Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0357/Э

 

 

 

 

 

 

 

 

  2024       08         27                                           2024/ШЦТ/368

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2425001320313 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.Б

Шүүгдэгч Б.Б нь;

2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг *** тоотод хохирогч Д.Т-тэй хамт архи ууж байхдаа шалтгаангүйгээр гуя болон нуруу хэсэгт нь тус тус нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нуруу, баруун гуянд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч Д.Т-н “...2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байдаг хуурай ах Б-ы гэрээр нь ороход хуурай дүү Б-Б найз охин, Б ах хоёр байсан, “Б хаашаа явсан юм” гэхэд “хүнтэй уулзах” гээд гарсан гэж хэлсэн. Б гаднаас орж ирээд бид нар хамтдаа 0.75гр хоёр шил архи ууцгаасан, тухайн үед Б ах нэлээд согтоод орон дээрээ хэвтээд өгсөн, Б, түүний найз охин бид гурав хамт сууж байгаад архи уусан. ...Б ямар нэг шалтгаангүйгээр бор өнгийн иштэй хутгаар миний баруун талын өвдөгний хэсэгт нэг удаа хутгалсан. ... сэтгэцэд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлагагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

гэрч Д.Т-н “...төрсөн ах Д.Т 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дэнж багийн нутаг дэвсгэрт Б гэх айлд хүмүүстэй хамт архи ууж байгаад хамт уусан “Б” гэх хүнд нуруу болон хөлний хэсэгтээ хутгалуулсан тул ахынхаа өмнөөс цагдаагийн газарт өргөдөл өгч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

гэрч С.Б-ы “...2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад Б.Б манай гэрт нэг хүүхний хамт орж ирээд архи уусан, манай хүргэн Т орж ирсэн тэгээд хамт архи ууцгаасан. ...Маргааш нь сонсоход хүргэнийг Б.Б хоёр удаа хутгалсан талаар Т хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Б-Б яллагдагчаар өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зүс таних эмэгтэйн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг *** тоотод байдаг Б ахын гэрт хуурай ах Д.Т орж ирээд хамт архи ууцгаасан. Би нэлээн согтсон, сүүлдээ тасарсан байсан. ...Би Д.Т ахыг согтуудаа хутгалсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 165 дугаартай; “...Д.Т-н биед нуруу, баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх нуруу, баруун гуянд шарх гэмтэл нь дан, дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

шүүгдэгч Б-Б;

иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 42 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.Т-н “...Б ямар нэг шалтгаангүйгээр бор өнгийн иштэй хутгаар миний баруун талын өвдөгний хэсэгт нэг удаа хутгалсан.” гэх,

гэрч Д.Т-н “...Д.Т 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дэнж багийн нутаг дэвсгэрт Б гэх айлд хүмүүстэй хамт архи ууж байгаад хамт уусан “Б” гэх хүнд нуруу болон хөлний хэсэгтээ хутгалуулсан.” гэх,

гэрч С.Б-ы “...маргааш нь сонсоход хүргэнийг Б.Б хоёр удаа хутгалсан талаар Т хэлж байсан.” гэх,

Б-Б яллагдагчаар өгсөн “...Би Д.Т ахыг согтуудаа хутгалсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 165 дугаартай, “...Д.Т-н биед нуруу, баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Шүүгдэгч Б-Б согтуурсан үедээ, хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ. 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б-Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн “...Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлагагүй, сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э