| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0060/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: Б.М
Шүүгдэгч:Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тийн Б холбогдох 1712000440069 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ,,настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кино техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,,оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Т-ийн Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Хөөврийн гүүр” гэх газар засмал зам дээр 53-65 УБТ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-А-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, иргэн Д.Дийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1712000440069 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Ч.Агийн өгсөн:
“...2017 оны 07 сарын 13-ны өдөр манай ээж Д, Б ах, Б, З нар хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сум руу амрахаар явсан. Тэгээд 2017.07.16-ны өдөр 14:30 цагийн үед ээж рүүгээ утсаар залгахад Улаанбаатар хот руу явж байна ээж нь замдаа хоол идвэл идчихээд орой тийшээ хот руу ороод залгая гэж хэлсэн. Тэрнээс хойш 17:00 цагийн үед Б ах над руу залгаад хот руу явж байгаад машин уначихлаа Д эгч ухаангүй байгаад байна гэж хэлэхээр нь Улаанбаатар хотоос Өвөрхангайн Хархорин сумын эмнэлэг дээр очиход манай ээж нас барчихсан байсан. Харин бусад хүмүүс нь хөнгөн бэртэлтэй ерөнхийдөө гайгүй байсан. Б ахын хэлснээр автомашин онхолдоход манай ээж болон Б ахын охин Б нар автомашины цонхоор шидэгдсэн гэсэн. Манай ээж Дын нэр дээр бүртгэлтэй ээжийн эзэмшлийн автомашин байсан. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Мандал даатгалын газраас хүмүүс очиж үнэлгээг гаргаж өгсөн байгаа. Уг үнэлгээг авч цагдаагийн байгууллагад Б ахаар хүргүүлье. Манай ээжтэй 17-18 жил хамт амьдарсан болохоор бидний зүгээс Б ахаас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Гэхдээ хамгийн том цээрлэл бол уучлалт шүү дээ. Тэгэхээр Б ах үлдсэн амьдарлынхаа туршид ээжийн минь хойноос буян хийж амьдраарай гэж хүсмээр байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
* Хохирогч Ч.Агийн дахин өгсөн:
“...Тухайн үед юу болсон талаар асуухад бид нар машинтай явж байгаад осол гараад машинтайгаа онхолдсон тэр үед машиныг Т.Б ах жолоодож явсан гэж ярьж байсан. Тухайн үед Т.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэж байсан. Надад дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би дүгнэлттэй санал нийлж байсан. Талийгаач ээж Д Т.Б ахтай хамтран амьдраад 18-19 жил болж байгаа юм. Хамт амьдарч байх үедээ худалдаж авч байсан машин байгаа юм. Уг автомашин миний талийгаач ээжийн нэр дээр талийгаачийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Би талийгаач Дийн хамгийн том охин нь байгаа юм. Надад уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би Т.Б гэх хүнд анхаасаа л гомдолгүй гэж мэдүүлж байсан. 53-65 УБТ улсын дугаартай Ланд 100 маркийн авто машин өөр дээр нь байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/
*Иргэний нэхэмжлэгч Б.Бы өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс Ландкрузер 100 маркийн автомашинаар Улаанбаатар хот руу явж байгаад 15:00 цагийн үед Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байхад автомашин онхолдсон. Тухайн үед автомашинд сууж явсан хүмүүсийн ихэнхи нь унтаж байсан ба би ч гэсэн унтаад явж байхад гэнэт машин гулзайгаад явчихаар нь “хүүе Б ах” гэж хэлэхийн завдалгүй машин онхолдоод эргэлдэж байхыг санаж байна. Тэгээд хэсэг шокийн байдалд ороод сэргэхэд манай охин Б болон талийгаач Д нар автомашины цонхоор шидэгдэж 2 өөр газар унчихсан байдалтай байсан ба миний охин Бгийн зүүн хөлний тавхайны савхан яс цуурч нүүр баруун хөл зулгаралтай байсан. Харин Д эгчийн толгойны баруун хэсгээс их хэмжээний цус гарчихсан хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Бусад хүмүүс нь автомашин дотор байсан болохоор ерөнхийдөө гэмтэл шарх гайгүй бйасан. Манай талийгаач эгчтэй хамт амьдардаг Т.Б ах жолоодож явсан. Т.Б ах согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Автомашин юунаас болж онхолдсон гэдгийг мэдэхгүй байна. Би тухайн үед унтаж байсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
* Гэрч Е.Дын өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Архангай аймгаас Улаанбаатар хот руу Т.Б ахын машинтай өөрийнхөө хамаатан садангийн хүмүүстэй явж байгаад Архангай аймгийн Хашаат сумыг дайрдаг засмал зам дээр осолд орсон. Тухайн осол болох үед би тухайн машины арын суудалд суугаад унтаж явсан юм. Ер нь тухайн үед осол болох үед жолоочоос бусад хүмүүс бас унтаж л явж байсан болохоор тухайн осол хэрхэн болсон талаар мэдэхгүй байна. Намайг сэрэх үед машин замын хажууд гараад зогссон миний хажууд манай ээжийн шанаанаас нь цус гарсан байсан тэгээд би машины хаалга онгойлгоод гарсан тэрнээс бусад зүйлсийн талаар сайн санахгүй байна. Тухайн машинд нийтдээ 9 хүн зорчиж явсан ба машиныг жолооч Т.Б гэх хүн жолоодсон, жолоочийн хажуу талын суудалд Б, арын суудалд Ч, Д, З, Д гэсэн хүмүүс явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би Б гэх хүний цайны газарт зуныхаа амралтаар ажилладаг ажилтан нь байгаа юм. Тухайн үед би унтаж явсан болохоор яг ямархуу байдалтай осол болсоныг мэдэхгүй байна. Баруун талын мөр өвдөж байгаа тэгээд зурагаа авахуулсан байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/
* Гэрч М.Згийн өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу Б гэх хүний машинтай явж байсан тэгээд би хэсэг хугацаанд унтаж байсан тэгсэн гэнэт хүн орилолдоод сэрэхэд машин засмал зам дээр хоёр тийшээ дайвалзаад замын хажууруу бүтэн хөрвөөгөөд газарт унасан тэгээд л шүүх цагдаа болсон. Т.Б гэх хүнийг таньдаг би тэдний ажилтан нь байгаа юм. Намайг яг сэрэх үед бол замынхаа урд талын урсгалаар явж байсан урд талаас нь машин ирж байхыг би анзаараагүй. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба Т.Б ах жолоодож явсан. Би унтаж явсан болохоор яг ямар хурдтай явсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. 2 хүүхэд, 7 том хүн зорчиж явсан ба осол болох үед жолоочоос бусад нь унтаж байсан. Толгой л жаахан өвдөж байна тэрнээс биш ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас
* Гэрч Ц.Чын өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Т.Б гэх хүний машинтай явж байсан. Тэгээд би Хархорин сум өнгөрөөд жаахан үүрэглэсэн байсан. Тэгсэн гэнэт хүмүүс орилоод эхлэхэд намайг сэрэхэд машин хоёр удаа дайвалзаад засмал зам дээр хоёр удаа хөрвөөгөөд 3 дах удаа хөрвөөх үедээ дугуй дээрээ буусан. Намайг сэрэх үед Т.Б ах машинаа жолоодоод зам голлоод явж байсан чинь Улаанбаатар чиглэлээс буюу бид нарын урдаас машин ирж байсан тэгсэн Т.Б ах машиныхаа жолоог баруун гар тийш нь дарахад машин дайвалзсан тэгсэн буцаагаад зүүн гар тийш нь жолоогоо мушигхад зам дээр машин хөрвөөсөн. Тухайн үед би сайн анзаараагүй их л удаан явж байсан гэхдээ ер нь Т.Б ах 80 км цагаас дээш хурдтай явахгүй байсан. Ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан машиныг Т.Б гэх хүн жолоодож явсан. Манай эгчийн ажлын дарга тэгээд л нэг нэгнийгээ жилийн өмнөөс таньдаг болсон. Замынхаа урд талын урсгалаар явж байсан гэхдээ машины зүүн талын дугуй ард талын урсгалд явж байсан. Ямар нэгэн хүнд гэхээр зүйл бол учраагүй. Хөнгөн зэргийн гэмтэл л учирсан бол учирсан байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас
* Б.Бы өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явцгааж байсан юм. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудалд сууж яваад хэсэг зүүрмэглэсэн юм. Тэгсэн машин огцом нэг хөдөлгөөн хийгээд би сэрээд хөөе Боо ах гэхэд машин замын хажуу руу гарсан тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан. Т.Б ах манай хүргэн ах байгаа юм. Осол болох үед би зүүрмэглээд сэрсэн байсан болохоор зарим зүйлсийг санахгүй байна. Миний санаж байгаагаар сэрээд Боо ахыг дуудсан тэгээд машин онхолдсон байсан. Т.Б ах машин барьж явсан ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Т.Б ах, талийгаач эгч, талийгаач эгчийн ах, манай охин, Т.Б ахын зээ, тэгээд ээж, охин хоёр, тэр хоёрын хамаатны нэг залуу байсан. Талийгаач манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Манай охин мэдүүлэг өгөх боломжгүй одоо бие сайнгүй байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас
*Архангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Ц.Бийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэнд:.
“...Жолооч Т.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, зогсоох арга хэмжээ аваагүй байна. Жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар компьютерээс жолоочийн лавлагаа авахад жолооч Т.Б “B” ангиллын 861055 дугаарын үнэмлэхтэй байна. Осол болсон зам нь асфальт зам, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байв. Замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн зүйл илрээгүй...гэжээ . /хх-ийн 45 дугаар хуудас/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай дүгнэлтэнд:
“..Талийгаач Д.Дын цогцост, шүүх эмнэлгийн шинжилгээгээр, гавал тархины болон цээжний хөндийн битүү хүнд хавсарсан гэмтлийн шинжүүд болон оношны 2-р тусгагдсан түүний хүндрэлүүд, 3.Б-д тусгагдсан архаг хууч өвчин, 3.А-д тусгагдсан авто ослын улмаас үүссэн биеийн гадаргуугийн гэмтлүүд тогтоогдсон. Оношны 1, 3.А-д тусгагдсан гэмтлүүд нь бүгд шинэ бөгөөд мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх, дарах, дарагдах, олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Д.Д нь гавал тархины амьдрах боломжгүй ил хүнд гэмтлүүд, цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд, тэдгээрийн хүндрэлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр зүрхний булчингийн архаг эмгэгшил, зүрхний булчин зузаарал, нойр булчирхайн өөхлөлт, элэгний хатуурал, ходоодны архаг хатингаршилт үрэвсэл, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл өвчтэй байна. Эдгээр өвчнүүд нь үхэлтэй шууд шалтгаант холбоогүй байна. Амь хохирогч Д.Д нь Цоликлон системээр 4-р бүлгийн цустай байна. Амь хохирогч Д.Дын цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна...” гэжээ. /хх-ийн 53 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 317 дугаартай дүгнэлтэнд:
“...Б.Бгийн биед, зүүн хөлийн тавхайн савх ясны хугарал, тархи доргилт, нүүр ба зүүн бугалганы зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 3-р шатлалын эмнэлэгт дахин онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэжээ. /хх-ийн 62 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 320 дугаартай дүгнэлтэнд:
“...Е.Дын биед, тархи доргилт, бүх биеийн доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт дахин онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана ...” гэжээ. /хх-ийн 66 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 319 дугаартай дүгнэлтэнд:
“...Т.Бын биед, бүсэлхийн 4-р нугаламын их биеийн хавчигдсан хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, шахагдах үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 3-р шатлалын эмнэлэгт дахин онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана ...” гэжээ. /хх-ийн 70 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 318 дугаартай дүгнэлтэнд:
“...Ц.Чын биед, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт дахин онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана ...” гэжээ. /хх-ийн 75 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэнд:
“...Т.Бын гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Т.Бын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...” гэжээ. /хх-ийн 90-91 дүгээр тал/
* Яллагдагч Т.Бын өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Тухайн үед 53-65 УБТ улсын дугаартай Ланд-100 маркийн автомашиныг би өөрөө жолоодож явсан юм. Тэр үед машинд явж байсан бүх хүмүүс унтсан байсан тэрүүхэн тэр үед би ч гэсэн хэсэг зүүрмэглэх шиг болсон гэтэл эсрэг урсгалруу орчихсон явж байхаар нь гэнэт сэрээд энэ чинь юу билээ гэж бодоод сандраад баруун тийшээ рүлээ огцом дарсан тэгсэн машин шарвасан тэгээд л нэг сэрэхэд машин замын хажуу талын жалга руу унаад 4 дугуй нь дээрээр буучихсан байсан би тэр үед машины хаалгыг түлхэж онгойлгоод хамт явсан хүмүүсээ яасан бол гэж эргэж тойрч харсан тэгсэн манай эхнэр машинаас шидэгдээд гадаа газар хэвтэж байсан бусад хүмүүс нь машин дотор байсан би тэр үед талийгаач дээр гүйж очоод буцаж ирээд машинд байсан хүмүүсээ гаргасан тэгээд цагдаа эмнэлэг дуудах гэтэл тэр газар сүлжээ байгаагүй замын гадаад хүмүүстэй таараад орчуулагчийнх нь утсаар цагдаа руу ярьж дуудлага өгсөн. Тухайн үед талийгаач нас барсан байх шиг байсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд ирсэн тэгээд хөдөө 3 хоноод 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотруу буцаж байсан. Миний хувьд ямар нэгэн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан зүйл огт байгаагүй. Тэр үед гадаа бүгчим халуун байсан машинд байсан хүмүүс бүгд унтсан байсан тэр үед миний нойр хүрээд хэсэг зүүрмэглэсэн байх нэг сэрэхэд эсрэг урсгалд орчихсон явж байсан тэгэхээр нь л би энэ чинь юу билээ гэж бодоод л машиныхаа рулийг баруун гар тийш нь огцом дараад л тэгээд машин шарваад унчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр тал/
*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/
*Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар тал/
*Хэргийн газрын схех зураг /хх-ийн 10 дугаар тал/
*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/
*Гэрэл зургий үзүүлэлт /хх-ийн 54-58 дугаар тал/
*Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7-р багийн засаг даргын тодорхойлолт/ хх-ийн 105 дугаар тал/
*Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт/ хх-ийн 106 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/107-108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т.Б нь Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Хөөврийн гүүр” гэх газар засмал зам дээр зам тээврийн осол гаргаж Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, иргэн Д.Дийн амь насыг хохироосон гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Бгийн биед хүндэвтэр хохирол учруулж, хохирогч Д.Дийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ч.Агийн“...Б ах над руу залгаад хот руу явж байгаад машин уначихлаа Д эгч ухаангүй байгаад байна гэж хэлэхээр нь Улаанбаатар хотоос Өвөрхангайн Хархорин сумын эмнэлэг дээр очиход манай ээж нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Бы”... Тухайн үед автомашинд сууж явсан хүмүүсийн ихэнхи нь унтаж байсан ба би ч гэсэн унтаад явж байхад гэнэт машин гулзайгаад явчихаар нь “хүүе Б ах” гэж хэлэхийн завдалгүй машин онхолдоод эргэлдэж байхыг санаж байна. Тэгээд хэсэг шокийн байдалд ороод сэргхэд манай охин Б болон талийгаач Д нар автомашины цонхоор шидэгдэж 2 өөр газар унчихсан байдалтай байсан ба миний охин Бгийн зүүн хөлний тавхайны савхан яс цуурч нүүр баруун хөл зулгаралтай байсан. Харин Д эгчийн толгойны баруун хэсгээс их хэмжээний цус гарчихсан хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Е.Дын”... Тухайн осол болох үед би тухайн машины арын суудалд суугаад унтаж явсан юм. Ер нь тухайн үед осол болох үед жолоочоос бусад хүмүүс бас унтаж л явж байсан болохоор тухайн осол хэрхэн болсон талаар мэдэхгүй байна. Намайг сэрэх үед машин замын хажууд гараад зогссон миний миний хажууд манай ээжийн шанаанаас нь цус гарсан байсан тэгээд би машины хаалга онгойлгоод гарсан тэрнээс бусад зүйлсийн талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч М.Згийн”... 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу Б гэх хүний машинтай явж байсан тэгээд би хэсэг хугацаанд унтаж байсан тэгсэн гэнэт хүн орилолдоод сэрэхэд машин засмал зам дээр хоёр тийшээ дайвалзаад замын хажууруу бүтэн хөрвөөгөөд газарт унасан тэгээд л шүүх цагдаа болсон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чын”... Тэгээд би Хархорин сум өнгөрөөд жаахан үүрэглэсэн байсан. Тэгсэн гэнэт хүмүүс орилоод эхлэхэд намайг сэрэхэд машин хоёр удаа дайвалзаад засмал зам дээр хоёр удаа хөрвөөгөөд 3 дах удаа хөрвөөх үедээ дугуй дээрээ буусан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Дийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 86 тоот дүгнэлт, Б.Бгийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 317 тоот дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тийн Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР