| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0059/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Пын Бд холбогдох 1812001870119 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,,тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт Пын Б/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод иргэн М.Чын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812001870119 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч М.Чын өгсөн:
“...Би 2018 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 2525-19 тоотод Ж гэгчид зодуулсан. Би Дгийн гэрт өөрийн найз болох Сын хамтаар 22 цагийн орчимд очсон. Намайг очих үед Д, Дгийн найз хүүхэн, Ж гэх танихгүй залуу зэрэг хүмүүс байсан. Би Дгийн гэрт очихдоо хоёр ширхэг том пивотой очсон. Ингээд нэг пивийг С, Д, Дгийн найз хүүхэн, Ж бид нар хувааж уусан. Тухайн үед Ж гэх залуу надад таалагдаагүй би түүнийг явчих гэж хэлсэн. Харин Ж явахгүй байсан болохоор түүний толгой руу 2 удаа алгадсан, мөн цээж рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. С намайг салгасан. Тэгээд дахин пиво задлаад С бага зэрэг уучихаад харихаар явсан бөгөөд Д, Дгийн найз хүүхэн, С бид дөрөв гэрээс гарсан. Дгийн найз хүүхэн, С хоёр явцгаасан. Д бид хоёр буцаж гэрт орсон. Гэрт ороод үлдсэн пивийг ууж байтал Ж гэнэт л чи яагаад байгаа юм бэ? гээд намайг бариад авсан. Би ч түүнийг бариад газар унагаад нэг гараараа заамдаад нөгөө гараараа миний гэдэс хэвлий хэсгийг базаад мушгиад байсан. Миний гэдэс маш их өвдөөд байхаар нь болъё гээд салсан. Тэгээд би такси дуудаад дотор эвгүйрээд байхаар нь таксигаар эмнэлэг хүргүүлсэн. Жолооч залуу намайг оруулаад өгье гээд байхаар нь ах нь өөрөө орно гээд машинаас нь буусан. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Нэг мэдхэд л эмнэлэгт сэрсэн. Ж миний гэдсийг базаж мушгисан. Өөрөө цохиж зодоогүй. Би ч түүнийг цохиж зодоогүй, заамдаж хоолойг нь боосон. Гэрт байхад 2 удаа алгадаж, 1 удаа цээж рүү нь өшиглөсөн. Өөрөөр бид хоёр зодолдож цохилцоогүй. Би ч өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Жг өөр хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Би Жг хоёр алгадаж нэг өшиглөхөд Д, Дгийн найз хүүхэн, С нар байсан. Сүүлд нь Ж намайг хоолой боогоод гэдэс хэвлий хэсгээр базахад хэн ч байгаагүй. Д гэртээ байсан хараагүй байх. Би урьд өмнө нь 2016 оны 04 дүгээр сарын үед санагдаж байна, автомашин дээрээс ачаа буулгаж байгаад хальтарч толгойгоороо унаад толгойны зүүн хойд хэсэгтээ тархины ясны гэмтэл авсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй. Үүнийг манай эхнэр сайн мэднэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,
* Гэрч Д.Сын өгсөн:
“...Би Чтай 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн орчимд Архангай аймгийн хүнсний зах дээр уулзсан. Тэгээд Ч бид хоёр такси бариад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын хороололд О гэх айлд очсон. Тэгээд уг айлд 2 шил архийг О, Ч бид 3 хувааж уугаад хоол хийлгэж идсэн. Тэгээд уг айлд 2 шил архийг О Ч бид хоёр О-гийн гэрээс 19-20 цагийн орчимд гарсан бөгөөд Ч нь М рүү утсаар яриад Цогт-Уулд уулзсан бөгөөд хамт алхаж Жамъянгийн хөшөөн дээр ирээд 1 шил архийг М, Ч бид гурав хувааж уусан. Ингээд М гэр рүүгээ явсан бөгөөд Ч бид хоёр 12 дугаар дэлгүүрийн зогсоолоос такси барьж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод очсон. Би уг айлын хүмүүсийг танихгүй. Уг айлд Ч бид хоёр 22 цагийн орчимд очсон ба айлд 2 хүүхэн, 1 залуу, бага насны 2 хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Ч бид хоёр гэрт орохдоо 2 хоёр ширхэг тус бүр 2.5 литрийн хэмжээтэй Сэрүн нэртэй пиво авч орсон. Тэгээд 1 пивийг нь тэр хоёр хүүхэн, нэг залуу, Ч бид тавуулаа хувааж уусан. Энэ үед Чт танихгүй залууд хандаж нэг нутгийн банди байна, таньдаг л пизда байна, явчихгүй юм уу гэх мэт зүйл ярьж байгаад гараараа танихгүй залуугийн толгой руу 1-2 удаа цохисон. Үүний дараа уг залууг хэвтэж байхад нь цээж, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж дэвссэн. Би тэр хоёрыг салгаад Чт хандаж чи одоо боль, хүн алах нь байна гэж хэлсэн. Үүний дараа 1 пивийг задлаж 1, 2 стаканыг уучихаад айлаас гарсан. Уг айлаас Ч, танихгүй хоёр хүүхэн бид дөрөв гараад нэг хүүхэн бид хоёр хамт явцгаасан. Харин Ч нь гэрийн эзэн болох хүүхэнтэй үлдсэн. Би танихгүй хүүхнийг гэрт нь дөхүүлж өгчихөөд ээжийндээ очихоор явсан. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Би уг айлаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд гарсан. Ч өөрөө такси барина гээд байсан. Их согтуу байдалтай үлдсэн. Би танихгүй залууд ямар нэгэн зүйл яриагүй, зодож цохиогүй. Намайг байх үед танихгүй залуу нь Чыг зодож цохиогүй. Чын биеийн байдал хэвийн байсан. Ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Надтай хамт архи уух үедээ бусадтай хэрүүл маргаан зодоон цохийн хийсэн асуудал байхгүй. Танихгүй залуу Чт зодуулж, цохиулах үед нь танихгүй хоёр хүүхэн, нэг залуу, Ч бид 5 байсан. Хоёр жаахан хүүхэд унтаж байсан шиг санагдаж байна. Танихгүй хоёр хүүхэн сайн мэдэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/
* Гэрч Ц.Аийн өгсөн:
“...Би Чтай 2018 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих 01 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хороололд уулзаад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадаа түүнийг буулгасан. Тэгээд түүнээс хойш уулзаагүй. Над руу 2018 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад залгаад Эрчим хорооллын Улаан тоосгон дэлгүүр дээрээс хүргээд өг гэсэн. Яваад очтол урдаас гарч ирж машинд суугаад ахыгаа эмнэлэг дээр хүргээд өг гэсэн. Тэгээд шууд эмнэлгийн хүлээн авахын гадаа буулгаад би хөдлөөд явсан. Ийм л зүйл болсон. Надад таксины мөнгө төгрөг өгөөгүй машинаас буухаар нь дахиж дуудах байх гэж бодоод хөдлөөд яваад өгсөн. Гэтэл намайг хөдлөөд явсаны дараа эмнэлгээс ярьж байна чиний машинаас буусан хүн эмнэлгийн гадаа унасан байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очтол Ч ухаан алдсан байдалтай эмнэлэг дотор байж байсан. Түүний биеийн байдлыг сайн ажаагүй, нилээн согтуу байдалтай хэл ам нь орооцолдоод байсан. Би харанхуйд сайн ажиж хараагүй. Надад бусадтай маргалдсан, зодолдсон, зам тээврийн осолд орсон гэж угаасаа яриагүй. Эмнэлгийн гадаа машинаас буугаад эмнэлгийн хаалга руу чиглээд алхсан бөгөөд эмнэлэг рүү орохыг нь хараагүй. Тухайн үед надад дуудлага ирээд очиж авахаар яараад хөдөлсөн. Намайг Эрчим хороололд урьд өмнө нь 1 удаа, Бортолгойд 1 удаа дуудаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байх Замчин буудал зам ангийн ойролцоо байх гэртээ хүргүүлж байсан. Эрчим хороололд дуудахдаа мөн дээрх улаан тоосгон дэлгүүрийн орчмоос сууж байсан. Намайг очиж авах үед ганцаараа л байсан, өөр хүн харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/
* Гэрч Е.Дгийн өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 17-18 цагийн орчимд Жтай зах дээр уулзаад хамт гэртээ ирсэн. Угаасаа Ж над руу утсаар яриад уулзъя гээд зах дээр уулзсан. Тэгээд үүний дараахан манай гэрт Д ирсэн. Тэгээд Ж, Д бид 3 пиво хувааж ууж байхад шөнийн 22 цагийн орчимд манай гэрт Ч нэг найзтайгаа хамт ирсэн. Ч манай гэрт ирэхээсээ өмнө танайд очлоо, гудамжинд чинь явж байна үүдэн дээрээ гараад ир гэхээр нь би гарч түүнийг гэртээ оруулж ирсэн. Ч 2 ширхэг том пивотой ирсэн. Ч болон түүний найз нь нилээн согтуу байсан. Тэгээд 1 ширхэг пивийг бид нартай хувааж ууж байхдаа Жд хандаж харсан л банди байна, нэг нутгийн гөлөг байна гээд салаавч өгөөд Жг дарамтлаад байсан. Ж болъё гээд дуугүй болоод хэвтээд өгсөн. Энэ үед Ч гадагшаа гарчихаад буцаж орж ирээд Жд хандаж юу гээд байна аа гэж хэлээд Жгийн хэвлийн тус газар нь хөлөөрөө нэг удаа дэвсэхэд Ж оё оё гэж орилоод байсан. Харин Ч нь Жд хандаж чи үхлээ юу сүртэй пизда вэ, цагдаадаа хэл, цагдаа нар чинь надад үйлчлэхгүй гээд орилоод байсан. Тэр хоёрыг Чтай ирсэн залуу салгасан. Д бид хоёрыг салгах гэхээр үгэнд орохгүй байсан. Д, Чын найз, Ч бид дөрөв манай гэрээс хамт гарсан. Гэтэл Ч явахгүй Жгаас уучлалт гуйна гээд буцаад манай гэрт надтай хамт орсон. Гэнэт Ж Чт хандаж чи орж ирснээсээ хойш намайг ягаад өдөөд байгаа юм бэ? гээд босч ирээд Чтай заамдалцаад, түлхэлцээд байсан. Би Ч, Ж нарт хандаж та хоёр боль, бие биенийгээ аллаа гэж хэлсэн. Манай бага насны хүү сэрээд уйлаад цагдаа дуудлаа гээд орилоод байхаар нь би Ч, Ж нарт хандаж гарч учраа ол гээд гэрээсээ түлхэж гаргаад гэрийнхээ үүдийг дотроосоо түгжсэн. Ч, Ж нар манай гэрээс гарсны дараа бие биенийгээ яасан талаар мэдэхгүй байна. Хоорондоо юм яриад байх шиг байсан. Ямарч байсан манай гэрээс гарахдаа заамдалцаад, хэрэлдээд гарсан. Тухайн үед ойролцоогоор шөнийн 00 цаг өнгөрч байсан. Удалгүй Ж хаалга нүдээд байхаар нь хаалга тайлж өгөөд гэртээ оруулсан. Харин Ч нь дахиж орж ирээгүй, явсан байх. Манай гэрт байхдаа такси дуудаж байсан. Надаас таксины 2000 төгрөг гуйж авсан. Харин Ж манайд хэсэг байж байгаад айлд автобусны билетээ орхисон байна, өглөө эрт хот явна гээд манайхаас гараад явсан. Манай гэрт байхад Ч нь Жг гараараа 2 удаа толгой хэсэг рүү нь цохиж, үүний дараа хөлөөрөө Жгийн гэдэс рүү дэвссэн. Ж Чыг цохиж, зодоогүй. Сүүлд нь заамдалцаад л гадагшаа гарсан. Гарсны дараа бие биенийгээ яаж цохиж зодсонг мэдэхгүй байна. Харин Чын найз гэх залуу зодоонд угаасаа оролцоогүй. Ж, Ч нартай хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Ж Ч нарыг заамдалцаад манай гэрээс гарах үед манай бага насны хоёр хүүхэд байсан. Нэг нь унтаж байсан, нэг хүүхэд унтаж байгаад сэрээд уйлсан. Харин Ч Жг гараараа цохиж хөлөөрөө дэвсэх үед нь Д, Чын найз гэх танихгүй залуу, Ж бид 4 байсан. Манай хоёр хүүхэд унтсан байсан. Ч манай гэрт орж ирэхдээ биеийн байдал нь хэвийн байсан. Манай гэртэй ойролцоо 100-200 метрийн зайтай Эрчим нэртэй дэлгүүр байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/
* Гэрч Б.Дийн өгсөн:
“...Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед өөрийн найз болох Дгийн гэрт очсон. Намайг очих үед Д нь Ж гэх зүс таних залуутай гэртээ байж байсан. Дгийн гэрт бага насны хоёр хүүхэд байсан. Д, Ж бид гурав 1 ширхэг том пиво хувааж уусан. Тэгээд намайг гэр рүүгээ явах гэж байхад Ч шөнийн 22 цагийн орчимд нэг найзтайгаа согтуу орж ирсэн. Орж ирэхдээ 2 ширхэг том Сэрүүн нэртэй пиво барьж орж ирсэн. Нэг ширхэг пивийг задалж ууж байх үедээ Ж руу Ч дайраад нэг нутгийн пизда байна, харсан л банди байна гэсэн утга бүхий зүйл яриад салаавч өгөөд байсан. Иймэрхүү зүйл ярьж байгаад Ч нь Жгийн толгой руу гараараа 1-2 удаа цохисон. Үүний дараа Жг хэвтэж байх үед нь Ч нь хөлөөрөө түүний хэвлий цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Чыг Жгаас салгаад чи хүн алах нь байна, боль гэж салгасан. Ингээд 2 дахь пивийг задлаад бага зэрэг ууж байгаад Ч, Чын найз гэх залуу Д бид дөрөв гэрээс гарсан бөгөөд Ч Д хоёр үлдсэн. Би Чын найз гэх залуугаар гэрийнхээ ойролцоо дөхүүлүүлсэн. Тухайн залуу ээжийндээ очно, манай ээжийнх Цаг уурт байдаг гэж хэлсэн. Ч ирэхдээ согтуу байдалтай, биеийнх нь байдал хэвийн байсан. Гадна ил харагдах шарх гэмтэл анзаарагдаагүй. Ямар ч байсан их согтуу байсан. Жг Чт зодуулж байх үед Д, Ч, Ж, бид нар байсан. Хоёр бага насны хүүхэд унтаж байсан. С гэдэг залуу Чтай хамт ирсэн залуу бөгөөд Ж, С нар нь Чыг миний нүдэн дээр угаасаа зодож, цохиогүй. С намайг гэр рүү дөхүүлж өгсөн. Намайг явсаны дараа хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохиж, зодсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаартай дүгнэлтэнд:
“...М.Чын биед хэвлийн урд, хажуу хэсгийг хамарсан зулгарсан шарх, баруун эгэмний доод хэсэг, баруун шанаа хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хэвлий дэх олон тооны зулгарсан шарх нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун эгэмний доод хэсэг, баруун шанаа хэсгийн зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. М.Ч нь рентген шинжилгээгээр зулай ясны зүүн талд хуучин цөмөрсөн хугаралтай байна. Өвчний түүхэнд гавал доторх гэмтэл: тархины хатуу хальсан дээрх цусан хураа байж болзогүй гэсэн тул 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/
*Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт/хх-ийн 34, 35 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 2525-19 тоотод П.Б нь иргэн М.Чын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б нь үйлдсэн болох нь хохирогч М.Чын“.... Гэрт ороод үлдсэн пивийг ууж байтал Ж гэнэт л чи яагаад байгаа юм бэ? гээд намайг бариад авсан. Би ч түүнийг бариад газар унагаад нэг гараараа заамдаад нөгөө гараараа миний гэдэс хэвлий хэсгийг базаад мушгиад байсан. Миний гэдэс маш их өвдөөд байхаар нь болъё гээд салсан....” гэх мэдүүлэг, гэрч Ц.Аийн “...Гэтэл намайг хөдлөөд явсаны дараа эмнэлгээс ярьж байна чиний машинаас буусан хүн эмнэлгийн гадаа унасан байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очтол Ч ухаан алдсан байдалтай эмнэлэг дотор байж байсан. Түүний биеийн байдлыг сайн ажаагүй, нилээн согтуу байдалтай хэл ам нь орооцолдоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Е.Дгийн “...Гэнэт Ж Чт хандаж чи орж ирснээсээ хойш намайг ягаад өдөөд байгаа юм бэ? гээд босч ирээд Чтай заамдалцаад, түлхэлцээд байсан. Би Ч, Ж нарт хандаж та хоёр боль, бие биенийгээ аллаа гэж хэлсэн. Манай бага насны хүү сэрээд уйлаад цагдаа дуудлаа гээд орилоод байхаар нь би Ч, Ж нарт хандаж гарч учраа ол гээд гэрээсээ түлхэж гаргаад гэрийнхээ үүдийг дотроосоо түгжсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 162 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч П.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Пын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР