Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 112/ШШ2026/0013

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн М.Б нарын хоорондын буруутай албан тушаалтнаас гэм хорын хохирол гаргуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагч М.Б, гуравдагч этгээд  П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Б-аас төрд учирсан гэм хорын хохирол 56,647,037 төгрөгийг  гаргуулах  гэжээ.

1.2. Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/2001 дүгээр албан бичгээр хариуцагч М.Б-т төрд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна.

1.3. Иймд хариуцагч М.Бын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 56,647,037 төгрөгийг Төрийн сангийн ................ тоот дансанд буруутай албан тушаалтан болох М.Б-аас гаргуулахаар Улсын дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

 2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

  2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ: Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

М.Б нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Уыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Иргэн П.У нь дээрх захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай" 21 дүгээр тогтоолыг хүргүүлж, уг тогтоолын дагуу сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон байна.

 Иргэн П.У нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 112/ШШ2024/0019 дүгээр захирамжаар хариуцагч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.  Уг захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 7,435,892 төгрөг цалинд, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,830,288 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, нийт 19,266,180 төгрөгийг П.У-д олгосон байна.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.У-ыг төрийн албанаас дахин чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иргэн П.У нь дээрх захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу хянан шалгах зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Маргаан хянан шийдвэрлэсэн тухай 270 дугаар тогтоол баталсан. Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул П.У шүүхэд хандсаны дагуу нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0028 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 270 дугаар тогтоолыг биелүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр хариуцагч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. Уг захирамжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/36 дугаар тушаалыг үндэслэн 16,375,240 төгрөгийг цалинд, 2,160,887 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, нийт 18,536,127 төгрөгийг П.У-д олгосон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу П.У-ыг Говь-Аптай аймгийн Тайшир сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар эгүүлэн ажил, албан тушаалд нь томилсон байна.

Иргэн П.У нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсаны дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 112/ШШ2025/0013 дугаар захирамжаар хариуцагч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. Уг захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 18,844,730 төгрөгийг П.У-д олгосон байна. Шүүгчийн 3 удаагийн захирамжийн дагуу иргэн П.У-д нийт 56,647,037 төгрөгийг олгосон байна. Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/2001 дүгээр албан бичгээр хариуцагч М.Б-т төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй удаашралтай байна. 

Иймд хариуцагч М.Б-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 56,647,037 төгрөгийг Төрийн сангийн МN ...........тоот дансанд буруутай албан тушаалтан болох М.Б-аас гаргуулахаар Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Албан хаагч энэ ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан бол холбогдох бүх авах ёстой нэмэгдэл цалин хөлс, үндсэн болон нэмэгдэл цалин хөлс авах байсан. Тийм учраас Төрийн албаны зөвлөл бодит нотлох баримт дээр үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ тодорхойлж байгаа. Хоёрдугаарт П.У нь төсвийн шууд захирагч байя гэж бодъё. Тэгэхээр өөр дээр  ямар нэгэн нэмэгдэл, илүү дутуу юм авах үндэслэл байхгүй. Сангийн яам цалинг олгохдоо ахлах түшмэлийн тэддүгээр зэрэглэлийн улсад тэдэн жил ажилласан ийм хүний ангилал зэрэглэлд тааруулсан цалинг тухайн оны төсөвт нь жил бүр суулгаж өгч байгаа юм. Тэгэхээр зэрэг дэвийн нэмэгдэл болон удаан жил ажилласны, ахлах түшмэлийн ч гэдэг юм уу, нууцын зэрэглэл ч гэдэг юм уу энэ бүх хийж гүйцэтгэж байсан ажлынх нь төлөө авч байгаа цалин хөлс. Тэгэхэд М.Б даргын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас энийгээ нөхөж л авсан. Тэрнээс биш тухайн ажлаа хийж байсан бол зүгээр аваад явж байх байсан. П.У нь авах ёстой юмаа авсан гэсэн үг. 140 хувийн нэмэгдэл гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь өөр дээрээ ямар нэгэн тушаал захирамж тусгайлан гаргаж авсан бол энэ чинь өөрөө санхүүгийн аудитаас ороод П.У-д акт тогтоогдоод явна. Тэгэхээр Сангийн яамнаас олгоод байгаа цалингийн систем дээр тулгуурлаад Засгийн газраас тогтоосон тогтоолын дагуу энэ хүн чинь цалин хөлсөө аваад байгаа учраас илүү дутуу юм бол биш юм. Гол асуудал юу вэ гэхээр М.Б даргын өөрийнх нь хууль бус шийдвэрийн улмаас гэм буруугийн хувьд санаатай үйлдэл гэж харахаар байгаа. 498.5-д гэм хорын хохирлыг тухайн үйлдэл, гэм хорын шалтгаант холбоо 2 холбоотой байх ёстой гэж үзэж байгаа.

 М.Б даргын захирамж илтэд санаатай тэр хүнийг урд өдрийнх нь тушаалаар авчхаад дараа дугаарынх нь захирамжаараа төрийн албанаас ямар нэгэн үндэслэлгүйгээр дахиж гаргаж байгаа юм. Тэгэхээр анхнаасаа санаа зорилго нь илтэд тодорхой буюу шууд санаатай байгаа юм. Тэгэхээр шууд санаатай үйлдлийн улмаас учирч байгаа хохирол нь өөрөө үр дагавар, шалтгаант холбоотой байгаа. Тэгэхээр би тэрийг нь хариуцна, би тэрийг нь хариуцахгүй гэдгийг ялгаж салгаад зааглаад хэлээд зогсож байх асуудал биш. Анхнаасаа энэ хүний тушаал шийдвэр, үр дагаврын дагуу гарч байгаа төрд учирсан хохирол ямар нэгэн байдлаар Төрийн албаны зөвлөл автоматаар ч гэдэг юм уу, тэдийг авдаг байж магадгүй гэдгээр тогтоосон тоо бол биш байгаа. Энийг нотлох баримтын үндсэн дээр шүүгчийн захирамжаараа, шүүхийн шийдвэрээрээ тогтоосон тоонууд дээр нийгмийн даатгалыг ажил олгогчийн зүгээс төлөөд байгаа эдгээрийн нийлбэр мөн. Эдгээр нь бүгд баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр М.Б-ын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэхээр байна. Тэр нэмэгдлээ  ингэж тооцсон гэдгээ хэлээд тэр нь санхүү дотоод аудитын шалгалтаар илрээгүй, тэр нь зөрчил гэж үзээгүй, акт тогтоогдоогүй. Илүү авсан гэж үзэх гэж байгаа бол дараа нь хариуцлагаа П.У дарга өөрөө хариуцна гэж хэлэхээр байна. Төрийн албаны зөвлөл 3 төлбөрийн хүсэлтийн нийлбэрээр  тодорхойлоод байгаа юм гэжээ.

   2.3. Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.У-ын Үндсэн цалин 1,757,000 төгрөг байх бөгөөд орон нутгийн нэмэгдэл 40 хувь, нууцын нэмэгдэл 20 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 28 хувь, удаан жилийн нэмэгдэл 24 хувь, ХАСХОМ-ын нэмэгдэл 20 хувь, онцгой нэмэгдэл 40 хувь, нийт 172 хувийн нэмэгдлээр нэхэмжилсэн байна. Тухайн төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан өөрт давуу байдал үүсгэн 172 хувиар цалингаа өсгөж авч байсан гэж үзэж байна.

Иймд Үндсэн цалин 1,757,000 төгрөг, зэрэг дэв 20 хувь, удаан жилийн 28 хувийг хүлээн зөвшөөрч бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон нутгийн нэмэгдэл Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны 82 дугаар тогтоолоор баталгаажуулсан энэ өдрөөс өмнө авч байсан нь хууль бус болно.  Нууц хариуцаж байгаа ажилтан нь давхар ХАСХОМ-ыг хариуцахгүй бөгөөд ХАСХОМ-ыг хууль эрх зүй, дотоод бичиг хэрэг хариуцах байсныг албан тушаалаа ашиглан өөрт давуу эрх мэдэл олгосон. Онцгой 40 хувийн нэмэгдлийг Засаг даргын захирамжаар олгодог . Миний ажиллаж байх хугацаанд ямар нэгэн гэрээ байгуулаагүй.  Үндсэн цалин 1,757,000 төгрөг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Үүнийг би төлөхөд бэлэн. Ажилгүй байгаа хугацаанд бол энэ хүн цалингийн нэмэгдэл 147 хувиар цалингийн нэмэгдлүүдээ авч байсан байна. 147 хувь гэдэг Монголд байхгүй, төрийн албан хаагч цалин дээрээ 147 хувийн нэмэгдэл авна гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй байгаа. Миний тухайд 3 удаагийн эвлэрлийг харахад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалин хөлсийг нь буцааж төлүүлэхдээ эвлэрсэн гэж ойлгож байгаа. Бусад нэмэгдэл дээр эвлэрээгүй гэж үзэж байна.

2.4. Гуравдагч этгээд П.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие П.У Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 тоот Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 тоот сумын Засаг даргын захирамжаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн.

 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гомдол гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 112/ШШ2024/0019 тоот шийдвэр, 112/ШШ2024/0028 тоот шийдвэр, 112/ШШ2025/0013 тоот шийдвэр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний  өдрийн 21 тоот тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 тоот тогтоолын дагуу нөхөн төлүүлэх мөнгийг нэхэмжилсэн.

Хариуцагч М.Б-ын хэлсэн шиг П.У миний бие өөртөө давуу байдал үүсгэн илүү цалин хөлс, нэмэгдэл хөлс, урамшуулал, хувь авах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан байдаг.

 Тийм учраас өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзэхгүй байна. Өөрөө өөртөө  захирамж шийдвэр гаргадаг субъект биш. Захирамж гаргаж хянан баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга дарж байгаа эрх бүхий албан тушаалтан бол Засаг дарга. Энэ хүн төр төлөөлж, шийдвэр гаргаж байгаа учраас хариуцлагатай байх ёстой. П.У миний бие ажил цалгардуулаагүй, хариуцлага тооцуулаагүй, хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай ажиллаж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын нэрэмжит архив албан хэрэг хөтлөлтийн үзлэгт 93,9 хувь гүйцэтгэлтэй шалгагдсан байсан.

 Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.У миний үндсэн цалин нэмэгдлийгТайшир сумын Засаг дарга Г.Б 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот захирамжаар ТЗ-5 дугаар шатлалаар 1,757,000 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 28 хувь, нууц хариуцсан нэмэгдэл 20 хувь, ХАСХОМ хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 20 хувь, орон нутгийн нэмэгдэл 40 хувь, онцгойн нэмэгдлийг 40 хувь удаан жилийн 24 хувь тооцож олгох захирамж гарсны дагуу олгож байсан. Зэргэлдээ сумдын тамгын дарга нар яг л над шиг нэмэгдэл авдаг. Харин ч нууцын 30 хувь авдаг. Би 20 хувиар авдаг. Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтний 30 хувь авдаг. Би 20 хувиар л авдаг. Бусад нэмэгдлүүд бол би ажилласан жилээ тухайн төр улсдаа ажилласан жилийнхээ нэмэгдлийг авч байгаа. Аймгийн хэмжээний 2000 гаруй төрийн албан хаагч 40 хувь авч байна. Би шалгалтаа өгөөд Тамгын дарга, ахлах түшмэлийн зэрэг дэвтэй ажилладаг. Тэрнийхээ 28 хувийг авч байгаа. Өмнөх Засаг дарга Г.Б-гийн захирамжаар олгогддог байсан хууль, дүрэм журамд нийцсэн албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэгт нийцсэн авах ёстой нэмэгдлүүдээ л авч байгаа. Би илүү дутуу аваагүй. Харин ч би дутуу авч байгаа. Г.Б дарга миний нэмэгдлийг ч дутуу өгдөг байсан. М.Б даргын гаргасан захирамжийн асуудал ерөөсөө биш байгаа юм. Өмнөх Засаг даргын захирамжаар  авсан.

  ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. М.Б нь Тайшир сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.У-ыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Тайшир сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон.  Тайшир сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар П.У-ыг Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон байдаг.

5. П.У нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 18,089,180 төгрөг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч М.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж нийт 19,266,180 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар  тохиролцсон. Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас П.У-д 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 7,435,892 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,830,288 төгрөг нийт 19,266,180 төгрөгийн нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна.

6. Тайшир сумын Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар П.У-ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар П.У-ыг Тамгын газрын даргаас дахин чөлөөлж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Тайшир сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.У-ыг үргэлжлүүлэн ажиллуулж, зохих журмын дагуу ажил хүлээлцүүлэхийг тус сумын Засаг дарга М.Б-т үүрэг болгосон. 

7. П.У-ыг ажилд эгүүлэн томилохгүй байсантай холбогдуулж, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар захирамжаар Харицагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

8. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/36 дугаар тушаалын хавсралтаар Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон П.У-д 16,375,240 олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зөвшөөрч, Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас П.У-д 2025 оны 02 дугаар сарын 27-ын өдөр 16,375,240 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2,160,887 төгрөг нийт 18,536,127 төгрөгийн нөхөн олговор олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна.

9. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/116 дугаар захирамжаар Тайшир сумын Засаг даргаас М.Б--ыг чөлөөлж, мөн өдрийн Б/129 дүгээр захирамжаар Н.С-ыг Тайшир сумын Засаг даргаар томилсон. Тайшир сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар П.У-ыг Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон байна.

10. П.У нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн 22,539,300 төгрөг, хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158,400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 22,768,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар захирамжаар 17,322,187 төгрөгийг хариуцагч Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

11. Тус эвлэрлийн гэрээнд: 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 2025 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх цалингийн зөрүү 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс цалин 10 хувь нэмэгдсэн нь дутуу бодогдож орсон 513,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158,400 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, 2024 оны 08 дугаар сарын 16-наас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 17,409,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 17,181,787 төгрөгийг Засаг дарга төлж барагдуулж, нэхэмжлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор олгохоор, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг мөн сая нэхэмжлэл гаргахад төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нийт 17,322,187 төгрөгийг хариуцагч Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар эвлэрлийн гэрээ байгуулласан байх бөгөөд Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр П.У-д 11,594,912 төгрөг, 2,361,229 төгрөг, 4,88,589 төгрөг нийт 18,844,730 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон байна. 

12. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан.

13. Хуулийн холбогдох зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчимтай.

14. Харин Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлага болох 56,647,037 төгрөгнөөс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж хариуцагч М.Б нь Тайшир сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.У-ыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл тогтоосон, шүүхийн шийдвэрээр захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд хууль бус шийдвэрийн улмаас Тайшир сумын Засаг даргын Тамгын газарт буюу төрд 55,124,494 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Учир нь: 1-т Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр захирамжаар нэхэмжлэгч П.У, хариуцагч М.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулж нийт 19,266,180 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар тохиролцож, хохирол нөхөн төлөгдсөн, 2-т Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар захирамжаар хариуцагч М.Б 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч Харицагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж 18,536,127 төгрөгний хохирол нөхөн төлөгдсөн, 3-т Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.У, хариуцагч Тайшир сумын Засаг дарга нар харилцан тохиролцож, 17,322,187 төгрөгийн хохирол нөхөн төлөхөөр Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

16. Дээрх 3 удаагийн шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирол нийт 55,124,494 төгрөгийг төр хариуцан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

17. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 55,124,494  /тавин таван сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулж, Төрийн сангийн .......... дугаар дансанд нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох  1,522,543 /нэг сая таван зуун хорин хоёр мянга таван зуун дөчин гурван/ төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18. М.Б нь аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/113 дугаар захирамжаар Тайшир сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/116 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

19.Хариуцагчийн тайлбарт дурдсан нэмэгдлүүд нь хариуцагч М.Б-ыг ажлаас чөлөөлсөний дараа буюу дараагийн Засаг дарга Н.С томилогдоод 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар П.У-ын цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоосон байх тул хариуцагчийн үндсэн цалин, зэрэг дэв, удаан жилийн хувийг хүлээн зөвшөөрч бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар  үндэслэлгүй юм.

20. Мөн П.У нь өөрт холбогдуулан цалингийн нэмэгдэл хувь хэмжээг тогтоох эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/14, 2023 оны 07 дугаар 03-ны өдрийн Б/18 дугаар Тайшир сумын  Засаг даргын захирамжаар П.У-ын цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоосон,  энэ захирамжийн хүрээнд П.У-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөгдсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.7,  106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, хариуцагч М.Б-аас төрд учруулсан хохирол болох 55,124,494  /тавин таван сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,522,543 /нэг сая таван зуун хорин хоёр мянга таван зуун дөчин гурван/ төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заасныг баримтлан Төрийн албаны зөвлөл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ