Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 78

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

Улсын яллагч: Н.Ц 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, М.А

Шүүгдэгч: Т.Н, О.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Тийн Н, Б овогт Оын Б нарт холбогдох 201703000270 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, 1 дүүгийн хамт ,,оршин суух Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Тийн Н , 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт,, оршин суух Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны  11 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сэргээж, уг ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Б овогт Оын Б 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Н, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 06, 07-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Замын хөтөл гэх газраас иргэн М.Бийн 7 тооны эм хонь, 3 тооны хурга, 1 тооны ямааг хулгайлж, 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 201703000270 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч М.Бийн өгсөн:

 

“...2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 2, 3 хурга ийш тийш майлаад давхиад байхаар нь хонио бүртгэхэд 7 толгой эм хонь, 3 хурга, 1 ямаа дутсан. Тэгээд хонио сураад яваад байсан А.Г гэх хүний хонинд Т.Н, О.Б нар аваачиж нийт 300.000 төгрөгөөр өгсөн гэж байсан. Тэгэхээр нь би очиж хонио А.Гаас авсан. Би Хотонт, Төвшрүүлэх, Хархорин зэрэг сумдуудаар хайж яваад 5-6 хоногийн дараа сураг гаргаж олсон. Т.Н нь манай аавын ахын ач хүү нь байгаа юм. О.Бтэй бол би хамаатан биш. Т.Н бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний хулгайд алдсан хонь, ямаа бүрэн олдсон. 7 хургатай эм хонь эвэртэй хар толгойтой, эвэргүй хар толгойтой 2, бор нүдэн, шар халзан, хар халзан 2, хамар цагаан хар халзан хурга, хундан хурга, хар толгойтой хурга, 1 буурал чихтэй хар ямаа байсан бүгд им нь буруу чих нь хулгар зөв чих нь араасаа догол имтэй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

 

* Иргэний нэхэмжлэгч А.Гын өгсөн: 

 

“...2017 оны 05 дугаар сарын 10-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Өгийнуур сумын Дойт багийн харъяат Т.Н танил О.Бтэй хамт манай гэрт ирээд та хонь худалдаж авах уу? гээд надаас асуусан. Би худалдаж авъя гэсэн тэгээд Т.Нтай наймаа хийсэн. 3 хургатай хонь, 3 охин төлөг нийт 300000 төгрөгөөр худалдаж авсан мөнгийг нь бэлнээр Т.Нт өгсөн. Удалгүй 4-5 хоногийн дараа Өгийнуур сумын Дойт багийн харъяат М.Б манай алдсан хургатай хонинууд мөн байна гээд Т.Наас худалдаж авсан хонинуудыг машинтай ирээд ачаад явсан. Миний хувьд М.Б хулгайд алдсан хонинуудаа зүсээр нь таниад манай гэрт ирэх үед М.Бтой хамт Т.Н хамт ирсэн. Энэ үед би Т.Нт хандан чи яагаад надад хулгайн мал авчирч өгч байгаа юм бэ? надаас авсан 300000 төгрөгөө өг гэхэд за ахаа уучлаарай би таны мөнгийг удахгүй өгнө гээд 2017 оны 07 дугаар сарын эхээр надад Т.Н 300000 төгрөг өгсөн. Би Т.Нын гэрээс очиж авсан. Би одоо сайн санахгүй байна. Содон зүстэй хонь байхгүй байсан. Зүсийг нь хэлж чадахгүй байна. Т.Нтай хамт ирсэн залуу өөрийгөө О.Б гэж танилцуулсан залууг би танихгүй дахиж энэ залуутай ер таараагүй. Надад Т.Наас нэхэмжлэх мөнгө бусад зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

 

* Гэрч Г.Бийн өгсөн:

 

“...М.Б Дойт багийн Замын хөтөл гэдэг газар хаваржиж байхдаа цөөн хэдэн хонь хулгайд алдсан гэж надад хэлсэн мөн хулгайд алдсан хонинуудыг Дойт багийн Т.Нэргүй гэгч Хотонтын Бямбаа гэдэг залуутай хулгай хийгээд Тэмээн чулуу гэх газар мал малладаг Галаа гэдэг залууд зарсан байсныг нь олж авсан гэж надад хэлж ярьсан. М.Б харин яг ямар зүстэй хичнээн хонь алдаад хэдийг нь олж авсан талаар тодорхой зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

 

* Гэрч Ц.Нгийн өгсөн: 

 

“...2017 оны намар би гэртээ ирсэн хавар зунжин би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирэхэд Т.Н би М.Бийн малаас хэдэн хонь ямаа О.Бтэй хамт хулгай хийгээд баригдсан одоо цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн тэрнээс хэдэн хонь, ямаа хулгай хийсэн талаараа тодорхой яриагүй. Харин өөрийн адуунаас хүрэн зээрд, сартай хүрэн морь унаж хонь, ямаа хулгай хийсэн талаараа ярьсан. Т.Н, О.Б нарын хулгай хийхдээ унаж явсан гэх хүрэн зээрд морь зөв гуяндаа чандмань тамгатай, сартай хүрэн морь мөн зүүн гуяндаа чандмань тамгатай, зөв талын чих цуулбар имтэй хоёулаа хөгшин морьд эдгээр хоёр морь миний эзэмшлийн морьд одоо манай адуунд байхгүй. 2017 оны 11 сарын дундуур энэ хоёр морийг хөгшин онд орохгүй туранхайвтар тарга тэвээргтэй байхаар нь нядлаад хүрэн зээрд морийг нь өөрсдөө идсэн. Сартай хүрэн морийг нь Улаанбаатар хот руу өөрийн төрсөн хүү Т.Нд идшэнд өгсөн. Б.Бгийн талаар сураг гарахгүй байгаа хаана байгаа талаар надад мэдэх тодорхой хаяг газар байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр тал/,

* Эд зүйлийн үнэлгээ  

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2017 оны 05 дугаар сарын 06-07-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Замын хөтөл гэх газраас иргэн М.Бийн 7 тооны эм хонь, 3 тооны хурга, 1 тооны ямаа алдагдаж, 565.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Н, О.Б нар үйлдсэн болох нь  хохирогч М.Бийн “...2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 2, 3 хурга ийш тийш майлаад давхиад байхаар нь хонио бүртгэхэд 7 толгой эм хонь, 3 хурга, 1 ямаа дутсан. Тэгээд хонио сураад яваад байсан А.Г гэх хүний хонинд Т.Н, О.Б нар аваачиж нийт 300.000 төгрөгөөр өгсөн гэж байсан. Тэгэхээр нь би очиж хонио А.Гаас авсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Гын “...2017 оны 05 дугаар сарын 10-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Өгийнуур сумын Дойт багийн харъяат Т.Н танил О.Бтэй хамт манай гэрт ирээд та хонь худалдаж авах уу? гээд надаас асуусан. Би худалдаж авъя гэсэн тэгээд Т.Нтай наймаа хийсэн. 3 хургатай хонь, 3 охин төлөг нийт 300000 төгрөгөөр худалдаж авсан мөнгийг нь бэлнээр Т.Нт өгсөн. Удалгүй 4-5 хоногийн дараа Өгийнуур сумын Дойт багийн харъяат М.Б манай алдсан хургатай хонинууд мөн байна гээд Т.Наас худалдаж авсан хонинуудыг машинтай ирээд ачаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн “...М.Б Дойт багийн Замын хөтөл гэдэг газар хаваржиж байхдаа цөөн хэдэн хонь хулгайд алдсан гэж надад хэлсэн мөн хулгайд алдсан хонинуудыг Дойт багийн Т.Н гэгч Хотонтын Б гэдэг залуутай хулгай хийгээд Тэмээн чулуу гэх газар мал малладаг Г гэдэг залууд зарсан байсныг нь олж авсан гэж надад хэлж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нгийн “...2017 оны намар би гэртээ ирсэн хавар зунжин би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирэхэд Т.Н би М.Бын малаас хэдэн хонь ямаа О.Бтэй хамт хулгай хийгээд баригдсан одоо цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн тэрнээс хэдэн хонь, ямаа хулгай хийсэн талаараа тодорхой яриагүй. Харин өөрийн адуунаас хүрэн зээрд, сартай хүрэн морь унаж хонь, ямаа хулгай хийсэн талаараа ярьсан. “...сарын дундуур энэ хоёр морийг хөгшин онд орохгүй туранхайвтар тарга тэвээргтэй байхаар нь нядлаад хүрэн зээрд морийг нь өөрсдөө идсэн....” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Т.Н, О.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Н, О.Б  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Н, О.Б нарт холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Н, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

 

Хохирогч М.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-ийн 117 дугаар тал/ тусгагдсан байх тул шүүгдэгч Т.Н, О.Б нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй болно. 

Шүүгдэгч Т.Н, О.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэргийн шинж шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй, шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боловч үүнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжгүй бөгөөд энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх боломжгүй юм.  

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан ба дээрх гэмт хэргийг үйлдэхэд ашигласан шүүгдэгч нарын морийг хураах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийн дагуу морины үнэ болох нэг сая төгрөгийг шүүгдэгч Т.Н, О.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Х овогт Тийн Н, Б овогт Оын Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг  2 /хоёр/ жил, О.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар, О.Бд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй , энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наас 500.000/таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч О.Бгээс 500.000/таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

8. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Н, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР