| 2026 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 128/ШШ2026/0203 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий.
Бүрэлдэхүүн: Шүүгч Э.Азбаяр, Л.Хэрлэнчимэг.
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Р.Г*******
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Н.
Гуравдагч этгээд: М******* ХХК.
Гуравдагч этгээд: Т******* ТӨХХК.
Нэхэмжлэлийн шаардлага:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, М хотхон /17025/, байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Г*******ийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, дээрх орон сууцыг Р.Г*******ийн өмчлөлд бүртгэхийг даалгуулах
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, гуравдагч этгээд М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, гуравдагч этгээд Т******* ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А..
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бөртэ-Үжин.
Танхимын дугаар: 1
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгч Р.Г*******өөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1B/90 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М******* ХХК-тай байгуулан гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан/17025/, Ар зайсангийн гудамж, М хотхон байр 09 тоот 37.29 м кв талбай бүхий 1 өрөө орон сууц худалдан авсан. Гэрээний үүргийн дагуу төлбөр тооцоог дуусгаж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно.
- Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 183/ШШ2024/04620 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Р.Г******* намайг уг байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон. Улмаар миний зүгээс шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтээ Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн боловч 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр улсын бүртгэгч Ж.Н хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл өгсөн.
- Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2025 оны 03 дугаар сарын 12-нд гомдол гаргасан ба 2025 оны 03 дугаар сарын 20-ны 5/3987 тоот албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэхгүй байгаа үндэслэл нь шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн улсын бүртгэгч Ж.Нийн бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 тоот шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М /17025/, Ар зайсангийн гудамж 97 хаягт байрлах, 3762 м.кв талбайтай, 30%-ийн гүйцэтгэлтэйгээр "М*******" ХХК /*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн байх бөгөөд Орон сууцны санхүүжилтийн корпораци-ийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.
2.2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/30902, 2018 оны 4/3591, 2025 оны 04-263/14727 албан тоотуудаар захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна. М******* ХХК нь аялал жуулчлалын зориулалттай барилгыг барьцаалан зээл авсан бөгөөд тухайн барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.
2.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэлтэй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна.
2.4. Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд иргэн Р.Г*******ийн өмчлөлд байрны 09 тоот, 37.29 м.кв орон сууцыг М******* ХХК-ийн өмчлөлөөс салгаж бүртгэх боломжгүй байна. Иймд иргэн Р.Г*******ийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК нь 2011 онд байранд томоор нь гэрчилгээ авсан. Түүнээс Р.Г******* нь 9 тоот орон сууцанд салгаж гэрчилгээ авах гээд байгаа юм. Гэтэл М******* ХХК-ийн байранд С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүхэлд нь хориг тавьсан.
2.6. Хориг тавихаас өмнө Р.Г******* мэдүүлгээ гаргасан бол гэрчилгээ гаргах боломжтой. Хориг тавьсан байгаа учраас заавал тухайн хоригуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дурдуулаад энэ хүний орон сууцыг хэсэгчлэн чөлөөлөх байдлаар манайд гэрчилгээ гардаг. Энэ байрны өөр өөр тоотууд ч гэсэн хоригоо дурдуулаад 1 дүгээр хавтаст хэргийн 27, 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудаст энэ байдлаар гэрчилгээ гаргуулаад авчихсан байдаг.
2.7. Гол нь Р.Г******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар хоригоо дурдуулахгүйгээр өөр газраар өмчлөгчөөр тогтоолгоод захиргааны хэргийн шүүхэд маргах зэргээр хоригоо тойроод дурдуулахгүйгээр даалгах гээд байдаг. Гол нь Р.Г******* мэдүүлгээ гаргаад шүүхээс даалгаж шийдвэрлэлээ гэхэд нөгөө талдаа хоригтой байгаа учраас улсын бүртгэгч аль шийдвэрийг нь дагах нь тодорхойгүй. Хэрэв гэрчилгээ гаргалаа гэхэд дараа нь улсын бүртгэгч өөрөө хариуцлага хүлээх үндэслэл болно гэсэн үг. Хоригтой байхад хоригийг үл тоож, шүүхийн шийдвэрийг гүйцэтгээд гэрчилгээ гаргах нь хууль бус мөн улсын бүртгэгч нь өөрөө хариуцлага хүлээх болоод байгаа юм.
2.8. Ж.Н бүртгэгчийн татгалзсан үндэслэл нь үндэслэлтэй. Р.Г*******өөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ганцхан удаа мэдүүлэг гаргаж байсан байна. Тэр мэдүүлэгт татгалзсан үндэслэл нь 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж Р.Г*******т буцаалтыг өгч байсан байна гэв.
Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Гуравдагч этгээд М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж, М хотхон, байр, 09 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3.2. М******* ХХК нь нэхэмжлэгчтэй 2014 оны 12 сарын 30-ны өдрийн №18/90 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч Р.Г******* нь бүрэн биелүүлсэн болно. М******* ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны байрны 37.29 м.кв талбай бүхий 09 тоот хаягт орших 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Г*******ийг бүртгэхэд татгалзах зүйлгүй болно.
3.3. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны байрны 37.29 м.кв талбай бүхий 09 тоот хаягт орших 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Г*******ийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгнө үү гэжээ.
3.4. М******* ХХК нь нэхэмжлэгчтэй 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1В/90 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч нь бүрэн биелүүлсэн байдаг. М******* ХХК-ийн зүгээс тухайн 09 тоот хаягт оршин суух орон сууцны өмчлөгчөөр Р.Г*******ийг бүртгэхэд татгалзах зүйлгүй. Иймд өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.
3.5. Гуравдагч этгээд Т******* ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* нь төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэхдээ Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу жилийн 7.8 хувийн хүүтэй эх үүсвэр авч, М******* ХХК-ийг санхүүжүүлсэн. Уг эх үүсвэрээс 3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний дагуу шилжүүлсэн.
3.6. Гэвч М******* ХХК нь гэрээний дагуу төлбөр тооцоог хугацаанд нь гүйцэтгээгүй бол 2016 оны шүүхийн захирамж гарсан. Шүүхийн шийдвэрт хүү, алданги төлөхөөр заасан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл шийдвэр бүрэн биелэгдээгүй байна. Үүний улмаас Т******* нь Сангийн яаманд дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу 3 тэрбум төгрөгт ногдох хүү, алдангийг бодитоор тооцож, өөрийн санхүүгийн боломжоос шалтгаалан өнөөдрийг хүртэл төлж байгаа.
3.7. Мөн 2020 оны М******* ХХК болон Т******* ТӨХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны эвлэрлийн гэрээний 2.3-т гэрээний 2.2.1-т заасан 9 орон сууцыг Т*******д шилжүүлсний дараа үлдэх орон сууцны болон авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-тай гэрээ байгуулан урьдчилан захиалга хийсэн иргэд болон компаниудын өмчлөлд шилжүүлэн өгөх ба дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь барьцаанаас чөлөөлж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бичиг баримтыг Т*******ас гарган өгнө. Цаашид уг асуудлаар маргахгүй гэж заасан.
3.8. Иймд маргаантай хэлцлийн үндсэнд өмчлөх эрх бүртгүүлэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлт, төрийн зээлийн эх үүсвэрийн эргэн төлөлтөд ноцтой сөрөг үр дагавар үүсгэж байна гэж гуравдагч этгээдээс үзэж байна. Мөн М******* ХХК нь Т*******д хүлээлгэж өгөх ёстой 9 орон сууцаас 2 орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан асуудал гарсан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэл дээр барьцаатай байгаа эд хөрөнгийг бусдад зарж борлуулсан асуудал дээр эрүүгийн цагдаад гомдол гаргачихсан, түүнд манайх гуравдагч этгээдээр оролцоод явж байгаа асуудал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
-
- М******* ХХК болон Орон сууцны санхүүжилтийн корпораци нар Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 109 айлын орон сууцны барилгад 3,000,000,000 /3 тэрбум/ төгрөгийн санхүүжилтийг М******* ХХК-д олгож, М******* ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж, 36 сарын дотор улирал бүр хүү тооцон буцаан төлөхөөр тохиролцон 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ тухай 2012/6-07 дугаартай гэрээг байгуулсан(Хавтаст хэрэг 1-ийн 140-142 дахь талд).
- Дээрх гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон М******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд байрлах байрлах аялал жуулчлалын зориулалттай 93 дугаар байрны 1437м.кв, байрны 3762 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2012/7/07 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулсан(Хавтаст хэрэг 1-ийн 143-148 дахь талд).
- Т******* ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, М******* ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 4,112,764,839.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч М******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шийдвэрээр талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 172 дахь талд)-ийн дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1078 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 163 дахь талд)-ээр М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.
- Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591(Хавтаст хэрэг 1-ийн 180 дахь талд), 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04-263/14727 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 205 дахь талд)-ээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
- М******* ХХК болон Р.Г******* нар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1B/90 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ (Хавтаст хэрэг 1-ийн 7 дахь талд)-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах М орон сууцны хотхоны 1В байрны 09 тоот 1 өрөө орон сууцыг барих ажлыг захиалагч болох Р.Г*******ийн хөрөнгөөр Ж******* ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, гэрээний 4.1-т ...гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц Захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна гэжээ.
- 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2020/4-04 дугаартай Эвлэрлийн гэрээ (Хавтаст хэрэг 2-ын 96-97 дахь талд)-г М******* ХХК болон Т******* ТӨХХК байгуулж, нийт 4,143,854,839 /дөрвөн тэрбум нэг зуун дөчин гурван сая найман зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин ес/ төгрөгт бүхэлд нь тооцон М******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжинд байрлах 93 дугаар байрны 101, 102, 202, 203, 302, 303, 401, 402, 604 тоот бүхий 9 ширхэг орон сууцыг Т******* ТӨХХК-д шилжүүлэхээр тохиролцсон боловч уг эвлэрлийн гэрээ хэрэгжээгүй байна.
- Р.Г*******ийн нэхэмжлэлтэй, М******* ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсангийн гудамж, М хотхон байр, 9 тоот 37.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/04620 дугаартай шийдвэрээр ...нэхэмжлэгч Р.Г*******ийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсангийн гудамж, М хотхон байр, 9 тоот 37.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус байрны гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч М******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн(Хавтаст хэрэг 1-ийн 5-6 дахь талд).
- Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Р.Г******* үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан ба Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Н 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлээр бүртгэхээс татгалзсан(Хавтаст хэрэг 1-ийн 11 дэх талд), нэхэмжлэгч Р.Г*******өөс дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгээр улсын бүртгэлд бүртгэх боломжгүй тухай хариу өгсөн байна(Хавтаст хэрэг 1-ийн 10 дахь талд).
- Нэхэмжлэгч Р.Г*******өөс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нт холбогдуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, М хотхон /17025/, байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Г*******ийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, М хотхон /17025/, байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Г*******ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
- Тус шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/875 тоот албан бичгээр С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар нотлох баримт гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04-263/3356 тоот албан бичгээр М******* ХХК-д холбогдох 4,112,764,840 төгрөгийг гаргуулж Т******* ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа... тухай нотлох баримтыг ирүүлсэн(Хавтаст хэрэг 2-ын 46 дахь талд).
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
-
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг, 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, 8.1.1-д Эд хөрөнгө өмчлөх эрхийн төрөл, 19 дүгээр зүйлийн 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 20 дугаар зүйлийн 20.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж,
-
- Мөн энэхүү харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль болох Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана, 29.1.1-д бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа, 30 дугаар зүйлийн 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол татгалзана гэж зохицуулсан байна.
-
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэж юу болох, ямар төрөлтэй, улсын бүртгэгчээс энэхүү бүртгэлийг хийхдээ ямар эрх үүрэгтэй, татгалзах үндэслэл, хориглосон хориглолт зэргийг зохицуулсан дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэгчийн татгалзсан шийдвэр нь дээрх хуулийн заалтад заасантай нийцсэн байна.
- Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан дурдагдсан байрны өмчлөгчөөр тогтоогдсон учир нэр дээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шууд гаргаж өгөх ёстой гэж гол үндэслэлээ тайлбарлан маргах боловч тухайн өмчлөхийг хүссэн орон сууцны захиран зарцуулах, бүртгэлд нь өөрчлөлт оруулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны (хуучин нэрээр) 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04-263/14727 тоот албан бичгээр тус тус түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.
- Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэгчид хориглосон нөхцөл байдал бий болсон мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийн дагуу бүртгэл хийх боломжгүй, харин бүртгэл хийхээс татгалзах хуулийн үндэслэл бүрдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд шүүхээс хууль зөрчсөн бүртгэл хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
- Хэдийгээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 2/9315 дугаар албан бичгээр зөвхөн Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр М******* ХХК-аас 24,729,826 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 дугаар албан бичгийн дагуу түдгэлзсэн үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, бусад хоригийг хэвээр үлдээсэн буюу нийт 4 удаагийн хориг тавигдсанаас 3 хориг нь хэвээр байгаа үйл баримт тогтоогдож байна.
- Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2-229/23511, 2-229/23538 дугаар Хөрөнгийн эрх сэргээх тухай албан бичгүүдээр М******* ХХК-ийн барьсан байрны захиран зарцуулах эрхийг сэргээсэн гэж тайлбарлан маргадаг боловч тус албан бичгүүдийн бүрэн агуулгыг үзэхэд тухайн албан бичигт дурдсан иргэн тус бүрийн байр тоотод хамаарах байдлаар хэсэгчлэн хөрөнгийн эрхийг нь сэргээсэн агуулгатай байх ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар тухайн байрыг бүхэлд нь сэргээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
- Харин нэхэмжлэгч нь дээрх албан бичигт дурдагдсан иргэд шиг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан өөрийн орон сууцанд хамаарах хэсгээр дээр дурдсан 2016 оны 3/30902, 2018 оны 4/3591, 2025 оны 04/263-14727 дугаар албан бичгүүдээр түдгэлзүүлсэн захиран зарцуулах эрхээ сэргээлгэж, өмчлөгчөөр бүртгүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг тэмдэглэв.
- Нэгтгэн дүгнэхэд хариуцагч нараас хуульд заасан үүргээ биелүүлж бүртгэл хийхээс татгалзах хуульд заасан үндэслэлийн дагуу маргаан бүхий актуудыг гаргасан, нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж буй үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгүүдээр түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Г*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Наранчимэгт холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, М хотхон /17025/, байр, 09 тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Г*******ийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, дээрх орон сууцыг Р.Г*******ийн өмчлөлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Э.АЗБАЯР
ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ