тогтоолгох, мөн ээжийн гэрт Д.Ч-ын гэр бүл хамт 21 жил амьдарч, хүүхдүүдээ өсгүүлж өнөөдрийг хүрсэн. Гэтэл ээжийг нас барахад хүүхдүүдээ ажил явдалд оролцуулаагүй, өвчтэй байхдаа ээж хүүхдүүдийг их харж хүлээсэн ч уулзуулаагүй өнгөрөөсөнд гомдолтой байна. Мөн Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 97 тоот орон сууцыг худалдаж авах гэж байхад ээж Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 50 дугаар байрны 6 тоот орон сууцыг барьцаалсан. Иймээс энэ гэр бүлд багтаж, гэр бүлийн нэг хүн байсны хувьд ээжийн эрх залгамжлагч П.Б- намайг Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 97 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Боржигон овогт Даваагийн Чинзоригт, Жагир овогт Цэдэндамбын Батцэнгэл нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Ч.З-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ч-ын Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 50 дугаар байрны 6 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Ч.З-ын тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, мөнгөн хадгаламж өөрчлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нарыг Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын эрх залгамжлагч П.Б-ийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 50 дугаар байрны 6 тоот орон сууцыг С.Б-д өмч хувьчлалаар олгосныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдсэн Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр эрх залгамжлагч П.Б-ийг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Ундармаад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 329 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын эрх залгамжлагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 540 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ч-оос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ч-од олгон, Ц.Б-, Д.Ч- нараас улсын тэмдэгтийн хураамж 437 340 төгрөгийг гаргуулж, эрх залгамжлагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

a).Охин минь аав, ах нартайгаа хамт амьдрах хүсэлтээ өөрөө илэрхийлсэн, түүнчлэн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр аавтайгаа байх нь илүү зохимжтой гэсэн дүгнэлт гарсан байхад шүүхийн шийдвэрээр охиныг маань салгаж байгаа нь хүнлэг бус шийдвэр болсон тул туйлын гомдолтой байна. Охин маань бидэнтэй амьдарсан хэвээр байгаа бөгөөд ээждээ очихгүй гэдгээ хэлдэг. Энэ талаар шүүх хуралдаан дээр Ц.Б- нь охин маань надтай уулзахгүй зугтаагаад байгаа хэмээн мэдүүлсээр байхад түүний асрамжинд охиныг өгч байгаа нь охин, бид хоёрыг хүнд байдалд оруулж байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр бодит байдал дээр биелэгдэх боломжгүй тул үндэслэлгүй гарсан байна.

б).Охин Ч.З-ыг 97 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүйд гомдолтой байна.

в).С.Б-ын хувьд гэр бүлийн гишүүн байх эрх нь нас барснаар дуусгавар болох тул манай гэр бүлд огт хамааралгүй П.Б-ийг 97 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж байгаа шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно. Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц- давж заалдах гомдолдоо:

a).Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Охин дүү маань аав, ах нартайгаа хамт амьдрах хүсэлтээ өөрөө илэрхийлсэн, түүнчлэн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр аавтайгаа байх нь илүү зохимжтой гэсэн байхад биднээс шүүхийн шийдвэрээр дүүг маань салгаж байгаа нь хүнлэг бус шийдвэр болсон.

б).Ээжийн төрсөн эгч П.Б- манай гэр бүлийн гишүүн биш байтал Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71-р байрны 97 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр бодит байдал дээр биелэгдэх ёстой ч охин дүү маань бидэнтэй амьдарсан хэвээр байгаа бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихвол шийдвэр гүйцэтгэгч нь хэрхэн түүнийг биднээс салгаж авч явах вэ, тэгэхээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна. Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагч болон гуравдагч этгээд Ч.Ц- нарын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Д.Ч-од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжийн дансыг өөрчлүүлэх, 6 болон 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Ч.З-ыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нар нь 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын эрх залгамжлагч П.Б- нь 6 тоот орон сууцыг өмч хувьчлалаар С.Б-д олгосон болохыг тогтоолгох, 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

Зохигчид 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Ч.Ц-, 1999 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү Ч.Ц-, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Ч.З- нар төрсөн байна. /хх-ийн 6, 10-11-р тал/. Улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 12 дугаар сараас тусдаа амьдарчээ.

 

Хариуцагч Д.Ч- нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрсөн, мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

амжилтгүй болсон байна. /2хх-ийн 209-р тал/. Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр охин Ч.З-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 14.7 дах хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж тус тус заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс охин Ч.З-ын саналыг асуухад ... одоо аав болон хоёр ахтайгаа хамт амьдарч байгаа, цаашид аавтайгаа хамт амьдарна, ээж анхаарал халамж тавьдаггүй, аав хичээл ном нь яаж байна гэж байнга анхаарал тавьдаг гэжээ. /хх-ийн 46-47-р тал/

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлтүүдээр эцэг, эхийн чадамжийг үнэлэх багц оношилгоо, хүүхдийн сэтгэл зүйн байдал болон нөхцөл, байдал, ярилцлага, ажиглалтыг үндэслэн Ч.З-ын асран хамгаалагчаар аав Д.Ч-ыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн байна. /2хх-ийн 220-233, 3хх-ийн 15-24-р тал/. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасан нөхцөл байдлууд болон шинжээчийн дүгнэлт, хүүхдийн санал зэргийг харгалзан, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, охин Ч.З-ыг эцэг Д.Ч-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар эх Ц.Б-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 71 дүгээр байр, 97 тоот, 40 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууц,

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байр, 6 тоот, 38 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Ч.З-ыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 91 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 17 жилийн хугацаатай зээлж, дээрх хоёр орон сууцыг барьцаалсан, улмаар 97 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагч Д.Ч- нар бүртгэгдсэн байна. /2хх-ийн 79, 108-111-р тал/

 

Харин 6 тоот орон сууцыг 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төмөр замаас нэхэмжлэгч Ц.Б-ийн ээж С.Б-д эзэмшүүлжээ. /хх-ийн 231-р тал/. Хариуцагч Д.Ч- нь тус орон сууцыг 1996 онд бидний хурим дээр Ц.Б-ийн аав, ээж нь бэлэглэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор дээрх 6 тоот орон сууцыг С.Б-д хувьчилж, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Д.Ч-, Ц.Б-, Ч.Ц-, Ч.Ц- нарыг бүртгэжээ. /1хх-ийн 32, 2хх-ийн 106-р тал/.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан. Анхан шатны шүүх 6 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Ч.З-ыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв. Харин 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан, охин Ч.З-ыг 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хүүхдийн хадгаламжийн дансыг өөрчлүүлэх тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нарын 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг залруулан өөрчлөх шаардлагатай.

Тодруулбал, гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нар нь насанд хүрсэн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх-ийн 10-11-р тал/

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заасан тул дээрх хуульд заасны дагуу гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нар нь 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу эрх залгамжлагч П.Батцэцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 5 удаа шаардлагаа өөрчилж, тодруулсан байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд 6 тоот орон сууцыг С.Б-д өмч хувьчлалаар олгосон болохыг тогтоолгох, 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр П.Б-ийг тогтоолгох гэж шаардлагаа тайлбарлажээ. /1хх-224-225, 2хх-53, 2хх-183, 3хх-108-109, 3хх-120, 3хх-124-р тал/.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байх бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр түүний охин Ц.Б-, П.Б- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /3хх-ийн 99, 101-р тал/

 

6 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Б-, Ц.Б-, Д.Ч-, Ч.Ц-, Ч.Ц- нар бүртгэгдэж, тэдгээрийн өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Ч.З-ыг тус орон сууцны хамтран өмчлөгч гэж үзэх бөгөөд 6 тоот орон сууц нь дээрх 6 иргэний хамтран өмчлөх дундын хөрөнгө байна. Нэгэнт 6 тоот орон сууцыг С.Б-д өмч хувьчлалаар олгосон үйл баримт тодорхой байхад түүнийг дахин тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Дээрх 6 тоот орон сууц нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд буй үйл баримт тогтоогдсон бөгөөд барьцааны эрх дуусгавар болоогүйтэй холбоотойгоор зохигчийн хэн аль нь орон сууцны өмчлөлийг хэн нэгэнд нь үлдээх, ногдох хэсгийг өмчлөгч нарт тэнцүү хуваалгах байр суурийг илэрхийлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. С.Б-ын 6 тоот орон сууцыг өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгаажсан, П.Б-, Ц.Б- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх тул дээрх орон сууцны ногдох хэсэгт өвийн журмаар улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Харин 97 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Б-ын эрх залгамжлагч П.Б-ийг тогтоолгох шаардлагын тухайд анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээр уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. С.Б- нь 1996 оноос хойш 6 тоот орон сууцанд Д.Ч-ын гэр бүлтэй хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд түүнийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д зааснаар Д.Ч-ын гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэвч Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, С.Б-ын хувьд 97 тоот орон сууцыг худалдан авахад өөрийн хөрөнгөөр хувь нийлүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул түүний эрх залгамжлагч П.Б-ийг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээд Ч.Ц- нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээд Ч.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02599 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дах хэсэгт зааснаар Боржигон овогт Даваагийн Чинзоригт, Жагир овогт Цэдэндамбын Батцэнгэл нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Ч.З-ыг эцэг Д.Ч-ын асрамжид үлдээсүгэй. гэж,

2 дах заалт нэмж Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Ч.З-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Ц.Б-ээс тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй. гэж,

3 дах заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 71 дүгээр байр, 97 тоот, 40 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020774 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байр, 6 тоот, 38 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031422 дугаартай орон сууцны хамтран өмчлөгчөөр Ч.З-ыг /УО07242068/ тус тус тогтоосугай. гэж,

4 дэх заалтын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 ... гэснийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 гэж,

5 дах заалтыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байр, 6 тоот, 38 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцыг өмч хувьчлалаар С.Б-д олгосон болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 71 дүгээр байр, 97 тоот, 40 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр П.Б-ийг тогтоолгох тухай гуравдагч этгээд С.Б-ын эрх залгамжлагч П.Б-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

7 дах заалтыг хасаж, 8 дах заалтыг 7 гэж,

9 дэх заалтыг 8 гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц-, Ч.Ц- нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 329 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын эрх залгамжлагч нараас төлсөн 507 540 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ч-оос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэгч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ч-од олгосугай. гэж,

10 дах заалтыг 9 гэж, 11 дэх заалтыг 10 гэж тус тус дугаарлан өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ч-оос төлсөн 140 400 төгрөг, гуравдагч этгээд Ч.Ц-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ