2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05417

 

2025 06 23   192/ШШ2025/05417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Т* гудамж, Ча* ресидэнс хотхон, ** тоотод байрлах, Э* ХХК /РД:3********4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, У* гудамж, ** тоотод оршин суух, Д-ын О /РД:ХК******0/-д холбогдох,

 

Э ХХК-ийн №0****4 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрх бүхий газар дээр дутуу барьж орхисон (нурсан) барилгыг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн №А***0 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд 14197 м2 газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон сууцыг ашиглах зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Газрын тухай болон бусад хууль журмын дагуу газар ашиглах гэрээг тухай бүрд сунгуулж, 2022 оны оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газартай Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хязгаарлалтын Бүсэд газар ашиглах тухай №2***5 тоот гурвалсан гэрээг байгуулж, 2026 оны 07 сарын 07-ны өдөр хүртэл газар ашиглах гэрээг сунгасан. Бид ашиглах эрх бүхий газарт 290м2 - 310м2 талбай бүхий 5 ширхэг зочид буудал, таун хаусыг барьж цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, дулаан, усны шугам татах зэргээр их хэмжээний хөрөнгө оруулсан ажлуудыг хийсэн бөгөөд зам талбай болон тохижилт бусад ажлуудыг хийх гэхэд хариуцагч иргэн Д.О-ын манай газар руу оруулан дутуу бариад орхисон (нурсан) барилга саад болж байна. Д.О нь бусад иргэдтэй хамтран С.Б-ийн Зайсангийн аманд ашиглах эрхтэй байсан газарт барилга барьсан бөгөөд уг дутуу баригдсан барилгуудыг газар ашиглагч С.Б нураасан, барилга нураасантай холбоотой зарим иргэдийн хохирлын маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 02 өдрийн №2015 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн Д.О нь нураасан барилгын доорхи газрын хамтран ашиглагчаар бүртгэхийг даалгах нэхэмжпэлийн шаардлагыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасаныг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №556 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Бидний зүгээс Д.О-д хандан газар чөлөөлөхийг амаар нэг биш удаа шаардсан боловч хүлээн аваагүй болно. Дээр дурдсанчлан газраа ашиглах гэхэд хариуцагчийн дутуу бариад нураасан барилга саад болж манай компанийг эрхийг зөрчиж байгаа тул нэхэмжлэгч Э ХХК-ийн №0*****4 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрх бүхий газар дээр Д.О-ын эзэмшлийн дутуу барьж орхисон (нурсан) барилгыг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016-07-07 ний өдрийн А**0 дугаартай захирамжаар газар ашиглах эрхтэй ба гэрээгээ байгуулсан, сунгуулсан. 2026-0-07 хүртэл ашиглах гэрээ байгуулсан 5 ширхэг зочид буудал барих ёстой ч дутуу баригдаад 17 жил өнгөрсөн энэ барилга саад болж байна. Хариуцагч нь дутуу баригдсан барилгын доорх газрыг хамтран өмчлөхөөр нэхэмжлэл гаргасан ч хэрэгсэхгүй болгосон юм байна лээ. Тэгэхээр шаардлагаа дэмжиж байна, ер нь нөгөө талын яриад байгаа шийдвэр бол эзэмших эрхтэй болохыг тогтоосон болохоос биш өмчлөгч биш шүү дээ. Энэ барилга 2004 онд баригдсан, манайх 2016 оноос ашиглах эрх үүссэн, 2021 онд цуцалснаас болоод бид шүүхэд хандаад тэгээд явж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Ер нь бол бүхэлдээ ч биш 50 м кв нь л хариуцагчийнх юм билээ, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 д заасан эрхээ эдэлж чадахгүй байна. гэв.

 

2. Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.О нь Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э ХХК нь Д.О миний эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархат цаазат тусгай хамгаалалтай газар нутагт байрлах 160 м/кв-т хувийн хаусыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Тухайн хаусыг 2007 онд барьсан ба өнөөдрийн байдлаар барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй. Тухайн үед Баягаль орчин ногоон хөгжил аялал жуучлалын яаманд удаа дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт өгдөг байсан ба Монгол улсын Байгаль орчин ногоон хөгжлил аялал жуулчлалын яамнаас 2015 оны 08 сарын 13-ны өдрийн 03/5034 тоот албан бичгээр иргэн Д.О Ч.Э, Х.Б бид нарт бичгээр хариу өгсөн бөгөөд тус албан тоотод Иргэн Н.Б-ид Богд уулын улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 1,5 га газар ашиглах эрхийг Аялал жууялалын зориулалтаар 2004 оны 7 сарын 26-ний 1**4 тоот гэрчилгээг 2009 онд, 2014 оуудад тус тус 2 сунгаж баталгаажуулсан байна гэсэн хариуг өгсөн байдаг. Мөн албан тоотод өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тус газарт гэрээнд заасны дагуу төсөл хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн. Төсөл бүрэн хэрэгжээгүй газрыг ашиглаагүйгээс тус газар өнөөдрийг хүртэл хураагдаагүй шалтгаан нь иргэн Х.Б, Ч.Э, Д.О нарын хөрөнгө оруулж дутуу баригдсан барилгатай холбоотой юм гэсэн хариуг ирүүлсэн. Ингээд 2011 онд миний бие Д.О иргэн Ч.Ч, Г.Д нар БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус маргаж байгаа зайсангийн амны 1,5 га газрын 50%-ийг хамтран эзэмшигч болох хамтын үйл ажиллагааны гэрээний оролцогч болохыг тогтоолгох нэхэмжлэл гарч улмаар БГД-ийн 2011 оны 11 сарын 07-ны өдрийн 1238 тоот шийдвэр гарч улмаар албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Гэтэл хариуцагч миний бие 2019 онддс 2024 оны хооронд Америк улсад байсан ба намайг эзгүй энэ үед надад мэдэгдэлгүйгээр тухайн зайсангийн амандах газарт Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар ашиглах эрхтэйгээр 2016 оны 07 сарын 07-ны өдрийн №А**0 дугаар тушаалаар газар эзэмших эрх өгсөн байна. Нэхэмжлэлээс харахад Монгол улсын Байгаль орчин ногоон хөгжил аялал жууялалын яам нь эзэмшигчийн хуулийр хамгаалсан Монгол улсын иргэн газар эзэмшин ашиглах эрхийг ноцтой зөрчиж өөр иргэн аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон байгаа нь хуульзүйн үндэслэлгүй.Мөн хариуцагч Д.О-ын хувьд тухайн маргаж буй газрын эзэмшигч болохыг тогоосон БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 сарыни 07-ны өдрийн 1238 тоот шийдвэр хүчинтэй байгаа тул Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд 7 хүнтэй нийлээд аялал жуулчлалын цогцолбор байгуулах гээд 2007 онд дутуу баригдсан, 2011 онд өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан ба 2016 онд Б яг өнөөдрийн эдний гаргаж байгаа шиг шаардлага гаргаад тэр нь хэрэгсэхгүй болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгч гээд тогтоосон байхад, мөн эднийд газар ашиглах эрх олгохоос ч өмнө манай барилга байшин баригдсан байхад ямар эрхийг нь яаж зөрчөөд байгаа юм. Энэ барилгыг газраас салгамагц шинж чанараа алдах байтал дээр нь байгаа байшингаас тусдаа гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч тэр дууссан байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 0****4 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар, 2022.08.30-ны өдрийн 2***75 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.02.13-ны өдрийн 90 дугаартай магадлал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.11.26-ны өдрийн 556 дугаартай шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.16-ны өдрийн 0531 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.28-ны өдрийн 571 дугаартай магадлал зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.10-ны өдрийн 183/ШЗ2024/13200 дугаартай захирамж, 183/ГХ2024/01170 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн 2011.10.07-ны өдрийн 1238 дугаартай шийдвэр, 2012.07.27-ны өдрийн 3017 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гардуулсан баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Улсын дээд шүүхийн 2016.12.02-ны өдрийн 001/ХТ2016/01326 дугаартай тогтоол, 2012.07.27-ны өдрийн 270 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.07.20-ны өдрийн 1350 дугаартай магадлал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн ерөний зөвлөлийн дэргэдэх шүүхийн тусгай архиваас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 02 өдрийн 2015 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн 12431 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04-р сарын 11-ний өдрийн 00515 дугаар тогтоолыг тус тус нотлох баримтаар гаргуулж, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд байршилтай №0***4 дугаар гэрчилгээтэй газарт Д.О-ын дутуу барьж орхисон барилга хэдэн м.кв талбайтай хэсэг нь давхцаж байгааг тогтоолгохоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг томилж дүгнэлт гаргаж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э ХХК нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн №А**0 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд 14197 м2 газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон сууцыг ашиглах зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Д.О-ын манай газар руу оруулан дутуу бариад орхисон (нурсан) барилга саад болж байх тул Д.О-ын эзэмшлийн дутуу барьж орхисон (нурсан) барилгыг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

3. Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2011 онд миний бие Д.О иргэн Ч.Ч, Г.Д нар БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус маргаж байгаа зайсангийн амны 1,5 га газрын 50%-ийг хамтран эзэмшигч болох хамтын үйл ажиллагааны гэрээний оролцогч болохыг тогтоолгох нэхэмжлэл гарч улмаар БГД-ийн 2011 оны 11 сарын 07-ны өдрийн 1238 тоот шийдвэр гарч улмаар албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Хариуцагч Д.О-ын хувьд тухайн маргаж буй газрын эзэмшигч болохыг тогоосон БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 сарыни 07-ны өдрийн 1238 тоот шийдвэр хүчинтэй байгаа тул Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А*****0 дугаар тушаалаар Зайсангийн аманд 1,4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан байх бөгөөд уг тушаалыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2****8 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгогдсон байна.

Улмаар газар ашиглах эрх нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох байсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн **0 дугаар тушаалаар газар эзэмших эрхийг цуцалж хүчингүй болгосныг, 2021 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 0531 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрхийг цуцалсныг үндэслэлгүй гэж үзээд ашиглах эрхийг сэргээсэн байна. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 03-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг нэхэмжлэгч нь төрийн эрх бүхий байгууллагуудтай байгуулж, 2022-06-30 ний өдөр 0***4 дугаартай газар ашиглах гэрчилгээг авчээ.

Хэрэгт 2011 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 1238 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн хэргийн шүүхийн шийдвэр байх бөгөөд тухайн шийдвэрээр ...Д.О нь Зайсангийн аманд Н.Б-ийн ашиглалтад байгаа 1,5 га газар дээр өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцаа эзэмших эрхтэй байна... гэх үндэслэлээр Д.О нь Зайсангийн аманд Н.Б-ийн ашиглах эрхтэй газар дээр байшин барьж, хамтран ажилласан, уг байшингаа эзэмших эрхтэй болохыг тогтоосон байна. Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны А/341 дүгээр тушаалаар байгуулагдсан шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтээр Э ХХК-н ашиглаж байгаа нэгж талбарын 17*********03 дугаар бүхий,14190 м кв талбайтай газартай тус барилга нь нэгж талбарын 150,16 м кв талбайтай давхцаж буй нь тогтоогдоно.

 

5. Нэхэмжлэгч ... газрын тухай хуульд заасан газар эзэмшигч/ ашиглагч / -ийн эрх зөрчигдөж, зориулалтаар нь ашиглах гэхээр дутуу баригдсан уг барилга байгууламж саад болж байгаа.. гэх үндэслэлээр нэхэмжлэлээ дэмждэг бол, хариуцагч тал... хууль ёсоор эзэмшиж байгаа гэх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ...гэх үндэслэлээр татгалздаг.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах эрх-ийг эдэлж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, уг газар дээр дутуу баригдсан барилгыг буулгуулж газраа чөлөөлүүлэхийг хүсдэг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан урьчилсан нөхцөл  нь  нэхэмжлэгч нь өмчлөгч гэдгээ нотлохоос гадна хариуцагч уг эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, өмчлөх эрхэд саад учруулж байгааг нотлох, мөн уг этгээд эзэмших эрхээ алдсан эсхүл хууль бус гэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай. Эд хөрөнгийг эзэмшигч, ашиглагч нь өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрхтэй байх ба нэхэмжлэгч газар ашиглагч гэдэг нь маргаангүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь дутуу баригдсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх бөгөөд хариуцагч Д.О-ыг тухайн дутуу баригдсан гэх байшингаа эзэмших эрхтэй болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Хэрэгт авагдсан 2011 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 1238 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийг дутуу барьсан гэх барилгын эзэмшигч болохыг тогтоосон байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг төрийн байгууллага үндэслэлгүйгээр цуцалсантай холбоотойгоор 2022 оны 08 дугаар сарын 03-ний өдөр дахин Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг нэхэмжлэгч нь төрийн эрх бүхий байгууллагуудтай байгуулж, 2022-06-30 ний өдөр 0*****4 дугаартай газар ашиглах гэрчилгээг авчээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхээ зөрчигдсөн үндэслэлээр шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх 10 жил байх ба нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

Харин хариуцагчийн эзэмшил хууль бус биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-д холбогдуулан гаргасан Э ХХК-н дутуу баригдсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ