Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 108

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н

Шүүгдэгч С.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бд холбогдох 1812000740083  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн маллаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт,,, оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Б овогт Сын Б 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Архангай аймгийн И,, сумын ,,багийн “Ж” гэх газарт гэртээ эхнэр С.Гд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812000740083 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч С.Ггийн өгсөн: 

 

“...Манай нөхөр С.Б нь архи уух болгондоо чамайг алчихаад би өөрөө шорондоо явна гэж агсараад байдаг юм. Хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө архи ууж намайг цохиж зодсон. Тэрнээс өмнө 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи ууж яваад хамт архи уусан хүнтэйгээ маргалдаж ирчихээд над руу агсараад чамайг ална, гичий минь чи зайлаарай, янхан биз дээ гэж элдвээр хэлээд байсан. Тэгээд би үнээгээ саах гээд гарах гэж байхад машины түлхүүр өг гээд байхаар нь би согтуу байж яах гээд байгаа юм гэхэд над руу дайраад намайг ална гэж хутга барихаар нь би зугтаж уул руу гүйхэд араас хэсэг хөөж байгаад буцаад гэр лүүгээ орчихоод машиныхаа түлхүүрийг авч машинаа асааж явчихаад удаагүй ирээд унтсан. Тэгэхэд манай хүүхдүүд гэрт байсан. Би машинаа асаагаад явахаар нь гэрлүүгээ явж байгаад Б ахтай тааралдсан. Б ах үхрээ хураагаад ирж явсан. Тэгээд надаас юу хийж байгааг асуухад би Б хутга барьж ална гэж хөөгөөд гэж хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө эрт ноолуурын  үеэр архи ууж гэртээ ирчихээд над руу агсарч сандал, хувин саваа шидэж эвлээд намайг хэл амаар доромжилж байснаа машинаа асаагаад явах гэхээр нь би хаачих гэж байгаа юм, согтуу машин унаад яах гэж байгаа гэхэд намайг заамдаж аваад гараараа нүүр лүү нэг удаа цохьчихоод хашаатай хониноос нэг эр хонь ачаад яваад өгсөн. С.Б нь архи уух болгондоо агсарч элдэв үгээр доромжилж намайг айдас түгшүүртэй байлгадаг. С.Бгийн энэ байдлыг манайхтай айл байдаг Б ах болон түүний эхнэр нь мэднэ. 2018 оны 02 сарын 02-ны өдөр С.Б  намайг цохиж зодох үед Б, Н, С ах, миний бага охин А нар байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Бы өгсөн: 

 

“...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шөнө 01 цагийн орчим Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Жаргалант гэх газар гэртээ эхнэр Н, эхнэрийн төрсөн дүү Г бид гурав цагаан идээ зарж борлуулчихаад ирсэн юм. Тэгээд хотоос ирсэн гээд мал харуулж байсан төрсөн ах Сд нэг шил архи гаргаж өгөхөд С ах би Бгийнд орж хонолоо гээд манайхаас гараад явсан. Тэгсэн шөнө 03 цагийн орчим Г манай гэрт орж ирээд Б зодоод алах гээд байна гэхээр нь би за манайд унтчих гэхэд удаагүй гадаа Ггийн хүүхэд уйлаад байсан. Г манайхаас Оийн хамт гараад явчихсан тэгээд эхнэр бид хоёр унтчихсан. Тэгээд өглөө гэгээ ороод босох гэж байхад Г гүйхээгээрээ орж ирэхэд Б араас нь хүрз барьчихсан цохьсон тэр нь оноогүй манай гэрийн тотгыг цохьсон тэгэхээр нь би ухас хийж босоод юу болоод байгаа юм гэхэд дугарахгүй байж байснаа манай эхнэр чи юу болоод агсараад байгаа юм гэж аашилахад манай эхнэрийн хотоос авчирсан юм хаана байна гээд хайрцагтай юм аваад гэр лүүгээ явсан. Г нь манай гэрт байсан, тэгэхэд Б нь эхнэрийнхээ авчирсан дарсыг ганцаараа уучихаад надаас архи нэхэж байгаад машинаа унаад хаашаа ч юм яваад өгсөн. Тэгээд Г цагдаа дуудаж өгсөн. Гэрийн гадаа юу болсонг хараагүй болохоор мэдэхгүй байна. Манай гэр лүү Гг орж ирэхэд араас нь хүрз барьчихсан цохьсон нь оноогүй тотго цохьсон. Би С.Бтэй айл болоод 9 жил болж байна. Тэрнээс хойш сайн мэднэ. С.Б нь архи уух болгондоо агсарч эхнэрээ цохиж зодох гэж араас нь хөөгөөд эхнэр нь манайд ороод ирнэ би тэр үед нь Бг барьж авч олон удаа салгаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б нь хүмүүстэй архи ууж хоносон. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нь намайг үхэртээ явж байхад Г явган миний араас ирж явахаар нь би юу болсонг асуухад Б хутга бариад намайг ална гэж хөөж байснаа Н гэх хүнийг ална гээд явчихлаа гэж байсан. Н гэх хүн нь Бтэй хамт архи уусан хүн байгаа юм. Тэгээд Г бид хоёр үхрээ туугаад гэртээ ирэхэд Б гэртээ ирчихсэн мотоциклоо унаж явах гэж байхад нь би уурлаж согтуу яах гээд байгаа юм гэхэд за за унтлаа гээд гэрлүүгээ орсон. Тэгсэн удаагүй мотоциклоо унаад явчихсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг явдал болоход Г, Б бид нар байсан. Би 2017 оны 04 сарын 06-ны өдөр гэртээ байсан. Тухайн үед С.Б нь архи ууж хоносон. Тэгсэн өглөө эрт эхнэр Г нь манайд Б согтуу машинаа бариад дайрч ална гээд байна гэж орилоод ороод ирэхээр нь би гэрээс гартал Б нь машинаараа гэрийнхээ баруун талын хавтас руу тулаад зогсчихсон байсан. Би очиж машинаас нь буулгах гэтэл надтай барилцаж аваад байхаар нь би арай гэж машинаас нь буулгачихаад түлхүүрийг нь аваад гэрлүүгээ орчихсон. Тэгсэн хоттой хонь руугаа орж нэг эр хонь авчихаад надаас машиныхаа түлхүүрийг аваад яваад өгсөн. Машинаараа дайрч ална гээд элдэж хөөгөөд байна гэхээр нь би очсон, тэгэхэд цохиж нүдсэнийг би хараагүй, машинаасаа буугаад эхнэр Гг хараагаад байсан, би цохьсонг хараагүй. 2017 оны 04 сарын 06-ны өдөр энэ үйл явдал болоход манай эхнэр Н, С , Б, Г бид нар байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/

 

Гэрч С.Нийн өгсөн:

 

 “...Би нөхөр Б, дүү Г нарын хамт 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчим Улаанбаатар хотоос Архангай аймгийн И сумын ,,багийн нутаг Ж гэх газар гэртээ ирсэн. Тэгээд ачаа бараагаа цэгцлээд малаа хурааж байсан С ахад нэг шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи гаргаж өгсөн. Тэгсэн Г  нөхөр Бгийн хамт манай орж ирсэн тэгэхэд С ах нэг шил архиа задлаад Бд хийж өгсөн. Тэр хэд манайд хэсэг суусан, би нойр хүрээд байсан болохоор унтаж амарлаа гэхэд Г, Б нар нь гэрлүүгээ орцгоосон, тэгсэн удаагүй С ах би Бгийнд орж хонолоо гээд гэрээс гарсан. Нөхөр бид хоёр унтаж байхад Г манай гэрт орж ирээд Б унтуулахгүй зодож нүдээд, хэвтэхээр элэгдээд байх юм энд унтахаас гээд манайд хэвтээд удаагүй байхад гадаа Ггийн хүүхэд уйлаад байсан чинь Г Оийн хамт гараад явахаар нь нөхөр бид хоёр унтаад өгсөн. Өглөө нь босож байхад Г нь манай гэрт гүйгээд ороод ирсэн араас нь Б хүрз барьчихсан цохиж авсан тэгэхэд гэрийн тотго оносон юм. Тэгээд нөхөр бид хоёр юу болоод байгаа юм гэж Бг загнахад хүрзээ бариад цаашаа яваад өгсөн. Г хэлэхдээ Б намайг хүрзээр гарлуу цохиж авсан, дахиад цохих гээд байхаар нь би зугтаагаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд Б гадаа малын баас цэвэрлээд зогсож байснаа манайд орж ирээд манай эхнэрийн хотоос авчирсан юм хаана байна гэснээ хайрцагтай эхнэрийнхээ авчирсан юмыг аваад гэрээс гарсан. Бг гэртээ дарс ууж байна гэж байсан тэгсэн удаагүй машинаа унаад яваад өгсөн. Г хэлэхдээ хүрзээр миний гарлуу цохьсон тэгэхэд хүрзний иш хугарсан гэж байсан. Миний мэдэхийн Б нь эхнэрээ архи уух болгондоо хэл амаар доромжилж, цохиж зоддог. 2016 оны намар модонд самар түүж ирчихээд архи уучихаад данх барьчихсан эхнэрээ ална гэж хөөж манайд орж ирсэн тэгэхэд би Бг аргадаад гэр лүү нь оруулаад орон дээр нь суулгаад ингээд унтчих гээд аргадаж байсан чинь гэнэт Б намайг түлхэж унагаагаад дээр гарчихсан намайх цохих гээд байсан, би арай гэж салаад гарах гэтэл миний гарнаас зуурчихаад тавихгүй байсан. Маргааш нь энэ тухай хэлэхэд намайг уучлаарай би согтуу юугаа ч санахгүй байна гэж худлаа уйлж гуйгаад байсан. Би 2017 оны 12 сарын 30-ны өдөр гэртээ байгаагүй. Аймгийн төвд байсан юм, дараа нь сонсоход Б бас архи уучихаад хутга барьж ална гэж хөөж явсан гэж байсан. Би 2017 оны 04 сарын 06-ны өдөр Б согтуу машинаа унаад эхнэр Гг дайрч ална гээд давхиад байсан тэгэхэд би хонины хашаанд байсан. Б машинаараа гэрээ дайрах шахаад зогссон тэгэхэд манай нөхөр Б очиж машинаас нь арай гэж буулгасан тэгсэн машинаасаа буугаад хонины хашаан дотор байсан Г дээр очсоноо заамдаж аваад цохиж авсан тэгэхээр нь би Сүхээ гэх залууг очиж салгаарай гээд орилоход Сүхээ очиж салгаж авсан. Тэгсэн Б машинаа асааж хонины хашааруугаа ухарч зогсоод хоттой хониноосоо нэг эр хонь ачиж аваад давхиад яваад өгсөн. Намайг харж байхад Гг заамдаж аваад гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. 2017 оны 04 сарын 06-ны өдөр уг явдал болоход миний нөхөр Б, Сүхээ, Б, Г бид нар байсан. Бг архи ууж агсарах болгонд миний болон манай гэр бүл тайван амгалан байж чадахгүй айдастай байдаг болсон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-27 дугаар хуудас/

 

Гэрч Э.Оийн өгсөн:

 

 “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Б ах үхэртээ явчихаад ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд шөнө нь буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны 01 цагийн орчим Улаанбаатар хотоос Б ах, С.Нарантуяа, С.Г эгч нар хамт гэртээ ирсэн. Б ах надтай хамт малын харж байсан С ахад нэг шил архи өгсөн юм тэрийг С ах С.Б ахтай хамт хуваагаад уусан, тэгээд Б ах амарлаа гээд С ах, Б ах бид гурав С.Б ахынд орсон тэгэхэд С.Г эгч тэр хоёрт нэг шил архи өгсөн. Би цай уучихаад удаагүй Б ахынд орж унтах гээд хэвтаж байтал С.Г эгч Б ахынд С.Б зодоод байна гээд ороод ирсэн юм, тэгэхээр нь Б ах манайд унтчих гээд С.Г эгчийг хэвтэх гэж байхад гадаа С.Б ах орилоод хүүхдээ тэвэрчихсэн хүүхэд нь уйлаад байсан. Тэгэхээр нь би С.Г эгчтэй хамт гэрээс гарахад С.Б ах гэрийнхээ гадаа зогсчихоод С.Г эгчийг гэртээ ор гээд орилоод байсан. С.Г эгч бид хоёр хамт гэрлүү нь орсон тэгэхэд С ах тасраад гэрт нь унтаж байсан. Араас С.Б ах орж ирээд одоо унтацгаая гээд хэвтсэнээ С.Г эгчийг тамхи аваад ир гэхээр нь тамхи авч өгтөл шүдэнз өг гэхэд хайгаад олоогүй орондоо хэвтсэн чинь С.Б ах нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгээд би С.Б ахыг дарж тэвтүүлээд унтсаны дараа удалгүй үүр цайсан. Өглөө нь намайг үхрийн баас цэвэрлэж байхад С.Б ах, С.Г эгч зугтаагаад Б ахын гэр лүү гүйгээд орчихсон. Тэгсэн С.Б ах гэрийнхэн гадаа оччихоод гараад ир гээд байж байснаа гэрлүүгээ орчихоод хэсэг байж байгаад нэг мэдэхэд машинаа асаагаад явчихсан байсан. Тэгээд С.Г эгч цагдаад мэдэгдсэн. Тухайн үед С.Г эгчийн биед ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. С.Г эгч толгой өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Яллагдагч С.Бгийн өгсөн: 

 

“...2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө миний эхнэр С.Г Улаанбаатар хотоос манайхтай айл байдаг Б ах, Н эгч хоёртой цагаан идээгээ зарчихаад Архангай аймгийн ,, сумын,,  багийн нутаг Ж,, гэх газарт гэртээ ирсэн. Тэгээд хотоос ирсэн гээд Б ах өөрийнхөө малыг харж байсан С ахад нэг шил архи, нэг сав пиво өгсөнийг бид хоёр хуваагаад уусан. Тэгээд согтчихоод эхнэрээс дахиад архи нэхээд өгөхгүй болохоор нь согтуудаа гэр дотор гараараа нүүр лүү нь хоёр удаа алгадаад авсан. Тэгээд нэг шил архи өгсөнийг нь би уучихаад юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болчихсон байсан миний архи гараагүй босоод гарч малын баас цэвэрлэж байсан хүрзний ишээр баруун талын гар руу нь зөөлхөн цохьсон тэгсэн эхнэр зугтаагаад Б ахын гэрлүү гүйгээд орчихсон, би араас нь гэрт орсон. Тэгээд дотор муу болохоор нь эхнэрийн авчирсан ачаан дотроос гарч ирсэн нэг шил дарс байсныг уучихаад машинаа асаагаад бензин авах гэж Өндөр-Улаан сумын Донгой багийн төв орчихсон байж байхад цагдаа ирж намайг авч явсан. Архи уучихаад согтоод балай юм хийчихсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 77 тоот шинжээч эмч Б.Оын: 

 

С.Ггийн биед баруун чихний дэлбээний урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас  зэрэг болно. 

 

2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Архангай аймгийн И,,сумын ,, багийн “Ж,,” гэх газарт гэртээ С.Б нь эхнэр С.Гд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Шүүгдэгч С.Б нь өөрийн эхнэр С.Гг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч С.Ггийн “...Манай нөхөр С.Б нь архи уух болгондоо чамайг алчихаад би өөрөө шорондоо явна гэж агсараад байдаг юм. Хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө архи ууж намайг цохиж зодсон. Тэрнээс өмнө 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи ууж яваад хамт архи уусан хүнтэйгээ маргалдаж ирчихээд над руу агсараад чамайг ална, гичий минь чи зайлаарай, янхан биз дээ гэж элдвээр хэлээд байсан...” “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө эрт ноолуурын  үеэр архи ууж гэртээ ирчихээд над руу агсарч сандал, хувин саваа шидэж эвлээд намайг хэл амаар доромжилж байснаа машинаа асаагаад явах гэхээр нь би хаачих гэж байгаа юм, согтуу машин унаад яах гэж байгаа гэхэд намайг заамдаж аваад гараараа нүүр лүү нэг удаа цохьчихоод хашаатай хониноос нэг эр хонь ачаад яваад өгсөн....”гэх мэдүүлэг, гэрч Ц.Бы“...С.Б нь архи уух болгондоо агсарч эхнэрээ цохиж зодох гэж араас нь хөөгөөд эхнэр нь манайд ороод ирнэ би тэр үед нь Бг барьж авч олон удаа салгаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б нь хүмүүстэй архи ууж хоносон. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нь намайг үхэртээ явж байхад Г явган миний араас ирж явахаар нь би юу болсонг асуухад Б хутга бариад намайг ална гэж хөөж байснаа Нямаа гэх хүнийг ална гээд явчихлаа гэж байсан. Тэгсэн өглөө эрт эхнэр Г нь манайд Б согтуу машинаа бариад дайрч ална гээд байна гэж орилоод ороод ирэхээр нь би гэрээс гартал Б нь машинаараа гэрийнхээ баруун талын хавтас руу тулаад зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Нийн“...Г манай гэрт орж ирээд Б унтуулахгүй зодож нүдээд, хэвтэхээр элэгдээд байх юм энд унтахаас гээд манайд хэвтээд удаагүй байхад гадаа Ггийн хүүхэд уйлаад байсан чинь Г Оийн хамт гараад явахаар нь нөхөр бид хоёр унтаад өгсөн. Өглөө нь босож байхад Г нь манай гэрт гүйгээд ороод ирсэн араас нь Б хүрз барьчихсан цохиж авсан тэгэхэд гэрийн тотго оносон юм. Тэгээд нөхөр бид хоёр юу болоод байгаа юм гэж Бг загнахад хүрзээ бариад цаашаа яваад өгсөн. Г хэлэхдээ Б намайг хүрзээр гарлуу цохиж авсан, дахиад цохих гээд байхаар нь би зугтаагаад ороод ирлээ гэж хэлсэн. Г дээр очсоноо заамдаж аваад цохиж авсан тэгэхээр нь би Сүхээ гэх залууг очиж салгаарай гээд орилоход Сүхээ очиж салгаж авсан. Намайг харж байхад Гг заамдаж аваад гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Оын “...С.Г эгч Б ахынд С.Б зодоод байна гээд ороод ирсэн юм, тэгэхээр нь Б ах манайд унтчих гээд С.Г эгчийг хэвтэх гэж байхад гадаа С.Б ах орилоод хүүхдээ тэвэрчихсэн хүүхэд нь уйлаад байсан. Тэгэхээр нь би С.Г эгчтэй хамт гэрээс гарахад С.Б ах гэрийнхээ гадаа зогсчихоод С.Г эгчийг гэртээ ор гээд орилоод байсан. С.Г эгч бид хоёр хамт гэрлүү нь орсон тэгэхэд С ах тасраад гэрт нь унтаж байсан. Араас С.Б ах орж ирээд одоо унтацгаая гээд хэвтсэнээ С.Г эгчийг тамхи аваад ир гэхээр нь тамхи авч өгтөл шүдэнз өг гэхэд хайгаад олоогүй орондоо хэвтсэн чинь С.Б ах нүүр лүү нь гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Ггийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 05-ны  өдрийн 77 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч С.Бгийн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч С.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна дүгнэв. 

 

Хохирогч С.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар хэргийн материалтай танилцсан баримтанд дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  хохирогч гомдол саналгүй  нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 344 тоот захирамжаар шүүгдэгч С.Бг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч түүнийг албадан ирүүлээгүй, цагдан хорих байранд хүргэсэн талаар баримт ирээгүй, шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ цагдан хоригдоогүй талаар мэдүүлж байх тул түүнийг цагдан хоригдсон хоноггүй гэж үзэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Сын Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

  

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 П.ГАНДОЛГОР