Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 79

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Лийн Бд  холбогдох 1712002300062  тоот хэргийг хэлэлцэв.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Арал тархи” гэх газар хохирогч Х.Этай маргалдаж тракторын дугуй төмрөөр толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1712002300062 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Х.Эын өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 10-дын үеэр Г, Д, О, М, Б бид хэд Цэцэрлэг сумын Чулуут баг Аралын эх гэх газар руу хадланд гарсан. Тэгээд очсон өдөрөө өвс хадаж байгаад 1 литр нэрмэл архи, 1 шил архи Г, Д, О, М бид хэд хувааж ууцгаасан Б архи уугаагүй. Бид хэд архиа ууж дуусаад Г бид 2 өвс хадна гэж би хэлсэн чинь Д намайг надтай хамт өвс хадвал яачихаад байгаа юм гэхээр нь яахав дээ бид 2 хадчихъя гэсэн чинь намайг ирээд заамдаж барьж аваад миний нүүрэн тус газар нэг удаа цохиод тэгээд тэр хэд буюу Г, М, О, Б нар салгасан. Тэгтэл Д дахиж ирээд миний толгойны ар хэсэг рүү төмрөөр цохисон тэгээд би ухаан алдаж унасан. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн тархи толгой боочихсон хэвтэж байсан. Оройдоо сумын эмнэлэгт ирж хоноод маргааш өглөө нь аймгийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд хотоор эмчилгээ хийлгэж байгаад уржигдар Архангай аймагт ирсэн. Хэрэлдэж байгаад уурлаад намайг цохисон, тэр төмөр нь одоо хаана байгааг нь мэдэхгүй дугуй тармуурын төмөр байсан. Г, О, М, Б, Д гэх залуу архи ууж байхад ирсэн байсан. Д архи уусан халамцуу, их согтоогүй байсан. Би тархиндаа гэмтэл авсан, миний гавлын яс цөмөрсөн гэж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад нэмж хэлэх зүйл алга миний хэлсэн бүгд үнэн хохирол барагдуулж өгвөл надад гомдол санал алга. Өөр хэлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/, 

* Гэрч Ө.Хын өгсөн: 

“...Х.Э бол миний хүү байгаа юм. Л.Б/Д/ гэх хүн манай нутгийн хүн байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. 2017 оны 09 сарын 11-ний өдөр манай хүү Х.Э нутгийн хүмүүстэй Чулуут багийн нутагт өвс хадаж байна гэж нутгийн хүмүүс ярьж байсан. Тэгээд орой нь Х.Эын эхнэр Өлзийжаргал манай нөхөр хүнд зодуулаад цус гараад хөвөнтэй дээл нэвтрээд аюул боллоо гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 09 сарын 12-ны өдөр эмч очиж сумын төвд авч ирж эмчилгээ хийж байгаад Архангай аймаг руу авч явсан. Аймгаасаа хот руу авч яваад хотод эмчилгээ хийж байгаад саяхан эмнэлгээсээ гарсан. Одоо хөдөө гэртээ байгаа. Х.Эыг Л.Бзодсон гэсэн. Тракторын төмрөөр толгой руу нь цохисон гэсэн. Өвс хадлангаас л болсон юм шиг байна лээ. Манай хүү Х.Э аймхай, зүрх муутай их зөөлөн зантай. Хүн байтугай хүүхдээ ч зодож чаддаггүй даруухан хүн байгаа юм. Толгойн хэсэгтээ төмрөөр цохиулсан намайг харахад нил цус хатаад шавалдчихсан байсан. Архангай аймгийн төвд бас баахан эмчилгээ хийлгэж байгаа Улаанбаатар хот явж эмчлүүл гэж эмч нар хэлээд гэмтлийн эмнэлэгт очиж зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн. Одоо толгой өвдөж эргэнэ, хөл дайвалзаж бие нь их сул болсон байна лээ. Эмчилгээнийх нь төлбөрийг яаралтай гаргуулж авмаар байна. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/ 

* Гэрч О.Тийн өгсөн:

 “...Би 2017 оны 09 сарын 11-ний орой 20 цаг 24 минутын үед намайг гэртээ сууж байтал Х.Э толгой хагарсан, цус гарч ухаангүй гэсэн дуудлага Чулуут баг Арал гэх газраас Нэргүй гэх хүн өгсөний дагуу 23:10 минутын үед тухайн хүн ухаантай толгойны зүүн шанааны дээд хэсгээс 4-5 см язарсан шархтай их хэмжээний цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би шарханд нь оёдол тавьж цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, шингэн сэлбэх уусмал хийж шарханд цэвэр боолт хийсэн. Эмчилгээ хийж дуусаад сумын Эрүүл мэндийн төв рүү очъе гэхэд Х.Э буюу өвчтөн маань би явахгүй явахаар болсон ч маргааш өөрөө унаа олж орно гэхээр нь өвчтөнг орхиод сумын төв явсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 09 сарын 12-ны 13:00 цагт Х.Э нь толгой өвдөнө, хатгана гэсэн дуудлага өгсний дагуу очиж үзэхэд босч болохгүй хэвтрийн байдалтай байсан. Би дахин үзүүлэлтүүдийг нь үзээд өвчин намдаах тариа хийж сумын Эрүүл мэндийн төвд авчирч Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Зүүн шанааны дээд хэсэгт 4-5 см хуйх язарсан, зүүн шанаа халцарсан, баруун нүдний доор 1 см орчим зулгарсан, баруун нүд хөхөрч хавдсан, зүүн духны дээд хэсэгт 1-1.5 см орчим зулгарсан, өөрөөс нь юу болсон талаар асуухад төмөр зүйлээр цохиулсан гэж ярьж байсан. Тухайн үед архи үнэртэхгүй байсан. Цус их гарсан байсан. Д буюу Л.Бгэх хүн цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

* Гэрч Б.Эы өгсөн

 “...Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Г гэх хүн өөрийнхөө “Пад пад”-тай Чулуут баг Аралын тархи гэх газар руу өвс хадахаар орчихсон байхаар нь хамт өвс хадахаар өөрийн хадам аав Бямба-Очир/О/ын хамт 12:00 цагийн үед очиход М, Амарсайхан, Д, Х.Э, Л.Б/Д/ тэдний хүргэн Г энэ хэд өвс хадаж байсан. Г ах өвс хадаж байгаа түлш нь дуусахааар нь би гэр рүүгээ мотоциколтой түлшинд явчихаад орой 17.00 цагийн үед буцаж ирэхэд Х.Э ах цусаа гойжуулчихсан хэвтэж байсан. Би юу болсон талаар Г ах, хадам аав Боос асуухад Х.Э, Л.Б хоёр маргалдаж байгаад нэг нэгийгээ цохичихсон гэж байсан. Юунаас болж маргалдсан талаар нь би мэдэхгүй намайг очиход бүх зүйл болоод дуусчихсан байсан. Л.Б гуай Х.Э ахыг төмрөөр толгой руу нь цохисон гэж байсан. Намайг очиход толгойноос нь цус гарчихсан толгойг нь шар бүсээр боочихсон байсан. Удалгүй О.Т эмч ирээд оёдол хийгээд авч явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй эрүүл байх шиг байсан. Миний жинхэнэ нэрийг Б.Э нутгийн хүмүүс харин Б гэж дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/  

* Гэрч М.Гын өгсөн: 

“...Би 2017 оны 09 сарын эхээр хадам аав Л, Л.Бтай хадланд гараад ойролцоогоор 6-7 хонож байсан чинь манай аав гэр рүүгээ харьсан. 09 сарын 11-ний өглөө Л.Бах бид 2 миний “Пад пад”-аар өвс хадаж байсан чинь надаар өвс хадуулна гээд Х.Э, Бямба-Очир, Энхтайван, М, А нар ирсэн. Бид хэд Тамираа гэх хүний талбай дээр өвс хадаж байгаад амарсан чинь Х.Э 1.5 литрийн төмөр савтай нэрмэл архи гаргаж ирээд Л.Б, Б, Х.Э, А, М бид хэд хувааж ууж дуусаад би өвсөө хадаж байсан чинь Бямба-Очир өөрийн хүргэн Энхтайван цуг түлшинд явж ирээд дуудахаар нь очсон чинь 1 шил 0.5 литртэй ерөөл архи задалж тойруулсан тэр архийг бид хэд хувааж уучихаад байж байсан чинь Х.Э дахиад 1 ундааны савтай нэрмэл архи гаргаж тэрийг тойруулж уучихаад би өвсөө хадаж байсан чинь миний “Пад пад”-ны шийвний гол нь идэгдээд салаад уначихсан. Би шийвээ аваад “Пад пад”-аа асаагаад тэр хүмүүс дээр очсон чинь Л.Бах Х.Э ах хоёр хоорондоо хэрэлдэж байгаад барьцалдаж авахаар нь бид хэд салгасан. Тэгтэл Л.Бах миний “Пад пад”-ны хажуу талаас аваад Х.Э ахын толгойны зүүн хэсэг рүү цохихоор нь би гүйж очоод шийвний төмөрийг булааж авсан тэгтэл Х.Э лантуу аваад Л.Быг цохино гэхээр нь би булааж аваад Мтэй цуг Х.Эыг газарт хэвтүүлээд толгойных нь цусыг тогтоож түргэн дуудсан. Хоёулаа бага зэрэг халамцуу нээх их согтоогүй байсан. Өвс хадаж байгаад л маргалдсан Л.Бгуай Х.Э гуайг толгойн хэсэгт нь нэг удаа миний “Пад пад”-ны шийвний төмрөөр цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Шийвний төмөр одоо Л.Б ахад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/

* Яллагдагч Л.Бы өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут баг “Арал тархи” гэх газар Х.Э болон манай нутгийн хэдэн залуучуудтай өвс хадаж байсан чинь Х.Э архи гаргаж ирээд хамт архи ууцгаасан. Тэгээд архи ууж дууссан чинь Х.Э түлшинд яваад ирсэн хүнд 1 шилтэй 2 жижиг савтай нэрмэл архи захиж олж ирүүлсэн. Тэгээд би 1 савтай монгол архыг нь хямагдаад жаахан байж байгаад ууна гэсэн чинь Х.Э наадахаа та гаргаад ир би таньтай өвс хадахгүй өөр хүнтэй өвс хадна гэхээр нь би уурлаад хэрэлдэ:ж байгаад хоёрын хооронд юман дээр маргалдаад ажил ч  бүтэхгүй гэсэн чинь зөрөөд явчихсан тэгж байтал хадуур нь эвдэрчихсэн бөгөөд би хадуурны дамар төмөрийг авч ирээд хажууд тавиад тойроод сууж байсан чинь Х.Э ирээд дахиад надтай хэрэлдэж байгаад бид 2 заамдалцаж авсан чинь Х.Э миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохихоор нь би уурандаа хажуудаа байсан дамар төмрөөр Х.Эын толгойн зүүн хэсэгт 1 удаа хүчтэй цохисон чинь хажууд байсан хүмүүс  бид хоёрыг салгасан бөгөөд Х.Э трактор дээр байсан лантууг авч намайг цохино гэхээр нь тэнд байсан хүмүүс салгасан. Тухайн үед Х.Эын толгойноос цус гарч байсан бөгөөд М.Ганболд миний дээлний доторыг урж цусыг нь тогтоосон. Тухайн үед Х.Э бид хоёр хоорондоо хэрүүл хийж маргалдаж байгаад уурандаа 1 удаа төмрөөр цохичихсон. Би хадуурнаас салж унасан дамар төмрөөр 1 удаа толгойных нь зүүн хэсэгт цохисон өөр цохиогүй. Хадуур эвдрээд сул салаад уначихсан юм тэгээд хамт өвс хадаж байсан хүмүүст үзүүлэх гээд бариад явж байсан. Би тухайн үед нэг их согтоогүй байсан. Уурласандаа л Х.Эыг цохичихсон. Тухайн үед миний зүүн талын нүдэн дээр 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  485 дугаартай дүгнэлтэнд:

“...Х.Эын биед гавал тархины битүү гэмтэл: Зүүн чамархай ясны хугарал, хугарлын зүүн зулай орчмын тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт ба цусархаг няцралт, зүүн чамархай  хэсэг ба духны зүүн дээд хэсэгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар зүүн чамархай ясны хугарал, хугарлын харалдаа зүүн зулай орчмын тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт ба  цусархаг няцралт нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн чамархай хэсгийн ба духны зүүн дээд хэсэгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. Х.Э нь хамрын таславчийн хуучин муруйлт гэмтэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал / 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Арал тархи” гэх газар Л.Б хохирогч Х.Этай маргалдаж тракторын дугуй төмрөөр толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Бнь үйлдсэн болох нь  хохирогч Х.Эын “....Бид хэд архиа ууж дуусаад Г бид 2 өвс хадна гэж би хэлсэн чинь Д намайг надтай хамт өвс хадвал яачихаад байгаа юм гэхээр нь яахав дээ бид 2 хадчихъя гэсэн чинь намайг ирээд заамдаж барьж аваад миний нүүрэн тус газар нэг удаа цохиод тэгээд тэр хэд буюу Г, М, О, Б нар салгасан. Тэгтэл Д дахиж ирээд миний толгойны ар хэсэг рүү төмрөөр цохисон тэгээд би ухаан алдаж унасан. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн тархи толгой боочихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Хын “...Тэгээд орой нь Х.Эын эхнэр Өлзийжаргал манай нөхөр хүнд зодуулаад цус гараад хөвөнтэй дээл нэвтрээд аюул боллоо гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 09 сарын 12-ны өдөр эмч очиж сумын төвд авч ирж эмчилгээ хийж байгаад Архангай аймаг руу авч явсан. Х.Эыг Л.Бзодсон, тракторын төмрөөр толгой руу нь цохисон гэсэн....” гэх мэдүүлэг, О.Тийн “...Би 2017 оны 09 сарын 11-ний орой 20 цаг 24 минутын үед намайг гэртээ сууж байтал Х.Э толгой хагарсан, цус гарч ухаангүй гэсэн дуудлага Чулуут баг Арал гэх газраас Нэргүй гэх хүн өгсний дагуу 23:10 минутын үед тухайн хүн ухаантай толгойны зүүн шанааны дээд хэсгээс 4-5 см язарсан шархтай их хэмжээний цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би шарханд нь оёдол тавьж цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, шингэн сэлбэх уусмал хийж шарханд цэвэр боолт хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Энхтайвангийн “....Г ах өвс хадаж байгаа түлш нь дуусахааар нь би гэр рүүгээ мотоциколтой түлшинд явчихаад орой 17.00 цагийн үед буцаж ирэхэд Х.Э ах цусаа гойжуулчихсан хэвтэж байсан. Би юу болсон талаар Г ах, хадам аав Бямба-Очироос асуухад Х.Э, Л.Бхоёр маргалдаж байгаад нэг нэгийгээ цохичихсон гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Гын”... Би шийвээ аваад “Пад пад”-аа асаагаад тэр хүмүүс дээр очсон чинь Л.Бах Х.Э ах хоёр хоорондоо хэрэлдэж байгаад барьцалдаж авахаар нь бид хэд салгасан. Тэгтэл Л.БХ.Э ахын толгойны зүүн хэсэг рүү цохихоор нь би гүйж очоод шийвний төмрийг булааж авсан тэгтэл Х.Э лантуу аваад Л.Быг цохино гэхээр нь би булааж аваад Мтэй цуг Х.Эыг газарт хэвтүүлээд толгойных нь цусыг тогтоож түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 485 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Л.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй төмөрийг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Ж овогт Лийн Быг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан дугуй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР