| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/03294/И |
| Дугаар | 192/ШШ2025/04849 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04849
2025 06 05 192/ШШ2025/04849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Грийн арт хотхон, ** дүгээр байрны ** тоот хаягт оршин суух, ... ....ургийн овогт ...овогтой А /РД:ПЯ**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Чингүнжав, ** тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн ** регистртэй “Нийслэлийн ерөнхий боловсролын Э х с” Боловсролын сургалтын байгууллага /цаашид “Э х с” БСБ гэх/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
1.1. Миний бие Нийслэлийн ерөнхий боловсролын “Э х” сд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан математикийн багшийн албан тушаалд 1 жилийн хугацаатай ажиллахаар болсон. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэнэт намайг сургалтын менежер өрөөндөө дуудаад “чамайг ажлаас чөлөөлөх болсон” гэсэн. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг асуухад “захирал чамайг хал гэсэн” гээд тодорхой үндэслэл хэлээгүй. Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 5 сартай жирэмсэн байсан. Декрит авах хугацаа дөхсөн байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул маш их гомдолтой байна. Ажлаас халсан захирлын тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас халсан байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусах ёстой. Мөн хуулийн 80.1.4-т заасан үндэслэл дурдсан байсан. Миний бие сахилгын зөрчил нэг ч удаа гаргаагүй. Сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан үндэслэл заасан байсан. Намайг мэргэжил, ур чадваргүй гэдгийг олж тогтоосон ямар нэгэн албан шийдвэр гараагүй. Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэл дээрээ дараагийн декриттэй хүн нь ажилдаа буцаж орж ирэх гэж байгаа мэтээр 4 өөр төрлийн үндэслэл бичиж байгаа нь ойлгомжгүй бөгөөд эдгээр үндэслэлүүдийн аль нэг нь байсан тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болох байх. Гэтэл 4 үндэслэл бүгд тогтоогдоогүй, ямар ч үндэслэлгүй байхад 4 өөр үндэслэл бичиж байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар жирэмсэн хүнийг ажлаас халахыг хориглосон байдаг. Гэтэл намайг 5 сартай жирэмсэн байхад ажлаас халж байгааг хууль бус гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн гурван талт хороонд гомдол гаргасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хурал зарлагдаж, хариуцагч талаас сургалтын менежер Э.Дирж оролцсон. Гурван талт хорооноос 3 хоногийн хугацаанд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүрэг өгсөн ба хариуцагч тал эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ирүүлсэн хариун дээр намайг 2 удаа сануулах арга хэмжээ авсан, декриттэй алба хаагчийг ар гэрийн шаардлагаар ажилд авч, түр ажиллаж байсан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн байсан. Надад 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 108 тоот тушаал өгсөн болохоос 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 86 тоот тушаалыг өгөөгүй, аман хэлбэрээр хэлж байгаагүй ба уг тушаал нь хуанлийн хоногоор бүтэн сайн өдөр байсан ба худал үндэслэл болгон гаргаж ирсэн байна. Иймд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, жирэмсний тэтгэмж авахыг шийдвэрлэж өгнө үү.
1.2. Б.Аийг 2024 оны 08 дугаар сард хөдөлмөрийн гэрээгээ хийгээд ажилд орсон ба намайг үндсэн ажилтнаар томилсон. Халагдах үед жирэмсэн байсныг ажил олгогч мэдэж байсан учир хууль зөрчсөн гэж үзэж байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсгийг үндэслэл болгож, гэрээний хугацаа дууссан, цааш сунгахгүй гэсэн байна. Гэтэл гэрээ 1 жилийн хугацаатай хийгдэж, 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байсан. Б.Аийг декриттэй хүний оронд ажилд авсан, тухайн хүн ажилдаа буцаж орсон талаар хариу тайлбартаа дурддаг. Гэтэл ажилд томилогдсон тушаал болон хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй байна. Хэрэв декриттэй хүн ажилдаа орсон тохиолдолд энэ талаар дурдах ёстой байсан. Гэтэл ийм баримт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д жирэмсэн хүнийг ажлаас халахыг хориглосон байдаг. Нэхэмжлэгч жирэмсэн байсныг ажил олгогч мэдэж байсан. Үүнийгээ ажил олгогч мэдэж байсан гэдгээ гурван талт хорооны хуралдаанд хүлээн зөвшөөрч хэлж байсан. Ажилгүй байсан хугацааны цалин гэрээнд сарын цалин 3,000,000 төгрөг байхаар заасан учраас ажлын 20 хоногт хуваавал өдрийн 140,000 төгрөг, ажилгүй байсан 62 хоногт нийт 8,680,000 төгрөгийг авах байсан тул энэ хэмжээгээр шаардаж, цалингаас ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардаж байна...гэв.
2. Хариуцагч “Э х с” БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Э х” ЕБС нь нэхэмжлэгч Б.Аийг тус байгууллагад Хөдөлмөрийн гэрээтэй, үндсэн ажилтан, багшаар ажиллаж байсан Т.Д/Т.Днь жирэмсний болон амаржсаны амралтаа авсан тул/ хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах шийдвэр гаргаж, ажилд авч байсан. Ингээд Т.Дбагш хуульд заасны дагуу хэвээр хадгалагдаж байгаа ажлын байрандаа буцаж ажиллах, ажилдаа эргэж орох хүсэлт гаргасны дагуу Б.Аийг уг ажлын байрны ажил, үүргээс чөлөөлөх болсон. Мөн Б.А нь тус ажлын байран дээр ажиллаж байхдаа ёс зүйн болон мэргэжлийн ур чадварын алдаа гаргаж, уг ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нь илэрхий болж, сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ байдал нь тус сургуулийн нэр хүндэд төдийгүй суралцагч хүүхдүүдийн сурлагын чанар, ёс зүй, хүмүүжилд хүртэл сөргөөр нөлөөлөхөөр байсан болно. Энэ талаарх нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгнө. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-5-6/, Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал /хх-7/, Сургалтын менежер Э.ДБ.Ад мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-8/, Б.Аийн эмнэлгийн магадлагаа /хх-9/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-10-14/, тус хороонд гаргасан “Э х с” БСБ-ын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-15/
4. Хариуцагч талаас гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-17/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-18/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.А нь харуицагч “Э х с” БСБ-д холбогдуулан, тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,680,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсан.
2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Б.А 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаалд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй ба хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хариуцагч “Э х с” БСБ-ын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Б.А анх ажилд орохдоо жирэмсний амралт авсан ажилтны оронд хугацаатай томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн ажилтан нь ажилдаа буцаж орсон учир гэрээг цуцалсан, Б.А ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл удаа дараа хүлээж байсан, ажил албан тушаалдаа тэнцэхгүй учир эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн” гэх агуулгаар тайлбарлажээ.
4. Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
4.1. Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот Хөдөлмөрийн гэрээг “Э х с” БСБ-тай байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Математикийн багшийн албан тушаалд 3,000,000 төгрөгийн цалинтайгаар хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллахаар 1 жилийн хугацаатай ажиллахаар томилогдсон байна.
4.2. Харин сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Б.Атэй математикийн багшийн ажлын байр, албан тушаал дээр байгуулсан байсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс дуусгавар болгож, уг албан тушаалаас чөлөөлөн, тушаалын 2 дахь заалтаар “дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ өмнө нь тус албан тушаалд ажиллаж байсан Т.Джирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж дуусан, буцаж ажиллах болсон тул дуусгавар болгож байгааг дурдсугай” гэж заажээ.
4.3. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгож, тушаал гарсан өдөртөө Б.Ад сургалтын менежер мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдлээр “...Б.Аийг 2025.03.11-ний өдрөөс эхлэн ажлаас нь түдгэлзүүлж байна” гэж мэдэгджээ.
4.4. Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаагаар нэхэмжлэгч Б.А нь 28 долоо хоногтой жирэмсэн болохыг оношилсон байна.
4.5. Нэхэмжлэгч Б.А ажил олгогч “Э х с” БСБ-ын тушаалыг эс зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооноос 03 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн хуралдаанаар ажил олгогчийн төлөөлөлд нэхэмжлэгчтэй эвлэрэх эсэхээ шийдэж, 3 хоногийн дотор хариу өгөхийг мэдэгдэн, “Э х с” БСБ-аас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус хороонд өөрийн гаргасан тушаал шийдвэр үндэслэлтэй гарсан гэж тайлбарлан, Б.Атэй эвлэрэхгүй гэх хариуг хүргүүлснээр нэхэмжлэгч Б.А нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд, талуудад эвлэрэх 3 хоногийн хугацаа олгосон байх боловч ажил олгогчийн зүгээс эвлэрэх боломжгүй тухай хариуг албан бичгээр хүргүүлснээр уг ажиллагаа дуусгавар болж, улмаар нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.5 дахь хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ хийгдэж, дуусгавар болсон гэж үзнэ.
6. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсгүүдийг үндэслэл болгож, Б.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тухайн албан тушаалд өмнө ажиллаж байгаад жирэмсний амралт авсан Т.Дбуцаж ажилдаа орох болсон талаар дурдсан байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.
7.1. Талууд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 07 тоот Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд Б.Аийг ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл туршилтын хугацаагаар болон түр ажлын байранд тодорхой хугацаатайгаар томилсон талаар тусгаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.1.4, 50.1.5 дахь хэсгүүдэд заасан хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний харилцаанд хамаарахгүй байна.
7.2. Иймд талуудын байгуулсан гэрээнд 1 жилийн хугацаа заасан боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаатай байгуулах гэрээний нөхцөлд хамаарахгүй байх тул “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсгийг тушаалын үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад энэ үндэслэлээр гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа нь буруу юм.
8. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон боловч Б.Аийг математикийн багшаар ажиллахад мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтэд үндэслээгүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг “ёс зүйн болон мэргэжлийн ур чадварын алдаа гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан” гэх агуулгаар бичгээр гаргасан хариу тайлбартаа дурдсан боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
9. Ийнхүү Б.Аийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажил үүргээ гүйцэтгэхэд ёс зүйн болон мэргэжлийн ур чадварын алдаа гаргаж, зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нь илэрхий болсон, сахилгын шийтгэл хүлээж байсан зэрэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогч “Э х с” БСБ-ын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсгийг зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Аийг “Э х с” БСБ-ын математикийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
10. Шүүх Б.Аийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу түүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс энэ өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 62 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
10.1. Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээ 3,000,000 төгрөг байхаар тогтоосон учир уг хэмжээнээс тооцон нэг хоногийн цалин 140,000 төгрөгийг ажилгүй байсан 62 хоногт тооцож, 8,680,000 төгрөгийн цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэг хүлээх тул Б.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Э х с” БСБ-д даалгах нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э х с” БСБ-аас нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 224,030 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 135 дугаар зүйлийн 135.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аийг хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э х с” БСБ-ын Математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э х с” БСБ-аас 8,680,000 /найман сая зургаан зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, Б.Аийн ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э х с” БСБ-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э х с” БСБ-аас 224,030 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА