Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 100

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Ад холбогдох 1812000060070 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 3 хүүхдийн хамт,,,оршин суух хаягтай, урьд өмнө 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн шүүхийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Шүүхийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 122.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар, 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар, 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2, 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, Б овогт Мын А/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.А нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн “Өндөр” гэх газарт иргэн А.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812000060070 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч А.Мын өгсөн: 

 

“...2017 оны 12 сарын 21-ний өдөр орой 17 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Өндөр гэх газар иргэн Б.Б гэдэг айлд хууч хөөрөөд сууж байтал М.А гаднаас өөрийн эхнэр Д.Б П.Б нартай гаднаас орж ирээд надтай мэндлээд ахаар сонин юу байна гээд мэнд мэдсэн тэгээд хууч хөөрөөд сууж байтал уг айлд өндөр Хуяг буюу П.Б өврөөсөө 750 грамын архи гаргаж ирээд намайг архи уу гэж хэлээд надад шилтэй архиа өгсөн. Би ах нь ямар архи уух биш дээ гэж хэлтэл М.А гэрийн эзэн Б.Бийн эхнэр Дийг аяга аваад өг гээд жижиг шилэн рүнк аваад М.А надад нэг рүнк архи хийж өгсөн би уухгүй гэтэл уучих, уучих гээд шахаад байхаар нь өгсөн архийг нь уусан. Уг айлд байсан П.Б, М.А, Д.Б нар П.Бийн гаргаж ирсэн архинаас бүгд уусан миний бие нийтдээ уг архинаас 3 рүнк архи уусан. Тэгээд хуучлаад сууж байтал М.А надад танай эхнэр миний талаар Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн байна гэж асуухад нь би миний эхнэр чиний талаар өргөдөл өгөөгүй би өгсөн бол мэдэлгүй яахав гэж хэлсэн удалгүй 05 грамын шилтэй архи М.А өөрийн унаж ирсэн цагаан өнгийн портер машинаасаа оруулж ирээд П.Бт оруулж ирсэн архиа өгсөн П.Б уг архийг задалж гэрт байсан хүмүүст рүнкээр аягалж өгсөн уг архинаас би ганц рүнкийг уусан. Тэгээд намайг гарч хууч хөөрье гээд П.Б намайг авч хоёр удаа гэрээс гарсан. Гадаа гараад юм ярихгүй надтай зууралдаж ноцолдож байгаад за ахаа одоо буцаад гэрт орье гээл гэр лүү ордог. Хамгийн сүүлд Б.Бийн гэрээс гараад гэрийнхээ зүүн талд П.Б надтай хууч хөөрөөд сууж байснаа гэнэт шууд миний дээр гараад хэвтсэн энэ үед М.А намайг чи ямар их өргөдөл өгдөг хулгайч вэ? гээд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж, цээж, ар нуруу руу олон удаа өшиглөөд надад монголын хууль үйлчлэхгүй новшоо гэж хэлээд П.Б, Д.Бгийн хамтаар явцгаасан. Миний бие М.Ад зодуулаад цээж даагдахгүй ар нуруу, бөөр өвдөөд сумынхаа эмнэлэгт эхнэр Д.Ганчимэгийн хамтаар ирж үзүүлсэн. М.А өмнө нь манай 8 тооны хонийг хулгай хийгээд шийтгэгдэж байсан тэр асуудалдаа өс хонзон санаад байдаг. П.Б бид хоёрын хооронд ямар ч маргаантай асуудал байхгүй. М.А намайг зодсон П.Б бол ямар ч шалтгаангүй дээрээс дарж авсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/

 

Хохирогч А.Мын дахин өгсөн: 

“...П.Б намайг дарж унахдаа намайг цохиж зодоогүй надад гэмтэл шарх учруулаагүй. Ганцхан М.А намайг зодож гэмтэл учруулсан. Би М.Ад зодуулаад Б.Бын гэрт ороход гэрийн эзэгтэй Ж.Б байсан. Энэ хүн намайг зодуулаад ямар байдалтай байсныг сайн харсан. П.Б бид хоёрын хооронд газрын ямар ч маргаантай асуудал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Гийн өгсөн:

 

 “...2017 оны 12 сарын 21-ний өдөр орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр А.М гэртээ сууж байсан нүүр хамар нь шалбараад цус нь хацар шанаагаа дагаад хатсан нүүр нь хавдсан, хамар нь мурийсан байдалтай ёолоод байж байсан хэн чамайг ийм болгов гэж намайг асуухад миний хань А.М М.А намайг ямар ч шалтгаангүй зодсон намайг цагдаад өргөдөл өгсөн гэж худал яриад Б.Бийн гэрийн гадаа зодсон гэж хэлсэн. Тэгээд би А.Мыг хөдөө гэрээсээ аваад Өгийнуур сумын хүн эмнэлэгт авчирч үзүүлсэн. Манай нөхөр А.М М.А хоёрын хооронд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй өмнө нь манай малаас хулгай хийж баригдаад шүүхээс ял шийтгэл авсандаа юм сандаггүй юм бол өөр ямар ч асуудал байхгүй. Намайг гэртээ ирэхэд эрүүл ухаан саруул М.Ад зодуулсан гэдгээ хэлж байсан ямар ч архи үнэртэхгүй байсан. Намайг М.Ад зодуулах үед П.Б байсан намайг зодуулж байгааг харсан байж салгаад М.Аг холдуулаагүй харж зогсоол байсан гэж ярьсан. М.А бол манай Дойт багт байдаг олон удаа ял шийтгүүлж байсан хамгийн сүүлд манайхаас 9 эр хонь хулгай хийсэн Булган аймгийн Гурванбулагын иргэн С.Аийн олон тооны адууг хулгай хийгээд 2015 онд шүүхээс 15 жилийн хорих ял авсан тэгээд өнгөрсөн 2017 оны 07 сард суллагдаад Өгийнуур сумын Дойт багт эхнэр Д.Бгийн хамтаар амьдарч байгаа манай сумын иргэд залуучууд энэ хүнээс их айдаг. Одоо энэ хэргийг шалгахад М.Аы талаар мэдүүлэг өгөх хүн олдохгүй. Бүгд энэ хүнээс айдаг миний хувьд 15 жилийн хорих ял аваад хохирлоо төлөөгүй хүн суллагдаж байсан хүн ер үзээгүй сонсоогүй энэ төрийн хуулийг ойлгохгүй байна. Манайх одоо болтол хохирлоо М.Ааас аваагүй байна. Миний хувьд маш их гомдолтой байна нас тогтсон хойноо гэм хор хийгээгүй байхад миний нөхрийг зодсонд...” гэх мэдүүлэг  /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Г.Бийн өгсөн:

 

 “...2017 оны 12 сарын 22-ны өдөр өглөө 11 цагийн үед Өгийнуур сумын Дойт багийн иргэн А.М гэгч нь хүнд зодуулж биедээ гэмтэл авлаа гээд надад үзүүлсэн. Уг хүний биеийн байдлыг үзэхэд толгойны ар хэсгийн хуйх орчим шархтай цус гарсан, нуруу болон баруун гуяны орчим хөхрөлтүүдтэй хамар муруйж хавдсан цус гарсан шархтай байсан эдгээр гэмтэл шарх намайг үзэхэд ил харагдаж байсан өөр ил мэдэгдэх гэмтэл байгаагүй. А.Мын биеийг үзээд цус шархтай хэсгийг цэвэрлээд цус тогтоох өвдөлт намдаах эмчилгээ бичиж өгсөн. Улаанбаатар хот орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж хамрын зураг авахуулах талаар зөвөлгөө өгсөн. Надад хаана хэнд зодуулсан талаар тодорхой зүйл яриагүй дуудлага авахад хөдөө Дойт багт зодуулсан талаараа хэлж бичүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Гэрч П.Бийн өгсөн: 

 

“...Тус өдөр 17 цагт Б.Бийн гэрт М.А түүний эхнэр Д.Б нарын хамт очсон уг айлд А.М гэрийн эзэгтэй Ж.Д нар хууч хөөрөөд сууж байсан. Уг айлд ороод би мэнд мэдчихээд өврөөсөө 750 грамын задалсан байсан тал шил Ерөөл архи гаргаж ирээд гэрийн эзэгтэй Ж.Дээс архины рүнк гуйж аваад уг архиа гэрт байсан Ж.Дээс бусад хүнд хийж өгсөн удалгүй уг архиа бид нар ууж дууссан. Тэгээд би А.М ахыг хоёр удаа гэрээс авч гарсан бид хоёр өвөлжөөний асуудлаар хууч хөөрсөн. Тэгээд өвөлжөөний газраас болж бид хоёр маргалдаад хоорондоо заамдалцаж ноцолдож байхдаа бид хоёр газар унасан би А.М ахын дээрээс нь давхралдаж унасан. Энэ үед М.А ах ирж бид хоёрыг татаж босгосон тэгээд М.А Д.Б бид гурав М.Аы портер машинаар гэрлүүгээ явцгаасан. А.М бид хоёрын хооронд өвөлжөөний газрын маргаантай асуудал байсан. Учир нь уг Хүрэнтолгойн өвөрт байх өвөлжөөний хоосон газар миний төрсөн ээж Ц.Эны нэр дээр газрын гэрчилгээ нь манай ээжид байгаа тэгтэл А.М ах 2017 оны 10 сард болсон Дойт багийн хурал дээр Б.Оийн нэр дээр манай ээжийн нэр дээр байдаг өвөлжөөний газрыг бич гэж хурлын тэмдэглэл хөтөлж байгаа хүнд хэлээд байсан гэж хурлын тэмдэглэл хөтөлсөн Д.Б надад хэлсэн. Тухайн үед миний бие уг хуралд сууж чадаагүй. А.М ахад би уг өвөлжөө миний ээжийн нэр дээр байдаг та яах гэж багийн хурал дээр Б.Отгоогийн нэр дээр бич гэж хэлж байгаа юм уг газрын гэрчилгээ миний ээжийн нэр дээр байдгыг та мэдэж байгаа шүү дээ гэсэн тэгтэл А.М ах Б.От намайг хэлээд өөрийнхөө нэр дээр бичүүлээд өгөөч гэж гуйсан юм тэгээд ах нь хурал дээр хэлсэн юм гэсэн. М.А намайг татаж босгосон үнэн би худаа хэлээгүй. М.А намайг татаж босгосон. А.Мыг М.А зодсон, зодоогүйг би санахгүй байна би зарим зүйлийг санахгүй байна. Б.Бийн гэрийн гадаа бид 3-аас өөр хүн байгаагүй. А.Мыг М.Ад зодуулсан гэснийг би санахгүй байна. Тухайн өдөр буюу 2017 оны 12 сарын 21-ний өдөр 3 шил Ерөөл архи уусан 0.5 грамын архи. Б.Бийнд нутгийн айл болохоор хууч хөөрхөөр очсон. Өөр зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр  тал/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот шинжээч эмч Б.Оын: 

 

“...А.Мын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, хуйханд жижиг шарх, нурууны дунд, зүүн доод хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын жижиг зулгаралт, нурууны цус хуралт, хуйхны жижиг шарх нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

 

  * ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/хх-ийн 41-42 дугаар хуудас/ 

* Өгийнуур сумын эмч Т.Бийн тодорхойлолт/хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн “Өндөр” гэх газарт М.А нь иргэн А.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Шүүгдэгч М.А нь 2017 оны 12 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг Өндөр гэх газар хохирогч А.Мыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч А.Мын “...Гадаа гараад юм ярихгүй надтай зууралдаж ноцолдож байгаад за ахаа одоо буцаад гэрт оръё гээд гэр лүү ордог. Хамгийн сүүлд Б.Бийн гэрээс гараад гэрийнхээ зүүн талд П.Б надтай хууч хөөрөөд сууж байснаа гэнэт шууд миний дээр гараад хэвтсэн энэ үед М.А намайг чи ямар их өргөдөл өгдөг хулгайч вэ? гээд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж, цээж, ар нуруу руу олон удаа өшиглөөд надад монголын хууль үйлчлэхгүй новшоо гэж хэлээд П.Б, Д.Бгийн хамтаар явцгаасан. Миний бие М.Ад зодуулаад цээж даагдахгүй ар нуруу, бөөр өвдөөд сумынхаа эмнэлэгт эхнэр Д.Гийн хамтаар ирж үзүүлсэн....”гэх мэдүүлэг, гэрч Д.Гийн“...2017 оны 12 сарын 21-ний өдөр орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр А.М гэртээ сууж байсан нүүр хамар нь шалбараад цус нь хацар шанаагаа дагаад хатсан нүүр нь хавдсан, хамар нь мурийсан байдалтай ёолоод байж байсан хэн чамайг ийм болгов гэж намайг асуухад миний хань А.М М.А намайг ямар ч шалтгаангүй зодсон намайг цагдаад өргөдөл өгсөн гэж худал яриад Б.Бын гэрийн гадаа зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн “...2017 оны 12 сарын 22-ны өдөр өглөө 11 цагийн үед Өгийнуур сумын Дойт багийн иргэн А.М гэгч нь хүнд зодуулж биедээ гэмтэл авлаа гээд надад үзүүлсэн. Уг хүний биеийн байдлыг үзэхэд толгойны ар хэсгийн хуйх орчим шархтай цус гарсан, нуруу болон баруун гуяны орчим хөхрөлтүүдтэй хамар муруйж хавдсан цус гарсан шархтай байсан эдгээр гэмтэл шарх намайг үзэхэд ил харагдаж байсан өөр ил мэдэгдэх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн “...М.А намайг татаж босгосон үнэн би худаа хэлээгүй. М.А намайг татаж босгосон. А.Мыг М.Амарсайман зодсон, зодоогүйг би санахгүй байна би зарим зүйлийг санахгүй байна. Б.Бийн гэрийн гадаа бид 3-аас өөр хүн байгаагүй. А.Мыг М.Ад зодуулсан гэснийг би санахгүй байна...” гэх мэдүүлэг,хохирогч А.Мын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017  оны 12 сарын 25-ны  өдрийн 14 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн прокурорын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч М.Аыг иргэн А.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хохирогч А.М нь  шүүгдэгч М.Ааас 2.135.000 төгрөгийг нэхэмжлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд түүний ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар баримтууд байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, түүний нэхэмжлэлийн энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.А нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Мын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Хохирогч А.Мын нэхэмжилсэн 2.135.000 /хоёр сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР