Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00089

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/02893 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ы хариуцагч Д- ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Н.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, Ч.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч Д--4 ТӨХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 дугаартай тушаал буюу Д.О-д сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тушаалд 4 үндэслэлийг заасан. Ажил олгогч тушаалын гол үндэслэлээ Д.О-ыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан буюу 1,292.62 кг мах дутаасан гэж дүгнэсэн. Хариуцагч үндэслэлээ Эрчим зоог цайны газрын махны тооцооллын талаар гаргасан дотоод аудиторын дүгнэлтээр нотлогдож байна гэж үзэж тушаалыг гаргажээ. Дотоод аудитын дүгнэлтээс ахлах тогоочид холбогдсон 2 үндэслэлийг дурдвал Эрчим зоог цайны газрын ахлах тогооч хоол үйлдвэрлэлтэд зарцуулсан махны зарцуулалтын гүйцэтгэлийг технологийн картын дагуу зарцуулаагүй, агуулахын үлдэгдлийг тогтмол шалгаж, шаардлагатай махны хэрэгцээг тодорхойлж чадаагүй гэж дүгнэснийг үндэслэн Д.О-ыг махны дутагдал гаргасан байна гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтоор технологийн картын дагуу мах зарцуулна гэх чиг үүрэг байхгүй. Харин шинээр үйлдвэрлэж буй хоол, зууш, ундааны технологийн карт, орцыг боловсруулах, хоол үйлдвэрлэлтийг мөрдүүлэх, чиглүүлэх, хяналт тавих чиг үүрэг тусгагдсан. Мах дутагдсан хугацаанд үйлдвэрлэж буй хоол, зууш, ундааны технологи карт, орц нормыг шинээр боловсруулаагүй, зөвшөөрөгдсөн хоол үйлдвэрлэлт хэвийн хийгдэж байсан. Мөн зарцуулсан махыг дахин зарцуулах үндэслэл тодорхойгүй. Ахлах тогооч төлөвлөгөөт цэс боловсруулах, батлуулах цэсийн дагуу шаардлагатай түүхий эд, материалын захиалга өгөх чиг үүрэгтэй бөгөөд чиг үүргийг нэхэмжлэгч бүрэн хэрэгжүүлж ажилласан. Гэвч аудитор үлдэгдлээ тогтмол шалгаж, шаардлагатай махны хэрэгцээг тодорхойлж чадаагүй гэж дүгнэсэн. Хоол үйлдвэрлэлтийн ахлах тогоочийн Ажлын байрны тодорхойлолтын 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.3.1 дэх хэсэгт батлагдсан цэсийн дагуу тухайн өдрийн хоолны материал бодож гаргах, өдөр бүрийн хоолны мэдээг баазад шивэх гэж зааж, Эрчим зоог цайны газрын аж ахуйн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 9.2.5-д нягтлан бодогч ахлах тогооч нарын өдөр тутмын хоолны борлуулалтын мэдээ, хоолны технологийн картын дагуу материалын тооцоо гаргах, хянах, 9.2.6-д ахлах тогооч нарын бараа материалын өдөр тутмын орлого, зарлагыг материал бүрээр бүртгэх, агуулгын хувьд хэлбэрийг шалгах, баталгаажуулах, 9.5.2-д материалын ашиглалт зарцуулалтад бүртгэлээр болон биеэр хяналт тавих, 9.5.7-д Эрчим зоог цайны газрын орц, нормын гүйцэтгэлд хяналт тавих, 9.5.8-д эд хариуцагч ахлах тогооч нарын ажилд хяналт тавих чиг үүргүүдийг ахлах тогооч гүйцэтгээгүй гэж дүгнэсэн. Учир нь ахлах тогооч ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хоолны үлдэгдэлд дүн шинжилгээ хийх үүрэгтэй ба хоол үйлдвэрлэлтийн шат бүрд технологи журмын дагуу хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ажилласан нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн хоол илүү үйлдвэрлэгдээгүй, зарагдаагүй буюу хаягдал хоол бий болоогүй гэдгийг тодорхойлсон албан бичгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэлтийн ахлах тогооч хоолны мэдээ, түүнд хяналт тавьсан нягтлан бодогч нарын тайлан мэдээг үндэслэн хоолны үлдэгдэл гарсан бол ахлах тогооч түүнд дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Дотоод аудитын дүгнэлт нягтлан бодогчийн гаргасан тооцооллыг зөв гаргасан эсэхийг дахин хянасан боловч махны дутагдал хэзээ гарсан, ямар шалтгааны улмаас гарсан, хэн дутаасан гэдгийг шалгаагүй. Мөн махны дутагдал гарсан хугацаа болох 1-3 дугаар сарын хугацаанд ажлын 64 хоног бөгөөд үүнээс Д.О- Ковид-19 вирусээс шалтгаалан 27 хоног ажиллаж, үлдэх хоногуудад Д.О-ыг өөр хүн орлож ажилласан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан Д.О-ы цагийн бүртгэлийн системээр тогтоогдоно. Үүнээс үзэхэд Д.О-ыг ажиллаж байх хугацаандаа махны дутагдал гаргасан гэж үндэслэлгүйгээр дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын 6.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинж чанар, гэм буруу, үр дагаврыг харгалзаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулна мөн ахлах тогоочийн ажлын байрны тодорхойлолтын 12.2 дахь хэсэгт эрхээ урвуулан ашиглаж, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учруулсан, эд хөрөнгө шамшигдуулсан, нуун дарагдуулсан нь тогтоогдвол хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэх заалтуудыг зөрчсөн. Иймээс нэхэмжлэгчийг ажлаас халсан нь ажилтны гэм буруу, сахилгын шинж чанар, үр дүнд тохироогүй, гэм буруутайг шүүхээс тогтоогоогүй гэж үзэж байгаа учраас Д--4 ТӨХК-ийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.О-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, холбогдох дэвтэрт бичилт хийж баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 дүгээр улиралд Эрчим зоог цайны газрын ахлах тогоочийн хариуцаж ирсэн бараа материалаас 1.5 тонн мах дутсан гэх санхүү бүртгэлийн хэлтсийн хариуцсан нягтлан бодогчийн тооцоо гарсан байсан. Үүнийг давтан тооцооллоор шалгах үүргийг удирдлагаас өгсөн тул шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтыг хийхдээ хуульд заасан анхан шатны баримтуудыг үндэслэж тооцооллыг шалгасан. Үүнд: Ахлах тогооч Д.О-ы хүнсний нярваас хүлээн авсан анхан шатны баримтууд багтсан. 2020 оны 07 дугаар сард хоол үйлдвэрлэлд зарцуулах ёстой материал, хоолны материалын орц нормыг шинэчлэн баталсан. Энэ тооцоонд хонь, үхрийн махаар хийгдэх хоолны тооцоог түүвэрлэн шалгахад Д.О- 2021 оны 01 дүгээр сард 5 450 килограмм, 2021 оны 02 дугаар сард 4,800 тонн, 2021 оны 3 дугаар сард 4,400 тонн буюу нийт 14,06 тонн махыг хоолонд хэрэглэхээр хүнсний нярваас хүлээн авсан байдаг. Эдгээр саруудад хийсэн хоол үйлдвэрлэлүүдийг шалгаж үзэхэд 01 дүгээр сард хонь, үхрийн махаар хийгдсэн нийт 25 861 порц хоолыг үйлдвэрлэсэн үүнд зарцуулсан махыг тооцоолоход 4.2 тонн махыг зарцуулахаар байсан. 02 дугаар сард 22,300 хоол үйлдвэрлэж, 3.8 тонн мах зарцуулахаар байсан. 03 дугаар сард 28,600 порц үйлдвэрлэж, 4.6 тонн мах зарцуулахаар нийт 76 844 порц хоол үйлдвэрлэгдсэн байсан гэсэн үг. Үүнд 12,699 тонн мах зарцуулахаар тооцоо гарсан. Тооцооллыг авч үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.О- 1.6 тонн мах тоолуулсан. Нийт хүнсний нярваас авсан 14.06 тонн мах, орц нормын дагуу зарцуулах 12.07 тонн махыг хасахад 3.3 тонн махыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тоолуулах үлдэгдэлтэй гарсан. Тооллогын баримтыг шалгаж үзэхэд нийт 2 тонн мах тооцуулсан байсан. Зөрүү 1.2 тонн мах дутсан. Энэ нь санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн гаргасан 1.4 тонн махнаас 171 кг махны зөрүү гарч байгаа юм. Үүний шалтгаан тооцооллын хувьд үлдэгдэл махны хорогдлыг тооцохдоо нягтлан бодогч буруу тооцоолсон учир 171 кг махны зөрүү гарсан. Махны хорогдлыг орц нормоор тооцоход 37 хувийг хорогдолд тооцдог. Материалаа өгөхдөө болон үлдэгдлийг тоолохдоо бохир жингээр тоолдог. Энэ дутагдал ажлын байрны тодорхойлолтод заасан ажлуудыг тухай бүр хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалж гарсан байна гэх дүгнэлтийг би гаргасан. Д.О-ы ажлын байрны тодорхойлолтын 8.4, 9.4 дэх хэсэгт төлөвлөгөөт хоолны цэс боловсруулах, цэсэнд шаардлагатай түүхийн эдийн захиалгыг өгөх, авсан бараа материалыг хүлээн авах, нөөцлөх гэх үүргийг давхар хүлээдэг бөгөөд энэ нь эд хариуцагчийн үүрэг. Мөн аудитын дүгнэлтэнд дурдагдсан зүйлс Д.О-д хамааралгүй байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Д.О-ы ажлын байрны тодорхойлолтын 9.4 дэх хэсэгт төлөвлөгөөт цэс боловсруулан батлуулах, цэсийн дагуу шаардлагатай түүхийн эдийн захиалгыг өгөх, захиалсан бараа материалыг хүлээн авах, нөөцлөх, өдөр тутмын төлөвлөгөөт цэсийн материалыг тогооч нарт хүлээлгэн өгөх, 9.2.3 дахь хэсэгт хоол үйлдвэрлэлтийн шат бүрд технологи горимын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг тухай бүр авна гэж заасан. Иймд нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтоор дутагдсан махыг хариуцах ёстой. Мөн хавтас хэрэгт өгсөн баримтуудаас харвал Ковид-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор Д--4 ТӨХК-д төлөвлөгөөт цэсийг хэдээр төлөвлөж борлуулалт хэрхэн гарч байсан талаар баримт хэрэгт авагдсан. Нотлох баримтаар өгсөн хавтас хэргийн 1 дүгээр хуудаст 1, 2 дугаар саруудад төлөвлөгөөт цэсийг төлөвлөж, хэд нь борлогдож ямар зөрүү гарсан баримт авагдсан. Тухайлбал 1 дүгээр сард хоёрдугаар хоол төлөвлөснөөс 3 хувь бага борлогдсон, ширхгийн хоол 7 хувь илүү, нэгдүгээр хоол 12 хувь илүү, зууш 3.3 хувиар бага борлогдсон гэж тооцоолсон байна. Технологийн картыг анх боловсруулж хийхдээ хоолны үлдэгдэл нийт материалын 5 хувь байхаар тооцож материалыг нэмж тооцсон тул уг хорогдлууд тооцоонд орсон, хэвийн хорогдол. Хоолны үлдэгдэл, үйлдвэрлэл, хоол хаягдалтай холбоотой анхан шатны баримтууд байхгүй байсан. Аудитын дүгнэлтийн 2 дахь хэсэгт хоол үйлдвэрлэлттэй холбоотой хоолны хаягдал гарсан бол энэ тухай эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулж, хариуцсан нягтлан бодогчид хэлж хасалт хийлгэх ёстой байдаг. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.О-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Д--4 ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл бодит нөхцөл байдалтай нийцээгүй, ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй, хөдөлмөриин гэрээнд заасан журмын дагуу хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй байхад эрх мэдлийн давуу байдлаа ашиглан сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэн, хүчингүй болгуулахаар маргадаг. Гэтэл шүүгч хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй хэт нэг талын тайлбар, мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ажилтны гаргасан зөрчил байгаа эсэх, гаргасан бол тус зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг хэрхэн зөрчсөн эсэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, мөн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байсан эсэх бүтэн хариуцах ёстой зэрэгт огт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх тушаал гарах болсон шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоос илүүтэй, тушаал гарсны дараах хариуцагчийн үйлдсэн, үйлдүүлсэн нотлох баримтуудыг тушаалын үндэслэл болсон мэтээр үзсэн. Аливаа шийдвэр буюу ялангуяа ажилтныг халах шийдвэр гаргах бол тэр ажилтанд хариуцлага тооцох хууль, гэрээ, дүрэм журамд заасан үндэслэл нь үүссэн байх ёстой. Махны дутагдлыг хэн гаргасан болохыг аудит огт тогтоогоогүй байсан. Шүүх мөн нэхэмжлэгчийг сайн дураараа тус мөнгийг төлж байгаа учир хохирол учруулсан байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс Д.О-ы ганц бие ээж, банкинд зээл төлбөртэй, тэтгэвэрийн насанд гарахыг дөхсөн зэрэг нөхцөл байдлуудыг ашиглан өөртөө давуу байдал бий болгож, тус махны дутагдлыг хариуцан төлнө гэсэн бичиг үйлдэж өгөх юм бол тогоочийн ажилд авна гэж санал тавьж, түүний эмзэг байдлыг ашиглан тус бичгийг үйлдүүлсэн байдаг. Хариуцагчийн энэ үйлдэл нь ч түүнтэй ажлаас халсан тушаал гарсны дараа нэг сарын дотор өөр албан тушаалд ажилд авснаар нотлогддог. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг зөв шударга зүйл мэтээр дүгнэсэнд гомдолтой банна. Ажил олгогч, ажилтан хоёрын эрх мэдлийн хувьд тэнцвэргүй байдал хэзээд байсаар ирсэн билээ. Шүүх уг асуудлыг шийдвэрлэхдээ ажилтанд хамгаалагдах эрх байсан эсэх, гэрээний чөлөөт байдлын зарчим баримтлахаас илүүтэй талуудын тэгш байдлыг хангах зарчим хангагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт огт өгсөнгүй. Хохирлын хэмжээг төлнө гэсэн бичиг үйлдсэнээр тухайн ажилтан хохирол учруулсан гэдэг нь нотлогддог гэж үзэх юм бол энэ нь нийгэмд хуулийг буруу хэрэглэх, тушаал шийдвэрээ үндэслэлгүйгээр гаргаж, араас нь түүнийгээ зөвтгөх буруу практик тогтоох үндэслэл болно гэж үзэж байна. Д.О- нь сайн дураараа тус мөнгийг хариуцагчийн дансанд тушаагаагүй бөгөөд түүний цалин дээрээс дээрх мөнгийг шууд суутган авч байгаа билээ. Мөн Д.О- нь энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан бичгийг удирдлага болон холбогдох байгууллагад хүргүүлээд байгаа билээ.

4.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй ба маргаан бүхий дотоод аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн, татгалзсан тухайгаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаагүй, зөрчлийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж байх тул нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал үндэслэлтэй байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Ажил олгогч нь тушаалын гол үндэслэлээ Д.О-ыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ажил олгогчид эд херөнгийн хохирол учруулсан гэж үздэг. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдал үүссэн байсан эсэхэд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн ажил олгогч тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, түүнийгээ хамгаалах нь түүний үүрэг гэж үзэж байна. Ийм баримтуудыг огтхон ч гаргаж өгөөгүй болох нь хавтаст хэргээс тодорхой харагдана. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасны дагуу хуулийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан байхад биднийг тус аудитын дүгнэлт, татгалзлын тухайгаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаагүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2, 136.3 дах заалтуудад шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байж чадахгүй байна гэдгийг харуулж байна. Хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, алба! тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж, 135 дугаар зүйлийн 135.4 Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчиж ковидын нөхцөл байдлаас шалтгаалж мах дутсан гэх 1, 2 саруудад нийт ажлын 39 хоног байхад Д.О- 23 ажлын хоног буюу 7 хоногийн 3 өдөр ажиллаж, өдрийн болон 5 ээлжийн дунд хяналт байхгүй болсон. ЕRР программ солигдож байгаатай холбогдуулж гар шаардах бичигдэж мөн технологи картын шинэчлэл болон программд шинэчлэлт оруулж, эксел өдөр тутмын хоолны мэдээг нягтлан программ руу татаж оруулдаг болсноос зарлага татагдахгүй материалын тооцоолол гаргахад хүндрэлтэй болж материалд тавих хяналт алдагдаж эхэлсэн. Нягтлан бодогч Ариунжаргал нь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлаа хийж байгаагүй бөгөөд 1, 2 саруудын тооцооноос 1 296 кг мах дутлаа гэж 4 сар гарсан хойно хэлсэн байдаг. Энэ нь тухайн дутагдлын 1-р улирлын тайлан тооцоогоор тооцоологдож гарсныг гэрчилнэ. Урьд нь ахлах тогоочоос мах дутаж байсан тохиолдол байгаагүй бөгөөд ингэж дутагдах үндэслэл ч байхгүй. Хэрвээ нягтлан өдөр бүрийн зарлагыг тухай бүрт нь татаж өгдөг, сарын тайлан тухайн сардаа гарч байсан ахлах тогооч ийм олон кг махны төлбөрт орохгүй байсан ба материалын алдагдал тухай бүрт нь барьж хариу арга хэмжээ авах бүрэн боломж байсан зэрэг нь ДЦС-4 ТӨХК-иас шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс мах дутах шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь махны дутагдал гаргасан болохоо хүлээн зөвшөөрдөг. Махны дутагдал зөвхөн Д.О-д хамааралтай болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар махны дутагдлын төлбөртөө 2,500,000 төгрөг төлсөн ба миний цалингаас суутгаж өгнө үү, удахгүй тэтгэвэрт гарах учраас өөр ажилд ч хамаагүй аваач гэх хүсэлтийн дагуу түүнийг өөр ажилд ажиллуулж байна. Ковид-19 цар тахлын улмаас 50 хувийн ирцтэй ажилласан нь Д.О-ыг махны дутагдлын хариуцлагаас чөлөөлөх агуулгаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тэрээр 50 хувийн ирцтэй ажилласан ч махыг хүлээн авч тараах, тараасан мах нь бүтээгдэхүүн болж борлуулагдсан бүх процесст хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Мөн Д.О- нь өөрийн бурууг зөвшөөрч махны дутагдлын төлбөрийг төлж байгаа учраас өөр ажилд авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Д- ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зөрчлийг тогтоосон гэх дотоод аудиторын дүгнэлтэд хэн, хэдэн төгрөгийн хохирол учруулсныг заагаагүй байхад тус дүгнэлтийг шууд үндэслэл болгон намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч 1,292.62 кг мах дутагдуулсан нь дотоод аудиторын дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгч Д.О- нь махны дутагдлыг хүлээн зөвшөөрсөн тул ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Д- ТӨХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Эрчим зоог-ийн газарт ахлах тогоочоор ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогджээ. /хх-ий 16-18-р тал/

 

Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1-д ажилтан дараах хэлбэрийн зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална гэж, 6.1.Д-д Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ажил олгогчид хөрөнгийн хохирол учруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 131-135 дугаар зүйлд заасан журмаар хариуцна гэж заасан байна. /хх-ийн 17-18-р тал/

 

Эрчим зоог цайны газрын махны тооцооны талаар гаргасан дотоод аудиторын дүгнэлтэд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Эрчим зоог цайны газрын төв салбарт гарсан 1,292.62 кг махны дутагдал нь тус цайны газрын ахлах тогооч нар болон хариуцсан санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн хоорондын ажлын уялдаа алдагдаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудаа тухай бүр хийж гүйцэтгээгүйгээс үүссэн байна гэжээ. /хх-ийн 42-45-р тал/

 

Ахлах тогоочийн ажлын байрны тодорхойлолтын 8.4-т Төлөвлөгөөт цэсийг боловсруулж батлуулах, хэрэглэгдэх бараа материал, түүхий эдийн захиалга гаргаж өгөх, хүлээн авах, хүлээлгэн өгөх, 9.3.5-д Батлагдсан орцын норм технологи картын мөрдөлтөд хяналт тавих гэж, /хх-ийн 35-41-р тал/

Хоол үйлдвэрлэлийн ахлах тогоочийн ажлын байрны тодорхойлолтын 9.2.3-т батлагдсан цэсийн дагуу тухайн өдрийн хоолны материал бодож гаргана, 9.2.4-т хоолны технологи картыг боловсруулж, батлуулна, 9.5.3-т хүнсний бүтээгдэхүүн, нийлүүлэлт, хадгалалт, анхан шатны боловсруулалтад хяналт тавина гэж, /хх-ийн 97-103-р тал/

Эрчим зоог цайны газар, авто аж ахуйн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 9.2.3-т агуулахын үлдэгдлийн дэвтрийг шалган баталгаажуулах, 9.2.5-д ахлах тогооч нарын өдөр тутмын хоолны борлуулалтын мэдээ, материалын тооцоог гаргах, 9.4.1-т агуулахын тооллогыг тогтмол хийх, тооцоог бодох гэж тус тус заасан буюу дээрх ажилтнуудын хэн аль нь хоолны материалын захиалга, үлдэгдэлд хяналт тавьж ажиллахаар байна. /хх-ийн 104-108-р тал/

 

Хариуцагч Д- ТӨХК нь дотоод аудиторын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Д.О-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч дээрх дүгнэлтэд хэд, хэдэн ажилтны буруутай үйлдэл байсан талаар заажээ. Түүнчлэн тус цайны газарт нэхэмжлэгч Д.О-оос гадна хоол үйлдвэрлэлтийн хоёр ахлах тогооч ажилладаг бөгөөд тухайн үед ковид-19 цар тахалтай холбоотойгоор тогооч нар ээлжлэн ажиллаж байсан болох нь гэрч Я.Гэрэлмаагийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 144-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох талаар заасан байх бөгөөд 136.3 дах хэсэгт Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно гэж заажээ. Гэвч хариуцагч байгууллага нь ажил олгогчид нийт 1,292.62 кг мах буюу 13,029,414.75 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхдээ дээрх хуульд зааснаар ажилтан тус бүрээр тодорхойлолгүй хохирлыг зөвхөн нэхэмжлэгч Д.О-д шууд хариуцуулж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох тухай заалтад нийцээгүй байна. Иймд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.О-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал зүйн үндэслэлгүй болжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Д.О- нь махны төлбөрийг сар бүрийн цалингаас суутгуулахыг зөвшөөрсөн байх боловч ажил олгогчийн дарамт шахалт байсан учраас тус хүсэлтийг бичсэн гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.О-ыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүйгээр нэхэмжлэгч Д.О- нь зөрчлийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж байгаа гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Д.О-ыг хариуцагч Д- ТӨХК-ийн Эрчим зоогийн газрын ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,925,945 төгрөгийг хариуцагч Д- ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Д- ТӨХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Ажилтны дундаж цалин хөлсийг түүний хөдөлмөрийн гэрээнд заасан 1,525,413 төгрөгөөс тооцож, хөдөлмөрийн гэрээг тасалбар болгосон 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 7 сар 18 хоногийн цалин нийт 11,925,945 төгрөг /1,525,413 : 22 хоног = 69,336/, /1,525,413 х 7 сар = 10,677,891, 69,336 х 18 хоног = 1,248,048, 10,677,891 + 1,248,048 = 11,925,945/-ийг хариуцагч Д- ТӨХК-аас гаргуулан, нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/02893 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ыг хариуцагч Д- ТӨХК-ийн Эрчим зоогийн газрын ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,925,945 төгрөгийг хариуцагч Д- ТӨХК-аас гаргуулан, нэхэмжлэгч Д.О-д олгосугай. гэж,

2 дах заалт нэмж Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Д- ТӨХК-д даалгасугай. гэж,

2 дах заалтыг 3 заалт болгон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д- ТӨХК-аас 205,765 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод /100200500941 тоот данс/ оруулсугай. гэж,

3 дах заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахьь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ