Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0140

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.У-ыннэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Л.О, Ц.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 53 дугаар зүйлийн 53.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Л.О, Ц.О нарт холбогдуулан гаргасан Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 23-05-02-17/97 дугаартай актын хавсралтаар Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, суутгасан цалингийн зөрүүг буруутай этгээдээс гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “…Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.У-ынажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан ажилтны нэмэгдэл цалин хөлсийг түүний үндсэн албан тушаалын цалингаас буюу чанарын албаны даргын албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон байсан нь хууль болон Хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх заалтад нийцэж байна. Нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцох талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал“-аар гарсан зөвлөмжийн 3.11-д “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох ёстой. Эдгээр нэмэгдэл хөлсийг олгохгүй талаар хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд шүүх ажилтны үндсэн ажлын байрыг зөв тодорхойлсноор гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр эсэхийг тогтоож болно” гэж зааснаас үзэхэд дараах гурван нөхцөл байдлыг харгалзан үзэхээр байна. Нэгдүгээрт нэмэгдэл цалин хөлсийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг баримтлах, хоёрдугаарт шөнийн болон илүү цагаар ажилласан бол нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас олгох ёстой гэж зөвлөсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны 23-05-02-17/97 дугаар актаар “...илүү олгосон нэмэгдэл хөлс 235 915 төгрөгийг Д.У-аар төлүүлж, төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр” тогтоожээ.

Нэхэмжлэгч Д.У нь дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, “...Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.У-ынажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан ажилтны нэмэгдэл цалин хөлсийг түүний үндсэн албан тушаалын цалингаас буюу чанарын албаны даргын албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон нь зөв байхад улсын байцаагч нар үндэслэлгүйгээр төлбөр тогтоосон” гэж, хариуцагчаас “Шалгалтаар эмч ажилчдын цалингийн тооцоог шалгахад чанарын албаны дарга Д.У-д жижүүр эмч хийсний илүү цагийн хөлсийг олгохдоо чанарын албаны даргын /үндсэн ажлын/ албан тушаалын цалингаас илүү цагийн хөлсийг тооцож олгосон байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Төсвийн тухай хуулийн 6 дугар зүйлийн 6.4.1 дэх заалт төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг зөрчсөн байсан тул төлбөрийн акт тогтоосон” тус тус маргажээ.

Анхан шатны шүүхээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаар Д.У нь үндсэн ажил болох Чанарын албаны даргын албан тушаалаар илүү цаг ажиллаагүй, харин илүү цагаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж ажилласан тул халдвартын эмчийн үндсэн цалингаас илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.У нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт Чанарын албаны даргаар ажиллахын зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил, үүргийг илүү цагаар буюу тус эмнэлгийн Халдвартын тасагт халдвартын их эмчийн ажлыг шөнийн цагаар гүйцэтгэдэг болох нь нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.У нь “Халдвартын тасгийн их эмч”-ийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа тохиолдолд түүнд гүйцэтгэсэн ажлынх нь үр дүнд тохирсон цалин хөлс болох “Халдвартын тасгийн их эмч”-ийн албан тушаалын үндсэн цалингаас тооцож нэмэгдэл хөлс олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж заасанд нийцнэ.

Хэдийгээр Д.У нь албан тушаал хавсран эсхүл хослон тэрчлэн эзгүй байсан ажилтны үүргийг орлон гүйцэтгээгүй байх боловч Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдвартын тасгийн их эмчийн орон тоо байдаг, тус албан тушаалд ажилладаг их эмч нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээгээр цалинждаг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                 

ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН