| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2022/01415/И |
| Дугаар | 192/ШШ2025/05583 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05583
2025 06 30 192/ШШ2025/05583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоотод оршин суух Я овогт Д-ын Д /РД:ЦБ*******6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, И гудамж, ** байр, ** тоотод оршин суух А овогт Ц-ын Э /РД:ХА******6/-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 880,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т, Ж.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын иргэн С, Х нараас гадаадын хөрөнгө оруулалттай "Р" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус компанийн 100 хувийн хувьцааг, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт худалдан авч "М" ХХК болгож өөрчлөн дотоодын аж ахуйн нэгж болгон өөрчилсөн. Гэтэл нэхэмжлэгчтэй хамтарч ажиллаж байсан хариуцагч Ц.Э нь би компанийг чинь худалдаж авах хүн олчихлоо. Хөрөнгө оруулагч олдохгүй байгаа юм чинь чи зарчих. Гэхдээ чи миний нэр дээр компаниа шилжүүлж өгч байж би худалдан авагчтай өөрийн юм шиг ярих хэрэгтэй байна компанийн хувьцааг худалдчихаад олсон ашгаа тэнцүү хуваая гэж хэлсэн тул компанийн хувьцааг 100 хувь Ц.Э-ын нэр дээр шилжүүлсэн. Үүнээс хойш хариуцагч нь компани зарагдахгүй байна, худалдан авагч олдохгүй байна гэдэг шалтгаануудыг хэлж байсан. Тэгээд сүүлд өөртэй нь очиж уулзахад компанийг чинь зарчихсан, чамд ямарч хамаагүй, би өөрийнхөө юмыг авсан гэдэг тайлбар хэлээд үүнээс болж маргаан болсон. Тэгээд маргааш нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст би өргөдөл гаргаад миний юмыг ингээд залилаад авчихлаа гэсэн тухай гомдол гаргахад хоорондоо гэрээ, хэлцэл хийсэн бол Иргэний шүүхэд гомдол гаргаарай гэсэн болохоор шүүхэд энэхүү нэхэмжлэлээ гаргасан. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад 880,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэдэг зүйлийг өөрөө хэлсэн. Үүний дагуу 880,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онд нэхэмжлэл гаргасан , 880,000,000 төгрөгөөр цаашаа хувьцааг худалдсан болох нь тогтоогдсон.Ер нь бол анх 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын иргэн С, Ху нараас гадаадын хөрөнгө оруулалттай "Р" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус компанийн 100 хувийн хувьцааг, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт худалдан авч байсан. Дараа нь "М" ХХК болгож өөрчлөн дотоодын аж ахуйн нэгж болгон өөрчилсөн. Гэтэл нэхэмжлэгчтэй хамтарч ажиллаж байсан хариуцагч Ц.Э нь би компанийг чинь худалдаж авах хүн олчихлоо гээд компанийн хувьцааг өөрийн болгох зорилгоор хуурч мэхэлсэн болох нь прокурорын байгууллагаар тогтоогдсон. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 т зааснаар хууран мэхэлж, өөрийн хувьцааг худалдан борлуулаагүйн учраас цагдаад өгсөн, хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн байгаа хөөн хэлэлцэх хугацаа л дууссан болохоос, ингээд хүчин төгөлдөр бус учраас эргүүлж хувьцаагаа авах гэтэл гуравдагч этгээдүүд худалдсан байх тул тэр худалдсан үнийг шаардаж байгаа юм гэв.
2. Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Д нь Ц.Э-ын компанийн ажилтан байсан. Энэ талаар гэрчүүд ч нотолно. Одоо энэ яригдаад байгаа компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлсэн гэрээний талаар нэхэмжлэгч тал ярьдаг. Мөн хуулийн байгууллагад худал мэдээ, өргөдөл гаргасан байдаг. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс нь энэ хүний хууран мэхэлсэн нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газар мөн энэ гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг хаасан байдаг. Нэхэмжлэл гаргаад байгаа үндэслэлийг гайхаж байна. Д.Д гэдэг хүн 2010 оноос хойш Ц.Э гэдэг хүний компанийн ажилтан, өөрийнх нь туслах маягаар ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор цалин хөлс авдаг байсан. Нэхэмжлэгч ярихдаа би энэ компанийг худалдаж авсан. Тэгээд Ц.Э-ыг зараад өг гэдэг байдлаар шилжүүлсэн юм аа гэдэг зүйл ярьдаг. Гэтэл энэ хүн тухайн компанийг худалдаж авсан талаарх ямарч нотлох баримт байхгүй. Ц.Э нь өөрийнхөө компанийн ажилчид нь итгэл даахуйц хүмүүс учраас хувьцаануудыг шилжүүлж, зарим нэгэн Аж ахуй нэгж өгсөн байдаг. Энэ талаар 2015 онд бүх компанийн хувьцаануудыг иргэдээс буцаагаад авсан байдаг. 2021 онд би энэ хүнд залилуулчихлаа гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Энэ талаар Ц.Э үнэхээр гайхаж байгаа. Энэ тухай гэрчүүд мөн нотлоно. Иймд нэхэмжлэлийн шаардлага ямарч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй, нэгдүгээрт: Д, Э нарын хооронд даалгаврын гэрээ огт байгуулагдаагүй харин худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан, тэгж ч шүүх дүгнэж байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь буруу гээд давж заалдах шатны шүүхээс буцсан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байхгүй, 75.2.1 т заасан хугацаа өнгөрсөн. Хоёрдугаарт: зараад өг гээд шилжүүлсэн зүйл огт байхгүй, ер нь бол минийх байсан учраас эргүүлж л өгсөн хэрэг гуравдугаарт: хууран мэхэлж хийсэн гээд байгаа ийм шийдвэр огт байхгүй, прокурор хүний гэм бурууг тогтоодог хүн биш , хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас, 2010.07.19-ний өдрийн 01 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2010.07.19-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2010.07.19-ний өдрийн 01 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2010.07.19-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2010.07.19-ний өдрийн 01 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2010.07.19-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 1***А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, Р ХХК-ийн 2010.07.22-ны өдрийн 09/20 дугаартай дахин гэрчилгээ авах тухай хүсэлт, 2010.07.29-ний өдрийн А-**5 дугаартай Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тушаал, Р ХХК-ийн 2010.07.22-ны өдрийн 09/19 дугаартай Хурлын протокол, Р ХХК-ийн 2010.07.22-ны өдрийн 09/21 дугаартай Үүсгэн байгуулагчдын хурлын протокол, М ХХК-ийн дүрэм, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2015.07.06-ны өдрийн М ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2015.07.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2015.07.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, М ХХК-ийн дүрэм, 2021.10.07-ны өдрийн 1/2196 дугаартай Монгол улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2015.07.06-ны өдрийн М ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2015.07.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, М ХХК-ийн дүрэм, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.05.25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Д.Д-ын 2021.05.19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2024.11.11-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, орлогын баримтууд, М ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Г-ийн гараар бичсэн тодорхойлолт, 2014.10.21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, 2015.10.19-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, 2015.05.11-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримт, 2016.10.14-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, 2016.05.24-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, 2021.05.25-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.05.31-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.05.25-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.06.23-ны өдрийн 1444 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2021.08.03-ны өдрийн 273 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2021.10.07-ны өдрийн 1/707 дугаартай Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2021.08.20-ны өдрийн 920 дугаартай Нийслэлийн прокурорын газрын Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Л.Г-т олгосон итгэмжлэл, Хятад хөдөө аж ахуйн банкны картын гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс зохигчийн хүсэлтээр 2022.06.22-ны өдрийн 10/5477 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт, 2022.12.09-ний өдрийн 2-4в/5594 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Н.Э /РД:ХА******6/ нь Р /одоогийн нэр М/ ХХК-ийн хувьцааг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаан эзэмшиж байсан эсэх лавлагааг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас М ХХК-ийн 2015 оноос хойшхи хугацааны хувьцааны шилжилт хөдөлгөөний мэдээлэл болон хувьцааг шилжүүлсэн гэрээ, хэлцлийн хуулбар зэрэг баримтуудыг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын иргэн С, Ху нараас гадаадын хөрөнгө оруулалттай "Р" ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус компанийн 100 хувийн хувьцааг, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт худалдан авч нэрийг "М" ХХК болгож өөрчлөн, дотоодын аж ахуйн нэгж болгосон. Ц.Э нь компанийг чинь худалдаж авах хүн олчихлоо. Гэхдээ чи миний нэр дээр компаниа шилжүүлчих, би худалдан авагчтай өөрийн юм шиг ярих хэрэгтэй. Компанийн хувьцааг худалдчихаад олсон ашгаа тэнцүү хуваая гэсэн тул компанийн хувьцааг 100 хувь Ц.Э-ын нэр дээр шилжүүлсэн. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 т зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл, ингээд хүчин төгөлдөр бус учраас эргүүлж хувьцаагаа авах гэтэл гуравдагч этгээдүүд худалдсан байх тул тэр худалдсан үнэ болох 880,000,000 төгрөгийг шаардаж байгаа юм... гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Д.Д нь Ц.Э-ын компанийн ажилтан байсан. Нэхэмжлэгч би энэ компанийг худалдаж авсан. Тэгээд Ц.Э-ыг зараад өг гэдэг байдлаар шилжүүлсэн юм гэж зүйл ярьдаг. Гэтэл энэ хүн тухайн компанийг худалдаж авсан талаарх ямарч нотлох баримт байхгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэг талаас худалдагч болон компанийн эрх шилжүүлэгч БНХАУ-ын иргэн Ху , БНХАУ-ын иргэн С, БНХАУ-ын иргэн Яа нар нөгөө талаас худалдан авагч болон эрх хүлээн авагч Д.Д нарын хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу гадаадын хөрөнгө оруулалтай Р ХХК-ийн 18905,1 ширхэг хувьцааг нэг бүрийн 10,000 төгрөгөөр нийт 189,051,000 төгрөгөөр худалдаж, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ.
Улмаар хувьцаа эзэмшигчээр Д.Д 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, компанийн оноосон нэр Р ХХК-ийн байсныг М ХХК болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Үүний дараа нэг талаас Д.Д нөгөө талаас худалдан авагч Ц.Э нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу М ХХК-ийн 189 051 ширхэг хувьцааг нэг бүрийн 1000 төгрөгөөр нийт 189,051,000 төгрөгөөр худалдаж, хувьцаа эзэмшигчээр Ц.Э 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.
2019 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Ц.Э нь дээрх хувьцааны 60 хувийн 113,430.6 ширхэг 113,430,600 төгрөгийн хувьцааг БНХАУ-н ӨМӨЗО-ы иргэн Ba д худалдаж, мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээг, 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдөр Ц.Э нь дээрх хувьцааны 40 хувийн 75,620.4 ширхэг 75,620,400 төгрөгийн хувьцааг БНХАУ-н иргэн L-д худалдаж, мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Эдгээр нэр бүхий иргэд хувьцаа эзэмшигчээр б2020 оны 06 дугаар сарын 25-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 1375 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гарсан ба тухайн тогтоолд ...Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд иргэн Ц.Э нь 2015-07-06 ний өдөр М ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д-ын шийдвэрээр компанийн эзэмшиж буй 100 хувийн хувьцааг зарж борлуулан өгнө хэмээн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. ...Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг нь 2015-07-22 ний өдөр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна .. гэх үндэслэл заажээ.
5. Нэхэмжлэгч Д.Д нь ...талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хувьцааг өөр хүмүүст 880,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул нэхэмжлэл үндэслэлтэй... гэдэг бол хариуцагч Ц.Э нь ... нэхэмжлэгч Д.Д Р ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан гэрээ байгаа болохоос даалгаврын гэрээ байхгүй, уг компани угаасаа минийх учраас буцаан шилжүүлж авсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуурсан гэх асуудал тогтоогдоогүй ... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Д.Д өөрийн эзэмшлийн М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхээ хариуцагч Ц.Э-од 189,051,000 төгрөгөөр худалдахаар, Ц.Э төлбөрийг нэхэмжлэгч Д.Д-д төлөхөөр тохиролцсон байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээг нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн учраас хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, үүнийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 1375 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол нотолно гэдэг.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй., 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Хууран мэхэлсэн гэдэгт хэлцлийн нөгөө тал санаатайгаар хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар худал хэлэх, худал мэдээлэл өгөх, эсхүл мэдэгдэх ёстой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байхыг ойлгоно. Хэрэгт байгаа баримтаас үзвэл компанийн хувьцаа худалдах-худалдан авах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр ба дээрх прокурорын тогтоол нь дээрх хууран мэхэлсэн гэх үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн тухайн прокурорын тогтоолыг бүхэлд нь агуулгыг судалдбал ямар үндэслэлээр, ямар баримтуудаар Ц.Э-ыг гэрээгээр халхавчлан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзсэн нь ойлгомжгүйгээс гадна ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.. гэх гэм буруугийн зарчим байдаг.
Тодруулбал хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгчийн эзэмшдэг хувьцааг өөрийн болгохын тулд хууран мэхэлж хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь мөн хариуцагч нь Р ХХК-г урьд нь түүний эзэмшлийн компани байсан гэж тайлбарлах нь тогтоогдохгүй байна.
Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь аливаа этгээд бусдын өмчлөлд хэлэлцэн тохиролцсон хөрөнгө шилжүүлэх, нөгөө тал нь уг хөрөнгийн үнийг төлөх харилцан үүрэг хүлээдэг, харин даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний заавраар үйлдэл хийж, тохиролцсон бол зохих хөлс авах харилцаа үүсдэг бөгөөд гэрээний дагуу өгөх төлбөрийг Ц.Э төлөөгүй байгаа нь талуудын хооронд худалдах худалдан авах бус даалгаврын гэрээ хийгдсэн гэх үндэслэл болж чадахгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. Иймд талуудын хооронд байгуулагдсан хувьцааг худалдах худалдан авах болон хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл гэж үзээд хохиролд 880,000,00 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба холбогдох этгээдээс гэрээний үүргийн биелэлт шаардах, өөр бусад байдлаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул Ц.Э, Д.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 880,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,731,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ