| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 128/ШШ2026/0180 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б******* ХХК
Хариуцагч: Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.*******.
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит хяналт шалгалтын хэлтсийн ахлах дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төсөвт төвлөрүүлэх тухай 38/03-39 дугаар актыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагч Б.О*******, Г.*******.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бөртэ-Үжин.
Танхимын дугаар: 3
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгч Б******* ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн ахмадын салбар эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан тухайд: Манай компани нь Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй байгуулсан 3 талт гэрээний дагуу 2019 оноос эхлэн Баянгол дүүргийн ахмадын салбар эмнэлгийн 39 м.кв талбайг түрээслэн эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг хариуцан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй үзүүлж ирсэн.
-
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын алба Улсын ахлах байцаагчаас гаргасан актын тухайд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн баталсан 5 дугаар удирдамжийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар Эрүүл мэндийн төвөөс манай компани руу 59,835,000 төгрөг илүү шилжүүлсэн гэх 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 38/03-39 тоот актыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн байдаг.
-
- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №604 тоот төлбөр барагдуулах тухай албан бичгээр 38/03-39 тоот актыг ирүүлж, 59,835,000 төгрөг буцаан төлөх тухай шаардсан. Актаар ... тайлант 2024 онд нийт 17,618 өвчтөн, 1409 эмч, сувилагч, асрагч, нийт 19,027 хүний хоолны тооцоонд 186,737,000 мянган төгрөгийг Б******* ХХК-д шилжүүлэх байтал Эрүүл мэндийн товийн дарга З.Б*******, ахлах нягтлан бодогч Б.Х нар нь 246,572,000 төгрөгийг шилжүүлж, гүйцэтгэлээс 59,835,000 төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчил байна гэсэн.
-
- Бодит байдал дээр уг акт нь үндэслэлгүй буюу манай компани нь илүү төлбөр, мөнгө авсан зүйл байхгүй бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар эмнэлгүүдэд нийлүүлсэн хоолны тооцоог оруулаагүй болно. Энэхүү тооцоо нь баримтуудаар нотлогдож байгаа тул бидний зүгээс дээрх актыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Дотоод аудитын албанд гомдол гаргасан болно.
-
- Манай компанийн гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын алба нь хянаад 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2/187 тоот албан бичгээр ... анхан шатны баримтгүй хэвтэн эмчлүүлэгчийн хоолны зардалд төлбөрийн акт тогтоосон нь чөлөөлөх үндэслэлгүй байна гэх хариуг ирүүлсэн тул шүүхэд хандаж байна. Хяналт шалгалтын актаар манай компанийн нийлүүлсэн дараах тооцоонуудыг илүү төлбөр авсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:
-
- Нэг. Иж бүрдэл хоол нийлүүлсэн тооцооны тухайд: Монгол Улсын сайдын тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан А/440 дугаартай Эмнэлзүйн хоол эмчилгээний заавар батлах тухай тушаал батлагдсантай холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэвтэн эмчлүүлэгчийн хоолыг сет /иж бүрдэл/ хоол болгон үйлчлэх саналыг манай компанид ирүүлж нэг өдрийн хоолны зардлыг 11,000 төгрөг байхаар тохиролцсон. Үүний дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 16416 хэвтэн эмчлүүлэгчийн нэг өдрийн хоолыг 11,000 төгрөгөөр тооцож 180,576,000 төгрөгийн иж бүрдэл хоолоор үйлчилсэн. Гэтэл актаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоолны тооцоог 8,000 төгрөгөөр нийлүүлсэн гэж үзэж, зөрүү 3,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзсэн нь буруу болсон.
-
- Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүсэлт ирүүлсний дагуу төв эмнэлэгт хоол нийлүүлсэн тухайд: Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №382 тоот албан бичгээр манай компанид тус эрүүл мэндийн товд хоол үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа У******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний хоолыг тендерийн сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулах хүртэлх хугацаанд хамтран ажиллана уу гэх хүсэлтийг ирүүлсэн.
-
- Дээрх хүсэлтийг үндэслэн эмчлүүлэгчдийн хоол үйлдвэрлэлийг тасалдалгүй үзүүлэх зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, дотор, хөнгөвчлөх тасгуудад зөөврийн хоолоор 6394 хэвтэн эмчлүүлэгчийн нэг өдрийн хоолыг 8,000 төгрөгөөр тооцон 51,152,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлж ажилласан байтал уг дүнгээр илүү төлбөр авсан гэж үзсэн байна.
-
- Гурав. Хүүхдийн тасгийн хоолны тооцоог оруулаагүй тухайд: Түүнчлэн хүүхдийн өвчлөл нэмэгдэх улирлаар хүүхдийн эмнэлгийн ачаалал ихсэж ахмадын салбар эмнэлэгт ор дэлгэн хүүхдийн тасаг хүлээж авдаг. Үүний улмаас 2024 оны 01 сард 715, 2024 оны 12 сард 373 нийт 1088 хүүхдэд нэг өдрийн хоолыг 8,000 төгрөгөөр тооцон 8,704,000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлсэн.
-
- Дөрөв. Жижүүр эмч болон асрагч нарын хоолны тооцоог оруулаагүй тухайд: Мөн жижүүр эмч асрагч нарын хоолыг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн хөнгөлөлттэй үнээр буюу 5,000 төгрөгөөр тооцон олгож 2024 онд нийт 1409 жижүүр, эмч ажилчдын 7,045,000 төгрөгийн хоол олгож үйлчилсэн.
-
- Тав. Дүгнэлт: Дээрх байдлаар 2024 онд хэвтэн эмчлүүлэгчдийн тоог гаргах үедээ Хүүхдийн тасаг болон төв эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн тоог оруулаагүй, дутуу шалгалт хийсэн бөгөөд 11,000 төгрөгөөр тооцох ёстой хоолны зардлыг 8,000 төгрөгөөр тооцон зөрүүтэй төлбөрт үндэслэж дүгнэсэн. Нийт тооцоог авч үзвэл 2024 онд Б******* ХХК нь нийт 26452 хүний хоолны тооцоонд 256,637,000 төгрөгийн хоолны үйлчилгээг Ахмадын салбар эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн тасгууд, Хүүхдийн тасаг болон эмч, сувилагч, асрагч нарт үзүүлсэн.
-
- Мөн 2023 оны тооцооны үлдэгдэл төлбөр 21,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн нь хоёр байгууллагын тооцоо нийлсэн актаар тогтоогдож 2024 оны тооцоонд нэмж нийт 277,917,000 төгрөг шилжүүлэхээс Эрүүл мэндийн төв нь 269,304,000 төгрөг шилжүүлж 8,613,000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой үлдсэн болно. /Актаар 2024 онд 186,737,000 төгрөг шилжүүлэх байснаас 246,572,000 төгрөг шилжүүлж зөрүү 59,835,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзсэн/.
-
- Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Дотоод аудитын албаны тухайд хяналт шалгалтаар 2024 онд нийт 19027 хүний хоолны тооцоонд 186,737,000 улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын дүгнэлтээр илрүүлсэн зөрчлийн төгрөгийг шилжүүлэх байтал 246.572.000 төгрөг шилжүүлж гүйцэтгэлээс илүү шилжүүлсэн гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн байх бөгөөд баримтын хүрээнд үндэслэлгүй, нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч чадаагүй байна.
-
- Эрүүл мэндийн төв нь 269,304,000 төгрөг шилжүүлсэн нь шилжүүлэх ёстой төлбөр болох нь баримтаар нотлогдож байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх хэсэгт улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлтэд 246,572,000 төгрөг шилжүүлсэн байна гэх мөнгөн дүн нь ямар тоо баримтыг үндэслэн гаргасан нь тогтоогдохгүй байна. Энэхүү 38/03-39 тоот актаар манай байгууллагыг үйлчилгээ үзүүлсэн төлбөрт авсан төлбөрөө буцааж өгөх үр дагавар үүсэж байгаа нөхцөл байдалд хүргэж, гэрээний дагуу авах ёстой төлбөрөө буцааж төлөх болж эрх маань зөрчигдөөд байна.
-
- Түүнчлэн улсын ахлах байцаагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэх заалтыг үндэслээгүй баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасныг зөрчиж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч манай байгууллагын эрхийг хангаагүй, нотлох баримт гаргуулж шалгаагүй бөгөөд дүгнэлттэй танилцах боломжоор хангаагүй.
-
- Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 38/03-39 дугаартай Төсөвт төвлөрүүлэх тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн баталсан 2025 оны 05 дугаар удирдамж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн гомдлын дагуу 2024 оны үйл ажиллагаанд дотоод аудит хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн. Хяналт шалгалтаар хоол нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх Б******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан байна.
2.2. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 24/100 дугаартай эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний 5.4.Хэвтэн эмчлүүлэгчийн гүйцэтгэлийг сар бүрийн эцэст гарган баталгаажуулж Эрүүл мэндийн төвийн санхүүтэй тооцоо нийлнэ, 5.5.Хэвтэн эмчлүүлэгчийн хоолны нэг өдрийн зардал 2.1.2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны гэрээг дүгнэн сунгагдах хүртэл хугацаанд 8.0 мянган төгрөг байна гэж заасан байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь гэрээ дүгнэснээр 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Б******* ХХК-тай 24/122 дугаар гэрээг байгуулсан байна.
2.3. Гэрээний 5.4.Хэвтэн эмчлүүлэгчийн гүйцэтгэлийг сар бүрийн эцэст гарган баталгаажуулж эрүүл мэндийн төвийн санхүүтэй тооцоо нийлнэ, 5.5.Хэвтэн эмчлүүлэгчийн хоолны нэг өдрийн зардал 11.0 мянган төгрөг байна гэж тусгаж өгсөн байна. Б******* ХХК-ийн хоол нийлүүлдэг ахмадын эмнэлэг нь тайлант 2024 онд өвлийн улиралд хүүхдийн өвчлөл нэмэгдсэнээс 365 хүүхэд, 17594 өвчтөн 1,409 эмч, сувилагч, асрагч, нийт 19,368 хүний хоолны тооцоо гарсан байна. Үүнээс 7,861 нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал буюу 8.0 мянган төгрөгөөр, 11,507 нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 11.0 мянган төгрөгөөр тооцон нийт 189,465.0 мянган төгрөгийн хоолны тооцоо гарсан байна.
2.4. Тус хэвтэн эмчлүүлэгчийн тоог анхан шатны баримт болох сувилагчийн мэдээний дэвтрээс авсан болно. Хяналт шалгалтын явцад Б******* ХХК-ийн захирал Б.Ц******* өөрийн байгууллагын баримтын авч ирж тулган баталгаажуулалт хийснээр 17,618 өвчтөн 1,409 эмч, сувилагч, асрагч, нийт 19,027 хүний хоолны тооцоо гарсан байна. Үүнээс 7,520 нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал буюу 8.0 мянган төгрөгөөр, 11,507 нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 11.0 мянган төгрөгөөр тооцон 186,737.0 мянган төгрөгийн хоолны тооцоо гарсан байна. Тайлант онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь дээрх хоолны тооцоонд Болор-Орд Уул ХХК-д 246,572.0 мянган төгрөгийг шилжүүлсэн. Иймд дээрх тооцооны зөрүү 59,835.0 мянган төгрөгт улсын байцаагчийн төлбөрийн акт тогтоосон гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Тус шүүхэд хянагдаж байгаа Б******* ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн дотоод аудитын алба, Хяналт шалгалтын хэлтсийн ахлах аудитор Б.О*******, Г.******* нарт холбогдох 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 38/03-39 дугаартай Төсөвт төвлөрүүлэх тухай актыг хүчингүй болгуулах захиргааны маргаанд гуравдагч этгээдээр оролцож буй Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс доорх тайлбарыг гаргаж байна.
3.2. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б******* ХХК-тай 24/100 дугаартай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар хүүхдийн эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааr хариуцан хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 5.5-д Хэвтэн эмчлүүлэгчийн хоолны нэг өдрийн зардал 2.1 дэх заалтын хугацаанд 8.000 төгрөг байна гэж хоолны төлбөрийн дээд хязгаарыг талууд тохиролцсон.
3.3. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК-тай 24/122 дугаартай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар хүүхдийн эмнэлгийн гал тогооны үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 5.5-д Хэвтэн эмчлүүлэгчийн хоолны нэг өдрийн зардал 11.000 төгрөг байна гэж хоолны төлбөрийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоосон.
3.4. Гэрээний талууд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний 5.5-д заагдсаны дагуу хэвтэн эмчлүүлэгчийн 1 өдрийн хоолны зардалд 8.000 төгрөг нэхэмжлэн авах үүрэгтэй боловч 11.000 төгрөгөөр нэхэмжлэн авсан нь аудитын хяналт шалгалтаар тогтоогдож, 59.835.000 төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчлийг арилгаж буруутай этгээдээр төлүүлж, төрд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
3.5. Иймд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 38/03-39 дугаартай Төсөвт төвлөрүүлэх тухай улсын ахлах байцаагчийн акт нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төсөвт төвлөрүүлэх тухай 38/03-39 дугаар актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
-
- Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/440 дугаар Эмнэлзүйн хоол эмчилгээний заавар батлах тухай тушаалаар ...Эмнэлзүйн хоол эмчилгээний зааврыг нэгдүгээр, эмнэлэг, сувилалд хэвтэн үйлчлүүлэгчийн хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна(Хавтаст хэрэг 1-ийн 247 дахь талд).
- Дээрх тушаалд заасны дагуу Б******* ХХК нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвтэй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/100 дугаартай гэрээ(Хавтаст хэрэг 1-ийн 9-10 дахь талд)-г ...Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Ахмадын салбар эмнэлэгт эмчилгээний шаардлага хангасан халуун хоолоор хугацаанд нь үйлчлэх, нийслэлийн өмчит байрны ашиглалтыг зориулалтын дагуу ашиглах-аар байгуулж, уг гэрээний 5.5-т хэвтэн эмчлүүлэгчийн хоолны нэг өдрийн зардал 8000 төгрөг байхаар тусгасан байна.
- Гомдол гаргагч, гуравдагч этгээд нар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 24/122 дугаартай гэрээ(Хавтаст хэрэг 1-ийн 11-12 дахь талд)-г өөрчлөлт оруулан байгуулахдаа уг гэрээний 2.1-т Гэрээний хугацаа нь Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/440 дүгээр тушаалыг үндэслэн иж бүрдэл хоолоор үйлчилсэн хугацаанаас эхлэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны гэрээг дүгнэн сунгагдах хүртэл, 5.5-т хэвтэн эмчлүүлэгчийн хоолны нэг өдрийн зардал 11000 төгрөг байхаар тусгажээ.
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 382 тоот албан бичгээр Тус Эрүүл мэндийн төвд хоол үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа У******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний хоолыг танай байгууллага 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тендерийн сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулах хүртэлх хугацаанд чанар, стандартын дагуу хийж өгч, бидний ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллана уу гэх Б******* ХХК-д хүргүүлсэн(Хавтаст хэрэг 1-ийн 14 дэх талд).
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Дотоод аудит, хяналт шалгалтын удирдамж-аар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт бус аудит, хяналт шалгалтыг Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаартай тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм-ийн дагуу хийхээр шийдвэрлэсэн(Хавтаст хэрэг 1-ийн 227-229 дэх талд).
- Дээрх удирдамжийн дагуу Нийслэлийн дотоод аудитын газраас Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагаанд Дотоод аудитын албаны аудит, хяналт шалгалтын хэлтсийн ахлах дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар 2024 онд нийт 17618 өвчтөн, 1409 эмч, сувилагч, асрагч, нийт 19027 хүний хоолны тооцоонд 186,737,000 төгрөгийг шилжүүлэх байтал төвийн дарга, ахлах нягтлан бодогч нар нь 246,572,000 төгрөгийг шилжүүлж, гүйцэтгэлээс 59,835,000 төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчил байна гэж үзээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, 16 дугаар зүйлийн 16.5.5-т заасныг тус тус үндэслэн илүү шилжүүлсэн 59,835,000 төгрөгийг Б******* ХХК-аар төлүүлж нийслэлийн төсвийн орлогод төвлөрүүлэхээр 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 38/03-39 тоот Төсөвт төвлөрүүлэх тухай актыг гаргасан байна(Хавтаст хэрэг 1-ийн 224-225 дахь талд).
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 604 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичгээр ...2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2/149 дугаар албан бичгээр акт тогтоосон. Тус актад эмчлүүлэгсдийн хоолыг гэрээгээр нийлүүлж байсан танай компанид 59,835,000 төгрөгийг 2024 онд илүү шилжүүлсэн зөрчил илэрсэн. Иймд танай компани 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор зөрчил заагдсан төлбөрийг Төрийн сангийн MN360090:******* тоот дансанд шилжүүлэн төлбөр тооцоог дуусгавар болгоно уу гэж Б******* ХХК-д хүргүүлсэн(Хавтаст хэрэг 1-ийн 18 дахь талд).
- Б******* ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 35 тоот албан бичгээр Дотоод аудитын албанд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 38/03-39 тоот Төсөвт төвлөрүүлэх тухай акт, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 604 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргасан(Хавтаст хэрэг 1-ийн 19-21 дэх талд) ба Дотоод аудитын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2/187 тоот албан бичгээр ... Хяналт шалгалтаар хэвтэн эмчлүүлэгчийн тоо нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Б******* ХХК-ийн анхан шатны баримтаар нотлогдсон, харин анхан шатны баримтгүй хэвтэн эмчлүүлэгчийн хоолны зардалд төлбөрийн акт тогтоосон нь чөлөөлөх үндэслэлгүй байна гэжээ(Хавтаст хэрэг 1-ийн 22 дахь талд).
- Дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б******* ХХК-аас Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарт холбогдуулан Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит хяналт шалгалтын хэлтсийн ахлах дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төсөвт төвлөрүүлэх тухай 38/03-39 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан, энэ тохиолдолд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул доорх зөрчлүүдийг арилгаж, дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэв.
- Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа зарим хоолны гүйцэтгэлийг санхүүгийн анхан шатны баримтгүй гэх үндэслэлээр хасаж, харин ахмадын эмнэлэг, ажилчид, хүүхдийн тасгийн заримыг сувилагчийн мэдээ, тасгийн бүртгэлд тулгуурлан гүйцэтгэлийг тодорхойлсон талаар тайлбарласан.
- Гэвч хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд ахмад настны эмнэлэг, ажилчдын хоолны тооцоог шалгахдаа мөн адил санхүүгийн анхан шатны баримт бүрэн бүрдээгүй нөхцөлд сувилагчийн мэдээг үндэслэн гүйцэтгэлийг зөвшөөрч тооцсон атлаа хүүхдийн тасаг, төв эмнэлгийн хоолны гүйцэтгэлийг ижил нөхцөлд хүлээн зөвшөөрөөгүй, ийнхүү адил төрлийн үйлчилгээний гүйцэтгэлийг шалгахдаа ялгаатай шалгуур хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчим, мөн 4.1.4-т заасан эрх тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
- Мөн нэхэмжлэгчээс хүүхдийн тасаг, төв эмнэлгийн хоолны үйлчилгээний талаарх бүртгэл, тайлан, тайлбарыг гаргасан байх бөгөөд эдгээрийг тухайн байгууллагын дотоод бүртгэлтэй тулган шалгаж, бодит гүйцэтгэлийг тогтоох боломжтой байсан боловч аудитын байгууллага уг ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, адил аргаар зөрчлийг шалгаж, үнэхээр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримтаа дутуу бүрдүүлсэн зөрчлөөс үүдсэн эсэхийг зөв шалган, бодитоор тухайн тасаг, эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгч нар нэхэмжлэгчийн үйлчилсэн хоолыг хэрэглэсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох ёстой.
- Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэг өдрийн хоолны үнийг 11,000 төгрөгөөр тогтоосон заалтын хэрэгжилтийн бодит хугацааг тодруулж, талуудын тохиролцооны агуулгыг тайлбарлан тогтоох ажиллагаа хийгдээгүй, учир нь гэрээний 2.1-т Гэрээний хугацаа нь Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/440 дүгээр тушаалыг үндэслэн иж бүрдэл хоолоор үйлчилсэн хугацаанаас эхлэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны гэрээг дүгнэн сунгагдах хүртэл гэж заасан байхад тус заалтын агуулгыг тодруулаагүй, хэдийгээр гэрээ нь 5 сард байгуулагдсан байх боловч яагаад ийнхүү гэрээний хугацааг онцгойлон дээрх байдлаар оруулсан, бусад гэрээнээс өөрөөр талууд тохирсон болохыг тогтоох ёстой.
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ...бодит нөхцөлд тохирсон..., 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нар төрийг хүндэтгэх,...., хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй, 10.9.11-т улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоох үүрэгтэйг хуульчилсан. Харин маргаан бүхий акт нь нотлох баримтыг нэгдмэл шалгуураар үнэлсэн, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж үзэхээргүй байна.
- Гэсэн хэдий ч шүүх нь өөрөө санхүүгийн аудит хийж, гүйцэтгэлийг шинээр тогтоох, нарийвчилсан тооцоолол хийх замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул энэхүү хэрэгт хоолны үйлчилгээний бодит гүйцэтгэлийг эмнэлгийн бүртгэл, тасгийн тайлан, төсвийн гүйлгээ, гэрээний хэрэгжилтийн хугацаа зэрэг олон талт баримтад тулгуурлан иж бүрэн шалгах шаардлагатай энэхүү ажиллагааг шүүх өөрөө нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломж, эрх хэмжээний хүрээнээс хэтэрсэн байна.
- Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т төсвийн зарлага гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг, мөн зүйлийн 44.1.38-д төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг тус тус ойлгохоор, 16 дугаар зүйлийн 16.5.1-т төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхтэйгээр зохицуулснаас үзэхэд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийн шууд захирагч дээрх хуулийн заалтуудад заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх этгээд байна
- Хариуцагч улсын ахлах байцаагч нарын хяналт шалгалтын удирдамжаас үзэхэд төсвийн байгууллага болох Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө зарцуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, баримтын бүрдүүлэлтийн байдалд шалгалт хийх, зөрчлийг таслан зогсоох, буруутай этгээдээр төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх зорилготой байна.
- Учир нь хариуцагч нь гуравдагч этгээд болох Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн төсвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсэн, ингэхдээ анхан шатны баримтгүйгээр нэхэмжлэгчид илүү төлбөр шилжүүлсэн гэх боловч уг төсвийн гүйлгээг хуульд нийцүүлж, хянаж шалгах, холбогдох баримтуудыг үндэслэж шилжүүлэх үүрэг нь хуулиар гуравдагч этгээдэд байхад ямар нэг зөрчил гаргаагүй мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
- Тодруулбал, 2 төрийн байгууллагаас нэг нь нөгөөгийнхөө төсөвтэй холбоотой үйл ажиллагааг шалгах нэрээр нэхэмжлэгчээс бодитоор хийсэн ажлыг нь үгүйсгэж байгаа эсхүл ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа төсвөөс хууль бусаар төлбөр авсан үйл баримтын аль нь болохыг эцэслэн тогтоогоогүй нь захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс тус төвийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч нарт хоол нийлүүлж хамтран ажиллах хүсэлт тавьсан, холбогдох зарим тооцоонуудыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, гэрээний заалтаар иж бүрдэл хоолоор үйлчилж эхэлсэн хугацаанаас тооцно гэх зэргээр нэхэмжлэгчтэй тохиролцон холбогдох ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн атлаа хариуцагчийн аудитын дүгнэлт гарсаны дараагаар дээр дурдсан ямар ч хамтран ажиллах ажиллагаа яваагүй, өөрсдийнх нь зарцуулж, гүйлгээг нь хийх төсвийн мөнгийг нэхэмжлэгч хууль бусаар авсан мэтээр тайлбар өгч байгааг шүүхээс үндэслэлтэй гэж хүлээн авах боломжгүй.
- Иймд маргаан бүхий акт нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, нотлох баримтыг нэгдмэл шалгуураар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд шүүх өөрөө санхүүгийн аудитын шинжтэй нарийвчилсан тооцоолол хийх замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шалгаж, хуульд нийцсэн шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
- Хариуцагч нь шинээр акт гаргахдаа актаар тогтоосон төлбөрийг хэмжээг ихэсгэх багасгах, нэхэмжлэгчээс холбогдох нотлох баримт, тайлбар гаргаж өгөх, хариуцлага хүлээх этгээдийг өөрчлөхөд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төсөвт төвлөрүүлэх тухай 38/03-39 дугаар актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Б.О*******, Г.******* нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төсөвт төвлөрүүлэх тухай 38/03-39 дугаар акт хүчингүй болохыг дурдсугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хэрэв энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Төрийн аудитын тухай хуульд заасан шударга ёсыг хангах, бодитой байх, Захиргааны ерөнхий хуулийн бодит нөхцөлд тохирсон байх, нөхцөл байдлыг тогтоох зарчимд нийцүүлэн нэг шалгуураар аудитын хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийн зөрчлийн дүнг тодорхойлох байдлаар биелүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ