2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/05965

 

2025              07               24                                                192/ШШ2025/05965                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * байрлах, М ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М ХХК нь * тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Б.О нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр * тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2 254 800 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар WANLI загварын будаа агшаагч, TCL загварын зурагт зэрэг цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М ХХК нь зээлдэгч Б.О-т 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахилгаан бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Б.О нь зээл авснаас хойш үндсэн зээл 652 226.69 төгрөг, зээлийн хүү 550 050.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422,32 төгрөг нийт 1 202 700 төгрөг төлсөн. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 327 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Манай компаний зүгээс зээлдэгч Б.О-ийг * тоот оршин суух хаягаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдож 312/Ш32025/* тоот дугаартай Б.Д шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.О-ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Б.О нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ байхгүй, холбоо барих утасны дугаарууд нь холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан одоог хүртэл олж чадахгүй байна. Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана оршин сууж байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.О-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, харилцагчийн анкетын хуулбар, Б.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрийн мэдээлэл солилцооны хур системээс өөрийн мэдээллийг М ХХК-д ашиглуулах, хадгалуулах зөвшөөрлийн маягтын хуулбар, зээлийн өргөдөл, нэхэмжлэх, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШЗ2025/* дугаар захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШЗ2025/* дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар О овогт Б.О /РД:*/-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэв.

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

О овогт Б.О /РД:*/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг  удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн            155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт Б.О /РД:*/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт Б.О /РД:*/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ