| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0713/З |
| Дугаар | 128/ШШ/2026/0113 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ/2026/0113
2026 01 26 128/ШШ2026/0113
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: О.Б
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: К.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагчаас “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-04/23/01 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжтайгаар хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О нь хяналт шалгалтыг явуулж, хариуцагч нь хяналт шалгалттай холбоотойгоор маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0666*******1 дүгээр шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
2.2.Маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч О.Бийг амины орон сууцны зориулалттай барилга угсралтын ажлыг загвар зураггүйгээр эхлүүлсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
2.3.Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч О.Бид Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Оргил гудамж, ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 18643308******* дугаартай 700 м.кв талбайг улсын бүртгэлийн Г-220******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00067******* дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
2.4.Тус шүүх иргэн О.Боос гаргасан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Оид холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.7 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Оийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хууль зүйн үндэслэлгүй, миний барилга барих, газар өмчлөгчийн хувьд эдлэх эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна. Барилгын угсралтын ажлыг загвар зураггүй явуулсан гэх зөрчил үйлдээгүй, шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй талаар, О.Б би Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, оргил гудамж ******* тоот хаягт байрлалтай, 700 м.кв газрыг газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өмчилж байгаа ба Монгол Улсын иргэний газар өмчлөх, өмчилсөн газартаа хувийн орон сууц барих эрхтэй. Нийслэлийн ерөнхий архитектурын баталсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/00-055 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 200.9 м.кв барилгажих талбайтай амины орон сууц барихаар барилгын суурийг бэлдэж эхэлсэн. Удирдлагын академийн олон айл хувийн амины орон сууц барьж, ашиглаж байгаа ба Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна.”, 10.1.1-т барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтын 1-т Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж 1.1-т 9 м хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц гэж тус тус зааснаас үзвэл миний барихаар төлөвлөж буй, суурь цутгасан амины орон сууц нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О нь ямар үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл шаардагдаж байгаа болон загвар зураг батлуулахгүйгээр барилга угсралтын ажил явуулсан гэж үзсэн үндэслэлээ огт тайлбарлаагүй.
Барилгын суурийн хэмжээг огт хэмжилт хийгээгүй. Улсын байцаагч О.Б нь надад 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан 2025 оны 07 дугаар 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудаст угсралтын ажлыг загвар зураггүйгээр эхлүүлсэн гэж дурдаж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-т Барилгын ажлын захиалагч хуульд заасан: 5.2-т чиг үүргээ хэрэгжүүлээгүй; 5.3-т барилга байгууламжийн хамгаалалтын горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн торгууль ногдуулсан байна. Хуульд ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ямар үндэслэлээр заавал зураг батлуулж, зөвшөөрөлтэй барилга угсралтын ажилд хамрагдаж байгааг огт шалгаж дүгнэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан. Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга угсралтын ажлыг хууль бусаар зөрчил гэж үзсэн шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврын дагуу барилга угсралтын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн нь миний өмчлөх эрх болон барилга барьж, ашиглалтад оруулах эрхийг зөрчиж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно гэж тус тус заасан байна. Гэтэл би зөрчил үйлдээгүй байхад үндэслэлгүйгээр зөвшөөрөл авч барих барилга гэж үзэж, зөрчлийн үр даалгаврыг арилгах арга хэмжээ авч байгаа нь хууль бус юм. Миний бие зөрчил үйлдээгүй байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Оийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4.Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Оийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гомдлыг яаралтай гаргасан. Улсын байцаагчаас гаргасан шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Гомдол гаргагч О.Бийн барилга барих, газар өмчлөгчийн эдлэх эрхийг хязгаарласан, хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил гудамж, ******* тоот хаягт байрлалтай 700 м.кв газрыг Монгол Улсын иргэний хувьд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өмчилж байгаа өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайн үед Нийслэлийн ерөнхий архитектурын баталсан 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 2024/00-055 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 200.9 м.кв талбайтай амины орон сууц барихаар барилгын суурийг бэлдэж эхэлсэн бөгөөд энэ үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт юм. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараах байдлаар ангилна. 10.1.1-т барилгын ажлын зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламж гэж заасан байдаг. Мөн Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын 01 дүгээр хавсралтын 1.1-д зааснаар 9 метр хүртэл өндөртэй 600 м.кв нэг айлын орон сууцыг зөвшөөрөл авахгүйгээр амины орон сууцын хэлбэрээр барихыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Улсын байцаагч Т.О шийтгэлийн хуудас гаргасан үндэслэлээ огт тайлбарлаагүй. Барилгын суурийн хэмжээ болон бусад баримт бичгүүдийн тухай тайлбарлаж мэдүүлэг аваагүй. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар барилгын ажлын захиалагч хуульд заасан: 5.2-т чиг үүргийг хэрэгжүүлээгүй 5.3-д барилгын байгууламжийн хамгаалалтын горим зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж хүний 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэл болгон О.Бид 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй, ямар үндэслэлээр зураг батлуулж, зөвшөөрөлтэй барилгын угсралтын ажил эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа талаараа гаргасан шийдвэртээ огт дурдаагүй, тухайн үед хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлээд шийтгэл ноогдуулсан байна. Тухайн үед нөхцөл байдлыг бүрэн тодруулах ёстой байтал шууд газар дээр ирээд шийтгэл бичиж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-т, эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, эрүүлжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хувилан төлүүлэх, зөрчлийн арилах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно гэж заасан байна. Гэтэл зөвшөөрөл өгөгдөөгүй байхад үндэслэлгүйгээр зөвшөөрөл авч барилга барилаа гэж үзэж зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т зөрчил үйлдэгдсэн нэр тодорхой, эсвэл стандартаар баталгаажсан хэмжил хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалын зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж заасан зөрчиж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг бөгөөд хариуцагч Т.Оийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тухайн зөрчлийг хянан шийдвэрлээд барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлуулах тухай албан бичгийг хүргүүлж, барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах үр дагаврыг шууд бий болгосон. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, ерөнхий байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Оийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч Т.Ооос ирүүлсэн хариу тайлбар дээр хөгжлийн ангилалтай холбоотой нөхцөл байдлыг тодруулаагүй үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Амины орон сууцын өмчлөх эрхийг бүртгүүлэхэд загвар зураг, улсын комиссын акт гэдэг баримтуудыг шаарддаггүй. Өмчлөх эрхийг бүртгүүлэхэд 4 талаас авсан фото зургийг шаарддаг. Хэмжээст байдлаар амины орон сууцыг бүртгэж явдаг. Төвлөрсөн шугам байгаа учир заавал загвар зураг батлуулна гэсэн заалт хуульд байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс байшингаа барьчхаад дараа дулаан усны асуудлууд шийдье гэдэг байдлаар барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажлыг эхлүүлэхэд барилгын материал татсан, гэрээ байгуулсан бөгөөд эдийн засгаар хохирч буй бүх баримтуудаа хэрэгт өгсөн.” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О би, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Удирдлагын академийн урд талд Богдын Хүрэн ордны зүүн талд барилга барих гээд байх тул шалгаж өгнө үү" гэх өргөдөл гомдлын дагуу Хяналт шалгалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-04/23/01 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийж ажилласан. Шалгалтаар иргэн О.Б нь 1780600451 нэгж талбарын дугаартай 0.0699 га талбайтай өмчлөх эрхийн газартаа Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/00-055 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар авсан боловч эрх бүхий байгууллагын тамга тэмдэг бүхий батлагдсан загвар зураггүйгээр барилга угсралтын суурийн ажлыг иргэн О.Бийн нөхөр болох П. У******* нь хийж гүйцэтгэж байсан. Миний бие нь хяналт шалгалтын хүрээнд иргэн О.Бийн нөхөр П.У*******т батлагдсан загвар зураггүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил тул торгуулийн арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй байгааг тайлбарлахад иргэн П.У******* нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн.
Иргэн О.Б нь өвчтэй гэрээс гарах боломжгүй гэх шалтгаанаар нөхөр болох иргэн П.У*******ыг байлцуулан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, эрх бүхий байгууллагаар загвар зураг батлуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн. Иргэн О.Бид Ерөнхий архитектораас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/00-055 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 200.9 м.кв талбайд барилгажихаар 2-3 давхар амины орон сууцны зориулалтаар олгосон нь Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд ангилалд хамаарахгүй боловч Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт (эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх;)-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж хэдий ч Нийслэлийн Ерөнхий архитектортай зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар загвар зургийг заавал батлуулах ёстой байдаг. Нэг үгээр хэлбэл тухайн иргэний амины орон сууц барих эсэх, хэдэн давхар, ямар хэмжээтэй, нүүр тал нь ямар харагдах зэрэг нь загвар зургаар л нотлогдох юм. Иргэн О.Бийн нөхөр П.У******* нь Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан 2024/00-055 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 200.9 м.кв барилгажих талбайтай амины орон сууц барихаар суурийг бэлдэж байна гэх тайлбарыг өгсөн ч архитектур төлөвлөлтийн даалгавартай уялдаж батлагддаг загвар зураггүй байсан нь нэгэнт тодорхой бөгөөд энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл, загвар зураг гэдэг нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27 дах заалт (загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг;)-д заасны дагуу барилга байгууламжийн баримт бичиг тул Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт (барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх;)-д заасны дагуу захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалтаар торгууль оногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч талын гомдлын шаардлага болон тайлбартай танилцаад дараах нотлох баримтыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Удирдлагын академийн урд талд Богд Хүрэн ордны зүүн талд барилгыг шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу шалгалт хийж ажилласан. Шалгалтаар О.Бийн нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, өмчлөх эрхийн газартай, Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/00-055 дугаартай архитектурт одоо төлөвлөлтийн даалгавар авсан боловч эрх бүхий байгууллагын тамга тэмдэг бүхий батлагдсан загвар зураггүйгээр барилга угсралтын суурийн ажлыг О.Бийн нөхөр болох П.У******* нь хийж гүйцэтгэж байсан. О.Бийн нөхөр болох П.У*******т загвар зураггүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулах үндэслэлтэй байгааг тайлбарлахад П.У******* нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалт буюу захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр торгуулийн арга хэмжээг оногдуулаад, эрх бүхий байгууллагаар загвар зураг батлуулах хүртэл барилгын ажлыг түр зогсоох тухай албан даалгаврыг хүргүүлсэн. Гомдол гаргагч талаас гомдлын үндэслэлдээ тухайн барилга байгууламж нь зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж байсан гэж, хариуцагч талаас тухайн байгууллага загвар зураг батлуулах шаардлагатай байсан гэж маргаж байна. Тиймээс энэхүү асуудалд Барилгын тухай хуульд барилга байгууламжийн зөвшөөрөл, загвар зураг, техникийн нөхцөл, барилга байгууламжийн төвөгшил гэсэн ойлголтыг тайлбарлаж өгөх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг барилга байгууламжийн баримт бичиг гэж ойлгоно. Уг тодорхойлолтоос харвал барилга байгууламжийн баримт бичигт загвар зураг хамаарахгүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг загвар зураг гэнэ гэж заасан байдаг. Загвар зураг зураг, эзлэхүүн төлөвлөлтөөс хамаараад барилга байгууламжийн төвөгшил нь гарч ирдэг. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалаар баталсан барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоож өгсөн. Энэ журмын дагуу тухайн барилга нь зөвшөөрөл шаардагдах эсэх нь тогтоогдоно. Гомдол гаргагчийг загвар зураг батлуулаагүй гэсэн үндэслэлээр торгосон. Нийслэлийн ерөнхий архитектурын 2024 оны 05 дугаар сарын 24-ний 2024/00-055 дугаартай даалгавраар зохих баримт бичгийг бүрдүүлэхийг даалгасан байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д зааснаар холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламжийг барих, түүнийг ашиглах гэж өмчлөгчийн эрх үүргийг зааж өгсөн. Загвар зургийг үндэслээд тухайн барилгын төвшил гарч ирнэ, төвөгшлөөс шалтгаалан барилгын ажлын зөвшөөрөл авах дараагийн арга хэмжээ шаардагдах учир шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.
Гомдол гаргагч талаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дээр маргаж байна. Хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос авсан мэдүүлэг авсан материал авагдсан. Тухайн мэдүүлэгт хариуцагч Т.О Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т зааснаар захиалагчийн чиг үүргээ зөрчсөн гэдгийг мэдэж байна уу, та энэ хуулийн заалтыг мэдэж байна уу гэж асуухад П.У******* хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу өгсөн байна. Мөн тухайн асуудал дээр нийтийн ашиг сонирхол яригдана. Барилгын тухай хууль болон Газрын тухай хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Хариуцагч Т.О нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах, аюулгүй байдлыг хангах, барилгын төлөвлөлтөөс шалтгаалан Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал, аюулгүй байдал яригддаг учир тухайн зөрчлөөс урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан. Тиймээс хариуцагч Т.Оийн шийдвэр үндэслэлтэй тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гомдол гаргагчаас “... Маргаан бүхий барилга нь загвар зураг батлуулж, барилга байгууламж барих зөвшөөрөл авах шаардлагагүй хувийн амины орон сууц тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актуудаар загвар зураг батлуулалгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Маргаан бүхий барилга нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар загвар зураг батлуулах барилга, байгууламж бөгөөд маргаан бүхий тохиолдолд гомдол гаргагч нь загвар зураг батлуулахгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулсан тул маргаан бүхий захиргааны актууд үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагч О.Боос Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-04/23/01 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжтайгаар хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О нь хяналт шалгалтыг явуулж, хариуцагч нь хяналт шалгалттай холбоотойгоор маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0666*******1 дүгээр шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
5.Маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч О.Бийг амины орон сууцны зориулалттай барилга угсралтын ажлыг загвар зураггүйгээр эхлүүлсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
6.Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч О.Бид Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Оргил гудамж, ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 18643308******* дугаартай 700 м.кв талбайг улсын бүртгэлийн Г-220******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00067******* дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
7.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл.“Барилгын тухай хууль зөрчих”,5.“Барилгын ажлын захиалагч хуульд заасан:”,5.1.“барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;”,5.2.“чиг үүргээ хэрэгжүүлээгүй;”,5.3.“барилга байгууламжийн хамгаалалтын горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.
8.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, барилгын захиалагч нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байна.
9.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйл.“Хуулийн зорилго”,1.“Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.” гэж зааснаас үзвэл, тус хуулийн зорилго нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтооход оршихоор байна.
10.Маргаан бүхий тохиолдолд, тухайн зөрчлийн хэргийн холбогдогч буюу барилгын захиалагч нь гомдол гаргагч О.Б байна. Тодруулбал, маргаан бүхий барилгын доорх газрын хууль ёсны өмчлөгч нь гомдол гаргагч О.Б байна.
11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйл.“Эрх бүхий албан тушаалтан”,1.“Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”1.1.“... эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;”,1.5.“зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;” гэж заажээ.
12.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрхтэй байна.
13.Хариуцагч Т.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газарт очиход О.Бийн нөхөр П.У******* гэх хүн байсан.П.У******* нь өөрийгөө танилцуулаагүй, энэ барилгын эзэн нь байна гэж танилцуулсан.Тухайн үед тэр хүнийг би О.Б юм байна гэсэн ойлголттой байсан.Мэдүүлэг авсны дараа манай эхнэр О.Б эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадахгүй тул би өмнөөс нь зурчихъя гэсэн.” гэжээ.
14.Дээрхээс үзвэл, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн зөрчлийн холбогдогч О.Б өөрөө мөн эсэхийг шалгаж тодруулалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.
15.Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ гаргах хүртэл маргаан бүхий Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
16.Харин хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны жинхэнэ холбогдогч О.Бийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан уг асуудлаар дахин шинэ захиргааны актууд гаргасан тохиолдолд зөрчилд холбогдогчийн гомдлоор тухайн захиргааны актуудын үндэслэлүүдийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/1******* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ