Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 06-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/46                             Өвөрхангай аймаг

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                      Прокурор Ц.Нэргүй,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг /цахимаар/ 

      Шүүгдэгч Б.М

      Нарийн бичгийн дарга П.Батцагаан нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн 2226000250021 тоот хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 20-21-н цагийн орчимд Өвөрхангай аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр Муруйн голын гүүрний орчимд хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр .... улсын дугаартай ..... маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 18.3-т заасан “хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэж заасныг тус тус зөрчиж  замын зорчих хэсгээр явж байсан явган зорчигч М.Р-ийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ийн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг гурван жилийн хугацаагаар өөрийн оршин суух .... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.М-д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-т зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах яд эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хяналт тавихыг .... дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолохоор, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-д 11,168,050 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-н нэхэмжлэлээс 225,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины 10 гэсэн дугаартай цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 11 гэсэн дугаартай хар, цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 12 гэсэн дугаартай, толины суурь зэргийг устгаж, ... улсын дугаартай .... маркын автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.М-ийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 145 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Гурван удаагийн техникийн шинжээчийн дүгнэлтийг шүүх тайлбарлаж шийдвэрлэхдээ эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтай нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн талаарх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж үзээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гаргасан гомдлоо дэмжин оролцож байгаа. Нийт 3-н удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн буруутай үйл ажиллагаа тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж гарсан. Гэрчүүдийн мэдүүлгээр тээврийн хэрэгсэл 67.7 километр цагийн хурдтай явсан, хурд хэтрүүлээгүй. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Улсын яллагчийн зүгээс гэрч Б тухайн хүнийг осолд орсныг мэдээгүй байсан, мэдүүлэг үнэн зөв өгөх чадваргүй хүний мэдүүлгийг үнэлдэг. Хэргийн материалд авагдсан Болормаагийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр Б.М-ийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэдэг асуудлууд хэрэгт дурдагдсан байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3 дахь заалтуудыг зөрчиж жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурлыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн ослын улмаас М.Р-ийн амь нас хохирсон үйл баримт хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний газрын 1 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийн бүрэлдэхүүнтэй 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3236 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс Б.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох баримт авагдсан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг шийдэгдэх гэж 3-н жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд олон зүйлийг бодож, маш их гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний гаргасан хэдхэн секундын анхаарал болгоомж алдсан үйлдлээс болж хүний алтан амь хохирсонд маш их харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 3-н жилийн зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Би залуу, улс эх орондоо хийж бүтээх насан дээрээ явж байгаа. Миний ажил мэргэжлийн онцлог хөдөө их явдаг, энэ тэнд зураг авалттай ажил хийдэг. Зорчих эрх хязгаарлах ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, анхаарал болгоомжтой явж, эргэн тойрны хүмүүстээ зааж, захиж явахаа амлаж байна. Надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгээс ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Гурван удаагийн техникийн шинжээчийн дүгнэлтийг шүүх тайлбарлаж шийдвэрлэхдээ эргэлзээтэй, шүүгдэгчид ашигтай нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж үзээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “....” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр .... улсын дугаартай цагаан өнгийн ... маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан хохирогч М.Р-ийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ..... сумын Цагдаагийн хэлтсээс М.Р гэдэг хүн машинд дайруулчихлаа гэж над руу утсаар ярьсан. Намайг очиход талийгаач дүү маань замын хажуугийн асфальтан замын шороон дээр дээшээ харсан байдалтай нас барсан байсан гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Хайрхандулаан сумын цагдаагаас над руу залгаж ярьсан. Тэр үед би дүү Д.Р-ийг нас барсан талаар мэдсэн. Тэгээд мэдэнгүүтээ Арвайхээр сумын төвөөс гараад хэргийн газар очсон. Тухайн үед намайг хэргийн газарт очиход цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан. Талийгаач дүү маань зам дээр асфальтан замынхаа хажууд шороон буюу хөрсөн хэсэгт нь хэвтэж байсан. Талийгаач М.Р нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хайрхандулаан сумын төв рүү айлын газарт явах гэж байгаа талаар надтай утсаар ярихдаа хэлж байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцахдаа осолд орсон байсан. Би оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ. Баримтаа бүрдүүлж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуудас/,

Гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим .... сумын харалдаа .... гүүр орох гээд ... УАХ улсын дугаартай .... тээврийн хэрэгсэлтэйгээ уруудаад явж байсан. Би жолоо барьж явсан ба эхнэр Батдэлгэр, үеэл Золбоот бид нар .... сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгтэл миний машины өмнөөс ирж байсан машины урдуур нь нэг юм орчих шиг болсон. Тэр үед нөгөө машин гэнэт буруу тийш дараад замын хажуу руу орсон. Би тэр машиныг мал шүргэчихлээ гэж бодоод ямар ч байсан машиныг нь гаргаж өгье гэж бодоод зогссон. Буутал нөгөө .... маркын машины жолооч зам руу гүйсэн. Тэгэхээр нь харсан чинь нөгөө .... маркын машины жолооч газар унасан байсан дээлтэй хүнийг тэвэрчихсэн сууж байсан. Би хажууд нь яваад очтол талийгаач цус асгарсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. .... маркын машины жолооч талийгаачийг дээш нь харуулаад өвөр дээрээ толгойг нь байрлуулсан. Би тэр жолоочоос амьсгаатай байна уу гэж асуусан чинь амьсгалж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Тэр хооронд Хайрхандулаан сумын цагдаа нар ирсэн байсан. Цагдаа ирсний дараа 20-30 орчим минутын дараа Хайрхандулаан сумын түргэний эмч ирсэн. Эмч ирж үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн. .... улсын дугаартай .... маркын тээврийн хэрэгсэл хэр их хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэхдээ нэг их хурдтай бол яваагүй байсан. Гэнэт бөгсний улаан гэрэл нь харагдаад л замын хажуу руу орсон. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг харж амжаагүй ээ. Би дайрсныг нь мэдээгүй. Машин нь зам руу орчихлоо гаргаж өгье гэж бодоод зогстол хүн дайрчихсан байсан. Талийгаачийг аль болох хөдөлгөөнгүй байлгахыг л зорьсон гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой нөхөр Д, үеэл З нарын хамт .... сумаас 19 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар гарсан. Тэгээд 20 цагийн орчим .... сумын харалдаа явж байтал эсрэг талын буюу өөдөөс ирж байсан нэг жижиг тэрэг, буруу дараад замын хажуу руу орсон. Тэгэхээр нь бид нар зогссон. Манай нөхөр машиныг нь гаргаж өгье гээд Золбооттой хамт машинаас буусан. .... машины жолооч машинаасаа буугаад зам руу гүйсэн. Би машиндаа л сууж байсан. Тэгтэл манай нөхөр ирээд түргэн дуудаарай гэж хэлэхээр нь би онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Өвөрхангай аймаг руу залгаад түргэний эмчийн .... гэсэн дугаар луу залгаад дуудлага өгсөн. Би дэргэд нь очоогүй ээ. Ямар ч байсан нэг нударгатай дээлтэй залуу бас зогсож байсан. Тэр нударгатай дээлтэй залуу болохоор талийгаачтай хамт явж байсан юм шиг байсан. Хэр их хурдтай явсныг нь анзаараагүй ээ. Ямар ч байсан тийм их хурдтай бол яваагүй ээ. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг хараагүй ээ. Түргэний эмч 20-30 минутын дараа ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2021 оны 12 сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд ... сумын “.....” гэх газраас Д, Б нарын хамт .... маркын автомашинтай Улаанбаатар хот руу гарсан. 20 цагаас 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн ..... сумын урд шатахуун түгээх станц уруудаад явж байтал нэг машин гэнэт замаас гараад хажуу тал руу гарсан. Тэгэхээр нь мал мөргөсөн юм байхдаа гэж бодоод туслах санаатай машинаасаа буугаад очтол машинаас нэг залуу буугаад гадуур хувцсаа өмсөөд засмал руу гүйгээд явсан. Засмал зам дээр нэг залуу сууж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу зам дээр байсан хүнийг толгойноос нь өргөөд барьчихсан хаанаас нь ч юм мэдэгдэхгүй цус гараад байсан. Цус нь доошоо дуслаад байсан. Тэгсэн чинь жолооч нь түргэн тусламж дуудаарай гэсэн. Хамт явж байсан эмэгтэй надаас цагдаагийн дугаарыг асуусан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгээд би машиндаа очиж суугаад манай үеэлийн эхнэр Батдэлгэр түргэн тусламж дуудсан. Талийгаачийг замын аль хэсэгт явсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Талийгаач .... сумын Хар дээлийн гогцоо гэх газарт манай саахалт Р гэх айлд мал малладаг байсан. Талийгаачийн гэр нь .... сумын 4 дүгээр баг Хар дэлийн гогцоо гэх газарт манайхтай саахалт байгаа. Талийгаач М.Р бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим гэрээсээ гараад Хайрхандулаан сумын 4 дүгээр баг Талын толгой гэх газарт Бадарчин гэх хүний ажил явдалд очсон. Тэнд айлдаа очиж хоноод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө айлын газарт явчихаад өдөр 15 цагийн орчим газрын ажил дууссан. Тэгээд талийгаач бид хоёр тэр айлаасаа 2 уулаа гараад Хайрхандулаан сумын төв рүү унаанд дайгдаж орж ирсэн. Талийгаач бид 2 сумын төвд орж ирээд С ахад дайгдахаар болоод хөдөө харих гээд Сосорбурам ахын мотоцикльтой гарсан. Талийгаач С ах бид 3 сумын төвөөс чанх урагшаа хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс урагшаа гарч яваад Хар дэлийн гогцоо гэдэг газар луу явж байгаад Их хайрханы тэнд зогсоод талийгаач бид хоёр 0.5 литрийн 2 шил архийг хоёулаа хувааж уусан. Харин С ах архи уугаагүй ээ. Талийгаач С ах бид гурав Их хайрханы тэнд 17 цаг өнгөртөл суусан. Тэгээд цаашаа явах гэтэл талийгаач дахиад архи нэмж ууя гээд архи олж авахаар “Их нутгийн буян” нэртэй колонкийн доор байдаг гуанз руу явсан. Бид гурав гуанз руу явсан боловч архи олдоогүй. Тэгэхээр нь харихаар болоод буцаад явсан. Буцаж явж байгаад Муруйн голын гүүр өнгөрөөд баруун тийшээ шороон замаар явж байтал С ахын мотоциклийн хойд дугуй хагарсан. Тэр үед С ах мотоциклийн дугуйгаа янзлуулна гээд мотоциклио унаад явсан. Талийгаач бид хоёр тэнд буугаад үлдсэн. Гуанз руу чиглэлтэй алхаж байсан. Талийгаач бид хоёр засмал замын хажуугаар шороон хэсгээр алхаж байсан. Талийгаач миний ард 1-2 метрийн зайтай алхаж байсан. Тэгтэл өмнөөс нэг залуу гүйж ирээд хамт яваа хүнийг чинь шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал талийгаач засмалын хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Очоод үзтэл М.Р ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би согтуу байсан болохоор яг мөргөж байх үеийг нь мэдээгүй ээ. ..... улсын дугаартай Тоёота .... маркын тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуудас/,

Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би талийгаач М.Р саахалт байдаг. Саахалтын айл гэдэг утгаараа нэг нэгнийгээ танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагийн орчим талийгаач Р, Б нартай сумын төв дээр таарсан. Би тухайн үед өөрийн улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоцикльтой ганцаараа явж байсан. Тэгээд талийгаач Р, Б нар унаагүй дайгдаад хамт явахаар болоод бид гурав миний мотоцикль дээр 3 сундлаад сумын төвөөс арагшаа гэр лүүгээ чиглэлтэй явсан. Тэгтэл Б, талийгаач хоёр Их хайрханы тэнд зогсоод 0.5 литрийн соёрхол архийг хувааж уусан. Би архи уудаггүй болохоор огт амсаагүй. Тэгээд Бямбасүрэн, талийгаач хоёр нэлээн халсан байсан ба гуанз орж нэмж архи авъя гээд хоргоогоод байхаар нь би зөвшөөрөөд бид гурав колонкын хажууд байдаг гуанз орсон. Гуанз дээрээс архи олдоогүй. Тэгээд хөдлөөд явж байгаад Муруйн голын гүүрний орчим шороон замаар явж байгаад дугуй хагарахаар нь засмал зам дээр гараад Б, талийгаач хоёрын буулгаад араас алхаад ир гэж хэлээд би мотоциклио унаад дугуйгаа янзлуулах гээд гуанз руу явсан. Тэгтэл гуанз дээр байж байтал цагдаагийн машин, түргэний машин зам дээр байгаад байхаар нь яваад очтол Р машинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан. Би түрүүлээд гуанз дээр ирсэн байсан учраас юу болсон талаар мэдээгүй. Бямбасүрэн, талийгаач хоёр нэлээн согтуу байсан гэхдээ гуйвахгүй байсан. Бямбасүрэн, талийгаач бид гуравт маргалдсан асуудал байхгүй. Б, талийгаач хоёр намайг буулгах үед замын хажуугаар алхаж байсан. Яг тэнд алхаж байсныг нь нарийн хараагүй. Би буулгачихаад эргээд хартал зүгээр алхаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу М-ийг Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа талаар мэдсэн. Тэгээд М-тэй холбогдоод бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан. М-ийн 10-17 УБУ улсын дугаартай тоёота .... маркын цагаан өнгийн автомашинтай хамт хоёулаа гарсан. М бид хоёр Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт байрлах Муруйн голын гүүр дөнгөж өнгөрөөд явж байтал гэнэт хоёр хүн өмнөөс явган гараад ирсэн. Тэр үед М хоёр хүн алхаж байхыг хараад буруу тал руугаа /зүүн гар тал руугаа/ дарсан. Машинаа буруу тийш дартал машины толинд зүүн талд явж байсан хүн нь цохигдож унасан. Машин гулгаад замын хажуу руу орсон. Би машин өнхөрчихвий гэж бодсон чинь харин гайгүй зогссон. Тэгээд Мөнхсүлд бид хоёр сандраад, айгаад машинаасаа зэрэг буугаад зам руу гүйж очтол нэг дээлтэй хүн нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэр үед эсрэг урсгалаас ирж байсан портер маркын машины жолооч бууж ирээд хажууд хүрээд ирсэн. М бид хоёр эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн ба би өөрөө 102 дугаарын утсанд залгаж дуудлагаа өгсөн. Харин нөгөө портертой явсан хүмүүс түргэний эмч дуудаж өгсөн. Зам гулгаатай байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Дээрээс гүүр гарсан учраас хурдаа бага зэрэг хассан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байгааг нь хараагүй. Ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан. М машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Эсрэг урсгалаас портер маркын автомашин ирж байсан учраас гэрлээ шилжүүлсэн. Тэр портерийн жолооч гэрлээ шилжүүлсэн эсэхийг би анзаараагүй. Мөнхсүлд өөрөө жолоодож явж байсан. Би жолоо огт бариагүй ээ. М согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ч гэсэн хэрэглээгүй байсан. Талийгаач М бид хоёрын явж байсан зам голлоод алхаж байсан. Хэрэв М буруу тийш дараагүй байсан бол тэр алхаж явж байсан хоёр хүнийг хоёуланг нь мөргөх байсан. Зүүн тийш дарсан тулдаа талийгаачийг машины баруун талын толь хэсгээр шүргэж дайрсан. Миний биед гэмтэл учраагүй ээ. М бид хоёр хоёулаа суудлын бүсээ зүүгээд явж байсан болохоор гайгүй өнгөрсөн гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай:... Талийгаач М.Р-ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна. Суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл үхэлд шууд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач М.Р нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач М.Р-ийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусны бүлгийн харьяалал тогтоосон шинжилгээний хариу илрээгүй тул дүгнэх боломжгүй. Талийгаач М.Р-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-100 хуудас/,

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш Ц.Болдбаатар, Ц.Амарбаяр, Б.Раднаа нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай:... Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. ... улсын дугаартай “....” маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Б.М нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн тус тус заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч /амь хохирогч/ М.Р нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль, эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан, зам 2 захаараа цасан бүрхүүлтэй халтиргаатай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Өөдөөс машины гэрэл гялбасан. Талийгаач миний явж байсан урсгалыг голлоод гэнэт зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хоёр хүнийг хараад тоормос гишгээд тулаад ирэхээр нь саадыг тойрч гарах гээд зүүн тийш дараад замын хажуу руу машинтайгаа гулсаад орох байсан. Би зогсоох арга хэмжээ авсан тулдаа тэр хоёр явган хүний нэгийг нь толиороо шүргэсэн. Мөн  машинаа өнхрөөгүй үлдсэн. Талийгаачийг жолооч талын толь хэсгээрээ шүргэсэн. Хамт явж байсан Бямбасүрэн гэх хүн нь талийгаачаас 2 метрийн зайтай шороон замаар явж байсан гэж мэдүүлсэн байна. Намайг харахад Бямбасүрэн талийгаач хоёр зэрэгцээд явж байсан. Зам халтиргаатай байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би жолоо барьж байх үедээ нойрмоглоогүй ээ. Мөн өөр ямар нэгэн сатаарах үйлдэл хийгээгүй ээ. Зам халтиргаатай байсан болохоор хурдтай яваагүй ээ. Би тухайн үедээ тоормос гишгэсэн. Халтиргаатай байсан учраас тоормосны мөр үлдээгүй байж магадгүй. Мөр үлдсэн үлдээгүй талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ийг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

            Харин шүүгдэгч Б.М-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

     а/ 2 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй гэж,

б/ 3 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух ..... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.