2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/06469

 

2025 08 25   192/ШШ2025/06469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д аймаг, ** дүгээр баг, **-р хороолол, **-р байр, ** тоотод оршин суух Д-йн Б /РД:ТБ*******0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан Уул дүүрэг, ** дугаар хороо, И гудамж, М 6 давхарт байрлах Т ХХК /РД:5*******4/-д холбогдох,

 

2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д овогтой Б миний бие Т ХХК-нд 2019 оны 06 сард ажилд орж 2024 оны 2 дугаар сарын 05-ний өдрөөр хууль бусаар халагдах хүртлээ дампын операторын ажил үүргийг хийж гүйцэтгэж тасралтгүй ажилласан. Э ХХК-ниас 2024 он гарснаар дампийн операторын орон тоо зарласан байсан. Миний бие үүнтэй холбоотойгоор ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ хүрээнд Э ХХК-ийн зарласан ажлын байрны 2024 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн сонгон шалгаруулалтад орохын тулд 2024 оны 2 дугаар сарын 02-ний өдөр 4 цагийн чөлөө авахаар хүсэлт гаргасан. Тэгээд сонгон шалгаруулалтдаа ороод ирэхэд ажил олгогчоос ажлаа тасалсан үндэслэлээр ажлаас халж байгаагаа хэлсэн. Иймд ажил олгогчийн ажлаас халсан 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус зааснаар хөдөлмөрлөх эрхээ түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хамгаалуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч эвлэрэх боломжгүй тул цаг хугацаа алдахгүйн тулд урьдчилан шийдвэрүүлэх журмыг сонгохгүйгээр шууд шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэлээ гаргалаа. Үүнийг хөдөлмөрийн хууль тогтоомжийг судлан хэрэгжүүлж буй эрхэм шүүгч тунгаан бодож урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахгүй гэдэгт эрх зөрчигдсөн ажилтан миний бие итгэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б 103 дугаартай тушаалыг хүчингүй болгож Т ХХК-ийн Уулын операторын ажилд /дамп-2/ эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ниймгийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилдаа эргэж орох шаардлага гаргасан. 2016-06 сард дампын операторчоор ажилд орсон ба 2024-02-05 ний өдөр чөлөөлөгдсөн. Үндэслэлгүй тушаал гаргасан гэж үздэг, дотоод журам гэрээндээ нийцдэггүй. Төслийн удирдагч компаниас орон тоо зарлаад , ярилцлагад орох асуудал тулгарсан, сонгон шалгаруулалт 2024-02-03 ний өдөр болох байсныг 2024-01-29 нөөс хүсэлтээ шат шатанд тавьж байсан, ерөнхий менежер, үйл ажиллагаа хариуцсан менежер, уурхайн менежерт мэдэгдсэн. Тэгээд шалгалтдаа ороод ирсэн чинь оруулахгүй буцаагаад тэгээд халах тушаалаа гаргачихсан, хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж өгөөч гэв.

 

2. Хариуцагч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Б-ийн Т ХХК-д холбогдуулан гаргасан Түйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн №Б/103 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч Д.Б нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Компанийн Хөдөлмөрийн Дотоод хэм хэмжээ болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн №Б/103 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2. Нэхэмжлэгч Д.Б нь 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр уурхайн хэлтсийн бусад ажилтнуудын хамт гаргасан чөлөө авах тухай хүсэлтэд холбогдох удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад өөрийн хуваарьт ажилдаа гаралгүй ажлаа тасалсан нь Хөдөлмөрийн Дотоод Журмын 16 дугаар зүйлийн 16.7.2 дах хэсэг Ажилтан нь чөлөө авах хүсэлтээ өөрийн удирдах албан тушаалтанд 5-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ба тухайн удирдлага нь 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийсэн байна; 10 дугаар зүйлийн 10.2.8 дах хэсэгт Хүнд өвчин тусах, гэнэтийн аюул осолд орох зэрэг хүндэтгэн үзэх онцгой тохиолдлоос бусад үед чөлөө авах бол зохих журмын удирдах ажилтандаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, бусад тохиолдолд дур мэдэн өөртөө зөвшөөрөл олгохгүй байх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн. Ажилтан ийнхүү Дотоод журамд заасан хугацаанд урьдчилж чөлөө авалгүйгээр ажлаа орхиж явсны улмаас ажил олгогчийн зүгээс түүний оронд ажиллуулах ажилтныг олох боломжгүйд хүрсэн бөгөөд түүний уг үйлдэл нь Дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх хэсэг болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1 дэх хэсэг Компанийн дотоод дүрэм, журам, кемп болон уурхайн бүсэд мөрдөгдөж буй дүрэм, журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, Дотоод журмын 11.3.5 дах хэсэг болон Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.5 дах хэсэг Ажилтны санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл, ажил, мэргэжлийн алдаа нь компанийг бусад этгээдийн өмнө хариуцлага хүлээх үр дагаварт хүргэсэн хэмээн тус тус заасан ноцтой зөрчлүүдэд тооцогдоно. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, улмаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх заалтын дагуу Т ХХК-ийн Хөдөлмөрийн Эрхийн Маргаан Таслах Комисс нь орон тооны бус байнгын ажиллагаатай бөгөөд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024-02-05 ний өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан бөгөөд нэхэмжлэгч бол хөдөлмөрийн гэрээ, манай дотоод журамтай сайн танилцсан. 2024-02-03 ний өдөр энэ хүн Эрдэнэс таван толгойн сонгон шалгаруулалтад орно гээд өөрийн ээлжээ орхиод 12 хүний хамт орхиод явсан. Дотоод журамд зааснаар хувийн чөлөө авах бол өөрийн удирдах албан тушаалтанд 5 аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд одоо ярихдаа 01-29 нөөс хойш хэлсэн л гэдэг нэхэмжлэлдээ 2024-02-02 нд л хүсэлт өгсөн талаараа бичсэн байна. Хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчил гэдгийг нэг бүрчлэн заасан, шүүх дээр гэрчээр асуугдсан хүмүүс ч адил зүйл хэлдэг, 2 гэрч нь энэ хүнтэй хамт сонгон шалгаруулалтад ороод ирсэн, Алдарчулуун гээд гэрч бас үүнийг баталдаг. Ноцтой зөрчлөөс л болж цуцалсан, эд хөрөнгийн хохирол учруулсан болохоор хөдөлмөрийн гэрээндээ тусгасны дагуу ажлаа тасалсан болох нь цагийн бүртгэлээр нотлогдоно. Манайх 2021 оноос 36 сарын хугацаатай Эрдэнэс таван толгойн туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээтэй, 2024-01-02 дугаар сарын ажлыг дүгнэхэд манайх ажлыг дутуу гүйцэтгэсэн нь харагддаг. Энэ хүн өдрийн ээлжтэй байсан, буцаж 4-5 н цагийн үед эргэж уурхай руу оруулах боломжгүй хамгаалалттайгаас гадна аюулгүй ажиллагааны зааварчилга зөрчигдөнө. Нэхэмжлэгчийн өмнө саруудад ажиллаж байсан бүтээмжийг үндэслээд тухайн хохирлын хэмжээг гаргасан ба Дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх хэсэг болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1 дэх хэсэг Компанийн дотоод дүрэм, журам, кемп болон уурхайн бүсэд мөрдөгдөж буй дүрэм, журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, Дотоод журмын 11.3.5 дах хэсэг болон Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.5 дах хэсэг Ажилтны санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл, ажил, мэргэжлийн алдаа нь компанийг бусад этгээдийн өмнө хариуцлага хүлээх үр дагаварт хүргэсэн хэмээн тус тус заасан ноцтой зөрчлүүдэд тооцогдоно. Дараагийн маргаж байгаа үндэслэл бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй учраас бас хуульд заасан шүүхэд хандах хугацаа хэтэрсэн байна. Хохирлын тухайд 1200 м 3 бөгөөд мөнгөн дүнгээр алдагдал нь гарсныг баримтаар өгсөн , иймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, 2024.02.05-ны өдрийн Б/103 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тушаал, 2022.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.О-д олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Н-д олгосон итгэмжлэл, 2022.09.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.22-ны өдрийн А007 дугаартай, 2022.11.28-ны өдрийн А008 дугаартай тушаалууд, Э ХК-ийн 2024.06.19-ний өдрийн 01/1140 дугаартай албан бичиг, С.З, Д.М нарт олгосон итгэмжлэл, Т ХХК-ийн 2025.06.16-ны өдрийн 578/25 дугаартай албан бичиг, Д.Б-ийн 2023-2024 оны цалингийн хүснэгт, Т ХХК-ийн 2024.02.05-ны өдрийн Б/103 дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон ажилтнуудын тушаалын хавсралт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдэгдлийн хуудас, ЭТТ-2021/705 дугаартай тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт өөрчлөлт, Цанхийн зүүн уурхайд Ти эн түншлэл-ийн 2024 оны 02 дугаар сард гүйцэтгэх уулын ажлын төлөвлөгөөний үзүүлэлт, Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний 2024 оны 02 дугаар сарын гэрээ дүгнэлт болон баталгаажуулалт, 2023-2024 оны 2 сар хүртэлх хугацааны Д.Б-ийн уулын ажлын бүтээлийн хэмжээ, уулын ажлын бүтээлийн алдагдал, NHL NTE240 1032 дугаартай техникийн уулын ажлын бүтээлийн алдагдал, өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Д овогтой Б миний бие Т ХХК-нд 2019 оны 06 сард ажилд орж 2024 оны 2 дугаар сарын 05-ний өдрөөр хууль бусаар халагдах хүртлээ дампын операторын ажил үүргийг хийж гүйцэтгэж тасралтгүй ажилласан. Э ХК-ийн зарласан ажлын байрны 2024 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн сонгон шалгаруулалтад орохын тулд 2024 оны 2 дугаар сарын 02-ний өдөр 4 цагийн чөлөө авахаар хүсэлт гаргасан. Тэгээд сонгон шалгаруулалтдаа ороод ирэхэд ажил олгогчоос ажлаа тасалсан үндэслэлээр ажлаас халж байгаагаа хэлсэн. Иймд ажил олгогчийн ажлаас халсан 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэв.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Д.Б нь 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр уурхайн хэлтсийн бусад ажилтнуудын хамт гаргасан чөлөө авах тухай хүсэлтэд холбогдох удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад өөрийн хуваарьт ажилдаа гаралгүй ажлаа тасалсан нь Хөдөлмөрийн Дотоод Журмын 16 дугаар зүйлийн 16.7.2 дах хэсэг Ажилтан нь чөлөө авах хүсэлтээ өөрийн удирдах албан тушаалтанд 5-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ба тухайн удирдлага нь 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийсэн байна; 10 дугаар зүйлийн 10.2.8 дах хэсэгт Хүнд өвчин тусах, гэнэтийн аюул осолд орох зэрэг хүндэтгэн үзэх онцгой тохиолдлоос бусад үед чөлөө авах бол зохих журмын удирдах ажилтандаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, бусад тохиолдолд дур мэдэн өөртөө зөвшөөрөл олгохгүй байх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сараас анх ажилд орсон гэх ба хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг талуудаас гаргаж өгсөн. Тус гэрээгээр Д.Б нь Т ХХК-д Уулын операторын ажилд томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдоно.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн Б/103 дугаартай тушаалаар Д.Б-ийг 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдөр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компанид ярилцлага өгөх шалтгаанаар чөлөө хүсэхдээ Хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд урьдчилан мэдэгдэж чөлөө аваагүй бөгөөд чөлөөг удирдлагаас зөвшөөрөөгүй байхад дур мэдэн хуваарьт ажилдаа гаралгүй тасалж, ажлын бэлэн байдалд хүндрэл учруулан уурхайн төлөвлөгөөт бүтээлийн ажил алдагдах , компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1, 12.3.3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.1, 11.3.5 -д тус тус заасныг үндэслэн түүнд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч байгууллага нь ажилтныг 1 өдрийн ажил тасалсан, улмаар ажил тасалсан шалтгаанаас байгууллагад хохирол учирсан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан байх ба энэ нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ийг ажил олгогч байгууллага ажлаас халах болсон шалтгаан нь 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдөр байгууллагаас чөлөө өгөөгүй байхад дур мэдэн ажлаа тасалсантай холбоотойгоор компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан талаар ажлаас чөлөөлөх тушаалдаа дурдсан байна. Хариуцагч Т ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.2-т чөлөө авах хүсэлтийг 5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, тухайн удирдлага 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийх талаар журамласан байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш шууд удирдлагадаа амаар мэдэгдэж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Харин гэрч Э.Алдарчулууны мэдүүлгээр болон нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээс үзвэл ажлаа орхиж явахын өмнөх өдөр нь чөлөө албан ёсоор хүссэн байна. Ажилтан ажил үүргээсээ түр чөлөө авах шаардлагатай тохиолдолд уг асуудлыг ажлаа орхиж явах өдрөөс өмнө шийдвэрлүүлж, чөлөө авах нь ойлгомжтой асуудал бөгөөд урьдчилан гаргасан эрхийн актын үндсэн дээр, тухайн актад заасан өдрөөс ажлаас түр чөлөөлөгдөх эрх үүсдэг.

Хэдийгээр Д.Б нь хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг урьдчилан 5 хоногийн өмнө хүсэх журмыг баримтлаагүй, ажлаа 2024 оны 02 дугаар сарын 3-ны өдөр орхин явсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй байна. Учир нь: Гэрээний талууд ажлын байр албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохоилдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Улмаар талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.3.3.8-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон Хүний нөөцийн хэлтэст урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 3 өдөр ажил тасалсан тохиолдлыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна.  

 Тодруулбал ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үздэг тул 3 хоног ажил тасалсан сахилгын ноцтой зөрчлийг Д.Б гаргаагүй байна.

Мөн ажил олгогчоос ажилтныг ажил тасалсны улмаас байгууллагад 14,090,671 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь үүнийг хангалттай нотлоогүй буюу хэрэгт энэ талаар хөндлөнгийн санхүүгийн хяналт шалгалт, тайлан зэрэг холбогдох бусад баримт байхгүй тул шүүх Д.Б-ийг нэг өдөр ажил тасалсны улмаас хариуцагч байгууллагад дээрх хэмжээний эд хөрөнгийн хохирол, алдагдал учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад ажилтан Д.Б-ийг ажлаас чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн Б/103 дугаар тушаал үндэслэлгүй тул түүнийг тус компанийн уулын оператор /дамп/-ын ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүнд ажлаас халсан тушаал гарсан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дунджаар тооцон хариуцагч Т ХХК-иас 79,528,384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгоно. Тодруулбал нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын цалин 4,878,828 төгрөг , 12 дугаар сарын цалин 3,127,483 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын цалин 4,037,697 төгрөг, дундаж цалин 4,014,669 төгрөг, нэг хоногийн дундаж цалин 191,174 төгрөг ба шүүх ажилгүй байсан ажлын 416 өдрийн цалинг гаргуулж шийдвэрлэсэн болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргаж буй тохиолдолд энэхүү гомдлоо шууд шүүхэд гаргахаар заасан. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох маргаанд хамаарч байх тул хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийг Т ХХК-ийн уулын хэлтсийн уулын оператор /дамп/-ын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Т ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 79,528,384 төгрөгийг гаргуулсугай.

2Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ