Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 71/2024/0351/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      09          03                                          2024/ШЦТ/375

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У,

улсын яллагч Т.Т,

гэрч Д.М, Б.Ө,

хохирогч Ш.О,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Г.Н-т холбогдох эрүүгийн 2325000000666 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Г.Н

Шүүгдэгч Г.Н нь;

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Онцгой байдлын газрын 304 тоот ажлын өрөөндөө хохирогч Ш.О-ын “...та өөрийнхөө ажлын хий, би өөрийнхөө үндсэн ажлыг хиймээр байна.” гэсэнд дургүйцэж “...би чамд энэ үүрэг даалгавар өгсөн, чи намайг үл тоомсорлолоо” гэж маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж,

түүний эрүүл мэндэд “...хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Н “...ийм хэрэг явдал болоод өнөөдөр энэ танхимд зогсож байгаадаа ичиж байна, бас нэг зүйлээс санаа зовож байна. Ер нь цэргийн дүрэмдээ захирагч, даргаас өгсөн үүрэг даалгавар нь хуульд нийцээгүй бол тухайн албан хаагч биелүүлэхгүй байх, тавьсан хууль ёсны шаардлагыг цэргийн албан хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй, хэн, ямар ажил хийх вэ гэдгийг Онцгой байдлын газрын даргын тушаалаар баталгаажуулаад өгсөн, Ш.О угаасаа энэ ажлыг хийх ёстой байсан. Газрын даргын тушаалаар баталгаажуулж, энэ ажлыг ийм албан тушаалтан хийнэ гээд өгсөн ажлыг “энэ чинь чиний хийх ёстой ажил, өөрөө энэ ажлаа хий” гэж над руу энэ ажлыг өгсөн, “нэгэнт хариуцаад хийгээд явж байгаагийн хувьд хийгээд дуусгачих, энэ үүргийг таньд өгье” гэсэн чинь “үүрэг өгчихье гэх шиг, хурган дарга царайлчихаад хэн бэ” гээд өрөөнд орж ирчихээд цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахихгүй, дүрмийн бус үйлдэл гаргаж намайг хэл үгээр доромжилж эхэлсэн. Ер нь бол зөвхөн энэ удаа биш, өмнө нь үүрэг даалгавар өгөөд ажил танилцуулаад явж байхад эсэргүүцсэн, сөрсөн, намайг энэ албан тушаалд томилогдсоноос хойш ажлыг маань дэмжихгүй, эсэргүүцсэн байдалтай оролцдог байсан, нэг бус удаагийн ийм үйлдэлтэй. Тухайн үед би Ш.О-д “миний хийх ёстой ажил байсан байж болно, гэхдээ та наад ажлаа хийгээд дуусгачих, би танд үүрэг өгье” гэсэн, гэтэл эсэргүүцэж дүрмийн бус харьцаа гаргаж, намайг хэл үгээр  доромжилж эхэлсэн, би тухайн үйлдлийг нь тоохгүй өнгөрсөн. Ингээд үг хэлээр доромжлоод байхаар нь чанга дуугаар “чи ер нь юу гээд байгаа юм” гээд уурлангуй, зандрангуй байдлаар босож ирж бид хоёр барилцаж авсан, барилцаж аваад ноцолдож байх явцад намайг хоёр гараараа тэвэрч боосон, үг хэлэх боломжгүй, дуу хоолой гарах боломжгүй боолт ороод ирэхээр нь салгахын тулд баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохисон. Намайг өрөөний буланд шахсан, хөл, гараараа ороож унагаах үйлдэл хийж, бид хоёр харилцан зодолдсон, ямар ч байсан би хохирогчийн зүүн шанаанд нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байгаа, боолт ороод амьсгалахад хэцүү болсон учраас цохиж салгасан, маш богино хугацаанд ийм процесс болсон. Ш.О-ын хувьд тухайн өдөр ёс журмын эргүүл байсан, Орхон аймгийн Онцгой байдлын газар нь хойд бүсийн 7 аймаг хариуцсан төв нь байдаг, тухайн ёс журмын эргүүл нь хоногийн рапорт мэдээг өглөө анги байгууллагын захирагч нарт танилцуулж, албан хаагч нарын ёс зүйн байдалд хяналт тавьж, бүс нутгийн хэмжээнд болсон бүх мэдээллүүдийг танилцуулж ажиллах үүрэгтэй. Өглөө тосож авч илтгэл, рапорт өгөх ёстой байдаг, энэ процесс явагдаагүй, араас ирсэн, өглөөний нэгдэлт дээр ирсэн зогсож байсан. Ингээд цагийн юм цагтаа явагдаагүй тал дээр нь би ахлах офицер хүний хувьд “та ийм үйлдэл гаргаж болохгүй, бусад албан хаагч чинь таныг харж байгаа, үлгэр жишээ байх ёстой хүн ингээд явж болохгүй” гэдгийг нь хэлсэн, тэгэхэд “би ажилтай байна, хүүхэд хүргэж өгөөд амжсангүй” гэж хэлсэн, үүнийгээ урьдчилаад утсаар хэлээд тайлбарлаж болох байсан, хэлээгүй таг чиг байж байгаад араас орж ирсэн, энэ болгон дээр нь би дүрмийн шаардлагуудыг тавьж ажилласан.” гэв.

хохирогч Ш.О “...Нэгдүгээрт, болсон процессийн талаар шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход үйл явдлын дарааллыг алдагдуулж ярьж байна, мөн худал үйлдлүүдийг ярьж байна. Жишээлбэл, “хурган дарга царайлаад” гэж үг хэлээр доромжилсон гэж байна, би тухайн өдөр хойд бүсийн 7 аймгийг хариуцаад ерөнхий эргүүл хийсэн, эргүүл хийгээд өглөө нь рапорт танилцуулдаг, танилцуулахдаа заавал гадна тосож авч, цэргийн дүрэмд заасны дагуу илтгэл өгсний дараа өрөөнд нь орж танилцуулдаг. Тухайн өдөр 11 дүгээр сарын 13-ны өдөр байсан байх, тэр үед сургуулийн хүүхдүүдийн өвлийн амралт дуусаад хичээл орж эхэлсэн өдөр байж таарсан, амралттай үед бол зам чөлөөтэй байсан учраас цагтаа амжаад байдаг байсан. Тухайн өдөр хүүхдээ хүргэж өгөөд явахад замын ачаалал нэмэгдсэнээс болоод цагаа буруу тооцоолж гараад орлогч даргыг гадаа тосож авч илтгэл өгөхөд араас нь ирсэн учраас хоцорсон, бид нар яг 8 цаг гэхэд коридортоо жагсаж цагаа бүртгүүлдэг байгаа, би 8 цагтаа зогсоод бүртгүүлсэн. Тэр жагсаал дээр гадаа илтгэл өгсөнгүй гэдэг байдлаар дарга жагсаалын өмнө зэмлэсэн, энэ зэмлэлийг би тухайн үед миний буруу, дүрмийнхээ дагуу яваагүй учраас зэмлүүлэх нь ойлгомжтой гэж бодоод чимээгүй байсан, “хариу өгсөнгүй”, “чимээгүй байлаа”, “үл тоомсорлож байна” гэдэг байдлаар над руу жагсаалын өмнө уурласан, үүнийг тухайн жагсаалд зогсож байсан хүмүүс нотлох байх. Ингээд үүрэг чиглэлүүдээ аваад жагсаал тарсны дараа би өрөөнд нь орж тухайн өдрийнхөө рапорт илтгэлийг уншиж, өөрийнхөө хоцорсон шалтгаанаа танилцуулсан. Өнөөдөр ийм байдал үүсчихлээ “хүүхэд хүргэж өгөөд сургууль ороод замын ачааллыг тооцоолохгүйгээр таны ард хоцроод ирлээ, гэхдээ ажлын цагаасаа хоцроогүй, таныг байхгүй хугацаанд би ажлыг чинь алдуулаагүй хийж ирсэн, ийм учраас та иймэрхүү зүйл дээр уян хатан хандаж өгөөч” гэхэд “чи бол манлайлагч хүн, офицер хүн байж ийм байдал үзүүллээ” гэж намайг загнаж зэмлэсэн. Үүнээс болж маргаан үүсэж эхэлсэн, тэгээд зэмлэхэд нь би “та ийм зүйл дээр уян хатан хандаж чадахгүй бол өөр, өөрийнхөө ажлыг хийе” гэдэг зүйлийг хэлсэн, тэгэхэд шууд ширээнийхээ ардаас босож ирээд “би чамайг хий гэж үүрэг өгч байна” гээд нүүрэн тус газар цохиход нь би өөрийн биеэ хамгаалах гэж хоёр гарыг нь барьж, хоёулаа ноцолдож зууралдаад, хана руу шахаад зогссон. Тэрнээс биш өрөөнд нь ороод ямар нэгэн байдлаар рапортоо танилцуулж байгаа хүн даргыгаа хэл үгээр доромжлох нөхцөл бүрдэхгүй, “ажил, ажлаа хийе” гэж хэлснээс болж уурлаж, цохиж авахаар нь зөрүүлээд хана руу шахаад зогссон. Энэ үед “п***а, чи ингэлээ, тэглээ” гэсэн чанга, чанга дуунууд гарсан, гэхдээ би даргыгаа “хурган дарга” гэдэг байдлаар яриагүй. Даргыг үл тоомсорлосон гэдэг байдлаар түрүүн тайлбарлаж байна, өөрт нь тэгэж ажиглагддаг байж магадгүй, яагаад гэвэл энэ хүн орлогч даргын ажлыг авахаас өмнө холбооны мэргэжилтэн байхад нь би төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн байсан, ковидын үед ажиллаж байхдаа би ахлах нь байсан учраас энэ хүнд үүрэг чиглэл өгч ажилладаг байсан. Энэ хүнийг даргаар томилогдох үед би өөрт нь ганцаарчилж хэлж байсан, “таныг дарга гэдэг албан тушаалд томилогдож байгаад баяр хүргэе, та энэ ажлыг хийж байгаагүй учраас мэдэхгүй, чадахгүй зүйлүүд гарч ирнэ, энэ дээр чинь би тусалж, дэмжиж ажиллана. Ер нь бол та энэ, энэ чиг үүргийн ажлуудыг хариуцаж хийх ёстой шүү” гэж хэлж байсан. Энэ хүнийг томилогдохоос өмнө манай орлогч дарга тэтгэвэртээ суусан учраас би 8 сарын хугацаанд орлогч даргын үүргийг давхар гүйцэтгээд явж байсан, тэгэхээр би өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлийг ингэж, ингэж хийж, “таныг ажилдаа зүгширтэл ажлыг чинь зааж, сургаж өгөөд явна шүү” гэж хэлж байсан, ингээд ажлыг нь хийж, зааж өгөөд яваад байсан байдал маань сүүлдээ энэ хүнийг үл тоомсорлосон гэдэг сэжүүр өөрт нь төрсөн байж магадгүй. Энэ хэрэг явдал гарахаас өмнө энэ хүнтэй ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, тухайн өдрийн уур, эмоцоор энэ хүн надад хандаж ийм зүйл болсон, ер нь бол адилхан нэг газар ажиллаад, амьдрал ахуйгаа залгуулаад явж байгаагийн хувьд энэ хүнд гомдол гаргая гэж бодоогүй. Тухайн үед намайг цохисон нь үнэн, тийм учраас “эмчилгээнд тодорхой хэмжээний зардал гарна, үүнийг хоёулаа тохирч шийдвэрлэе” гээд, эхэндээ би эмнэлэгт үзүүлээгүй байхад маргааш нь “цагдаагаас өргөдлөө аваач” гэж гэрт ирсэн, би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй байсан учраас эхлээд эмнэлэгт үзүүлээд гэмтлээ тогтоолгоно” гээд энэ хүнтэй ямар нэгэн байдлаар харилцаагүй. Тэгээд нарийн шинжилгээ өгч үзүүлээгүй байхдаа нөгөөдөр нь хамт ажиллаж байсан гэдгээр өрөвдөөд орой нь яриад дуудсан, “таны саналыг хүлээж аваад хоёулаа тохирьё, миний холбогдох зардлыг хариуцаад би цагдаагаас худал мэдүүлэг өгсөн гэдгээр өргөдлөө авъя, би өөрөө шийтгүүлэх юм шиг байна билээ” гэсэн. Тэгэхэд “чиний зардал чинь хэр болох юм” гэхэд нь “би одоогоор гүйцэт үзүүлээгүй байна, компьютер оношилгоо хийлгэсэн, эхний ээлжинд рентгэн зураг авахуулаад олигтой юм харагдахгүй байсан, компьютер оношилгоо хийлгэсэн, ер нь бол ил харагдаж байгаа нь нүүрэндээ оёдол тавиулсан, хамар хавдсан байгаа” гэдгээ илэрхийлэхэд “манай хадам аав өвчтэй зовлонтой байгаа учраас надад санхүүгийн боломж маш тааруу байгаа, би чиний энэ гэмтлийг 1.000.000 төгрөгөөс илүү хохирол гарахгүй гэж үзэж байна, 1.000.000 төгрөг өгвөл өгнө, тэрнээс илүүг нэхэх юм бол өгч чадахгүй” гэсэн, “эхний ээлжинд компьютер оношилгоо хийлгэхэд 300.000-400.000 төгрөгөөр хийлгэж байна, дахиад эмчилгээ хийлгэхэд 1.000.000 төгрөг яваад өгнө, дээрээс нь би өвчтэй байсан хугацааны цалин орлого гээд эдгээр зүйлүүдийг бодож тооцоолоод надад 3.000.000 төгрөг өгөөч” гэж яриад тохиролцоонд хүрээгүй. Тэгэхээр нь би “та 1.000.000 төгрөгөөс илүүг өгч чадахгүй гэж байгаа бол хоёулаа хууль, шүүхээр шийдвэрлүүлье” гээд ийм байр суурьт хүрсэн, тэрнээс хойш энэ хүн намайг “эмчилгээ нь яаж байна, эсхүл хохирлоо барагдуулъя, одоо хэд болж байна, хоёулаа тохиролцьё” гэдэг байдлаар надтай харилцаагүй, ядаж “чи дансаа өгөөч ээ, данс руу чинь мөнгө шилжүүлье” гэдэг байдлаар асуугаагүй байж “дансаа өгөөгүй учраас” ингэсэн гэдэг зүйл яриад байх юм. Энэ байдлуудыг сонсоод худлаа ярьж байгаад нь харамсаж байна, хохирлыг маань барагдуулах юм бол энэ хүнд заавал ял шийтгүүлээд, ажил төрөлгүй болгох сонирхол надад байхгүй, би энэ хүний ажил, төрлийг хийлгүүлэхгүй байх гэдэг юм уу, ажлаа хийхэд нь ямар нэгэн байдлаар саад учруулж, энэ хүнийг үл тоомсорлож яваагүй, хойшдоо ч явахгүй гэж бодож байгаа. Хоёулаа нэг газар ажилладаг хүмүүс аль эрт тохиролцоод хоорондоо яриад шийдвэрлэх ёстой байсан зүйлийг ийм их цаг хугацаа, сэтгэлзүй, ажил алба, нэр хүндэд оруулж байгаад харамсаж байна. Хохирлын тухайд гарсан зардал, эмчилгээний төлбөрүүдийг нэхэмжилж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Ш.О-ын “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08.00 цагт ажил дээрээ ирсэн, ёс журмын эргүүлийн хоногийн мэдээг орлогч дарга Г.Н-т 08.20 цагийн орчим 304 тоот өрөөнд нь орж танилцуулсан. ... хоногийн мэдээ танилцуулж дуусчихаад орлогч дарга бид хоёр дээд газраас өгөгдөж байгаа үүргийн биелэлтийг гаргах тал дээр би орлогч даргатай муудалцаж, “та өөрийнхөө ажлыг хий, би өөрийнхөө ажлыг хийе” гэж хэлэхэд орлогч дарга Г.Н “би чамайг энэ ажлыг хий гэж үүрэг өгч байна” гэсэн. Тэгэхээр нь би “таныг сургуульд сурч байх хоёр сарын хугацаанд таны ажлыг алдуулахгуй хийж ирсэн, одоо би өөрийнхөө үндсэн ажлыг хиймээр байна” гэж хэлэхэд орлогч дарга Г.Н “чи намайг үл тоомсорлолоо” гэж хэлээд миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохисон, би хоёр гарыг нь давхар ороож тэвэрсэн тэгэхэд орлогч дарга Г.Н намайг дахиж цохих гэж байхаар нь хойш нь хана руу түлхэж хананд налаад байж байхад гаднаас мэргэжилтэн Өлзийсайхан, М нар орж ирээд орлогч дарга бид хоёрыг салгаж, намайг өрөөнөөс нь гаргасан. ...Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй, сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйлээ хэрэгт хавсаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 54 дэх тал/,

гэрч Д.М-ы “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08.30 цагаас 09.00 цагийн хооронд...өөрийнхөө 312 тоот өрөөнд ажлаа хийгээд сууж байхад орлогч даргын өрөөнөөс “п***а минь” гэж орилоод газар дэвсээд байгаа юм шиг чимээ гараад байсан, би ганцаараа орлогч дарга Г.Н-ын өрөө рүү гүйгээд ороход орлогч дарга Г.Н, мэргэжилтэн О хоёр зууралдчихсан хаалганы хажуу талын буланд Ныг шахчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгаад “боль” гэж хэлээд О-ыг орлогч дарга Г.Н-ын өрөөнөөс гаргасан, намайг өрөөнд нь ороход хоорондоо барьцалдаад зогсож байсан болохоор салгах гээд Н болон О хоёрын нүүр, амыг анзаарч хараагүй. О-ыг гаргачихаад орлогч дарга Н-ын нүүрийг харахад бага зэрэг улайчихсан харагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

гэрч Б.Ө-ын “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр...өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад орлогч дарга Г.Н-ын өрөөнөөс хүмүүс чангаар “одоо боль” гэх чимээ гараад байсан, би “юу болоод байгаа юм бол” гэж бодоод орлогч дарга Н-ын өрөөнд ороход манай ажлын М, О-ыг тэвэрч цээж хэсэг рүү нь түлхэж, хананд шахсан байсан. ...Би М, О хоёрыг орлогч дарга Н-ын өрөөнөөс “одоо боль” гэж хэлээд гаргасан.  ...Ш.О-ын зүүн талын шанаа хэсэг бага хэмжээний цус болсон харагдсан, тэр үед манай байгууллагын эмч С ирж О-ын хацрыг харчихаад цэвэрлэж, шархны лент нааж явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

гэрч Ц.Ц-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө О гэх хүн рентген зураг авахуулахаар ирсэн. ...толгойн рентген зураг, хамар ясны зураг авахуулсан, тухайн зургийг уншихад...хамранд илэрхий хугарал харагдахгүй байсан тул О-ын амбулаторийн картанд “хамарны яс илэрхий хугаралгүй” гэх онош тавьсан. Хамрын хугарал гэмтэл, муруйлт рентген зургаар харагдахгүй байх боломжтой, томографи шинжилгээ хийж нарийн мэдэж болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 1025 дугаартай; “...1.Ш.О-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

шинжээч эмч Э.Б-ын “...О-ын биед үүссэн зүүн дээд 6-р шүд болон 26-р шүдний гэмтэл нь нэг шүдний гэмтэл юм. О-ын биеийн хэсэг газрын үзлэгээр хамар эмзэглэлтэй байсан тул толгойн томографи шинжилгээ хийлгэхээр явуулсан, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хамар ясны рентген зурагны хариу авч ирсэн, тухайн рентген зурагт хамар ясны хугаралгүй, хамрын таславчийн муруйлтгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Эрхэст-Оргил” чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт онош “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт”, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БОЭТ-ийн толгойн томографид “хамар яс зүүн талдаа дотогш цөмөрсөн хугаралтай, зүүн талын хамрын эргэн тойронд зөөлөн эдэд бага зэргийн хавантай, хамрын таславч зүүн тийш муруйлттай”, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт “хамрын хэлбэр зөв бус, хамар яс зүүн талд цөмөрч зөрсөн, хамрын таславч зүүн тийш муруйсан”, онош “хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт” гэх зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

мөн түүний “...Ш.О-ын биед учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг  шүдний эмтрэл гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,

гэрч Б.О-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ш.О гэх хүний томографийн хариуг үзэхэд “хамар яс зүүн талдаа дотогш цөмөрсөн хугаралтай, зүүн талын хамрын эргэн тойрон зөөлөн эдэд бага зэрэг хавантай, хамрын таславч зүүн тийш муруйлттай” байсан. Ш.О гэх хүний хамрын зүүн хэсэгт бага зэрэг хавантай байсан тул хамар яс зүүн талдаа дотогш цөмөрсөн гэмтэл, хамрын муруйлт гэмтэл нь шинэ гэмтэл байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Г.Н-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн даваа гаригийн өглөө 08.20 минутын орчимд хошууч Ш.О нь хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын ёс журам сахиулах ерөнхий эргүүлийн зэргийг гүйцэтгээд ээлжнээс буугаад хоногийг рапортыг танилцуулах ёстой байсан боловч танилцуулаагүй, хоцорч ирсэн. Газрын нэгдэлтэд жагсаал дунд ирчихсэн зогсож байсан, тэгэхээр нь би “хошууч Ш.О яагаад хоногийн рапорт танилцуулаагүй юм” гэж хэлтэл юм дуугаралгүй жагсаал дунд зогсож байсан, тэр үед “дарга бид хоёрыг ялгаж харьцаад байгаа юм уу, би албан ёсоор даргыг орлож байгаа” гэдгээ анхааруулж хэлсэн. Нэгдэл тарсны дараа...миний араас өрөөнд орж ирэхдээ шилэн хаалгыг маш хүчтэй хаасан, надад илтгэж товчхон байдлаар танилцуулж, дуртай, дургүй дуугарч ядсан хандлагатай байсан. Тэгээд Ш.О дээр байсан хугацаатай бичгийг асуугаад “хугацаа нь дөхөж байгаа шүү, биелэлт нь юу болж байна” гэж асуухад “хоёр заалт дээр бичих юм олдохгүй байна, биелэлтийг тэг хувьтай гэж тавих уу” гэж асуусан, би хариуд нь “тэг хувь гэж юу яриад байгаа юм, хийгдэх ажил нь хийгдсэн ажил шүү дээ, дээд шатанд шийдвэрлүүлэхээр албан тоот бичгийг өгсөн байгаа, бичиг хэргээс аваад биелэлтээ бичээ” гэхэд Ш.О “энэ чинь явж, явж миний хийх ёстой ч ажил биш, чи өөрөө хий” гэж цэргийн албан хаагчийн үгийн бус байдлаар харьцаж эхэлсэн. Энэ үед нь би “миний хийх ёстой ажил байж болно, намайг эзгүй хугацаанд Ш.О хариуцаад хийж байсан ажил учраас та үргэлжлүүлээд хийгээд дуусгачих” гэдэг үүргийг өгсөн. Тэгтэл Ш.О “үүрэг мүүрэг өгчье ч гэх шиг, муу хурган дарга царайлчихаад” гэхээр нь “та ер нь яагаад дүрмийн бус харьцаагаар харьцаад, доромжлоод байгаа юм” гэж чанга дуугаар дуугарсан, энэ үед Ш.О миний хоёр гараас барьж авахаар нь гараа дугтраад “тавь” гэдэг шаардлагыг тавьсан боловч тавихгүй байсан, би тэр үед гараас нь барьц авах гээд ноцолдож зууралдсан, гэтэл намайг цээжээр бүтэн баглаж тэвэрч намайг шахаж, ар дагзаар хана мөргүүлсэн. Хана руу шахсан үедээ хавирч унагаах оролдлого хийсэн, гараараа тэвэрч багласан барьц нь өөрийнх нь мөр лүү шахагдаж миний хоолой боогдож байсан, надад боолт орсон учраас салахын тулд баруун гараараа нэг удаа зүүн шанаа хэсэгт нь цохисон, үүний дараагаар хажуу өрөөний М орж ирээд салгасан, араас нь хошууч Өлзийсайхан орж ирээд Ш.О-ыг өрөөнөөс гаргасан, буцаж ирээд хаалга өшиглөөд байсан. ...Маргааш нь Ш.О-аас уучлалт гуйгаад гэрт нь очсон, өс хонзонгийн асуудал байхгүй, ажлын шугамаар маргаан гардаг байсан, шүд болон хамрын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, хацарт үүссэн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.А, Ц.Б, Э.Б нарын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 414 дугаартай;

“…1.2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 1025 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ш.О-ын биед хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, гараар нэг удаа цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 4.Хамар ясны хугарлын үед хамраас цус гарч болно. 5.2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн толгойн томографийн шинжилгээгээр хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 189-192 дахь тал/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Ц.Д нарын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 458 дугаартай; “…1.Ш.О-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2.Сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.М, Ц.А, З.А нарын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 719 дугаартай;

          “…1.Ш.О /РД: СЖ*********/-ын сэтгэцэд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинж илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. 4.Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас бус тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрсэн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 221-223 дахь тал/,

хохирогч Ш.О-ын;

Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/, өргөдөлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13 дахь тал/, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 16-25, 28-43, 124 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 22-34 дэх тал/, хувийн баримтууд /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

шүүгдэгч Г.Н-ын;

хувийн баримтууд /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 103  дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 106 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  хохирогч, гэрч нараас мөн Г.Н-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Г.Н-ын “...тухайн үед би Ш.О-д “миний хийх ёстой ажил байсан байж болно, гэхдээ та наад ажлаа хийгээд дуусгачих, би танд үүрэг өгье” гэсэн, гэтэл эсэргүүцэж дүрмийн бус харьцаа гаргаж, хэл үгээр намайг доромжилж эхэлсэн, ...үг хэлээр доромжлоод байхаар нь чанга дуугаар “чи ер нь юу гээд байгаа юм” гээд...босож ирж бид хоёр барилцаж авсан, барилцаж аваад ноцолдож байх явцад намайг хоёр гараараа тэвэрч боосон, үг хэлэх боломжгүй, дуу хоолой гарах боломжгүй боолт ороод ирэхээр нь салгахын тулд баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохисон.” гэх,

хохирогч Ш.О-ын “...зэмлэхэд нь би “та ийм зүйл дээр уян хатан хандаж чадахгүй бол өөр, өөрийнхөө ажлыг хийе” гэдэг зүйлийг хэлсэн, тэгэхэд шууд ширээнийхээ ардаас босож ирээд “би чамайг хий гэж үүрэг өгч байна” гээд нүүрэн тус газар цохиход нь би өөрийн биеэ хамгаалах гэж хоёр гарыг нь барьж, хоёулаа ноцолдож зууралдаад, хана руу шахаад зогссон.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Ш.О-ын “...хоногийн мэдээ танилцуулж дуусчихаад орлогч дарга бид хоёр дээд газраас өгөгдөж байгаа үүргийн биелэлтийг гаргах тал дээр би орлогч даргатай муудалцаж, “та өөрийнхөө ажлыг хий, би өөрийнхөө ажлыг хийе” гэж хэлэхэд орлогч дарга Г.Н “би чамайг энэ ажлыг хий гэж үүрэг өгч байна” гэсэн. Тэгэхээр нь би “таныг сургуульд сурч байх хоёр сарын хугацаанд таны ажлыг алдуулахгуй хийж ирсэн, одоо би өөрийнхөө үндсэн ажлыг хиймээр байна” гэж хэлэхэд орлогч дарга Г.Н “чи намайг үл тоомсорлолоо” гэж хэлээд миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохисон.” гэх,

Г.Н-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Ш.О “энэ чинь явж, явж миний хийх ёстой ч ажил биш, чи өөрөө хий” гэж цэргийн албан хаагчийн үгийн бус байдлаар харьцаж эхэлсэн. ...Тэгтэл Ш.О “үүрэг мүүрэг өгчье ч гэх шиг, муу хурган дарга царайлчихаад” гэхээр нь “та ер нь яагаад дүрмийн бус харьцаагаар харьцаад, доромжлоод байгаа юм” гэж чанга дуугаар дуугарсан, энэ үед Ш.О миний хоёр гараас барьж авахаар нь гараа дугтраад “тавь” гэдэг шаардлагыг тавьсан боловч тавихгүй байсан, би тэр үед гараас нь барьц авах гээд ноцолдож зууралдсан, гэтэл намайг цээжээр бүтэн баглаж тэвэрч намайг шахаж, ар дагзаар хана мөргүүлсэн. Хана руу шахсан үедээ хавирч унагаах оролдлого хийсэн, гараараа тэвэрч багласан барьц нь өөрийнх нь мөр лүү шахагдаж миний хоолой боогдож байсан, надад боолт орсон учраас салахын тулд баруун гараараа нэг удаа зүүн шанаа хэсэгт нь цохисон.” гэх мэдүүлгүүдээр,  

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-ын 2023 оны 1025 дугаартай, “...Ш.О-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.А, Ц.Б, Э.Б нарын 2024 оны 414 дугаартай, “...Ш.О-ын биед хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн толгойн томографийн шинжилгээгээр хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.” гэсэн,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Ц.Д нарын 2024 оны 458 дугаартай, “…О-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.М, Ц.А, З.А нарын 2024 оны 719 дугаартай, “…гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлтүүдээр болон хохирогч Ш.О-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Г.Н-ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

Хохирогч Ш.О-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “...хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Г.Н-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,

мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Г.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Н гэм буруутай үйлдлээрээ хохирогч Ш.О-ын эрүүл мэндэд “хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл” гэмтлийг учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.

          Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,

          Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэлийг 0-3% гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тооцохоор журамласан бөгөөд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар тогтоосон байна.  

Шүүх шүүгдэгч Г.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Ц.Д нарын 2024 оны 458 дугаартай, “…О-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн,

          мөн газрын шинжээч Э.М, Ц.А, З.А нарын 2024 оны 719 дугаартай, “…гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн,

мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.А, Ц.Б, Э.Б нарын 2024 оны 414 дугаартай, “...Ш.О-ын биед хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн толгойн томографийн шинжилгээгээр хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус үндэслэн,

          “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д заасан “шүүгдэгчийн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр тогтоов.

Хохирогч Ш.О эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нэхэмжилж 1 дэх хавтаст хэргийн 16-25, 28-43, 124 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 22-34 дэх талуудад холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Гэвч зарим баримтуудын үнийн дүн харагдахгүй, хаанаас юу авсан нь тодорхойгүй, мөн шампанск, эмэгтэйчүүдийн лаа, эмэгтэйчүүдийн шахмал авсан баримтууд хавсаргасан,  

Орхон аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн цалин хөлс, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо зэрэг нь он, сар, өдөр бичигдээгүй, бүдэг тэмдэг дарагдсан зэргээр хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээсэн болно.

Шүүгдэгч Г.Н хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 550.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хохирогч Ш.О нь “...хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 6-р шүдний эмтрэл” гэмтлийг эмлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э