Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2016/0015/З |
Дугаар | 00024 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Т, Х.М, Х.Д, Х.Х
Хариуцагч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
“Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1996 оны 06 дугаар сараас тооцож нөхөн олгохыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ганчимэг, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х-ы хүүхдүүд бид аав ээжээсээ 1995 онд хагацаж өнчин хоцорцгоон өвөө А.Л-гийнхаа асрамжинд үлдсэн. Энэ хугацаанд бидний өвөө А.Л бидэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон 346837 гэсэн дугаар бүхий хувийн хэрэг нээлгэн авч байсан байна. Ингээд 1996 оны 3 сард Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн асрамжийн газарт асруулахаар шилжсэн ба энэ цаг үеэс хойш тэжээгчээ алдсаны тэтгэврээ аваагүй юм. Гэтэл өвөө маань 1998 онд нас барсан.
Иймээс уг тэтгэврийг нөхөн авахаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газруудад удаа дараа өргөдөл гаргасан боловч хоёр ч удаа Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ерөнхий газартаа асуудлыг тавьж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөл, Хяналт шинжилгээ үнэлгээний газар зэргээр шалгуулсан боловч эцэслэн шийдвэрлэж чадахгүй өдий хүрч шүүхээр л шийдвэрлүүл гэсэн шаардлагыг тавих болсон.
Уг нь 1995 оны 10 сард тэтгэвэр тогтоолгон 346837 гэсэн дугаар бүхий хувийн хэрэг нээлгэн авч байсан нь Жаргалант сумын Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын жагсаалт, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан кассын 1995, 1996, 1997 оны баримтуудаар нотлогддог юм.
...хуулийн дагуу тэтгэврийн баримт материалыг 70 жил архивлан хадгалах ёстой байтал бидний тэтгэврийн баримтууд, хувийн хэрэг олдохгүй байна гэсэн шалтгаанаар тэтгэврийг нөхөн тогтоож чадахгүй байгаа нь Нийгмийн даатгалын байгууллагын өөрсдийнх нь буруутай ажиллагаа байгаа болно. Бид одоо хэдийгээр насанд хүрсэн ч гэсэн авах ёстой байсан тэтгэврээ авах нь зөв л гэж бодож байна. Биднийг сурч боловсроход бага ч гэсэн тэтгэврийн мөнгө маань нэмэр болно гэж бодож байна.
Иймд Х-ы Т, М, Д, Х бидний тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1997 оны 10 сараас тооцон нөхөн олгохыг Орхон аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний эцэг эх 1995 онд ослын улмаас нас барж, бид Улаанбаатараас Жаргалант суманд өвөө А-ын Л-гийн асрамжинд ирж, өвөөтэйгээ хамтдаа жил гаруй амьдарсан. Дараа нь 1997 оны 3 сарын 10-аар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Энэрэл төвд хүмүүжихээр очсон байгаа. Би 18 нас хүрч, Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2002-2006 онд Улаанбаатар хотноо Нийгэм эдийн засгийн дээд сургуульд суралцсан. Хамгийн бага дүү маань 2007 онд асрамжаас гарсан. 1995 оны 05 сараас 1996 оны 06 сарыг хүртэл өвөө маань бидний тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч байгаад тэрнээс хойш өөрийнхөө тэтгэврийг авч байсан байдаг. 1997 оны 10 сард өвөө маань нас барсан. Х.Т, Х.М, Х.Д, Х.Х бидний тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1996 оны 6 сараас эхлэн нөхөн олгож өгөхийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын хугацаагаа өөрчилж байгаа.” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “...1995 онд бүтэн өнчин хоцорсон эдгээр хүүхдүүдийн нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэдний өвөө А.Л авч байгаад, нас барснаас 1997 оны 10 сард зогсоогдсон тэтгэврийг үргэлжлүүлэн авах хууль ёсны харгалзан дэмжигч иргэн гарч ирээгүй, тэтгэвэр нь цаашид үргэлжлүүлэн олгогдоогүй зогсоогдсон нь тэтгэврийг хууль бусаар олгоогүй байх үндэслэлгүй. Нийгмийн даатгалын байгууллага нь иргэний өөрийн хүсэлтээр, өргөдлөөр тэтгэврийг тогтоох, олгох үүргийг хуулиар хүлээн хэрэгжүүлдэг тул тухайн тэтгэврийг хүлээн авч хүүхдүүдэд зарцуулах эрх ойр төрлийн ахан дүүст нь байсан. А.Л-г нас барахад тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн авах эсэх талаар хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч гарч ирээгүй орхигдсон эсэх, эсхүл аав ээжийнх нь төрөл төрөгсөд хэн нэгэн өөр аймаг дүүрэгт тэтгэврийг нь авч байсан эсэх талаар маш нухацтай хандах нь зүйтэй байгаа юм. Учир нь 346837 тоот хувийн хэргээс талийгаачийн ажилласан жилийн баримт байхгүй байгаагаас шалтгаалан нэхэмжлэгч нар өөрийн ах дүүгийн хүрээнд сайн судалж тогтоох хэрэгтэй байгааг дахин дахин илэрхийлж байна.
А.Л-гийн охин Л.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч байсан тул шалган тогтоож өгнө үү. 1997 онд асран хамгаалагч А.Л нас барахад Засаг дарга, хүүхдийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь хүүхдүүдийн эрх ашигт нөлөөлсөн.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Т, Х.М, Х.Д, Х.Х нарын бүтэн өнчин хоцорсон тухай баримт материал, хувийн хэрэг манай байгууллагын архивт байдаггүй. Нэхэмжлэгч нар энэ асуудлаар манай байгууллагаар нэлээдгүй хугацаанд явсан. Өвөө А.Л нь хүсэлт гарган эдгээр хүүхдүүдийг асрамжийн газарт өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дан ганц өвөө нь тэтгэврийг аваад байгаагүй, Б гэсэн гарын үсгээр бас авсан байдаг. Тэтгэвэр авч байсан баримтаас үзэхэд 1996 оны 02 дугаар сарын тэтгэвэр 346.830 гэж орж ирснийг Б авсан байх жишээтэй. Энэ тэтгэврийн баримтууд нь архивт 70 жил хадгалагдах ёстой атал алга байгаа нь хэн нэгний санаатай үйлдэл оролцоотойгоор алга болсон болов уу гэсэн бодолтой байна. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 69 тоот Хянан шалгах Зөвлөлийн тогтоолоор “Х.Т нартай холбоотой Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс алга болсон тэжээгчээ алдсан тухай баримт материалыг шалгаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ үү, тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг ирүүлнэ үү.” гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Шалгалтын явцад 346830, 346837 гэсэн хоёр дугаар гарч ирсэн ба Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.Т нарт асуудлаа шүүхээр шийдүүлээ гэсэн хариуг өгсөн байдаг. Бичиг баримт байхгүй байна гэдэг дээр асуудал гарч байна. Манай байгууллагын зүгээс эдгээр хүмүүсийг илтэд хохироочихсон зүйл бол байхгүй. Нийгмийн даатгалын тухай хууль нь олон улсын том эрх зүйн суурин дээр үндэслэгдэн Монгол улсад батлагдан мөрдөгдөж байгаа. Дэлхий нийтийн жишигт тэтгэврийг нөхөн олгох асуудал огт байдаггүй юм. Зохицуулсан, тухайлсан хууль байхгүй байхад буруу хууль хэрэглэх юм бол захиргааны зөрчил болж, захиргааны зөрчилтэй эрх зүйн акт болон гарч ирэх аюултай. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар бүлгийн 8-д “тэтгэвэр гэдэг нь гэр бүлийн тэжээгч нас барахад үлдэж байгаа хүүхдэд 16 нас хүртэл одоогийн хуулиар 19 нас хүртэл тэдний нийгмийн баталгааг хангах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох мөнгөн тэтгэмжийг хэлнэ.” гэсэн байдаг. Нийгмийн даатгалын сангаас бага насны тэжээгчээ алдсан хүүхдэд тэтгэвэр олгох ба нөхөн олгох заалт бол манай хуулинд байдаггүй. Нэгэнт насанд хүрсэн хүмүүст тэтгэвэр, тэтгэмж нөхөн олгох тухай хуулийн заалт манай улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид байдаггүй учраас нөхөн олгох шийдвэрийг гаргах боломжгүй юм. Тэгээд ч тэтгэвэр нь өөрийн гэсэн үйлчлэх цаг хугацаатай. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл дээр тодорхой байгаа. Тэтгэвэр авах субьект олон янз ба тэжээгчээ алдсан бага насны хүүхдэд тэтгэврийг олгодог. Захиргааны хэргийн шүүх байхгүй хуулийг гаргаж ирээд дэлхийн нийтийн жишигт зохицуулагддаггүй энэ асуудлыг шийдвэл хуулийн гажуудал үүснэ. Миний хувьд төрийг төлөөлөөд ярьж байгаа учраас ийм хууль байдаггүйг дахин тодруулж хэлмээр байна. Ийм асуудлаар шүүх захиргааны хэрэг үүсгэснийг ч гайхаж байна. Шүүх хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж байна гэж үзэж байгаа. Би эх хүний хувьд анхнаасаа л эдгээр өнчин хоцорсон 4 хүүхдэд тэтгэмжийг нь нөхөн олгоод өгчих юмсан гэсэн сэтгэлтэй байгаа. Өмнө нь 16 нас хүртэлх тэжээгчээ алдсан хүүхдэд тэтгэвэр олгодог байсан бол шинэ хуулиар 19 нас хүртэл олгодог болсон. Тухайн үед 16 насанд хүртэл нь тэтгэвэр олгодог байсан ба тухайн цаг үед нь л олгодог тэтгэвэр учраас хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй. Хэрвээ нарийн зохицуулсан хуулийн заалт байхгүй бол шууд зарчмынхаа дагуу Иргэний хуулийн ерөнхий заалтуудыг баримтлан шийдвэрлэдэг. Манай зүгээс Иргэний хуулийн заалтыг баримтлаад хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх ёстой. Гэр бүлийн тухай хуулиар бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдийн асуудлыг тухайн шатны Засаг дарга бүрэн хяналтандаа байлгаж, тэтгэвэр тэтгэмж авахтай холбоотой үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой байсан. Тухайн шатны Засаг дарга, асран хамгаалагч, халамжлан хүмүүжүүлэгч, асрамжийн газар яагаад энэ асуудлыг анхаарсангүй гэдэг асуудал урган гарч ирнэ. Тиймээс тухайн шатны Засаг дарга, асран хамгаалагч, халамжлан хүмүүжүүлэгч, асрамжийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Дахин хэлэхэд хэрвээ бид хуулинд байхгүй тэтгэвэр нөхөн олгох тухай заалтыг хэрэглэж, тухайн цаг үед нь олгогдох ёстой тэтгэврийг олгохоор хуулиас гадуур эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт гарган шийдвэрлэх юм бол хуулийг гажуудуулна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана.” гэж заасан. Тиймээс үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Хэрэв манай байгууллагын буруугаас тухайн бичиг баримтууд алга болсон бол манай байгууллага хариуцлагаа хүлээх ёстой. Х.Т нар нь манай байгууллагыг энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлье гэсэн шийдвэрт хүрсэн байдаг. Энэ саналыг манай байгууллагын зүгээс Х.Т нарт тавьсан. Эдгээр нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу эрхээ сэргээлгээд, 148 дугаар зүйлд заасны дагуу алдагдсан бичиг баримтыг устгагдсанд тооцуулж нөхөн олгуулах нь зүйтэй. Нас барсан байцаагч Туултай иргэний харилцаа үүсэх эсэх, хэн хохирогч болох талаар Иргэний хэргийн маргаан үүсэх ба нэхэмжлэгч нар нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Манай байгууллагын шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлд заасны дагуу Х.Т нар нь эрхээ сэргээлгэхээр Иргэний шүүхэд хандах боломжоор нь хангаж, хэргийн харьяалалыг шилжүүлж өгнө үү, Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжаа хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.Т-ын хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийгөө болон төрсөн дүү нар болох Х.М, Х.Д, Х.Х нараа төлөөлөн итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1995 онд ээж, аавыгаа нас барахад 5-11 насны 4 хүүхэд бүтэн өнчин хоцроод Жаргалант суманд өвөө А.Л-гийнхоо асрамжинд ирж байж байгаад улмаар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харъяа асрамжийн төвд дүү нарын хамт шилжиж ирсэн байдаг. Том нь 2002 онд, бага нь 2007 онд 18 нас хүрснээр амьдралд хөл тавьсан ба эдгээр хүүхдүүд нь насанд хүрээгүй байхдаа тэтгэвэр авдаг юм байна гэдгээ мэдэхгүй байж байгаад сүүлд мэдэж, 2007 онд Нийгмийн даатгалын байгууллагад хандаж энэ асуудлыг шийдэж өгөөч хэмээн гомдлоо тавьж эхэлсэн байгаа. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөл гээд бүх шатны байгууллагад хандсан. Эдгээр байгууллагуудаас хэдэн арван шийдвэр ирсэн талаар хариуцагч ярилаа. Иймээс дахин тайлбарлах шаардлагагүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхийг энэ хүүхдүүд эдлэх, хэрэгжүүлэх эрхтэй. Энэ асуудлаар Нийгмийн даатгалын байгуулагад хандахад манай архивт та нарын бичиг баримт алга байна, иймээс та нар иргэний журмаар шүүхэд хандаж бичиг баримтаа хүчингүй болгуулаад нийгмийн даатгалын байгууллагад эргээд ханд гэсэн зүйлийг хэлдэг. Нийгмийн даатгалын байгууллага ийм хариу өгөх үндэслэлгүй юм. Энэ харилцаа Үндсэн хуулийн заалтуудаар болон салбар хуулиуд болох Нийгмийн даатгалын тухай хууль, Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Х.Т нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор авч үзэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллага гэдэг нь ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээд” гэж заасан. Тэгэхээр бид хариуцагчийг зөв тодорхойлсон гэж үзэж байна. Мөн 8-д “ ...нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” тэтгэвэр гэж тусгасан. Эдгээр хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан уу гэвэл авч байсан. Хавтаст хэргийн 05 дугаар хуудаснаас энэ талаарх баримт эхлэнэ. Банкнаас ирүүлсэн 1995 оны тэжээгчээ алдсаны жагсаалтаас үзэхэд А.Л-гийн авах ёстой 9, 10 сарын тэтгэвэр 6.745 төгрөгийг Б гэдэг хүн авсан болох нь харагдана. 1996 оны 01 сард мөн 02 сард тэтгэвэр авсан байна. 10 дугаар хуудаснаас 04 сард тэтгэвэр авсан нь харагдана. 11 дүгээр хуудаснаас 05 сард тэтгэвэр авсан нь харагдана. Мөн 06 сард авсан байна. Дээрх материалуудаас харахад тухайн үед тэтгэврийг 1.134 төгрөг хавьцаа тогтоосон нь харагдана. Эндээс харахад нэхэмжлэгч нар нь Нийгмийн даатгалын тухай хууль, Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар ямар ч байсан тэтгэвэр авах эрх нь үүсээд тэтгэвэр авч байсан болох нь харагдах баримт бичгүүд хэрэгт авагдсан байна. Эдгээр хүүхдүүд 1996 оны 06 сарыг хүртэл тэтгэвэр аваад тэрнээс хойш тэтгэвэр аваагүй байгаа. Архиваас тэтгэвэртэй холбоотой баримт ч гардаггүй. Нийгмийн даатгалын байгууллагаас өөрөөс нь ирүүлсэн албан бичгүүд байгаа. Нийгмийн даатгалын байгууллага нь босоо тогтолцоотой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын тогтолцоо нь Нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар, нэгж /төлөөлөгч, байцаагч/-аас бүрдэнэ.” гэсэн байна. Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын салбар нэгж болох Орхон аймгийн Жаргалант сумаас тэтгэвэр авч байсан учраас Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг хариуцагчаар татсан байгаа. Босоо тогтолцоотой учраас бид дээш нь Гомдлын шаардлагын зөвлөлд нь гомдол гаргасан ба Гомдлын шаардлагын зөвлөлөөс тухайн байгууллагад ямар ч байсан эдгээр хүмүүс нь тэтгэвэр авч байсан байна, зогсоогдсон тэтгэврийн данс архивт 70 жил хадгалагдаж байх ёстой, энэ дансыг олохыг даалгасан байдаг. Хариуцагч тухайн ажил үүргийг гүйцэтгэж байсан хүнийг нас барсан гэлээ. Мөн 1997 оны тушаалыг шүүгээд үзэхээр тухайн хүний ажил үүргийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүл гэсэн байдаг учраас Засаг даргын Тамгын газартай холбоотой гэсэн зүйлийг ярьж байх шиг байна. Бид Нийгмийн даатгалын тогтолцооны хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлээ л баримтлана. Хэдийгээр тухайн үед Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт хамааруулж хариуцуулж байсан ч гэсэн байцаагч нь Нийгмийн даатгалын байгууллагад харъяалагдаж, ажлаа тайлагнадаг байгаа. Тухайн байцаагчийн ажил үүрэгтэй холбоотой баримтууд Орхон аймгийн Нийгмийн даатгалын архивт хадгалагдах ёстой. Тэрнээс эдгээр хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч дээрх бичиг баримтуудыг хариуцаж байгаад алга болгосон бол өөрсдөө энэ хариуцлага, эрсдэлээ үүрэх ёстой. Гэтэл энэ нь Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг бүхий асуудал байхад хариуцлагаас мултрах оролдлого хийж байгаа нь байж боломгүй зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “...хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг Нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж заасан байдаг ба энэ заалтыг үндэслэн эдгээр нэхэмжлэгч нар нь тэтгэвэр авах эрх нь үүсээд бүтэн жил тэтгэврээ авч байсан байна. Тэрнээс огт тогтоогдоогүй байсан тэтгэврийг нөхөн олгооч гэсэн зүйлийг бид яриагүй. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол үндэстэй байна. Эдгээр нэхэмжлэгч нарт 2007 оныг хүртэлх тэтгэмжийг нөхөн олгох нь зүйтэй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно”, 3-д “16 нас хүрээгүй хүүхдэд эцэг, эх, эсвэл тэдний асран хамгаалагчаар дамжуулан тэтгэвэр олгоно” гэсэн заалт мөн байдаг. Энэ заалтуудын дагуу энэ хүүхдүүдэд насанд хүртэл нь тэтгэвэр олгох ёстой байсан. Энэ тэтгэврийг нөхөн олгож болохгүй гэсэн заалт Нийгмийн даатгалын тухай хуулинд байхгүй. Энэ нэгэнт эрх нь үүсээд олгогдоод явж байсан сар бүрийн тэтгэвэр нийгмийн даатгалын сандаа л хадгалагдаад хураагдаад явж байх ёстой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д хариуцлага тооцох тухай зохицуулалт бий. Үүнд “тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь олгохгүй саатуулсан бол сарын тэтгэвэр тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож, алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк санхүү, нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлнө.” гэсэн заалт байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөл нь Нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэдэг газар байгаа. Гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрт Х.Т, Х.М, Х.Д, Х.Х нарын гомдолтой холбоотой асуудлыг шалгаж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг ирүүлнэ үү хэмээн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шинжилгээ үнэлгээний газартаа үүрэг болгосны дагуу тэндээс Орхон аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад даалгавар ирүүлэхдээ энэ асуудлыг шалгаж, тэтгэвэр тэтгэмжийг нөхөн олгох асуудлыг шийдвэрлэж хариу өг гэсэн байдаг. Босоо тогтолцооны дагуу дээрээс үүрэг өгчихөөд байхад энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах байсан гаргахгүй байсан, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар энд яригдахгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд энэ талаар заасан байгаа. Эдгээр хүмүүс насанд хүрч мэдсэн цагаасаа эхлэн өөрсдийн эрхийг хамгаалах үүднээс хөөцөлдөөд явж байгаад эцэстээ Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Нийгмийн даатгалын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эрх нь зөрчигдсөн Х.Т, Х.М, Х.Д, Х.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэврийг нөхөн гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. Нөхөн олголтыг Нийгмийн даатгалын байгууллага хэрхэн сэргээж, тухайн цаг үеийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээгээр шинжээч томилж тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн олгохыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийднэ биз.“ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т болон түүний өмгөөлөгч Б.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1996 оны 06 дугаар сараас тооцож нөхөн олгохыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж тодруулсан.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны хэргийн харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан тухайд:
2004 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэргийн шүүх ...дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ:” гэж заагаад 4.1.11-д “аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/ “ гэж нэрлэн зааснаас үзэхэд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.” гэж заасан учир Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийг хуульд заасны дагуу Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ. Иймээс шүүх хэргийн болон нутаг дэвсгэрийн харъяалал зөрчөөгүй болно.
Мөн Х.Т нарын нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 он/ 34 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасан хуулийн шаардлагыг хангасан учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн.
Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа болох 10 жил өнгөрсөн учраас нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тухайд:
Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд удаа дараа хандаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 971 дугаартай албан бичгээр Х.Т-т хариу өгсөн учраас нэхэмжлэгч нар нь тус шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн.
Шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар болон дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х-ы Т 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, Х-ы М 1985 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Х-ы Д 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, Х-ы Х 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус төрсөн байна.
Нэхэмжлэгч нарын эцэг, эх хоёр 1995 онд нас барж, Орхон аймгийн Жаргалант суманд амьдардаг өвөө А.Л-н асрамжинд очиж, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн “Энэрэл” төвд хүмүүжих болсон нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбар, Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Өнчин хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах тухай” 05 дугаар захирамж /ХХ-51 хуудас/, Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар захирамж /ХХ-52 хуудас/, Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаар захирамж /ХХ-53 хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Бүтэн өнчин хоцорсон 5-11 насны Х.Т, Х.М, Х.Д, Х.Х нарт 1995 оны 10 сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгож эхэлсэн нь хэрэгт авагдсан “Жаргалант сумын тэжээгчээ алдсаны тэтгэмж авагчдын жагсаалт“ болон тэтгэвэр олгож байсан санхүүгийн баримтуудаар /ХХ 4-19 хуудас/ нотлогдсон. Нэхэмжлэгч нарын тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэдний өвөө болох А.Л 1995 оны 10 сараас 1996 оны 6 сар хүртэл өндөр насны тэтгэвэртэйгээ хамт авч байсан ба 1996 оны 6 сараас 1997 оны 9 сар хүртэл өөрийнхөө өндөр насны тэтгэврээ авч байжээ. Дээрхи баримтуудаас нэхэмжлэгч нарт олгож байсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр 1996 оны 6 сараас эхлэн олгогдоогүй болох нь нотлогдож байгаа ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
Гэхдээ хариуцагч байгууллага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгох боломжгүй, хуулийн зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 8-д “ “тэтгэвэр” гэж ...нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-ийн 3-д” тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор”, 3-ийн “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоолгох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага болох Нийгмийн даатгалын хэлтэс дээрхи хуулийн хүрээнд нэхэмжлэгч нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох шийдвэрийг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгож эхэлсэн касс, харилцах дансны баримтуудаар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 “... шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй ... гишүүд тэжээгчээ алдсан тэтгэвэр авах эрхтэй”, 26 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.” гэж хуульчлан заасан байхад нэхэмжлэгч нарын тэтгэврийг 1996 оны 6 сараас эхлэн олгоогүй байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас /2015 оноос өмнө 18 нас гэж байсан/ хүртэл, ... тус тус олгоно” гэж заасан учраас нэхэмжлэгч нар насанд хүрээгүй байхдаа л тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй байсан ба одоо насанд хүрсэн учраас тэтгэвэр нөхөн олгох боломжгүй гэж хариуцагч тайлбарласан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж зохицуулсан байна. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хуулинд заасан үндэслэлээр тэтгэврийг олгохгүй, зогсоосон эсвэл нэхэмжлэгч нарт 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгосон талаархи холбогдох баримтууд тус байгууллагад 70 жил хадгалагдах журамтай байтал олдохгүй, устгагдсан гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нар нь 1995 оноос бүтэн өнчин хоцорч 1996 оны 6 сараас 2006 онд Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харъяа асрамжийн “Энэрэл” төвд хүмүүжин насанд хүрсэн, эдгээр хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдож байгаагүй болох нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Сэлэнгэ амралтын баазын даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 63/155 дугаартай албан бичгээр /ХХ-49 хуудас/ нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ийн 25 дугаар зүйлийн 1-д “ ...Ажилгүйдэл, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.” 2-т “Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.”, “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн удиртгал хэсэгт “Нэгдсэн Үндэсний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг санаж”, 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага ...хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулна”, 2-т “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” 20 дугаар зүйлийн 1-д “Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ” гэж тус тус тусгагдсан байгааг захиргааны байгууллагууд анхаарах шаардлагатай байсан.
Нэхэмжлэгч нар нь өнчин хоцроод тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах шийдвэрийг зохих байгууллагаар шийдвэрлүүлээгүй орхигдуулаад, насанд хүрсэн хойноо тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах тухай хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэхээр хариуцагч байгууллагад хандаагүй. Харин нэхэмжлэгч нарыг насанд хүрээгүй байхад нь хуулинд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсч, шийдвэр гарч уг шийдвэр ямар нэгэн шалтгаангүйгээр биелэгдээгүй /1996 оны 6 сараас/, тэтгэвэр олгоогүй захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус учраас тэтгэврээ нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулан эрхээ сэргээлгэсний дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан. Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, гаргасан шийдвэр болон тэтгэвэр олгож байсан касс, харилцах дансны баримтууд нь Нийгмийн даатгалын хэлтэст хадгаламжийн нэгж болон хадгалагддаг, тэтгэвэр тогтоолгосон иргэдийн эзэмшилд байдаггүй учраас нэхэмжлэгч нар дээрхи хуулийн дагуу Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалгүй Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно. Мөн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивт тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой баримт бичгүүд 70 жил хадгалагдах журамтай байтал устаж, үрэгдүүлсэн нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болохыг, шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах бүх талын арга хэмжээг авсан боловч холбогдох баримтууд устаж алга болсон учраас нотлох баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Т, Х.М, Х.Д, Х.Х нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэр нөхөн олгох тухай шийдвэр гаргахыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА