| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2021/01819/И |
| Дугаар | 210/МА2022/00130 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2022/00130
Д.Р-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02160 дугаар шийдвэртэй, нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Р-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг прокурорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.Р-ийн өвөө болох Ц- Э- нь Хэнтий аймгийн Баян сумын харьяат буриад хүн байсан. Онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж хэлмэгдсэн. БНМАУ-ын Дээд шүүхийн 1963 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор зохиомол мэдүүлгээр хилс шийтгэгдсэн нь батлагдсан тул цагаатгасан. Миний аав Эрдэнийн Дондог нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан ба аав Э.Д- нь амьд сэрүүн байхдаа өөрийн аав болох Ц.Э-ийн хэлмэгдсэн талаарх бүхий л баримт сэлтийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өөрөө өгсөн байсан. Тус комиссоос насны байдлыг нь харгалзан дараалал тогтоон материалыг шийдвэрлэж байсан боловч хүлээж чадалгүй нас барсан. Миний аав цагаатгалтай холбоотойгоор БНМАУ-ын Дээд шүүхийн 1963 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 020 дугаартай тогтоол, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/748 дугаартай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн архивын лавлагааг холбогдох эрх бүхий газруудаас гаргуулан авч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өгсөн байсан. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 108/6585 дугаартай Зууны мэдээ сонины 7 дугаар талд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 2 дугаарт нийтлэгдсэн байна. Аав Ц.Дондогийг нас барснаас хойш үр хүүхэд бид өвлөх эрх нээлгэж, хүүхдүүд бид хоорондоо ярилцаж тохиролцоод энэхүү цагаатгалтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэх, нөхөх олговрыг нэхэмжлэн авах эрхийг хэлцлээр надад олгосон болно. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан өвөө Ц.Э-ийн нөхөх олговор 80,000,000 төгрөгийг Д.Р- надад олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Р- нь хэлмэгдэгч Ц.Э-ийн зээ хүү байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц аваагүй хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,000,000 төгрөг олгоно гэж заасан тул хэлмэгдэгчийн зээ хүүд энэхүү нөхөх олговрыг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Баян сумын харьяат Ц- Э- нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн, БНМАУ-ын Дээд шүүхийн 1963 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар магадлалаар цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар хэлмэгдэгч Ц.Э-ийн нөхөх олговрын 1,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр төрсөн хүүхэд болох Эрдэнийн Батмөнх авсан байна. Хэлмэгдэгчийн хүүхэд Эрдэнийн Дондог нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээр бүртгүүлэн нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган өдөр тутмын сонинд зарлагдахаас өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Нэхэмжлэгчээр түүний хүү Дондогийн Рэгзэндорж 2020 оны 04 дүгээр сарын 06-нд өвлөх эрхийн гэрчилгээ гарснаар бүртгүүлэн, нотлох баримтын бүрдүүлбэрийг нэмэлтээр ханган 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Зууны мэдээ сонины №108/6585/ дугаарт хэлмэгдэгчийн хүүхэд хэсгийн 2 дугаарт 80,000,000 төгрөгийн нөхөх олговорт тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг баримтлан зарлагдсан. Олон нийтэд мэдээлэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд улсын комисст ямар нэгэн гомдол маргаан гараагүй бөгөөд өв хүлээн авсан хүү Д.Р- болон өвлөгч тус бүр нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээхээр байна. Иймд нэхэмжлэгч Д.Р-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахад татгалзах зүйлгүй гэжээ.
4.Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулан Ц.Э-ийн өв залгамжлагч Д.Р-, Д.Э-чимэг, Д.Э, Д.Л, Д.Ц, Д.Э-бат нарт тус бүр 13,333,333 төгрөгөөр хувь тэнцүүлэн олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэлмэгдэгч Ц.Э-ийг 1939 онд Улс төрийн хилс хэрэгт баривчлан 1939 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн 1963 оны 04 дүгэзр сарын 05-ны өдрийн 20 дугаар тогтоолоор цагаатгасан байна. Хэлмэгдэгч Ц.Э-ийн төрсөн хүү Э.Д- нөхөх олговрын нэхэмжлэлийн бүрдүүлбэр баримтуудаа бүрдүүлж байх хугацаандаа нас барсан бөгөөд төрөөс олгох нөхөх олговрыг түүний хүүхдүүдэд хувь тэнцүүлэн өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоныг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж, иргэн Д.Р-ийн нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1,000,000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговор нэг удаа олгоно гэж заасан байсан. Хууль тогтоогчоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан нөхөх олговрыг нэг удаа олгох гэснийг хассан байх тул нөхөх олговрыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой гэж үзэхээр байна. Ингэхдээ хуулийн 13 дугаар үйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,000,000 төгрөг ... гэж нарийвчлан заасан нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т тусгагдсан заалттай харилцан хамааралгүй гэж ойлгогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Д.Р- нь нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор татгалзсан тайлбар гаргажээ.
Хэлмэгдэгч Ц.Э- нь Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн 1963 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар тогтоолоор цагаатгагдсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын тогтоол зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4, 6-р тал/
Хэлмэгдэгч Ц- Эрдэнийн төрсөн хүү нь Эрдэнийн Дондог байх бөгөөд Э.Д- нь нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хоёрт бүртгэгдсэнээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй болсон, уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 7, 21-р тал/
Хэлмэгдэгчийн төрсөн хүү Э.Д- нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа буюу 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өвчний учир нас барж, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Р-, Д.Э-чимэг, Д.Энхтуяа, Д.Лхагважамц, Д.Цэмпэлмаа, Д.Э-бат нарт төрөөс олгох 80,000,000 төгрөгийг хувь тэнцүү өвлүүлэхээр 3 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 10, 36-р тал/.
Дээрх иргэд нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэлцэл нэртэй баримт үйлдэж, өвлөгдөх 80,000,000 төгрөгийн нөхөх олговрын мөнгийг олгоход шаардлагатай материалыг бүрдүүлэн, мөнгийг хүлээн авч, ногдох хэсгийг хуваарилах эрхийг нэхэмжлэгч Д.Р-ид олгожээ. /хх-ийн 9-р тал/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт ... нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч Д.Р- нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөх олговрыг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч Д.Р- нь нөхөх олговрыг нэхэмжлэх эрхгүй гэх агуулгаар гаргасан прокурорын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч хэргийн 9 дүгээр талд авагдсан хэлцлийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нэр бүхий 6 иргэнд тэнцүү хуваан олгуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, тус хэлцэлд өвлөгдөх 80,000,000 төгрөгтэй холбоотой баримт материалыг бүрдүүлэн, улмаар мөнгийг хүлээн авч өвлөгчдөд ногдох хэсгийг хуваарилах эрхийг Д.Р-ид олгосон байхад анхан шатын шүүх хэргийн оролцогч бус, шүүхэд нэхэмжлэгчээр оролцоогүй этгээдүүдэд нөхөх олговрыг хувь тэнцүүлэн хуваасан нь үндэслэлгүй. Иймд нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Р-ид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг ... нөхөх ... гэхийг ... нөхөн .... гэж, 2 дах заалтад нэхэмжлэл гэхийг нэхэмжлэгч гэж тус тус буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулан өөрчлөв.
Дээр дурдсан үндэслэлээр прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс 80,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Р-ид олгосугай. гэж,
2 дах заалтын ... нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэснийг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахьь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ