| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04083/И |
| Дугаар | 192/ШШ2025/06486 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/06486
2025 08 26 192/ШШ2025/06486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ц хотхон, ** тоотод оршин суух Б-ийн М /РД:ОО**9/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, өнөр хороолол, **64 тоотод оршин суух О-ын С /РД:УП*******1/-т холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 119,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.М иь 2024 оны 07-р сарын 26-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу О.С-т Хүний биеийн эд эсийг эрүүлжүүлэх тоног төхөөрөмжийг худалдсан болно. Тоног төхөөрөмжийг гэрээ байгуулснаар худалдан авагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.2.1-д /Тоног төхөөрөмжийг хугацаанд нь бүрэн байдлаар, аливаа доголдолгүй, эвдрэлгүйгээр хүлээж авсан бол нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлөх/ заасны дагуу Худалдан авагч нь Худалдагч тал төлбөрийг 2025 оны 08-р сарын 26-ны өдрөөс хойш төлнө гэсээр өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардахад удахгүй төлнө гэсээр одоог хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй. Гэрээний 2.1-д заасны дагуу тоног төхөөрөмжийн үндсэн төлбөр 90,000,000 төгрөг, гэрээний 6.3-д /Худалдан авагч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувыпай тэнцэх хэмжээний алдангийг тооцон худалдан авагчид төлнө. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй./ гэж заасны дагуу 1 хоногийн алданги 90,000 төгрөг, 232 хоногийн алдангид (2024 оны 08 сарын 26-наас хойш) 20,880,000 төгрөг нийт 110,880,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,350 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024-07-26 ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 90,000,000 төгрөгөөр худалдахаар болсонх энэ нь эрүүл мэндийн нөхөн сэргээх төхөөрөмж бөгөөд 8 дугаар сарын 26-ний өдөр төлбөрөө төлнө гэж амаараа тохирсон юм билээ. Нэхэхээр өгнөө л гээд байдаг, удаа дараа ингэж хэлдэг үйл ажиллагаа сайжрахаар мөнгө өгнөө л гэдэг, ашиглаад л байдаг, тайлбараас нь харахаар доголдолтой гэсэн мөртлөө хэвийн ашиглагддаг гэсэн байна. Одоо тэгээд үндсэн төлбөрөөс гадна 2024-08-26 наас нэг сарын дараанаас 232 хоног /шүүхэд өгөх өдөр хүртэл/ алданги 20,880,000 төгрөг нийт 110,880,000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.
2. Хариуцагч О.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.С нь Б.М-тай спортын нөхөн сэргээх үйлчилгээтэй төхөөрөмж худалдан авах гэрээ хийж авсан. Аваад 1 жил болж байгаа боловч 3-с 5 удаа ашигласан бөгөөд санасан хэмжээнд ажиллахгүй ба хүйтэн хийгээ алддаг мөн үйлчлүүлэгч нар ахиж ордоггүй гомдол ирүүлдэг учир буцаж өгөх хүсэлтэй байна. Учир гэвэл бид мөн адил орчин үеийн төхөөрөмж авч олон нийтэд сэтгэл хангалуун үйлчилгээ хийхийг зорьж байгаа болно. 2025 оны 5 сар орчим буцааж төхөөрөмжөө өгөх хүсэлт хэлсэн болно. Төхөөрөмж анх авсан шигээ ямар ч доголдолгүй байгаа. Хэрэв алданги тооцогдвол графикийн дагуу төлөх хүсэлттэй. /Жич: Эвлэрлийн гэрээ хийхгүй болно / гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024 оны 07-р сарын 26-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу О.С-т Хүний биеийн эд эсийг эрүүлжүүлэх тоног төхөөрөмжийг 90,000,000 төгрөгөөр худалдсан болно. Тоног төхөөрөмжийг гэрээ байгуулснаар худалдан авагчид хүлээлгэн өгсөн. 2025 оны 08-р сарын 26-ны өдрөөс хойш төлнө гэсээр өнөөдрийг хүртэл төлөөгүй байна, 1 хоногийн алданги 90,000 төгрөг, 232 хоногийн алдангид (2024 оны 08 сарын 26-наас хойш) 20,880,000 төгрөг нийт 110,880,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Б.М-тай спортын нөхөн сэргээх үйлчилгээтэй төхөөрөмж худалдан авах гэрээ хийж авсан. Аваад 1 жил болж байгаа боловч 3-с 5 удаа ашигласан бөгөөд санасан хэмжээнд ажиллахгүй ба хүйтэн хийгээ алддаг мөн үйлчлүүлэгч нар ахиж ордоггүй гомдол ирүүлдэг учир буцаж өгөх хүсэлтэй байна. Учир гэвэл бид мөн адил орчин үеийн төхөөрөмж авч олон нийтэд сэтгэл хангалуун үйлчилгээ хийхийг зорьж байгаа болно. 2025 оны 5 сар орчим буцааж төхөөрөмжөө өгөх хүсэлт хэлсэн болно. Төхөөрөмж анх авсан шигээ ямар ч доголдолгүй байгаа гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.М нь О.С-т холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 90,000,000 төгрөг, алданги 20,880,000 төгрөг, нийт 110,880,000 төгрөг төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 2024 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний зорилго, талуудын хүсэл зориг, гэрээний зүйл нь эрүүл мэндийг дэмжих тоног төхөөрөмж байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасны дагуу байгуулсанд тооцох ба Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний төлбөрт худалдан авагч огт төлбөр шилжүүлээгүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тогтоогдоно.
5. Хариуцагч О.С нь эд хөрөнгийн доголдолтой буюу ..өөрийнх нь санасан хэмжээнд ажилладаггүй, хүйтэн хийгээ алддаг, үйлчлүүлэгч нар гомдол их ирүүлдэг...гэх шалтгаанаар тоног төхөөрөмжийг худалдагч талд буцаах сонирхолтой гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй.
Худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл болохын хувьд гэрээний зүйл болох хөрөнгө нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байх ёстой. Гэрээний зүйл нь чанарын хувьд шаардлага хангасан тохиолдолд биет байдлын доголдолгүй гэж тооцогдох ба энэ нь гэрээний зүйлийг тодорхойлох хамгийн гол шинжийн нэг юм. Тодруулбал худалдагч гэрээнд заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлснээр худалдан авагч талаас үнийг шаардах эрх үүснэ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан ба талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд тоног төхөөрөмжийн чанарын талаар заагаагүй тул мөн хуулийн 251.2-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой бол эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Улмаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний зүйл болох тоног төхөөрөмж нь зохих ёсоор ажилладаггүй, хүйтэн хий алддаг гэх биет байдлын доголдолтой байсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг тус тус заасан.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрг болох 90,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч нь алданги 20,880,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6.3 дахь заалтаар тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол ...0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэж байх боловч тухайн гэрээнд төлбөр төлөх хугацааг тогтоогоогүй байна. Тодруулбал төлбөр төлөх эцсийн хугацааг гэрээгээр тохиролцоогүй байх тул ямар хугацаанаас эхлэн хариуцагчид төлбөрийг төлөх үүрэг үүссэн нь ойлгомжгүй. Уг шалтгаанаар шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 20,880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.С-аас 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,880,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 607,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.С-аас 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,880,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 607,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ