2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/05957

 

2025              07             24                                                 192/ШШ2025/05957                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Б* овогт Д.Ж /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоот хаягт оршин суух Б* овогт, О.А /РД:*/-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 635 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Ж-ийн төрсөн эгч Д.Н нь хоёр хүүхдийн хамтаар 2015 оноос хойш Чех Улсын Мост хотод ажиллаж амьдарч байгаа юм. Эгчийнхээ хүсэлтээр нэхэмжилж буй 25 635 000 төгрөгийг Чех Улс руу шилжүүлүүлэх зорилгоор О.А-ын дансанд шилжүүлсэн. Учир нь тухайн үед миний эгч Д.Н-тэй хамт ажилладаг Ц.Б гэх хүнтэй холбогдож түүний эхнэр О.А-ын данс руу би мөнгөн гүйлгээг хийж, Ц.Б манай эгчид Чех Улсын мөнгөн тэмдэгт буюу кроноор дамжуулж өгөхөөр болсон юм. Эгч Д.Н-т Чех Улсад ашигладаг данс байхгүй, мөн гүйлгээний шимтгэл хэт өндөр байсан тул дээрх шийдвэрийг гаргасан. Ингээд миний бие О.А-ын эзэмшлийн Хаан банкны * дугаар данс руу дараах мөнгөн гүйлгээг хийсэн. Үүнд: 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 8 370 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 560 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2 560 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 840 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 200 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 200 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 905 000 төгрөг, нийт 25 635 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч О.А нь миний хийсэн мөнгөн гүйлгээг цааш шилжүүлэлгүй өөрөө авсан. Миний бие нь О.А-ын өмнө ямар нэгэн хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй болно. Иймд О.А-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 635 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан...” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч Д.Ж нь Бүгд найрамдах Чех улсын Мост хотод амьдардаг төрсөн эгч Д.Н-т 1 удаа тус дэм болохоор түүний хамт ажилдаг Ц.Б-аар дамжуулан 25 635 000 төгрөгтэй тэнцэх крон өгөхөөр хариуцагчийн данс руу мөнгөн гуйвуулга хийх зорилгоор дээрх мөнгийг шилжүүлсэн гэсэн байна. нэхэмжлэгч Д.Ж-аас өөрийнхөө Хаан банкны * тоот дансны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гүйлгээг нэхэмжлэлд хавсаргасан. Энэ гүйлгээ нь хариуцагч О.А-ын * тоот данснаас нэхэмжлэгчийн данс руу “солилцоо” утгатайгаар 8 370 000 төгрөгийн орлого орсон байдаг. Дээрх орлого орсны дараа нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн данс руу нийт 6 удаагийн гүйлгээгээр 17 265 000 шилжүүлсэн байна. нэхэмжлэгч Д.Ж-с хариуцагч О.А* руу төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх боловч Д.Н* Ц.Б* нар нь одоогоос 3 жил 1 сар 19 хоногийн өмнөх тооцоо дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч О.А-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 25 635 000 төгрөгийг буцаан гаруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Чех улсад ажиллаж амьдардаг өөрийн эгч Д.Н-т шилжүүлэх зорилгоор хариуцагч О.А-ын данс руу 25 635 000 төгрөгийг шилжүүлсэн боловч О.А нь эгч Д.Н-т уг мөнгийг дамжуулж өгөөгүй тул буцаан гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарлаж байна.  

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ж-г огт танихгүй талаар тайлбарлан, Чех улсад амьдардаг хүргэн дүү Ц.Б нь Д.Н нарын хоорондох тооцоо дууссан, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч Д.Ж-с  2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 560 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2 560 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 840 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 200 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 200 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 905 000 төгрөг, нийт 17 265 000  төгрөгийг хариуцагч О.А-ын Хаан банк дахь * тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...уг мөнгийг О.А нь нэхэмжлэгчийн эгч Д.Н-т шилжүүлээгүй хэдий ч хүргэн дүү Ц.Б нь Д.Н-т уг мөнгөн дүнтэй тэнцэх крон өгсөн...” гэж тайлбарлаж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Ж болон хариуцагч О.А нарын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч Д.Ж-с 17 265 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдов. 

 

8. Нэхэмжлэгчийн Хаан банк дахь * тоот дансны хуулгаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 8 370 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч О.А-с шилжүүлсэн 17 265 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.     

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

12. Иймд хариуцагч О.А нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 17 265 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас 17 265 000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 370 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.А-с 17 265 000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 370 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 286125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-с улсын тэмдэгтийн хураамжид 244278 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ